2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09341

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09341

Улаанбаатар хот

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* дүүрэг, **** дугаар хороо, ******* ******* ******* гудамж хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Банк нь харилцагч Н.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,860,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар түүнд олгосон. Гэрээний хугацаа 2027 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар 308 хоногийн хэтрэлт 4,199,717.45 төгрөгийн төлбөр үүссэн байна.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.9.04-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Н.******* нь хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч А.*******ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* банк ХК, Н.*******ийн хооронд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дасны хуулга, 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээ, дансны хуулга, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь ****** дүүрэг, *** дугаар хороо, ******* ******* ******* гудамж хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь Н.*******ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт 7,658,935.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, ******* банк ХК, Н.*******ийн хооронд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дасны хуулга, 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээ, дансны хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Н.******* нь хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ, ******* банк ХК, Н.*******ийн хооронд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №******* дугаартай Зээлийн гэрээ-нд тодорхойлсон ****** дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоот хаягт Н.******* нь оршин суудаггүй, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Н.*******ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* /ИБД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* банк ХК-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА