| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0021/з |
| Дугаар | 124/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-08-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 124/ШШ2026/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... овгийн Б.Б, У......................................... оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжийн “М Ш” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийн 248 м2 хэсэгт хамаарахыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай газрын маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгч Б.Б,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын кадастр, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.П, гуравдагч этгээд “М Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.О/цахим/, гэрч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл анх гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захирамжаар “М Ш” ХК-д эзэмшүүлсэн газрын давхцалтай гэж үзэж буй 248м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж тодруулсан болно.
2. Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар аймгийн шуудан үйлчилгээний газарт 484м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь тухайн газарт холбогдох гомдлыг Увс аймгийн Засаг даргад гаргасан боловч Увс аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/542 дугаартай албан бичгээр “өргөдлийг шүүхээр шийдвэрлүүлэх” тухай хариуг өгсөн байна.
Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах чулуун гражаа 1997 онд “М Ш” ТӨХК-д зарсан юм. Үлдсэн 455мк газрыг Б.Б миний нэр дээр эзэмшигдэн ашиглагдаж байгаа юм. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард Шуудан үйлчилгээний газарт 484мк авто гражийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, миний эзэмшлийн газар луу хууль бусаар халдан орсон шийдвэр гаргаж миний газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай Шуудан үйлчилгээний газарт 484мк газрыг олгосон захирамж хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар М Ш ХК-д газар эзэмшүүлэхдээ миний эзэмших эрхтэй хэсэгт давхцуулсан 248м2 газрыг хүчингүй Б.Б миний газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү. Бид Монгол хүмүүсийн хоорондоо үнэнч байдал итгэлцэл дээр тулгуурлан харилцаж ирсэн. Аймгийн Шуудан компанийн дарга Л, Ёнарыг өмч хөрөнгийг маань хамгаалж байгаа гэж итгэж явсан нь миний буруу болсон байна.Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би Шуудан үйлчилгээний газарт газраа зараад тус байгууллагатаа би цэвэрлэгч, үйлчлэгч сахиулаар ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэрт гараад, нөхөр Б маань 2015 онд тэтгэвэртээ гараад бид хөдөө мал дээр гарсан. “М Ш” ХК тэр үед гражийг авахдаа газрын татвар өндөр учраас бид гражийг чинь л авъя, газрыг нь авахгүй гэхээр нь бид тухайн үеийн дарга Л-тэй ярилцаад тохиролцсон. Ё дарга бид хоёрыг дуудаад манай компанийн граж газаргүй учраас орц гарцын асуудал гараад байна, хүмүүс хашаагаа хатгаад газраа хуваагаад авбал манайх ямар ч газаргүй болох гээд байна энэ асуудлыг шийдэж өгөөч гэхээр нь бид хаалгагүй талыг нь бид 2 авъя, араар нь ордог хаалгатай хэсгийг нь ав гээд 9 метр газар нэмж өгөөд нийт 16 метр газар хойшоо тавьж өгсөн. Тэгээд хөдөө байж байгаад орж ирэхдээ хашаагаа хараад л зөрдөг байсан. 2018 онд улбар шар төмрөөр хашаа барьчихсан, хаалга гаргаад авчихсан байсан. Өнгөрсөн жил 9 дүгээр сард хашаан дотор барилга барьчихсан байхаар нь би бидэнтэй тохиролцсон байхад яагаад миний жижиг газар дээр барилга барьж байгаа юм бэ гэхэд манай нягтлан Нандинцэцэг барьсан, түрээсэнд сар бүр 500,000 төгрөг төлнө гэж гэрээ хийсэн гэж хэлсэн. Би түүнээс хойш энэ асуудлаар явж эхлэхэд Г дарга намайг би энэ асуудлыг шийдэхэд миний эрх мэдэл хүрэхгүй, та Төв шуудан компанид ханд гэхээр нь хандсан, тус байгууллагаас надад та орон нутагтаа энэ асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн учраас би шүүхэд хандсан. Чулуун гражийг хувь хүнээс худалдаж авч байсан. Тухайн үед гражийн эргэн тойрон хашаатай байсан тул газрыг манайх гэж ойлгож байсан. Аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Л манай байгууллагад граж хэрэгтэй байна гэхээр нь 47 метр урт чулуун гражаас 20 метрийг нь тасалж өгч байсан.Үлдэх гражийг “У” буюу манай нөхрийн хувьцаа эзэмшдэг, хүнтэй хамтарч байгуулсан компани эзэмшиж байсан” гэв.
6. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр захиргааны акт юм. Нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлд маргаан бүхий газрыг хэзээ, ямар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Дээрх маргаан бүхий газрыг Увс аймгийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 239 дүгээр захирамжаар анх аймгийн шуудан үйлчилгээний газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаар захирамжаар газрын хэмжээг 484 м.кв болгон нэмэгдүүлж эзэмшүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”… Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Газрын тухай хуулийн 27, 28 дугаар зүйл гэснийг харахад тус хуулийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Иргэн Б.Бийн нэр дээр тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр албан ёсны гэрчилгээ гарсан зүйл байхгүй. 1997 онд газар эзэмших цаасан гэрчилгээ байсан боловч яг одоо бидэнд үзүүлэх гэрчилгээ гэх зүйл нэхэмжлэгчид байхгүй байгаа юм. Тус газрыг хууль ёсоор эзэмшиж байсныг нотлох баримт байгаа бол эрх бүхий байгууллагаас гаргасан захирамж шийдвэрээ дахин эргэж харах боломжтой. “М Ш” ХК-ийн 2007 оны захирамжийг нь харахад нөхөн олгосон гэж байгаа, 2017 онд яагаад шинээр захирамж гаргасан бэ гэвэл 2011 онд Улаангом сумын Засаг даргын захирамжаар шуудан үйлчилгээний газарт 2 иргэнд газар олгосон асуудал гарсан. Үүнээс шалтгаалан тухайн газарт дахин хэмжилт хийсэн, ингэхэд анх хэмжсэн хэмжээсээс 15 мкв зөрүү гарсан, энэ нь тухайн үед техник тоног төхөөрөмж нарийн хэмждэггүй байсантай холбоотой. 2014 оны 2 сарын 14-нд аймгийн шуудан үйлчилгээний газраас Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шуудангийн үйлчилгээний газарт, авто гараашны зориулалтаар олгосон газар дээр сумын Засаг даргын захирамжаар давхцуулан олгосон байсныг аймгийн Засаг даргын 2014 оны 1 сарын 16-ны А/17 захирамжаар хүчингүй болгосныг мэдэгдье хэмээн манайхаас хариу илгээсэн байна.
2014 оны 1 сарын 16-ны А/17 захирамжаар Баттогтох болон Мөнхзул гэсэн 2 иргэнд 700м2 болон 240м2-ыг олгосон захирамжийг хүчингүй болголоо гэх Засаг дарга Цэндсүрэнгийн захирамж гарсан байгаа. Үүнээс үүдэлтэйгээр газрын хэмжээ 469м2 байсныг дахиж хэмжээд, шууд нэмж чадахгүй учраас 2017 оны үед дахиж шинэ захирамж гаргуулсан болж таарч байгаа юм…” гэв.
8. Гуравдагч этгээд “М Ш” ХК-ас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Тус шүүхэд хянагдаж буй Б.Бийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 113 тоот шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“М Ш” ХК нь маргаан бүхий газрыг Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 тоот шийдвэрийг үндэслэн, 484 м.кв талбайгаар, автомашины гражийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000118733 дугаартай гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байна.
Уг газар эзэмшүүлэх тухай захиргааны акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот Тогтоолоор батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гарсан хууль ёсны акт юм.
“М Ш” ХК нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлтээ албан ёсоор гаргаж, холбогдох шат дамжлагын дагуу газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Тухайн үед бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ямар нэгэн байршил болон солбилцлын давхцалгүй болох нь эрх бүхий байгууллагын кадастрын зураглал, холбогдох шийдвэрүүдээр тогтоогдсон тул Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Хэрэв газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед тухайн газрын байршил, солбицол нь бусдын эзэмшил газартай давхацсан нөхцөл байдал тогтоогдсон бол эрх бүхий байгууллагаас ийм шийдвэр гаргах боломжгүй байсан гэж үзэж байна.
“М Ш” ХК-ийн зүгээс газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр өнөөдрийг хүрсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 онд гарсан захиргааны актыг Газрын тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэх ерөнхий үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж байгаа нь хууль зүйн бодит үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийн чухам аль заалт, хэсгийг хэрхэн зөрчсөн болохыг, мөн нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдсөн бөгөөд хохирсон талаар тодорхой зааж, нотолж чадаагүй байна.” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжийн дагуу хуулийн хүрээнд уг газрыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”… Нэхэмжлэгч 1997 онд гражаа худалдсантай маргахгүй байна гэж ойлголоо. Мөн гражтай хамт газрын асуудал яригдахгүй ээ, миний газар гэж тайлбарлаж байна. Бэлчээрийн газрыг нүдэлж авдаг шиг тухайн үед уг газрыг нүдэлж авсан юм байна, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гэх зүйл байхгүй юм байна. Газрын тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн зүйл байхгүй гэж харж байна. Шүүх бол хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд л сэргээдэг. Нэхэмжлэгч “М Ш” ХК-д 1997 онд гражаа худалдсан, “М Ш” ХК газрын гэрчилгээтэй байсан, 2017 онд сунгасан нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хуулийн 78-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. 1997 оноос 2026 онд хүртэл граж болон газартай холбоотой маргаан гаргаж байгаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үйлдэл байна. Түүнчлэн захиргааны акттай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдсөн бол дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах эсвэл шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах ёстой. Хамгийн сүүлд гарсан захирамж 2017 онд гарсан. М Ш компани тухайн газрыг гражийг хашаалаад, эзэмшиж ашиглаад явж байхад гомдол гаргаагүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасан. Нэхэмжлэгч талын тухайд газрын төлбөр төлсөн үйл баримт байхгүй, харин М Ш компанийн хувьд хуулийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээтэй, газрынхаа төлбөрийг хууль журмын дагуу төлөөд газрынхаа эзэмшиж ашиглах хугацааг сунгуулаад явж байсан үйл баримт байгаа тул хууль ёсны дагуу гарсан захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас “1997 онд чулуун гражаа “М Ш” ХК-д зарсан.Тухайн үед Чулуун гражруу орох гарцгүй болоод гарц болгож гражийн урд газраа өгөөд оронд нь урагшаа харсан газраа авахаар тохирсон.2010 оноос хойш хөдөө мал маллаж амьдарч байгаа тул газраа ашиглаагүй. Гэтэл 2017 онд аймгийн Засаг даргаас “М Ш” ХК-д газар эзэмшүүлэхдээ миний газартай давхцуулан эзэмшүүлсэн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хариуцагч талаас “Б.Бд тухайн маргаан бүхий газрыг хэзээ ямар захирамжаар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй, Анх Увс аймгийн Засаг даргын 2007 оны 239 дүгээр захирамжаар “М Ш” ХК-д газар эзэмшүүлсэн байх ба 2017 онд газрын кадастрын мэдээлэлд байгаа зөрүүг арилган газрын хэмжээг 484м2 болгон эзэмшүүлсэн нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан акт болно” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4.Гуравдагч этгээд “М Ш” ХК-ийн зүгээс “тухайн газрыг Увс аймгийн Засаг даргын 2017 оны А/156 дугаар захирамжийн дагуу гэрээ, гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа.Нэхэмжлэгч 9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол “ гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Бийн эхнэр С.Э-ээс Увс аймгийн Засаг даргад газрын маргааны талаар гомдол гаргасан байх ба гомдлын хариуг Увс аймгийн Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/542 дугаартай албан бичгээр өгөхдөө “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн хариуг өгсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. ” , мөн зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасны хүрээнд нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргад гомдол гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчаас “шүүхэд хандах” хариуг өгч, нэхэмжлэлээ шүүхэд 2026 оны 4 сарын 24-ний өдөр ирүүлснийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд гуравдагч этгээдийн зүгээс “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
6.Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай Тогтоолыг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор аймгийн “Шуудангийн үйлчилгээний газар”-т Улаангом сумын 3-р багт 484м2 газрыг гражийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэн, захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 434 тоот захирамжийн Шуудан үйлчилгээний албанд 469м2 газрын авто гражийн зориулалтаар гэсэн хэсгийг, тухайн захирамжийг үндэслэн олгосон 0118979 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
Уг захирамжид үндэслэн “М Ш” ХК-д аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000118733 дугаартай гэрчилгээ олгогдож, 2014 оны 6 сарын 16-ны өдрөөс эхлэн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.
7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай тогтоолоор “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг аймаг, сумын Засаг даргад даалгажээ.
8.Увс аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 239 тоот захирамжаар аймгийн Шуудан үйлчилгээний газрын авто гражийн 469м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2007 оны 6 сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байсан байна.
9.Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг, хэмжилт хийхэд чулуун гражийн доод газар нь 237 м2 байх бөгөөд чулуун гражийн хана талаас зам хүртэлх газрыг нэхэмжлэгч миний эзэмшлийн газар гэж маргасан ба талбайн хэмжээ 372 м 2 байна.Энэхүү эзэмших эрхтэй гэж маргаж байгаа талбайн 248м2 хэмжээтэй газар нь “М Ш” ХК-ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа болно.
10.Нэхэмжлэгч талын хувьд тухайн гражийг хувь хүнээс худалдан авсныгаа “М Ш” ХК-д худалдсан талаар тайлбарладаг бөгөөд эзэмших эрхтэй гэж маргаж буй газрыг нэхэмжлэгч Б.Б болон түүний эхнэр С.Э нарын нэр дээр газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй байна.
11. Нэхэмжлэгч Б.Бийн нэр дээр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааг тухайн газрыг эзэмших эрхтэй талаарх нотлох баримт гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан ба тухайн лавлагаанд Б.Б Улаангом сумын 3-р багт үл хөдлөх хөрөнгө өмчилсөн /45.5 м 2, улсын бүртгэлийн дугаар Ү1520001282/, 9-р багт гэр бүлийн хэрэгцээний газар өмчилсөн талаар тусгагджээ.
12. Маргаан бүхий газар маань 3-р багт байршилтай тул шүүхээс улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн /Ү1520001282/ дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан.
Тус хувийн хэрэгт Б.Б 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж Улаангом сумын 3-р баг УАА-н хашаанд 7х6,5 ба 10х7,9 хэмжээтэй хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдох баримтууд авагдсан байна.
Үүний дотор Б.Бд 2002 оны 11 сарын 18-ны өдөр 1050 м2 газрыг 2002 оны 11 сарын 18-ны өдрөөс 2007 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэрчилгээ, газар эзэмших гэрээ хавсаргагдсан.Гэрээ, гэрчилгээнд газар эзэмших зориулалтыг гэр, орон сууц, жижиг модон эдлэлийн цехийн зориулалтаар гээд байшингийн доорх газрыг 154 м2, гражийн доорх газрыг 78 м2 , ногооны зоорь 40м2 байгааг тодруулсан.
Нэхэмжлэгчийн “М Ш” ХК-д зарсан гэх чулуун гражийн хэмжээг үзлэгээр хэмжихэд гражийн доорх газрын хэмжээ 237 м2 байсан нь дээр дурдсан гэрээ, гэрчилгээнд заагдсан гражийн газрын хэмжээтэй тохирохгүй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас тухайн газрыг хэнээс, хэзээ худалдаж авснаа тодорхой санахгүй байгаа болон газар эзэмшүүлэх шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй, хувь иргэнээс худалдаж аваад “М Ш” ХК-д зарж байсан, би компанид миний газрыг хадгалж байгаа гэж итгэж итгэлцлийн үндсэн дээр явж байсан гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
13. 1994 оноос 2002 онд мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2.5-д сумын Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байсан ба Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.
Газрын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, иргэн газар эзэмшихдээ хуульд заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргаж, сум, аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийн үндсэн дээр олгогдсон гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газрыг эзэмшихээр байна.
14. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд маргаж байгаа газрыг эзэмших эрхтэй талаарх нотлох баримтгүй тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшлийн газар давхцалтай гэж дүгнэх боломжгүй, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар “М Ш” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
15. Гэрч Б.Т шүүх хуралдаанд “нэхэмжлэгч Б.Бийхтэй хамт нэг хашаанд айл амьдарч байсан, 2016-2017 оны үед шуудангийн дарга модон хашааг төмөр хашаагаар сольсон,хашаа барьсны дараа хашаанд машин орох боломжгүй байна гээд Этэй ярилцаад 6-7 метр газар аваад хаалга гаргасан” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгчийн “чулуун гражаа “М Ш” ХК-д худалдсан гэх тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс няцаагаагүй нөхцөлүүд байгаа нь нэхэмжлэгчийг маргаж буй газрыг хууль ёсоор эзэмшиж байгааг нотлохгүй юм.
16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТХ нь:
1. Газрын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “ Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/156 дугаартай захирамжийн 248м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ