Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 000155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа  

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ц.Ү

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1821000360120 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, Г овогт А-ын Б, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах үйлдвэрт ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй,

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 03 сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 сарын 28-ны өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Үг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.Үгийн... “2017 оны 12 дугаар сарын 27-ны орой ажилд гараад маргааш өглөө нь ажлаасаа буусан. 2017 оны 12 сарын 28-ны өдөр гэртээ иртэл манай нөхөр Б нь архи уусан бололтой байж байсан. Урд орой нь гэрээсээ гарахдаа хүүхэд халуураад байгаа учир нөхөр Бд эмийг нь үлдээгээд явсан боловч хүүхдийн эм тариаг гаргаж өгөөгүй, миний гаргаж өгсөн эм тэр чигээрээ байсан. Тэгэхээр нь Бд хандаж “чи хүүхдийнхээ эм тариаг өгчихөд яах юм бэ” гэж хэлтэл миний өөдөөс хэрүүл хийлээ гээд амандаа үглээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал Б босч ирээд намайг цохих гээд байхаар нь гэр дотроо гүйж байгаад хананы буланд очоод зогстол хүрч ирээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар нэг удаа хүчтэй цохисныг санаад байгаа юм. Нэг мэдсэн чинь шалан дээр хэвтэж байсан. Миний баруун талын дээд уруулнаас цус гараад уруул ам хавдчихсан байхаар нь Зэст багт байрлах эмнэлэг дээр очиж 6 оёдол тавиулаад гэртээ харьсан. Бтай 2013 оны 10 сараас хойш хамтран амьдарч байна. Нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт амьдардаг бөгөөд 2017 оны 08 сарын сүүлээр бага зэрэг халамцуу орж ирээд цалингийн зээл дээрээс болж маргалдаад идэж байсан хоолоо шидээд бүрдүүлсэн бичиг баримтуудаа урж хүүхдүүдээ айлгаад байхаар нь цагдаа дуудаж өгөөд 7 хоногийн баривчилгаа авч байсан. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Бд зодуулчихаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Уурхайчин багийн хэсгийн байцаагч шалгаад торгуулийн арга хэмжээ авч байсан. Бын хувьд эрүүл согтуу ялгаа байхгүй. Хүнтэй хардаж өөрийн эрхшээлдээ байлгах санаатай байдаг. Намайг гадуур явж байхад араас утсаар 7-8 удаа залгаж хэнтэй хаагуур явж байна, яг одоо хаана явж байна гэх мэтээр дарамталдаг. Гэрт хэрүүл маргаан болоход болж өгвөл гар хүрчих гээд байдаг. Хааяа найз нөхөд болон ажлынхаа газрын хүмүүстэй гарч оройтож ирэхэд хэнтэйгээ хаагуур банзалдаад янхандаад ирж байгаа юм бэ гээд хэрүүл хийгээд цохиод авдаг. Намайг Бд зодуулдаг талаар ээж Ц болон эгч дүү нар маань мэднэ. Мөн Бтай хамт ажилладаг Н гэж залуу мэдэж байгаа. Би 2017 оны 10 сарын 20-ны өдөр Бд зодуулаад маргааш Дорнод аймагт байдаг ээж рүүгээ явсан. Дорнод аймгийн Эрүүл мэндийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-30-р хуудас/

 

2.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтийн “Ц.Үгийн биед зүүн хэнгэргэ хальсны цоорол, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон  гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 10-р хуудас/

 

3.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 296 дугаартай дүгнэлтийн “Ц.Үгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсан цоорол, дээд уруулд шарх тогтоогдлоо. Зүүн хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн үедээ шинэ гэмтэл байжээ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

 

4. Гэрч Ц.Цгийн “Миний төрсөн охин Ү Бтай 2013 онд танилцсан. 2014 оны 07 сард Б гэх хүнийг дагаад Эрдэнэт хот руу явсан. Тэгээд 2015 оны 11 сард том охин А /тэр үед 6-р ангид байсан/ шөнө орой залгаад өвлийн хүйтэнд хөөгөөд орцонд зогсож байна. Ээжийг зодоод байна гэх зэргээр олон удаа өвөл хаваржин ярьсан. Тэгээд би хавар сургууль тарахаар хоёр хүүхдээ сургуулиас нь шилжүүлээд аваад ирсэн. 2017 оны 03 сарын 07-ны өдөр буюу Мартын 8-ны өдөр зодчихсон байсан ба охины маань дээд уруул, зүүн гар талд 4-5 оёдол тавиулсан байсан. Тэгэхэд би яг нүдээр хараагүй, яачив гэж асуухад Б цохисон хувийн эмнэлэгээр оёдол тавиулчихаад байна гэж байсан. Ер нь эрүүл согтуу байсан ч зоддог. Тийм айхтар ууртай хүн байна лээ. Тэрнээс хойш 2017 оны 11 сарын 20-дын үеэр нэг шөнө Эрдэнэтээс гарлаа ч гэж хэлээгүй, гэнэт охин ирэхдээ зодуулчихсан чих нь хавдчихсан ирсэн. Тэгээд би аргаа ядаад эмнэлэгээр дагуулж үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон гэсэн магадлагаа тухайн үедээ эмнэлэгээс гаргаж байсан. Б араас нь ирж буцааж авч явна, би дахиж зодохгүй гэх мэтээр гуйж ярьж байхдаа ҮЭ гээд Үгийн дүүд ярихдаа “би цохисон юм гэтэл чихнээс нь цус гарчихсан, чихнийх нь хэнгэрэгийг хага цохичихлоо гэж ярьсан байсан. 12 сарын 29-ний шөнө юм байх 02 цагийн орчим Ү 3 настай хүүхдээ аваад ирсэн. Тэгэхэд уруулын дээд дотор талд 4, гадна талд 4 оёдол тавиулсан. Тэгээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд акт тогтоолгоод ирсэн байсан. Б Эрдэнэт үйлдвэрт засварчин хийдэг. Маш их архи уудаг, их догшин авиртай, уусан үедээ яахаас буцахгүй хүн байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-43-р хуудас/

 

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ. /хх-ийн 69-82-р хуудас/

 

6. Яллагдагч А.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 59-р хуудас/

 

7. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 504 дугаартай шийтгэвэр /хх-ийн 91-р хуудас/

 

8. Шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 сарын 28-ны өглөө намайг гэртээ унтаж байхад манай эхнэр Ү ажлаасаа буугаад орж ирсэн. Тэгээд намайг яагаад архи уучихсан юм бэ гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Хэрүүл хийж байгаад намайг чаддаг юм бол цохиод ав, чадахгүй байж гээд өдөөд байхаар нь Үг айлгах зорилгоор гараа далайж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохичихсон чинь амнаас цус гоожоод унасан. Тэгээд сандраад цусыг нь тогтоож угаачихаад гарч эмийн сан орж амны хаалт авч ирээд Үд зүүлгэж өгөөд хамт такси бариад Зэст багт байрлах Онош лаборатори доод талд байрлах мэс заслын эмнэлэг орж оёдол тавиулсан. Тэгээд эхнэрийгээ гэрт оруулчихаад гадагшаа гарсан. Гадуур ажлаа амжуулаад орой иртэл эхнэр хүүхдээ авчихсан байхаар нь гайхаад төрсөн дүү рүү нь утсаар асуутал Дорнод руу гарна гэж байна лээ гэж хэлсэн. Би урд өмнө нь эхнэрээ 3 удаа цохиж зодож байсан. Эхнийх нь 2017 оны 03 сарын 07-ны орой би гэртээ ороод Үг яагаад худлаа яриад байгаа юм бэ, надтай явж байна гэхээр танай найзууд яагаад байдаг юм бэ гээд хэрүүл хийсэн. Тэгээд босч ирээд Үгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохитол шүд нь таараад уруул нь язарчихсан юм. Хоёр дахь нь 2017 оны 10 сарын 20-ны өглөө манай эхнэр Ү ажлынхаа газрын эгчийнд орох гэж байна орчихоод очъё гэхээр нь юу яриад байгаа юм бэ, хүүхэд өвчтэй байхад юун айл хэсэх манатай хурдан ир гэж хэлтэл утсаа тасалсан. Өдөр 15 цагийн үед гэртээ орж ирэхээр нь асуусан чинь бид нар төвд жаахан суусан гэж хэлсэн. Тэгээд би уур хүрээд зүүн тал руу нь нэг удаа алгадчихсан. Дараа нь эхнэр Ү чих өвдөөд байна гэхээр нь Г тусгаад чихийг нь үзтэл цус гараад хатчихсан байхаар нь хэнгэрэг нь хагарсан юм биш үү гэж хэлээд маргааш нь үзүүлтэл чихний хэнгэрэг хагарчихсан байна гэж хэлсэн. Гурав дахь нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр болсон хэрэг, 2017 оны 09 сард хүүхдийн хичээл сургууль болох гээд Үгийн 2 хүүхэд нь ирчихсэн байсан. Ү байсан мөнгөө эгчид зээлчихсэн гэж хэлэхээр нь уурласан. Цагдаагийн газарт дуудлага өгөөд намайг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Тэгээд 7 хоногийн баривчилгаанд явсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ц.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Одоо бид хамт амьдарч байгаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй”  гэв.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б “Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч А.Быг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна” гэв.

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Ц.Үгийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 56, 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 296 дугаартай   шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Ц.Цгийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь хамтран амьдрагч Ц.Үг 2017 оны 03 сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 сарын 28-ны өдрийн хооронд удаа дараа зодсон үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ц.Ү нь шүүгдэгч А.Б нар нь хамтран амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс бөгөөд А.Бын үйлдэл нь байнга давтагдсан, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй байх тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурьдаж, түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овгийн А-ын Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС