| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0030/з |
| Дугаар | 124/ШШ2026/0029 |
| Огноо | 2026-08-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 124/ШШ2026/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Од холбогдуулан гаргасан,
“Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Оын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0953508 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б, хариуцагч эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгээс тус шүүхэд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Од холбогдуулан “2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0953508 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай” дүгнэлт гаргасан.
2. Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0953508 дугаартай шийтгэлийн хуудсаар Увс аймгийн Ховд сумын эрүүл мэндийн төвийн дарга А.Нийг “эмнэлгийн дотоод журмаа мөрдүүлээгүй” зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
3.Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б прокурорын дүгнэлтийг 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байна.
4.Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би, тус аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.О нь бүртгэлийн ЭМ35/26-3 дугаартай “Мэргэшсэн эмч нь хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй, өвчтөнийг бүрэн үнэлээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлээгүй” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, А.Нд 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 0953508 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ. Бүртгэлийн ЭМ35/26-3 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хянахад эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн байна. Эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Бээс гаргасан “Ховд сумын Эрүүл мэндийн төвд уушгины хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байсан Н.А 1 нас 2 сартай зээ хүүгийн нас баралтад тухайн сумын эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Б, Эрүүл мэндийн төвийн дарга А.Нь нарт гомдолтой байна...” гэх зөрчлийг Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Тухайн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс үзэхэд иргэн Т.Б нь тус аймгийн Эрүүл мэндийн газарт гомдол, мэдээлэл гаргасан байх бөгөөд иргэнээс гаргасан гомдол, мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авахдаа дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан шаардлагыг хангуулаагүй. Мөн эрх бүхий албан тушаалтны 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд Ховд сумын эрүүл мэндийн дарга А.Нь нь “Эмнэлгийн дотоод журмыг эмч, эмнэлгийн ажилчдадаа мөрдүүлж ажиллаагүй, хүндэрсэн өвчтэй хүүхдэд эмч нарын хамтарсан үзлэг хийж цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлээгүй гэх зөрчлийг үйлдсэн болох нь амь хохирогч Н.Аын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Чанарын багийн хурлын протокол, 2026 оны 4 дугаар сарын 02-ны өдрийн Чанарын багийн хурлын протокол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх баримтуудыг хавсаргаж гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тухай тэмдэглэл үйлдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт хавсаргана. Гэтэл эрх бүхий албан тушаалтны зөрчлийн материалд цуглуулж, хавсаргасан нотлох баримтууд нь хаанаас, ямар эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авсан эсэх нь тодорхойгүй хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ” гэж мөн хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна” гэж заасныг тус тус зөрчсөн буюу амь хохирогч Н.Аын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг прокурорын зөвшөөрлөөр аваагүй, хаанаас хэрхэн гаргуулан авсан талаарх материалд тусгаагүй бүгд канондсон хуулбар хувь байгаа нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна. Түүнчлэн дээрх гомдол, мэдээлэлтэй холбоотой буюу “амь хохирогч Н.А нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ховд сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 263500092 дугаар хэрэг нээж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус аймгийн Ховд сумын эрүүл мэндийн төвийн дарга А.Н, хүүхдийн эмч Б.Б нар нь амь хохирогч Н.Аыг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцдаа Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж, тогтоох тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Гэтэл тус аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.О нь Ховд сумын эрүүл мэндийн төвийн дарга А.Нын “Эмнэлгийн дотоод журмыг эмч, эмнэлгийн ажилчдадаа мөрдүүлж ажиллаагүй, хүндэрсэн өвчтэй хүүхдэд эмч нарын хамтарсан үзлэг хийж цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлээгүй” гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийн шинжийг хангасан гэж дүгнэн холбогдогч А.Нд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх эрх бүхий албан тушаалтны зөрчлийн материалд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасныг мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг тус тус зөрчиж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Оын 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 0953508 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, холбогдогчийн төлсөн торгуулийг төрийн сангаас гаргуулж буцаан олгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлэв” гэв.
5. Хариуцагч эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд иргэн Т.Бийн манай байгууллагад хандаж гаргасан өргөдлийн дагуу Ховд сумын Эрүүл мэндийн төв дээр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж, холбогдох баримт материалтай танилцаж, өвчний түүх, хяналтын карт, эрэмбэлэн ангилалтын хуудас, эрүүл мэндийн төвийн чанарын багийн хурлын тэмдэглэл холбогдох бусад анхан шатны баримтыг эрүүл мэндийн төвийн дарга А. Нээс гаргуулан авсан болно. Манай байгууллагаас амь хохирогч Н.Аын шүүх шинжилгээний хариуг авахаар шүүх шинжилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Увс аймгийн Прокурорын газруудад хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Ховд сумын эрүүл мэндийн газрын дарга А.Нд эмнэлгийн дотоод хяналтын журмын дагуу хийх ёстой эмч нарын хамтарсан үзлэгийг хугацаанд нь хийж зохион байгуулаагүй, эрсдэлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний тактикийг тухай бүр шинэчилж, өвчтөний цаашдын асуудлыг шийдвэрлээгүй нь зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу эмнэлгийн дотоод хяналтын журмыг эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт мөрдүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэврийн арга хэмжээ тооцсон болно. Иймд 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 07 дугаар прокурорын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Хяналтын прокуророос “Амь хохирогч Н.А Ховд сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэх гомдол мэдээлэлд эрүүл мэндийн төвийн дарга А.Н, хүүхдийн эмч Б.Б нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад А.Нд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, Зөрчил үйлдсэн гэж үзсэн нотлох баримтууд нь хаанаас, ямар эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авсан нь тодорхойгүй, хүний эмзэг мэдээллийг авахдаа прокурорын зөвшөөрөл аваагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй” гэсэн дүгнэлт гарган үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч эмчилгээний чанарын улсын байцаагчаас “Иргэн Т.Бийн өргөдлийн дагуу Ховд сумын эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж холбогдох баримт материалтай танилцаж,өвчний түүх,хяналтын карт, эрүүл мэндийн чанарын багийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг эрүүл мэндийн төвийн дарга А.Нээс гаргуулан авсан, амь хохирогч Н.Аын шүүх шинжилгээний хариуг авахаар Цагдаагийн газар, Прокурорын газарт хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй, А.Н нь эмнэлгийн дотоод хяналтын журмын дагуу хийх ёстой эмч нарын хамтарсан үзлэгийг хийгээгүй,өвчтөний цаашдын асуудлыг шийдвэрлээгүй, дотоод журмыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт мөрдүүлээгүй тул шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гарган гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.
4. Увс аймгийн Ховд сумын эрүүл мэндийн төвд 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Н.А гэх хүүхэд нас барсанд эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд гомдолтой байгаа талаарх гомдлыг иргэн Т.Бээс Увс аймгийн Эрүүл мэндийн газарт 2026 оны 5 сарын 14-ний өдөр гомдол гаргасан, мөн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн төвийн дарга А.Н хүүхэд нас барсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан байна.
5. Эмчилгээний чанарын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0953508 дугаартай шийтгэлийн хуудсаар Ховд сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Н эмч ажилтнууддаа хяналт тавиагүй, хүүхдэд эмч нарын хамтарсан үзлэг хийж, цаашдын асуудал шийдвэрлээгүй нь эмнэлгийн дотоод журмыг мөрдүүлээгүй зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.
6. Шийтгэлийн хуудсыг үзэхэд ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1 дүгээр заалтад шийтгэлийн төрөл, хэмжээг бичээгүй, шийтгэлийн төрөл хэмжээ гэх хэсэгт 1.2 гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байх мөртлөө 2 дугаар заалтад оногдуулсан шийтгэлийн 1,000,000 төгрөгийг 15 хоногийн дотор төлж биелүүлэх талаар тусгажээ.
Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудас дахь “…шийтгэл оногдуулсугай” гэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ тусгайлан тусгагдаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ … оногдуулах шийтгэл… хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасантай нийцээгүй байна.
7.Увс аймгийн Ховд сумын эрүүл мэндийн төвд 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Н.А гэх хүүхэд нас барсан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж байгаа нь Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Сийн 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 263500092 дугаартай мөрдөгчийн тогтоол, Увс аймгийн Прокурорын газрын 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Ц-1/1535 дугаартай албан бичгээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн талаар хуульчлагдсан байх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учрах, нас барсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулахаар заасан.
Эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх” гэж заасны хүрээнд А.Нд холбогдох гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэхээр байжээ.
Иймд хариуцагчийн “амь хохирогчийн шүүх шинжилгээний хариуг авахаар шүүх шинжилгээний хэлтэс, цагдаагийн газар, прокурорын газарт хандаад хариу өгөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
8. Мөн түүнчлэн прокуророос “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэгт нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ холбогдох журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
А.Нд холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд өвчтөн Н.Аын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, амин үзүүлэлтийг хянах хуудас, биеийн байдлыг үнэлэх хуудас, сувилгааны тэмдэглэл, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарласан хувиуд авагдсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, 4.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ”, 4.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна” гэж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэж тус тус заасны хүрээнд хүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авах журмыг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн байна.
9.Зөрчлийн хэргийн зүйлчлэлийн хувьд эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч А.Нийг эмнэлгийн дотоод журмыг мөрдүүлээгүй, эмч ажилтнууддаа хяналт тавиагүй, хүнд хүүхдэд эмч нарын хамтарсан үзлэг хийж өвчтөний цаашдын асуудал шийдвэрлээгүй зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасан “төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийн шинжийг хангасан гэж үзсэн.
Эрх бүхий албан тушаалтнаас эрүүл мэндийн төвийн даргад ямар хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар дотоод хяналт шалгалтын журмыг тогтоох буюу батлах үүрэг хүлээлгэснийг зөрчсөн болохыг тодорхойлоогүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаартай тогтоолоор “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсан.
“Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын Нэг дэх хэсгийн 1.4-т “Төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1-д заасны дагуу дараах эрх бүхий этгээд батална:
1.4.1. хуульд өөрөөр заагаагүй бол яам, эрхлэх ажлын хүрээнд нь үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг, харьяа бусад байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөх "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг Монгол Улсын сайд” гэж зохицуулсан.
Энэхүү зохицуулалтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/346 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баталж мөрдүүлжээ.
Иймд эрүүл мэндийн төвийн дарга нь дотоод хяналт шалгалтын журмыг тогтоох буюу батлах үүрэг бүхий этгээд биш, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах эрх бүхий этгээд байна.
Холбогдогч А.Нд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна” гэх зохицуулалттай нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Оын үйлдсэн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0953508 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ