| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2406000001070 |
| Дугаар | 2025/ДШМ/88 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/88
2025 01 16 2025/ДШМ/88
Б.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сүхчулуун,
хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
цагаатгагдсан этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бадамханд,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1099 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор М.Сүхчулууны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Дд холбогдох 2406000001070 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял шийтгэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаар тогтоолоор 16 жилийн хугацаагаар хорих ял болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хянан харгалзсан,
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Цагаатгагдсан этгээд Б.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 5 дугаар байрны гадна талд хохирогч Д.Бтэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа цохих, түлхэж газарт унагах, биеийн жингээр бие дээр нь дарах зэргээр бие махбодь, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, өвчүү ясны зөрүүтэй хугарал, зүүн 4, 7 дугаар хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөг зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 743 дугаар “Яллах дүгнэлт”-ийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Д.Бийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт хохирогчид 1.400.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 318.362 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Уг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шүүгдэгч Б.Д нар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хөлсөөр ажиллах гэрээгээр хамт ажилладаг ашиг сонирхол нэг, худал мэдүүлэг өгч шүүхийг төөрөгдүүлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д, гэрч нар өгсөн мэдүүлэгтээ “Шилжүүлж байрлуулах гэж байгаа хогийн савыг кранаар өргөөд байж байтал Д.Б доор нь зогсоод “энд тавиулахгүй, хүүхдийн тоглоомын талбайд байрлуул” гэх мэт худал мэдүүлэг өгсөн. Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан бичлэгт “Кран харагддаггүйгээс гадна огт кран байгаагүй. Тийм үг хэллэг байгаагүй.
Тухайн өдөр болон 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн болсон үйл явдлын талаар 5 дугаар байрны оршин суугчдын Баянзүрх дүүргийн Тамгын газарт өргөдөл бичиж хүргүүлсэн өргөдлийн хариуг хавсаргав. Уг өргөдөлд хог агуулах савыг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зөөж байрлуулсан. /2024.04.10-ны өдөр кран хэрэглээгүй болно/
Үүгээр ч зогсохгүй Д.Б намайг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өшиглөсөн, шүлсээ хаясан, Д, Б2 гараас нь бариад” гэх мэт худал мэдүүлэг өгсөн.
Тухайн өдөр миний бие Б.Дтэй маргалдаж байгаад Д түлхэхэд тэрээр хойшоо ухраад буцаж над руу дайрч ирээд баруун, зүүн гараараа нүүрэн тус газар цохиход би тэнцвэр алдаж хойш ухраад дахин цохиулахгүйн тулд Дгийн 2 гарыг барьж авсан. Гэтэл Д баруун гараа сугалж аван далайхад нь би цохиулахгүйн тулд тонгойсон. Эхэндээ тэрээр миний хүзүүг гараараа уургалан дээрээс дараад хүзүүг боож байгаад 2 гараа холбон хүзүүг минь хөшөөд түрж явж байгаад машинд тулаад зогссон. Тэгээд нэг мэдэхэд би дээш харан хэвтчихсэн Д дээр нэг өвдөгөөрөө цээжин дээр дараад суучихсан нэг гараараа хоолойг боосон байдалтай, нөгөө гар нь цохих гэж байгаа юм шиг далайгаад байж байсан. Энэ үед би цохиулахгүйн тулд далайсан гарыг нь барьж авах гээд боож байсан гарыг нь самрах гэж оролдоод чадаагүй. Хэсэг хугацаа өнгөрөөд намайг ухаан балартаж байгааг хараад “Үхлээ ш дээ чи муу” гэж хэлээд миний дээрээс боссон. 2024 оны оны 04 дүгээр сарын 10-ны орой болсон үйл явдлыг гэрийнхээ цонхоор хараад гарч ирж цагдаа болон шүүх эмнэлэгт хүргэж өгөөд буцаад гэрт минь хүргэж ирсэн Ж.О, Б.Э нар тухайн өдөр намайг ямар байдалд байсныг бүгдийг гэрчилэнэ. Энэ тухай мөрдөгч Лувсандоржид хэлэхэд “дуудаж мэдүүлэг авна” гэж утасны дугаарыг аваад дараа нь эдгээр хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй.
Тухайн хогны сав байрлуулах бэлтгэл ажил болох газар шорооны ажил хийх үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн, хогийн сав байрлуулах газрыг сонгохдоо хотын стандартыг зөрчсөн. Тухайлбал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолын Хог хаягдлын менежментэд хамаарах хотын стандартын 7.1-д “Хог хаягдлыг үүсгэгч буюу оршин суугчид, иргэдийн амьдрах ажиллах орчинд сөрөг нөлөөгүй”, 7.2-т “Нэг хогны савны хэмжээ 100л дээш бол холбогдох байгууллагууд, дүүрэг хороодын удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний дагуу хогны сав байршуулах талбайн сонголтыг хийнэ.”, 7.3-т “Хогийн сав байршуулах талбайн гадаргуу бетон эсхүл зориулалтын хавтсан дэвсгэр байна.”, 7.5-д “Энгийн болон дахин боловсруулах хог хаягдлыг цуглуулах савны байршлыг бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй, үнэр тоос, шороо, чимээ шуугиан нь тухгүй байдал үүсгэхгүй байхаар зохицуулж сонгоно.” гэж заасан 5 дугаар байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан учир бид эсэргүүцсэн.
Миний бие бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. 2018 оны 05 дугаар сард зүрхний шигдээсээр өвдөж хагалгаанд ороод зүрхний гол судсанд стенд тавиулсан. 5кг-аас дээш юм өргөж болохгүй. Зүрхэнд ачаалал өгч болохгүй, хоолны дэглэм барьж, байнгын зүрхний эм уудаг бөгөөд эмчийн хяналтанд байдаг юм. Энэ бүх үйл явдлыг зөвөөр тогтоож, шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. ...” гэж заасан.
Шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. ...” гэж дүгнэж байгаа бол хохирогч Д.Бийн тухайн цаг хугацаанд иргэн болон оршин суугчийн хувьд тодорхой үзэл бодол эрх ашгаа илэрхийлж бусадтай маргаж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн болон тухайн хэргийн газарт байсан бусдын амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгоон байсан эсэхийг хангалттай тогтоосон байх ёстой.
Хохирогч Д.Б нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны оршин суугч байх бөгөөд гэмт хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны гадна талбайд буюу хохирогчийн амьдарч байгаа орон сууцны гадна үйлдэгдсэн байна.
Хохирогч Д.Б нь тус байрны оршин суугч, иргэний хувьд тухайн байрны хажуу хэсэгт хогийн сав байрлуулж байгаа явдал нь түүний хууль ёсны эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах, бусад байрны оршин суугчдын эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж үзэж, 19 дүгээр хорооны засаг даргын өгсөн үүргийн дагуу явуулж байгаа хогийн савны байрлалыг өөрчлөн суурилуулах ажлыг газар нь дээр нь эсэргүүцэж, шүүгдэгчийн эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б, яллагдагч болон шүүгдэгч Б.Д, гэрч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад оршин суугаа хүн бүхэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ...” гэж, 16 дугаар зүйлийн “...Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. ...” гэж, 16.2 дахь хэсэгт “...Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос ...хамгаалуулах эрхтэй...” гэж, 16.12 дахь хэсэгт “...төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. ...” гэж, 16.16 дахь хэсэгт “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх ...хийх эрх чөлөөтэй...” болохыг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч хуульчилж өгсөн байна.
Мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна...” гэж, 19.3 дахь хэсэгт “...Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй. ...” гэж заажээ.
Үндсэн хуулийн зохицуулалтаас дүгнэхэд хохирогч Д.Б нь төрийн анхан шатны нэгжээс явуулж байгаа үйл ажиллагаа нь өөрийн болон түүний гэр бүл, оршин суугаа байрны эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн тул үзэл бодлоо илэрхийлсэн, ажилтан албан хаагч нарт хандаж гомдол шаардлага тавьсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон.
Түүний хувьд төрийн анхан шатны нэгжээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэж гомдол, шаардлага тавьж, бусадтай маргаан үүсгэснээс биш шүүгдэгч, гэрч нар болон бусад этгээдийн эсрэг хувийн таарамжгүй харилцаа, өш хонзон, бусад санаа зорилго, сэдэлтийн улмаас хандаагүй байна. Өөрөөр хэлбэл хогийн савны байршлыг солих ажил хийгдээгүй бол хохирогч болон шүүгдэгч нарын хооронд маргаан, зөрчил үүсэхээргүй байжээ.
Мөн хэргийн газарт хохирогч Д.Бтэй адил хогийн савны байрлал солихтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны бусад оршин суугчид гарч ирсэн байсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.
Гэтэл Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж эсрэг байр суурь илэрхийлсэн хохирогч Д.Бийн үйлдлийг анхан шатны шүүх нийгэмд аюултай, бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгоо гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийг хэт нэг талд ашигтайгаар хэрэглэсэн, хохирогчид хуулиар олгогдсон эрх, үүргийг үгүйсгэсэн дүгнэлт болсон байна.
2. Цагаатгах тогтоолын 9 дүгээр хуудсанд “...шүүгдэгч Б.Д нь ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа хохирогч Д.Бөд зохих ёсны шаардлага тавьж, уг үйл ажиллагааг хэвийн явуулах, түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор хохирогчийг уг газраас холдуулах гэсэн боловч хохирогч хэрүүл маргаан үүсгэж, дайрч давшилж улмаар шүүгдэгчийн цээжин тус газарт түлхэж довтолсон байх бөгөөд уг хохирогчийн үйлдэл нь нийгэмд аюултай ба бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна гэжээ. Эндээс хохирогчийн үйлдлийг нийгэмд аюултай бодитой халдлага байсныг тогтоосон уу гэдэг асуудал урган гарч ирнэ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч нар болон шүүгдэгчээс тухайн үед хогийн савыг байрлуулах зорилгоор өргөгч машин механизмаар өргөсөн байх явцад хохирогч хогийн савны доод талд нь харалдаа зогсоод хөдлөхгүй байсан гэж мэдүүлэг өгсөн боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад өргөгч машин механизмаар хогийн савыг өргөсөн байхад хохирогч зохисгүй үйлдэл гаргасан, түүнийг холдуулахаар шүүгдэгч Б.Д оролдсон гэх ямар ч мэдүүлэг авагдаагүй болно.
Энэ тохиолдолд хэргийн газарт өргөгч зориулалтын машин механизм байсан эсэх, байсан бол жолооч нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн эсэх, түүний өгсөн мэдүүлгээр хохирогчийн үйлдэл нь үнэхээр нийгэмд болон бусдад аюултай эрсдэл бүхий үйлдэл байсан эсэхийг тодруулж шалгаагүй байхад шүүх ингэж дүгнэлт хийх нь үндэслэл муутай байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4969 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1хх 22-23/ “... Хэсэг газрын үзлэг,..Баруун сарвуун гадна хэсэгт 2x1 см, зүүн өвдөгт 3x2,5 см хэмжээтэй улаан ягаан өнгийн зулгаралттай. Цээжний гол хэсэгт тэмтрэхэд эмзэглэнэ. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн цээжний КТГ-т “...Өвчүү яс их бие хэсгээр зөрүүтэй хугаралтай. Зүүн талын IV, VII хавирганы дотор ялтас хэсгээр цууралттай. Д.Бийн биед өвчүү ясны зөрүүтэй хугарал, зүүн 4,7 дугаар хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Өвчүү ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн 4, 7 дугаар хавирганы цуурал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргажээ.
Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолын 9 дүгээр хуудсанд шүүгдэгч Б.Д нь хохирогчийн дайрах үйлдэл зогсоогүй бөгөөд уг довтолгооны зогсоохоор түүнийг унаж дарах явцад гэмтэл учруулсан байгаа нь ...аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагуудыг хангасан ...гэж дурдсан байна.
Шинжээчийн гаргасан 4969 дугаартай дүгнэлтэд дээрх гэмтлийг дарж унасан нөхцөлд авах боломжтой талаар огт дурдагдаагүй, зөвхөн мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэж тодорхой заасан байна. Тэгвэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч цагаатгах тогтоолд нотлох баримтаар оруулж өгсөн боловч дүгнэлтэд дурдагдаагүй дарж унах явцад гэмтэл учирсан гэх үндэслэлийг зааж байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.
Зүй нь хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг цохилт, өшиглөлт, уналт, доргилт зэрэг ямар ч хүчний нөлөөллөөр авах боломжтой байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмтэл авсан нөхцөл шалтгааныг хөдөлбөргүй тогтоож шийдвэрийн үндэслэл болгох ёстой.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байр сууринаас хандсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршиг, хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 318.362 төгрөгийн нөхөн олговор, хөнгөлөлтийг нөхөн төлсөн болно.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Д.Б өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт Б.Д нь хохирогчтой маргалдсан талаар дурдагдсан. Гэмт хэрэг нь хогийн савыг ханаа байрлуулах эсэх асуудлаас үүссэн бөгөөд хохирогч нь Б.Дтэй маргалдах үедээ түүний цээжин тус газарт түлхсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжид “Хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ” гэсэн байна. Иймээс Хохирогч Д.Бийн түлхсэн үйлдэл нь нийгэмд аюултай, бодит халдлага мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн 245 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий тодорхой байгаа буюу довтолгоо дуусаагүй байх явдалд хамгаалалтын эрх үүсдэг” гэж тэмдэглэсэн. Үүнээс үзвэл, Б.Дг түлхсэн хохирогчийн үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах чадамжтай үйлдэл мөн гэж үзэхгүй байна. Гуравдугаарт, анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ “Д.Бийг хэрүүл маргаан үүсгэж, дайрч давшилж, улмаар шүүгдэгчийн цээжин тус газар түлхэж довтолсон” гэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн 625 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд хоёр этгээдийн бие биеийнхээ биед халдсан үйлдлийг жишээ болгон авч үзвэл, хэн нэгэн этгээд нь нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж, энэ үйлдлийнх нь эсрэг нөгөө этгээд идэвхтэй үйлдэл хийж нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байдаг. Гагцхүү дээрх үйлдлүүдээс хэнийх нь үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байгааг эхэлж эрүүл мэндэд нь халдсан үйлдлээс дүгнэх бус гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай” хэмээжээ. Иймээс анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бийн хэлсэн зүйлт бүгд худал тул түүнийг үнэн яриасай гэж хүсэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Дгийн өмгөөлөгч Б.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Тэрээр “миний бие хорооны ажилчдад урьдчилан мэдэгдсэн боловч тухайн ажилчид миний шаардлагыг биелүүлээгүй тул биеэрээ эсэргүүцсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ нь анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Маргаан үүссэн болохыг гэрч, хохирогч, цагаатгагдсан этгээд нарын хэн аль нь мэдүүлдэг. Гэвч гэрчүүд хамгийн эхэлж хохирогч Д.Б Б.Дг цохиж, түлхсэн талаар мэдүүлсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгч нар “түлхсэн чинь зөрүүлээд хүндэвтэр гэмтэл учруулсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч н.Оюунгэрэл “цохиж, түлхсэн” гэж мэдүүлсэн. Цохих, түлхэх үйлдлийг хүний эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хоёрдугаарт, прокурор “анхан шатны шүүх хохирогчийн үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг хууль бус гэж дүгнэсэн” гэж тайлбарласан. Иргэн өөрийн үзэл бодлыг хуульд заасан арга замаар илэрхийлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хохирогч нь Засаг даргад, эсхүл 1111 төвд өргөдөл, гомдол гаргах боломжтой байсан. Иймээс түүний үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн үйлдэл бус хүний эрүүл мэндэд халдсан хууль бус идэвхтэй үйлдэл гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, цагаатгагдсан этгээд нь хохирогчийн дарж хэвтсэн, эсхүл дарж хэвтээгүй талаар эргэлзээ байсан. Иймээс анхан шатны шүүх хохирогчийн хавирга юунаас болж хугарсан талаар тогтоох зорилгоор шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж, “шүүгдэгч хохирогчийн дээр гарч хэвтсэн зүйл байхгүй, биеийн жингээрээ дарах явцад гэмтэл учирсан байх боломжтой” гэж дүгнэсэн. Б.Д энэ талаар “миний эсрэг халдсан үйлдлийг зогсоох зорилгоор ийм үйлдэл хийсэн” гэж тайлбарласан ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хуралдааны явцад миний бие шүүгдэгч болон хохирогчоос “хавирга руу нь цохисон юм уу” гэж асуухад тэдний хэн аль нь “цохиогүй” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл, цагаатгагдсан этгээд нь хохирогчийн довтолгоог зогсоох үед хохирогчийн биед хохирол учирсан. Түүнээс биш Б.Д шууд санаатайгаар хохирогчид хохирол учруулаагүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Бийн гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцэл зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Дд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.
Прокуророос Б.Дг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 5 дугаар байрны гадна талд хохирогч Д.Бтэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа цохих, түлхэж газарт унагах, биеийн жингээр бие дээр нь дарах зэргээр бие махбод, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, өвчүү ясны зөрүүтэй хугарал, зүүн 4, 7 дугаар хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөг зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Д.Б, цагаатгагдсан этгээд Б.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.
Хохирогч Д.Б “...над руу ойртоод ирэхээр би гараараа цээж рүү нь түлхсэн чинь миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон чинь би бага зэрэг манараад доош тонгойсон чинь хүзүүнээс сугандаа хавчуулж байгаад дээш өргөж хөшөөд хажуу тийшээ мушгиж газар унагаад дээр гарч суугаад босгохгүй хоолой боож хэсэг байж байгаад миний амьсгаа давчдаад ирсэн чинь царай хараад “үхлээ шүү дээ чи” гээд босож ирээд гэр лүүгээ орж хувцсаа сольчхоод байрныхаа залууг гуйгаад цагдаа дээр ирсэн. Толгой дүүрээд амьсгалж чадахгүй, өвдөг, гар хэсэг шалбарсан, зүүн завжнаас бага зэрэг цус гарсан өөр ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байна. ...” гэсэн, цагаатгагдсан этгээд Б.Дгийн “...над руу хэрүүл маргаан үүсгээд бид маргалдаад зүүн гараараа миний эрүүний баруун хэсэг болон баруун эгэм хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо хөл алдаад буцаж ирэхдээ тэр хүний нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа алгадаад баруун гараараа хүзүү хэсэгт нь түлхсэн чинь дахиад над руу дайраад ирэхээр нь би биеэ холдуулаад зүүн гараараа толгой, гар хоёрыг нь зэрэгцүүлээд сугандаа хавчуулаад тэврээд авсан чинь доогуураа миний баруун хөлийн шилбэ рүү 3-4 удаа өшиглөсөн. ...Тэгсэн чинь Б эргэж ирээд миний нүүр хэсэг рүү шүлсээрээ нулимахаар нь би хоёр гараараа түүний хоёр гараас нь доош дугтрахад Б яг боржуур дээр сууж таарсан. ...” гэсэн хохирогч, цагаатгагдсан этгээд нарын зөрүүтэй мэдүүлгүүд нь Б.Дг Д.Бийн эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан, Б.Д нь шууд санаатай үйлдлээр хохирол, хор уршиг учруулсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг “...Хохирогч гэмтсэн учраас...” гэсэн шалтгаанаар зөвтгөх болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон нөхцөл байдал болох Б.Д нь Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу оршин суугчдын оршин суух таатай нөхцөлийг хангах зорилгоор хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгийг байрлуулах ажлын явцад оршин суугч Д.Б нь хууль бус хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Д рүү дайрч, түүний цээжин тус газарт түлхэж довтолсноос хоорондоо барьцалдах явцад хамт газар унах үед хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Д.Бийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй буюу хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл гаргасан тул Б.Дгийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Дээрх үйл баримт нь гэрч Х.О /хх27/, гэрч Н.А /хх100/, гэрч Г.Ш /хх108/, сд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх220/, бичгийн нотлох баримт /хх109/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Дг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй шийдвэр болсон байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ