Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2026/0682

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З******* ББСБ” ХХК /РД:......./,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ө,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, М.Д, Б.Э, 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “З******* ББСБ” ХХК-ийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” гэж тус тус тодорхойлжээ.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. “З******* ББСБ” ХХК /РД:...../ нь 2025 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг www.etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.

2.2.Дээрх хүсэлт нь татварын улсын байцаагч Б.Ш-т хуваарилагдаж, www.etax.mta.mnтатварын цахим системд татварын тайланг шалгаж улмаар 2026 оны 03 дугаар сарын 13-ны  өдөр тайланг буцаасан байна. 

2.3. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 дугаартай “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголтын талаар” албан бичгээр “...танай компани харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5. тэрбум төгрөгөөс их байна. Иймд албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй” гэх хариуг “З******* ББСБ” ХХК-д өгсөн.  

2.4.Мөн нэхэмжлэгч “З******* ББСБ” ХХК-иас Татварын ерөнхий газарт 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар албан бичгээр хандсан. 

2.5. Уг гомдолд Татварын ерөнхий газраас “Хариу хүргүүлэх тухай” 2026 оны 025 дугаар сарын 15-ны өдрийн 05/1526 дугаар албан бичгээр “...хуулийн дээрх зохицуулалтын дагуу харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо ажил гүйлгээ хийсэн бөгөөд тэдгээр компаниудын борлуулалтын орлогын нийлбэр дүн 1.5 тэрбум төгрөгөөс давсан байх тул албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй юм. Иймд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье.” гэх хариуг өгсөн байна. 

2.6. Улмаар нэхэмжлэгч дээрх шийдвэр, хариунуудыг эс зөвшөөрөн шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээр 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

   Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Хан уул дүүргийн татварын хэлтсээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж заасныг хэрэгжүүлэхдээ манай компанийн 31%-ийн хувьцаа эзэмшигч Г.Л нь “Г*******” ХХК-д 25%-ийн хувьцааг эзэмшдэг тул харилцан хамааралтай гэж үзсэн бөгөөд уг компаниуд нь хоорондоо гүйлгээ хийсэн учраас татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцсон байна.

Гэтэл энэхүү заалтын мөн чанар нь хуулийн этгээдүүд 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахын “ногдох орлогыг 1.5 тэрбумаас илүүгүй байлгахын тулд харилцан тулд тухайн жилийн татвар хамааралтай хуулийн этгээд рүүгээ орлогоо хуваах зорилгоор гүйлгээ хийхээс сэргийлэх зорилготой юм. Харин харилцан хамаарал бүхий этгээд гэдэгт нэг иргэний 2 өөр компанид эзэмшдэг хувь эзэмшлээр нь тухайн компаниудыг харилцан хамааралтай гэж холбож үзэж хоорондоо гүйлгээ хийсэн л бол татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцох нь нэг талаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж хуулиар олгосон үндсэн эрхийг хязгаарлаж буй хэлбэр бөгөөд нөгөөтэйгүүр 90 хувийн хөнгөлөлт олгож буй зорилгод нийцэхгүй үйлдэл юм.” гэжээ.

Манай компани нь нийт 5 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд үүнээс 31%-ийн хувьцаа эзэмшигч Г.Л нь “Г*******” ХХК-д 25%-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус “Г*******” ХХК-д оффис түрээсийн төлбөрт нийт 34,656,8497 төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэр бүхий хувьцаа эзэмшигчид болон түүний хамаарал бүхий этгээдэд олгосон зээлийн хүүгийн төлбөрт нийт 73,000,037.307-ийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл дээрх гүйлгээнүүд болон баримтууд нь татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогыг хуваах зорилгогүй гэдэг нь харагдаж байх төдийгүй эдгээр гүйлгээнүүдийг хийгээгүй байсан ч бидний борлуулалтын орлого 1.5 тэрбумаас илүүгүй байна.

Дээрхтэй холбогдуулан манай байгууллагаас 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20260320-01 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргад хандсан боловч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026.04.22-ны 5/929 дугаартай албан бичгээр “ААНОАТТХуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу танай компани харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5 тэрбум төгрөгөөс их байна. Иймд 90 хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй байна” гэх хариу ирүүлсэн болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаас үзэхэд хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэх гадагш чиглэсэн шинжтэй Захиргааны акт мөн байна.

Иймд Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04-р сарын 22-ны өдрийн 5/929 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, “З ББСБ” ХХК-ийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ. 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “З******* ББСБ” ХХК-ийн 2025 оны нийт борлуулалтын орлого нь 1.3 тэрбум төгрөг гарсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 1.58 тэрбум төгрөгөөс илүүгүй учраас тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-прокурор заасны дагуу 90 хувийн хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн. Үүний дагуу 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст гаргасан. Гэтэд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно гэж заасан байна. “З******* ББСБ” ХХК 5 хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд үүний нэг хувьцаа эзэмшигч н.Л нь Г******* ХХК-д 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшиж байна. Г******* ХХК болон “З******* ББСБ” ХХК нарын хооронд 30 гаруй сая төгрөгийн ажил, гүйлгээ хийгдсэн байгаа учраас эдгээр компаниудын борлуулалтын орлогын нийлбэр дүнгээр тооцно гэсэн. Улмаар “З******* ББСБ” ХХК-ийн борлуулалтын орлого болох 1.3 тэрбум төгрөг, “Г*******” ХХК-ийн борлуулалтын орлого болох 30 гаруй тэрбум төгрөгийг нийт борлуулалтын орлогоор тооцож, 1.5 тэрбум төгрөгөөс дээш гарсан учир хүсэлтийг хангах боломжгүй гэж татгалзсан. Тийм учраас манай зүгээс татварын байгууллагыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 гэх заалтыг хавтгайруулж, буруу ашиглаж байна гэж үзэж байна. Харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо гүйлгээ хийсэн л бол борлуулалтын орлогын нийлбэр дүнгээр тооцно гэж тайлбарлаж татгалзсан нь буруу юм. Энэ маргааныг тасалж жишиг тогтоосон Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан байдаг бөгөөд тус шийдвэрт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 гэх заалтыг шууд уншихад татвар төлөгч болон харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо ажил, гүйлгээ хийсэн бол нийлбэр дүнгээр тооцно гэж заасан байгаа хэдий ч харилцан хамааралтай компанитай гүйлгээ хийсэн л бол нийт борлуулалтын орлогоор тооцохоор аж, ахуй нэгжүүдийг хохироогоод байна. Мөн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат байдлыг нь харгалзан төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, чиглэлийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалттай зөрчилдөөд аж ахуй нэгжүүдийг хохироож байна. Хуулийн энэ заалтын гол мөн чанар нь тухайлбал, 2 тэрбум борлуулалтын орлоготой компани байгаад 1,5 тэрбум төгрөгт багтахын тулд харилцан хамааралтай компани руугаа 600 саяыг шилжүүлээд 1,4 тэрбум болгох, 1,5 тэрбумд багтахын тулд хөрөнгөө хуваах, орлогоо бууруулах замаар ажил, гүйлгээг хийвэл нийт борлуулалтын орлогоор нь тооцох учраас үнэхээр хөнгөлөлтөд багтахын тулд ажил, гүйлгээг шилжүүлсэн эсэхийг маш сайн анхаарах ёстой гэж Улсын Дээд шүүхээс тайлбарлаж шийдсэн. Манай компанийн хувьд оффис Г төв дотор байрладаг. 2025 оны оффисын түрээсийн төлбөрт 34 сая төгрөгийг “Г*******” ХХК руу шилжүүлсэн. Бусад хувьцаа эзэмшигч нарт олгосон зээлийн хүүгийн төлбөрт 70 гаруй сая төгрөгийг борлуулалтын орлого болгож авсан. Эдгээр ажил гүйлгээнүүдийг хийгээгүй байсан ч 1,5 тэрбум давахгүй. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасны дагуу татвар бий болох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд шударга байх зарчмыг баримталж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг үндсэн агуулга, мөн чанарынх нь дагуу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Дөрөв. Хариуцагч хариу тайлбар, татгалзал: 

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “З******* ББСБ” (РД:.......) ХХК-ийн Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2025 оны жилийн эцсийн тайланг татварын албанд ирүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д "Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ" гэж зааснаар Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангаар харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээлэлд иргэн Ж.Л******* (РД:), иргэн Г.Л (РД:), иргэн Б.М (РД: ), “Н” (РД:......) ХХК, “З” (РД:......) ХХК, “Х” (РД:.....) ХХК, “С” (РД:.....) ХХК, “А” (РД:......) ХХК, “С******* глобал” (РД:......) ХХК, “С*******” (РД:.....) ХХК, “Ж” (РД:......) ХХК, “З” (РД: .....) ХХК, “Г” (РД:......) ХХК, “Ф” (РД:......) ХХК, “Ж” (РД: ......) ХХК, “Х” (РД:......) XXK, “Г” (РД:.......) ХХК, “А” (РД:.......) ХХК, “Гу*******” (РД:......) ХХК-уудтай харилцан хамааралтай болохыг тайлагнасан байна.

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ, 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд 27.3-т Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ гэж хуульчилсан ба Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний мэдээлэлд 2025 онд 73,000,037.3 (далан гурван сая гучин долоон төгрөг гучин мөнгө) төгрөгийн борлуулалт, 34,656,849.00 (гучин дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин ес) төгрөгийн худалдан авалт хийсэн нь Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж зааснаар “З******* ББСБ” (РД:.....) ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн 2025 оны тайлант оны албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5 тэрбум төгрөгөөс их байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй байсан тул татварын тайланг буцааж, албан бичгээр хариу хүргүүлсэн болно.” гэжээ. 

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасны дагуу харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд ажил гүйлгээ хийгдсэн гэж тайлан татвар төлөгч өөрөө тайлагнасан байдаг. Тухайлбал, “З******* ББСБ” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу татвар төлөгчийн үнэ шилжилтийн ажил, гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж зааснаар тайлан баталгаажуулах үедээ үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайлангаар харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээллээр н.Л*******, н.М, “З” ХХК, зэрэг аж ахуй нэгж болон иргэдтэй харилцан хамааралтай болохоо өөрсдөө тайлагнасан байдаг. Энэ тайланг татварын улсын байцаагч хүлээн авч нягталсны үндсэн дээр харилцан хамаарал бүхий этгээдтэй татварын жилд ажил гүйлгээ хийсэн бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар албан татвар ноогдох орлогыг тодорхойлсон байх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлант оны ногдлыг бүрэн төлсөн байх гэдэг шалгуурын дагуу одоо шалгаж үзэхэд 22.3-д энэ хуулийн 22.7 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах хэсгийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно гэж заасны дагуу нийт нийлбэр дүн нь 50 тэрбум 480 сая 470 мянган төгрөг болсон байдаг. Ийм учраас хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэ шилжилтийн тайлан дээр ажил, гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа бол харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд үнэ шилжилт явагдсан гэж үздэг. Энэ нь цаад утгаараа татварт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог. Тийм учраас хөнгөлөлт эдлэх боломжгүй гэж үзэж байгаа. Хэрэв Улсын дээд шүүхээс тайлбар гарч, үүний дагуу Татварын ерөнхий газраас бидэнд энэ чиглэлээр тайлангаа шалгаж ав гэсэн заавар, чиглэл өгвөл бид түүнийг хэрэгжүүлнэ. Бид одоо байгаа байдлаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Миний хувьд аж ахуй нэгжийн хөнгөлөлт эдлүүлэхдээ үнэ шилжилтийн тайланг зайлшгүй хардаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхдээ холбогдох тайлангуудыг шалгадаг. Хөнгөлөлтөд хамрагдаж байгаа бүх аж ахуйн нэгжийн хувьд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, үнэ шилжилтийн тайлан, цалин хөлсний тайлан болон бусад холбоотой тайлангуудыг авч үздэг. Тухайн тайлангуудаас ногдуулсан татвар нь зөв тооцогдсон эсэх, төлөх ёстой татвар төлөгдсөн эсэх, мөн харилцан хамааралтай этгээдүүдтэй ажил, гүйлгээ хийсэн эсэхийг шалгадаг. Хэрэв харилцан хамааралтай этгээдүүдтэй ажил, гүйлгээ хийсэн бол тухайн ажил, гүйлгээтэй холбоотой нийт борлуулалтын орлогын дүнг авч үзнэ. Харин ажил, гүйлгээ хийгээгүй бол үнэ шилжилт явагдаагүй гэж үзнэ. Үнэ шилжилтийн тайланг шалгаад, харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд үнэ шилжилт явагдаагүй гэж үзвэл тухайн аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ийм байдлаар зарим аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбар нь өөр нэг аж ахуйн нэгжийн маргаантай холбоотой гарсан гэж ойлгож байна. Тэнд өмгөөллийн компани болон үнэт цаасны корпораци хоорондоо ажил, гүйлгээ хийсэн нөхцөл байдал байсан гэж ойлгож байна. Гэхдээ яагаад тухайн тохиолдлыг агуулгын хувьд харилцан хамаарал бүхий этгээдийн ерөнхий шалгуурт нийцээгүй гэж үзсэн талаар би ойлгохгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.“З******* ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст www.etax.mta.mn татварын цахим системээр гаргасан. 

3.Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929  дугаар албан бичгээр “...танай компани харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5. тэрбум төгрөгөөс их байна. Иймд албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй” гэж татгалзжээ.

4.Нэхэмжлэгчээс “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт нь хуулийн этгээдүүд 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахын тул орлогоо хуваах зорилгоор харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийхээс сэргийлсэн заалт. Манай компанийн хувьд харилцан хамааралтай этгээдтэй хийгдсэн гүйлгээг нэмж тооцсон ч 1.5 тэрбумаас илүүгүй байгаа.  Харилцан хамаарал бүхий этгээд гэдэгт нэг иргэний 2 өөр компанид эзэмшдэг хувь эзэмшлээр нь тухайн компаниудыг харилцан хамааралтай гэж холбож үзэж хоорондоо гүйлгээ хийсэн л бол татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцох нь 90 хувийн хөнгөлөлт олгож буй зорилгод нийцэхгүй” гэж, хариуцагчаас “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн 2025 оны тайлант оны албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5 тэрбум төгрөгөөс их байсан” гэж тус тус тайлбарлан маргасан. 

5.Иймд шүүхээс “З******* ББСБ” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдүүдтэй хийсэн гүйлгээ нь татварыг хуваах зорилготой байсан эсэх, харилцан хамааралтай этгээдүүдтэй гүйлгээ хийгдсэн бол аж ахуйн нэгжүүдийн орлогыг нийлбэр дүнгээр тооцох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсгийн зохицуулалтын зорилготой нийцэх эсэх, харилцан хамааралтай этгээдүүд нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “..Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” гэх хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг харилцан уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

6.Нэг: “З******* ББСБ” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдүүд нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар: 

7.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “..Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”,27.1.3-т “...хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” гэж тус тус заажээ.

8.Нэхэмжлэгч “З******* ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа, гадаад вальютын арилжаа, факторингийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2012 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд хувьцаа эзэмшигчид 29 хувийн хувьцааг Бны М, 5 хувийн хувьцааг Заяатын Мөнхсүлд , 31 хувийн хувьцааг Ж-ийн Л*******, 31 хувийн хувьцааг Г-ийн Л, 4 хувийн хувьцааг Лг-ийн Н нар тус тус эзэмшдэг, гүйцэтгэх удирдлага Б-ны М, эцсийн өмчлөгчөөр Ж-ийн Л******* нар бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.  

9.Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “..Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангаар харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээлэлд иргэн Ж.Л*******, Г.Л, Б.М, Н ХХК, З ХХК, Х ХХК, С ХХК, А ХХК, С ХХК, Ж ХХК, З ХХК, Г ХХК, Ф ХХК, Ж ХХК, Х ХХК, Г ХХК, А ХХК, Г******* ХХК-иудтай харилцан хамааралтай болохыг тайлагнасан байна. 

10.Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний борлуулалтын дэлгэрэнгүй мэдээлэлд зээл олгосон ажил үйлчилгээнд Ж.Л*******-оос 14.052.365 төгрөг, Б.М-ээс 4.388.953 төгрөг, “С*******” ХХК-иас 54,558,718 төгрөг, нийт борлуулалтын орлого 73.000.037 төгрөг, авсан ажил гүйлгээний худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэлд “Гу*******” ХХК-д түрээстэй холбоотой ажил үйлчилгээнд 34,656,849 төгрөгийн гүйлгээ хийгдсэн энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.  

11.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2025/0098 дугаар тогтоолоор тайлбарлан хэрэглэсэн. 

12.Уг тогтоолоор “...нэхэмжлэгч нь татварын хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй эсэх буюу уг компанийн албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлох зорилгоор түүний харилцан хамаарал бүхий этгээдийг тодорхойлох шаардлага үүссэн, энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хоорондоо харилцан хамааралтай этгээдүүдийг тодорхойлохдоо нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой байх шалгуур тавьсныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахаар байна” гэж дүгнэснээс үзэхэд харилцан хамаарал бүхий этгээдүүдийг тодорхойлохдоо хуулийн урьдчилсан нөхцөлийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглэхээр байна. 

13.“З******* ББСБ” ХХК-ийн 29 хувийн хувьцааг Б.М, 31 хувийг Ж.Л*******, 31 хувийг Г-ийн Л тус тус эзэмшдэг, хувьцаа эзэмшигч Г.Л нь “Г*******” ХХК-ийн 25 хувийг, Ж.Л******* нь “С*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь хуулийн этгээдүүдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд “Г*******” ХХК нь Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд болон насанд хүргэгчдийн дотор мэс заслын эмнэлгийн тусламж үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “С*******” ХХК нь Барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг.

14.Энэ үйл баримт нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд гэх хэлбэрийн шалгуурт нийцэж байгаа хэдий ч харилцан хамаарал бүхий этгээдүүдээс нэхэмжлэгчийнүндсэн үйл ажиллагаа болох зээл олгосны хүүд 73.000.037 төгрөг, түрээсийн төлбөрт 34,656,849 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “..Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой...” байх хуулийн ерөнхий шалгуурыг хангаагүй байна. 

15.Өөрөөр хэлбэл, “З******* ББСБ” ХХК, иргэн Ж.Л*******, Б.М, “С*******” ХХК, “Гу*******” ХХК-иудаас хийгдсэн 107,656,886 орчим төгрөгийн гүйлгээ нь бодит байдалд тус иргэд, компаниудын хооронд хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар тусгай нөхцөлөөр ажил гүйлгээ хийж, эдийн засгийн үр дүн үүсгэсэн, тийм боломжийг харилцан бий болгосон гэж үзэхээргүй байна. 

16.Хоёр: “З******* ББСБ” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдүүдтэй хийсэн гүйлгээ нь татварыг хуваах зорилготой байсан эсэх, харилцан хамааралтай этгээдүүдтэй гүйлгээ хийгдсэн бол аж ахуйн нэгжүүдийн орлогыг нийлбэр дүнгээр тооцох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь зохицуулалтын  зорилготой нийцэх эсэх талаар: 

17.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж, 22.2-т “... Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно”, 22.3-т “...Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж тус тус заажээ.

18.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт албан татвар ногдох орлого нь тухайн татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байгаа нь жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлогдсон бөгөөд хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар хуульд тусгайлан зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчид тухайн жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан, уг зохицуулалтын зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл, бага, дунд орлоготой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд энэ зорилгоор нэг жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлого олдог аж ахуйн нэгжийг албан татвараас хөнгөлөх, нэг жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар багасгах замаар татварын бодлогоор дэмжих зорилготой болох нь хэрэгт авагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл, хуулийн төслийн үзэл баримтлалаар тогтоогдож байна.

19.Харин аж ахуйн нэгжүүд албан татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогын хэмжээгээ багасгах, энэ зорилгоор орлогыг хуваахаас сэргийлж, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээг хамтад нь хянах шаардлагатай талаар мөн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаж, хууль тогтоогчоос энэ зорилгоор хуулийн 22.3 дахь заалтыг оруулж буй талаар тодорхой хэлэлцэгдсэн нь мөн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлд тусгагджээ.

20.Иймд хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар хуульд тусгайлан зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэг жилд олсон орлогыг бодитой, объектив шалгуураар тодорхойлж, бодит байдалд 1,5 тэрбум төгрөг хүрээгүй нь тогтоогдож буй тохиолдолд уг аж ахуйн нэгжийг тухайн жилд төлбөл зохих албан татвараас 90 хувь хөнгөлөх нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

21.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг тайлбарлан хэрэглэсэн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2025/0098 дугаар тогтоолоор “... “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Энэ хуулийн 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж заасныг хэрэгжүүлэхдээ тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдүүдийн тухайн татварын жилд хоорондоо хийсэн ажил гүйлгээ нь татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогыг хуваах зорилготой эсэх, уг ажил гүйлгээний үнийн дүн нь аль нэгийнх нь хувьд хуулиар тогтоосон 1.5 тэрбум төгрөгийн хязгаарлалтын босго дүнд нөлөөлж буй эсэхийг харгалзан үзэх шаардлагатай” гэж дүгнэжээ. 

22.Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн гүйлгээ нь орлогыг хуваах зорилготой эсэх, уг ажил гүйлгээний үнийн дүн нь аль нэгийнх нь хувьд хуулиар тогтоосон 1.5 тэрбум төгрөгийн хязгаарлалтын босго дүнд нөлөөлж буй эсэхийг харгалзан үзэхийг тайлбарлажээ. 

23.Энэ маргааны тухайд, нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2025 онд бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын нийт орлого нь 1,313,731,899 төгрөг буюу 1.5 тэрбум төгрөг хүрээгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу татварын хөнгөлөлт эдлэх суурь болзлыг хангасан.

24.Түүнчлэн тус компани нь тайлант хугацаанд буюу 2025 онд зээлийн хүүгийн төлбөрт Ж.Л******* оос 14.052.365 төгрөг, Б.М ээс 4.388.953 төгрөг, С******* ХХК-иас 54,558,718 төгрөг, нийт 73.000.037 төгрөг хүлээн авсан, “Гу*******” ХХК-д түрээстэй холбоотой ажил үйлчилгээнд 34,656,849 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгчийн тайлагнасан орлогын дүнтэй нийлүүлэн тооцоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан татварын хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх албан татвар ногдох орлогын босго дүн болох 1.5 тэрбум төгрөгт хүрэхээргүй байх тул уг гүйлгээг татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогыг хуваах зорилготой байсан гэж үзэхээргүй байна. 

25.Мөн хариуцагчийн “...харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо гүйлгээ хийгдсэн тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу харилцан хамаарал бүхий этгээдүүдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж татгалзаж байгаа нь уг зохицуулалтын зорилго болох нэг жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар багасгах замаар жижиг, дунд үйлдвэрлэл, бага, дунд орлоготой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зорилготой нийцэхгүй, хариуцагч нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бодитоор объектив шалгуураар тодорхойлж үзээгүй, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд гүйлгээ хийгдсэн л бол тухайн аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд олсон орлогыг нийлбэр дүнгээр тооцож хөнгөлөлтөд хамруулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  

26.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан “...Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “З******* ББСБ” ХХК-ийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “З******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.АЗБАЯР