| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2332000310083 |
| Дугаар | 2024/ДШМ/97 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/97
А.*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.*******жаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Шинэбал /цахим/
Цагаадсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2023/0079/Э/208/2024/0081 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:********),
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Я.*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* овогтой *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.*******ыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагийн А.*******од холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар А.******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдан,
А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг СD хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалган,
А.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ....шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалаг 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлдээ:
... Цагаатгах тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх шүүгдэгч А.*******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Шүүхийн цагаатгах тогтоолд “...ерөнхий шүүгчийн албан өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* нь биелүүлээгүй тул цагдаагийн албан хаагч нар биеийн хүч хэрэглэн түүнийг ерөнхий шүүгчийн өрөөнөөс гаргаснаар уг хууль ёсны шаардлага биелэгдэж төгссөн бөгөөд энэ үед шүүгдэгч А.******* нь хохирогч Я.*******ын биед нь халдаж, түүний зүүн гуяны дотор талд хазаж гэмтээсэн үйлдэл гаргаагүй байна. Харин А.*******ыг ерөнхий шүүгчийн өрөөнөөс биеийн хүч хэрэглэн гаргасны дараа буюу шүүхийн коридорт цагдаагийн албан хаагч шүүгдэгч А.*******од дахин өөр ямар хууль ёсны шаардлага тавьсан, түүнийг нь А.******* эсэргүүцсэн эсэх, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх зүй ёсны шаардлага байсан эсэх тодорхойгүй буюу А.******* “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох мөрдөгчийн Цагдаагийн албанд ашиглагддаг энгэрийн камерын бичлэгт 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийхэд: Тус бичлэгт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, харуулын цагдаа нар “...Ахлах ахлагч Я.*******, дэд ахлагч М.******* нар нөхөр нь гэх эрэгтэйг сандлаас босгож шүүгчийн өрөөнөөс гаргах бөгөөд энэ үед нөхөр нь “та нар яагаад байгаа юм бэ? хөөш, та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлээд уг өрөөнөөс ноцолдсон байдалтай гарав” гэж тэмдэглэлд тусгагдсан,
Цагдаагийн албан хаагч буюу хохирогч Я.*******ын “...Иргэн А.******* шаардлага эсэргүүцээд өрөөнөөс гарахгүй байсан тул би түүнийг гаргах гэж албадлага хэрэглэж түүнийг гавлах гээд өчиг мэх хийж дарах үед миний зүүн талын гуяны дотор талд хазсан. Тэгээд би *******г доош буулгаж гав авчруулж гавласан. Гэтэл эхнэр ******* нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Я.*******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэсэн дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 202Э/ЗШ/145 дугаартай “торгох шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэрт тухайн үйл баримт нь шүүхийн байранд гэж дүгнэн, зөрчлийн холбогдогч А.*******, Б.******* нарт Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан шийтгэл сонгон хэрэглэж А.*******, Б.******* нарыг тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох шийтгэлийг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл Б.*******, А.******* нар нь шүүхийн байранд шийтгэх тогтоол гардан авахаар ирсэн үеэс эхлэн тус шүүхийн байранд байх хугацаанд чанга орилж ярих, хэрүүл, маргааны шинжтэй үг хэллэг хэлэх зэрэг үйлдлийг гаргасаар байсан тул Цадаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, хамгаалалтын цагдаа нар нь “чанга дуугаар орилж ярихгүй байх”, “шүүгчийн албан тасалгаанаас гарна уу”, “тухайн шийдвэрт гомдол гаргах эрхтэй" болохыг удаа дараа хэлж сануулж, хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг тавьсаар байтал үл хүндэтгэн биелүүлээгүй, улмаар хамгаалалтын цагдаа Я.*******, П.Тэмүүжин нар удаа дараа А.*******ыг ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарах шаардлагыг тавихад сандлаас босохгүй байсан тул тэд түүнийг өрөөнөөс хүчээр /хоёр талаас нь сугадан чирч/ ноцолдож, зууралдсан байдалтайгаар гаргаж, дээрх байдал таслан зогсоогдоогүй тул шүүхийн 2 давхрын коридорт хамгаалалтын цагдаа Я.*******, А.*******од Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийн 49.1.1-д заасан “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” үндэслэлээр нэг бүрийн тусгай хэрэгсэл гавыг хэрэглэх явцад түүний зүүн гуянд хазсан үйл баримт нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Я.*******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэсэн дүгнэлт зэргээр хөдөлбөргүйгээр тогтоогдсон, дээрх Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, хамгаалалтын цагдаа нар нь А.*******од хандаж Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны шаардлагыг тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах” гэж зааснаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө нотолсон, ач холбогдол бүхий нотлох баримтууд бөгөөд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг давхар нотолж байна.
Шүүх шийдвэртээ “...цагдаагийн алба хаагч нар А.*******ыг “..ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* биелүүлээгүй тул биеийн хүч хэрэглэн түүнийг уг өрөөнөөс гаргаснаар уг хууль ёсны шаардлага биелэгдэж төгссөн...” гэж гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж, тодорхойлсноос шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзэж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, “...шүүгдэгчид ашигтайгаар” гэж дүгнэж шийдвэрлэснээр илтэд үндэслэлгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд, шүүгдэгч А.******* нь цагдаагийн албан хаагч нарын “..ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* нь биелүүлэлгүй, хүч хэрэглэж эсэргүүцсэн, цагдаагийн албан хаагч нартай зууралдаж, ноцолдож эхэлсэн үеэс буюу ерөнхий шүүгчийн өрөөнөөс зууралдаж, ноцолдож эхлэн үүдний коридорт гаргаж, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж гавлах хүртэлх хугацаанд шүүгдэгч нь тухайн үйлдлээ таслан зогсоохгүй үргэлжлүүлэн цагдаагийн албан хаагч нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хангалттай нотлогдсон байхад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүх дээрх байдлаар дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн Эрдэнэбат шүүгчийн гаргасан цагаатгах тогтоол нь үндэслэлтэй. ... Энэ хүмүүс Мандал сумын шүүхэд нэг хэрэгт хохирогчоор нэг хэрэгт орж байдаг. Уг хэрэгт оролцуулаагүй байдлаар асуудалд хандаад Ерөнхий шүүгч нь өөрөө өрөөндөө дуудаж оруулаад А.******* гэх хүн ширээн дээр суугаад наад талд нь ******* гэх хүн суугаад хуралдаанд оролцуулаагүй гэж ******* болон ерөнхий шүүгч хоёрын хооронд маргаан үүссэн. Тухайн үед хажууд нь сууж байсан хүн нь А.*******. Энэ хүмүүс ямар ч үндэслэлгүйгээр Цагдаагийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан тусгай багаж хэрэгсэл ашиглах журмыг зөрчөөд зүгээр сууж байсан хүнийг авч гараад, боож унагаагаад дээр нь сууж зохисгүй үг хэрэглээд, гарыг нь гавлаад гаранд нь тодорхой хэмжээний гэмтэл учруулсан.
... Хавтаст хэрэгт гар утсаар хийсэн бичлэг авагдсан байдаг. Тэр хүн ямар байдалтай сууж байсан талаар, цагдаагийн алба хаагчид яаж чирсэн талаар харагдана. Баттөгөлдөр гэх залуу хажууд нь хаалгыг нь онгойлгож өгөөд явж байгаа. Уг бичлэг дээрээс шүүгч цагаатгасан. Аливаа зүйлд дургүй байж болно. Хүний хувь заяагаар тоглож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад даалгавартай юм шиг байж болохгүй. Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн шинжтэй ганц ч үйлдэл хийгээгүй. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас яллагдагч А.*******од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг шүүгдэгч А.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
3.Шүүгдэгч А.*******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн Г.Тунгалаг прокурор ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/434 тоот албан бичгээр Д.Шинэбалын тус хэрэгт улсын яллагчаар оролцуулахаар томилсон байна.
Шүүгдэгч А.*******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр явагдсан бөгөөд уг хэрэгт томилолтын дагуу Д.Шинэбал прокурор оролцож цагаатгах тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын яллагчийг төлөөлөн ******* гэх хүн гарын үсэг зурж авсан ба 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг хэргээс ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар чөлөөлөгдсөн Г.Тунгалаг прокурор эсэргүүцэл гаргасныг хэргийн оролцогч бус этгээд гомдол гаргасан гэж үзнэ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч А.*******од холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурор Г.Тунгалаг ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар Д.Шинэбалыг тус Прокурорын газраас томилсон, Г.Тунгалагийг эргүүлэн уг ажиллагаанд оролцуулахаар томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн заалтын дагуу хэрэгт оролцсон прокурор эсхүл, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргахаар хуульчлагдсан байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ