| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0167/э |
| Дугаар | 000174 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 000174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 1725001570179 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овогт Б-ийн Д, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй.
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 07 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт-д оршин суух С.Т-ийн фейсбүүк хаяг руу “Х” ХХК-ны танилцуулга явуулж удаа дараа мессэж бичин манай компани үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг та одоо 300000 төгрөгөөр элсэж ороод 570000 төгрөг болгож аваарай гэж хуурч 300000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Т... “2017 оны 07 сарын 30-ны өдөр миний фэйсбүүк хаяг руу Дээгийн Б гэсэн хаягтай эмэгтэй хүнээс “Х” ХХК-ний танилцуулга явуулж удаа дараа мессеж бичин манай компани үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, та одоо 300000 төгрөгөөр элсэж ороод маргааш 570000 төгрөг болгож аваарай гэсэн мессэж явуулахаар нь лавлаж асуухад өнөөдөр орчих маргааш шууд мөнгө орно гээд байхаар нь итгээд над руу явуулсан данс руу 300 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь мөнгө авах гэхэд миний фэйсбүүк хаягийг блок хийчихсэн байсан. Тэр эмэгтэйгийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш холбогдоогүй 20 гаруй хоносны дараа Цагдаагийн байгууллагад хандсан. 2018 оны 02 сарын 02-ны өдөр Д миний утас руу танихгүй дугаараас залгаад сүлжээний охин байна таны мөнгийг шилжүүллээ шүү дансаа явуулчих гээд миний дансны дугаарыг аваад 300000 төгрөг шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-18-р хуудас/
2. Гэрч Дд ... “Д надаас 2017 онд 300 000 төгрөг зээлж аваад 2017 оны 07 сарын 31-ний өдөр миний данс руу 300 000 төгрөг шилжүүлсэн. Би Дээс Х гэсэн сүлжээний талаар сонсоогүй, мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
3.Гэрч И.Б ... “Миний охин Д нь 2018 оны 01 сард надад хэлэхдээ хүнээс 300000 төгрөг аваад сүлжээнд оруулж 570000 төгрөг болгож өгнө гэж хэлээд мөнгийг нь дансаар авчихаад хүнд өрөө өгчихсөн. Нөгөө хүн маань цагдаад хэлчихсэн байна гэхээр нь Дийг загнаад 2018 оны 02 сарын 02-ны өдөр тэтгэврийн зөрүү гэж 2000000 төгрөг аваад мөнгө авсан хүний данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
4.Б.Дийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 51-р хуудас/
5. С.Т Хаан банкны дансны хуулга /хх-ий 19-р хуудас/
6. Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Би 2017 оны 07 сард өөрийн фэйсбүүк хаягаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн арьсан эдлэлийг дэмжих зорилгоор сүлжээний бизнесийн талаар танилцуулгыг хүмүүсийн хаяг руу явуулсан юм. Тэгээд Орхон аймгийн Т гэдэг хүнтэй холбогдож байгаад нэг хоногийн дотор 300000 төгрөгийг 570000 төгрөг болгож өгнө гэж хэлсээр байгаад итгүүлж 300000 төгрөгийг Т гэдэг хүнээс өөрийнхөө Хаан банкны 5056082096 дугаарын дансаар 2017 оны 07 сарын 30-ны өдөр шилжүүлээд авсан. Т гэдэг хүнээс авсан 300000 төгрөгийг би өөртөө зарцуулчихсан юм. Хүнд өгөх ёстой байсан мөнгөндөө өгсөн. Т гэдэг нэртэй хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй болохоор мөнгөтэй болоод эргүүлээд мөнгийг нь эргүүлээд өгнө гэж бодож байгаад 2018 оны 02 сар хүргэсэн. Энэ талаар би 2018 оны 01 сард ээж Б-д хэлсэн. Тэгээд ээж маань 2018 оны 02 сарын 02-ны өдөр тэтгэврээ аваад Тгийн данс руу 300000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч С.Т нь “Хохирол бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.Дийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч С.Т мэдүүлэг, гэрч Б.Д, И.Б нарын мэдүүлэг, хаан банкны дансны хуулгууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2017 оны 07 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт-д оршин суух С.Т фейсбүүк хаяг руу “Х” ХХК-ны танилцуулга явуулж удаа дараа мессеж бичиж “манай компани үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг та одоо 300000 төгрөгөөр элсэж ороод 570000 төгрөг болгож аваарай” гэж хуурч 300000 төгрөг залилаж авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС