Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00960

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00960

 

 

Ч.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/00426 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Мэндбатаад холбогдох

 

29 910 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дангаасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр М.Мэндбатаатай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд газар бүтээж өгнө гэсэн учир 61 910 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн юм. Тухайн газар нь бүтээгүй учир надад өнгөрсөн хугацаанд 32 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Үдэгдэл 29 910 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд М.Мэндбатаагаас үлдэгдэл мөнгө 29 910 000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Манай охины нэр дээр байдаг газрыг манайхыг худалдаж авахаас өмнөх үеийн газрын төлбөр, торгуулийн 1 980 000 төгрөгийг газрын албаны шаардлагаар төлсөн тул энэ газрыг авахад зуучилж өгсөн М.Мэндбатаагаас 1 980 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дангаасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны эмээлт өгсөх замд байрлах 1.5 га газрыг худалдаж авахаар 61 910 000 төгрөгийг М.Мэндбатаад төлсөн байдаг боловч М.Мэндбатаа газрын нэрийг Ч.Энхбатын нэр дээр шилжүүлж өгөөгүй тул дээрх мөнгөнөөс 32 000 000 төгрөгийг эргүүлэн өгсөн байдаг. Одоо үлдэгдэл 28 980 000 төгрөг байгаа, 1 000 000 төгрөгийг бид хоорондоо ярилцсан байгаа. Хариуцагч 27 000 000 төгрөгийг эргүүлэн төлнө гэсэн. Үлдэгдэл 1 980 000 төгрөгт 2012 оны 3, 4 дүгээр улирлын торгууль 660 000 төгрөг, 2013 оны газрын төлбөр 1 320 000 төгрөг нийт 1 980 000 төгрөг юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд зарим дүнг буруу дурьдсан байх бөгөөд Ч.Энхбаярт 27 000 000 төгрөг, н.Дашдулам, н.Алтансүх нарын авсан 10 000 000 төгрөг нийт 37 000 000 төгрөг өгсөн. Одоо өгөх 22 000 000 төгрөг үлдэгдэл бий гэжээ. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сард 29 910 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлээ өөрчилсөн байдаг. Вера маркийн гар утсыг 550 000 төгрөгөөр, S3 маркийн гар утсыг 380 000 төгрөгөөр нэхэмжилж байснаа татгалзсан. Анх Ч.Энхбаяр М.Мэндбатаад хандаж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1.5 га газрыг худалдаж авахад дэмжлэг болж өгөхийг хүссэн тул харилцан ярилцаад газрын нэрийг шилжүүлж өгөхөөр тохирсон байдаг. Тухайн үед М.Мэндбатаад энэ газарт эзэмшигч байхгүй гэж хэлсэн боловч газрын албанаас энэ газрыг н.Алтанцэцэг гэдэг хүний нэр дээр байдаг гэсэн мэдээлэл гарч ирсэн тул газрын үнийг буцаахаар болсон. М.Мэндбатаа нийт 59 000 000 төгрөгийг Ч.Энхбаяраас авсан бөгөөд үүнээс 32 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 2 газрын 1 газар гэж хольж яриад байна, нэрийг нь шилжүүлсэн газрын төлбөр 1 980 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ газар нь н.Дайчинбаатар гэдэг хүний нэр дээр байсан газрыг нэхэмжлэгч Ч.Энхбаярын охинд шилжүүлснийг М.Мэндбатаа зуучилж өгсөн байдаг. Гэтэл энэ газрын төлбөрийг М.Мэндбатаагаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Мягмарын Мэндбатаагаас 27 000 000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан Чогсомын Энхбаярт олгож, үлдсэн 1 980 000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 500 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мэндбатаагаас 292 950 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ч.Энхбаярт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах гомдолдоо: ...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг тус шүүхэд гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйг гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр нь хариуцагч М.Мэндбатаад холбогдуулан 29 910 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 27 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1.5 га газрыг худалдан авахаар тохиролцож, уг гэрээний үнэд нэхэмжлэгч нь хариуцагчид 59 000 000 төгрөг төлсөн. Худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч М.Мэндбатаа нь нэхэмжлэгч Ч.Энхбаярт худалдах-худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн мөнгөнөөс 32 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Ч.Энхбаяр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мэндбатаагаас гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан хариуцагч гэрээний гүйцэтгэл болох 27 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Энхбаяр нь 1 980 000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ манай охины нэр дээр шилжиж ирсэн газрын өмнөх үеийн төлбөр, торгуулийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 1 980 000 төгрөг нь талуудын хооронд үүссэн дээрх гэрээний үүрэгтэй холбоогүй байгаагаас гадна нэхэмжлэгчид охиныхоо нэрийн өмнөөс шаардлага гаргах эрх олгогдсон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 980 000 төгрөгийн шаардлагыг гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байгаа боловч талуудын хооронд үүссэн маргаанд баримталсан хуулийн зүйл заалтаа зөв бичээгүй, баримталсан заалт оновчтой биш болсон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороог 23 дугаар хороо, нэхэмжлэгч Ч.Энхбаярын нэрийг Ч.Энхбат гэж тус тус зөрүүтэй бичсэн нь зөрчилтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/00426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар М.Мэндбатаагаас 27 000 000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан Ч.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 980 000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа М.Мэндбатаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО