Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/99

 

                   Ш.*******, “******* *******” ХХК нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Цагаадсан этгээд Ш.*******

Цагаадсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/203 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ш.*******, “******* *******” ХХК-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0154/Э/208/2024/0086 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* Шугам” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, ****** дүүрэг, ****** дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ********),

2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Фермерийн аж ахуй эрхлэх, Газар тариалан эрхлэх, Аялал жуучлал, Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үйл явуулах чиглэлээр байгуулагдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах хаягтай, Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, “******* Шугам” Хариуцлагатай хувьцаат компани

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;

Шүүгдэгч “******* Шугам” ХХК нь 023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “**************” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******гийн *******, “******* Шугам” ХХК нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******гийн *******, “******* Шугам” ХХК нарыг цагаатгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Нуипс1а1 Р290LС-7 маркийн экскаватор, 1,050,000 төгрөгийн үнэлгээ бүхий тос гаргагч дизель генератор, 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаагч автомат усан бууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэх Монгол банкинд хадгалагдаж байгаа 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг Ш.*******т буцаан олгож,

Шүүгдэгч Ш.*******, “******* Шугам” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Р.Мягмардорж 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №29 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй", мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 1 дүгээр заалтын хувьд: Ш.******* нь “******* *******” ХХК-ний 100 хувь эзэмшдэг бөгөөд “**************” ХХК нь 2021 онд “Монлед” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “2021 онд “Монлид трэйд” ХХК болон “**************” ХХК нарын харилцан байгуулсан гэрээ, М.Буянбат, Б.Энхбаатар нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог.

Гэвч “**************” ХХК нь 2022 он болон 2023 онд “Монлед” ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй байсан болох нь:

Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1874 дугаартай албан бичиг,

Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/1867 дугаартай албан бичиг,

Гэрч Б.Энхбатын “..******* ******* ХХК-ний холбогдох ажилтнууд манай компаний эпэл шороог угаасныг би мэдэхгүй байна. ******* ******* ХХК-ийн захирал ******* түүний ажилтан Мөнгөн гэх хүмүүст эпэл шороо угаа гэж огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Буянбатын “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ ************** ХХК-ийг гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглал явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч ************** ХХК нь нөхөн сэргээлтийн ажпыг дутуу хийгээд буусан. Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал Энхбаатар нь “**************” ХХК-тай хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд ************** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин ************** ХХК нь 2022 онд манай компаний 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компаний 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажпыг дахин хийх нэрээр Өлөнт гэх газарт манай компаний ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Мөн хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх газарт тодорхой техник хэрэгсэл оруулан үйл ажиллагаа явуулж байсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “Ш.******* болон “**************” ХХК-ний хууль бус ашиглалтын улмаас өртөгдсөн гэх газрын солбилцлоор 2018 онд ухагдсан нэг ухаш байсан болох нь тогтоогдож 2023 онд дахин ухсан бол ямар нэгэн өөрчлөлт орох учиртай тул улсын яллагчийн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэсэн яллах дүгнэлт үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн ба нэг ухагдсан талбайг дахин ухагдахад заавал хэлбэрийн хувьд өөрчлөгдөх ёстой гэж дүгнэж буй нь өрөөсгөл ойлголт юм.

Анхан шатны шүүхээс “улсын яллагчийн энэ төрлийн гэмт хэрэгт газрын хэвлийд халдсан гэдгээр хязгаарлахгүй, эрэл хайгуул явуулсан нь хамаарна гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Ш.******* болон “******* Шугам” ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэдийгээр 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг хураан авсан боловч тусгай зөвшөөрөлгүйгээр хориглосон газраас ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулж гаргаж авсан бөгөөд энэ нь "Монлид" ХХК-н өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох нь, гааль буудаж гаргаж авсан болохыг доорх гэрчүүд мэдүүлгээр мэдүүлжээ эж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

“******* *******” ХХК нь 202*2 он болон 2023 онд “Монлед” ХХК-тай хамтран нөхөн сэргээлтийн ажил хийх болон ашигт малтмал олборлох ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба ************** ХХК-нь өөрөө ямар нэгэн нөхөн сэргээлт хийх болон ашигт малтмал олборлох чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

“******* *******” ХХК-нь “Монлид” ХХК-ний ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулж 6.6295 грамм алт гаргаж авсан нь хууль ёсны гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэргийн газрын үзлэгээр хийгдсэн хууль бусаар ашиглалтад өртсөн талбай болон үүсмэл орд болох эфль, гааль буудаж гаргаж байсан газрын талбайн солбилцлын цэгүүд нь “Монлид трейд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбай биш болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн 10/4011 дугаартай албан бичгээр “Монлид трэйд” ХХК-ний М\/-020575 тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад заагдсан солбилцлуудтай таарахгүй байх ба мөн Ашигт малтмал тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10/3346 дугаартай албан бичгээр уг эвдрэлд орсон талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна гэсэн албан бичиг зэргээр “**************” ХХК нь 2023 онд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл огт байхгүй мөн “Монлид трэйд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүхээс огт анхааралгүй ямар нотлох баримтаар “Монлид трэйд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайгаас алт олборлосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн тухайн хэргийн газрын үзлэгээр халдлагад өртсөн газар болон алт угаах төхөөрөмжийн хажууд байсан овоолготой шороог алт угаах төхөөрөмж рүү хийж угааж байсан талаар гэрч Э.Мягмардалайгийн “Нөхөн сэргээлт хийж байсан талбайд байсан шороог алт угаагч төхөөрөмжөөр угаасан. Алт угаагч төхөөрөмжийн хажуу талд байсан овоолготой шороог алт угаагч төхөөрөмж рүү хийж буудсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгааг анхаарч үзээгүй байна.

Шүүгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийн эхэн хэсэгт анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоног хойшилсон хугацаанд даалгасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хангалтгүй байна гэж дүгнэсэн атлаа яг ямар ажиллагаа дутуу хийгдсэн талаар дурдаагүй 60 хоногийн хойшилсон хугацаанд нэмэлтээр хийх 5 ажиллагаа шүүгчийн захирамжид дурдсан ба шүүгчийн захирамжид даалгасан бүх ажиллагаа бүрэн хийгдсэн байдаг.

Хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч болон “******* *******” ХХК-ний төлөөлөл оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хууль зөрчсөн алдаа гэж шүүх дүгнэсэн ба хэргийн газрын үзлэгт тухайн үед “******* *******” ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан ажилтан Ш.Баасандоржийг оролцуулан хэргийн газрын үзлэг хийсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заавал хөндлөнгийн гэрч оролцуулна гэсэн зохицуулалтгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэргэжилтэн Ц.Тэнгисийг томилсон нь хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага’ нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал И.Ганбат нь тухайн байгууллагын мэргэжилтэн Ц.Тэнгисийг томилж мөрдөгч нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эко инженеринг ХХК хэргийн газар дээр биечлэн очоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн ба хэрэгт авагдсан “Эко инженеринг” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №21 дугаартай дүгнэлтээр шинжээч Б.Баясгалан нь хэргийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эвдэгдсэн газарт дроноор хэмжилт, судалгаа хийж өөрийн биеэр очиж дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байхад үндэслэлгүйгээр биечлэн очиж дүгнэлт гаргаагүй гэж дүгнэсэн байна.

Хэрэв зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байснаар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр шүүгдэгч Ш.*******, “**************” ХХК-ний хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 6.6 грамм алт олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “...Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй” гэж зааж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай” гэснийг тус тус ноцтой зөрчсөн мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэсэн шаардлагыг хангаагүй тус цагаатгах тогтоол нь тодорхойлох хэсэггүй байгаа нь тус хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зааснаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх ба цахим гарын үсэг баталгаажлаа гэсэн тэмдэглэлээр цагаатгах тогтоолыг баталж тус прокурорын газарт ирүүлсэн байх ба Цахим гарын үсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл шүүхийн шийдвэрт цахим гарын үсэг хэрэглэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь цаасан хэлбэрээр хэргийн оролцогч нарт гардуулдаг ба нөгөөтэйгүүр уг баталгаажлаа гэх цахим гарын усэг нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн “6.2.1-т зааснаар “тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх" гэх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Цагаадсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ш.******* юу гэж маргаж байна гэхээр урд урдны өнгөрсөн жилүүдийн нөхөн сэргээлтийн ажлуудаа дутуу хийсэн учраас тэр ажлыг гүйцэтгэхээр ажилчид маань очсон байсан. Би бол хэргийн газар дээр очоогүй гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой газрын хэвлийтэй холбоотой асуудалд бид нар огт оролцоогүй, бид нар ийшээ халдаагүй. Бид нар “Монлид трейд” ХХК-ийн гаргасан үүсмэл ордноос угааж гарсан тодорхой хэмжээний алт гарвал үйл ажиллагааны зардалд хийж нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэж тайлбарладаг. Халдсан уу үгүй юу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр сансрын зураг авч 60 хоногийн хугацаанд үзсэн. ...Үзлэг хийчихээд харьцуулсан дүгнэлтээр 2018 онд яг тэр хэмжээгээр тэр газар халдчихсан байсан. Шинжээчийн эхний дүгнэлтэд их тодорхой байсан. 2018 онд хуучин ийм байна. Тэгтэл 2023 онд халдаад ийм хэмжээтэй байхад нь ийм болгочихсон байна. Эсхүл өөрчилчихсөн байна гэх дүгнэлт огт гараагүй. Сансрын зургаас харахад 2018 онд халдсан газар дээр Ш.******* халдаагүй юм байна. Яллагдагчийн мэдүүлэг үндэслэлтэй байсан юм байна. Бүх гэрч нар хэлж байгаа. Бид нар “Монлид трейд” ХХК-с нөхөн сэргээлтээ хийсэн болохоос биш зөвшөөрөгдөөгүй газарт зөөж авчирсан бусад байдлаар шороог угаасан гэдэг нь тогтоогдохгүй гэдгийг ярьсан. Та нар алт олсон л юм чинь хулгайчид байж таараа гэж асуудалд хандаж болохгүй. Прокуророос ганцхан зүйлийг хүсэж байгаа. Хэрэв нотолж байгаа юм бол ийм хэмжээтэй газрыг ухаад ийм болгочихсон байна гэдгээ нотол. Түүнээс биш хуульчийн хувийн бодол огт хамаа байхгүй.

Цахим гарын үсэгтэй холбоотой асуудалд би байр сууриа илэрхийлчихсэн. Би шүүгчийг өөрийнхөө дураар цахим гарын үсэг ашиглаж гарын үсэг зурсан гэж бодохгүй байна. Шүүхийн тамгын хэлтэстэй холбоотой, шүүхийн хэргийн хөдөлгөөнтэй холбоотой, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ашиглаж болно гэсэн үү гэдгийг журмаар шийдсэн болов уу гэж харж байна. Хуультай хэрхэн холбоотой талаар давж заалдах шатны дүгнэлт хийнэ байх. Цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.*******, “******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокуророос шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;

Шүүгдэгч “******* *******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт буюу шүүгдэгч Ш.*******, “******* *******” ХХК нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хүлээн авч тэднийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.******* болон, ******* ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан боловч тухайн цагаатгах тогтоолд шүүгч гарын үсэг зурахгүйгээр, цахим гарын үсгээр баталгаажуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэсэн, шүүхийн тамгыг дарахгүйгээр тогтоолыг хэргийн оролцогч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байдал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, бусад  хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын  нутаг дэвсгэрт эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг  хаана гарсныг үл харгалзан  энэ хуулийн дагуу явагдана.” гэж,   2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоожээ.

Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.”,  22.4.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж, 22.7-д “Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус  хуульчилсан байхад шүүхээс гарч буй эрх зүйн актад цахим гарын үсэг зурсан нь дээрхи хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ.

4.Цахим гарын үсгийн тухай хууль нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ” гэж цахим гарын үсэг хэрэглэх талаар  тодорхой заажээ.

Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх  шийдвэрээ Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж  гаргасан шийдвэрээ   биет байдлаар буюу цаасан хэлбэрээр гардуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж  хуульчилсан  байхад  хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийтгэх тогтоолд цахим гарын үсэг  хэрэглэж, шүүхийн тамга  дарж баталгаажуулаагүй байгаа нь  шүүхийн шийдвэрийг цахим баримттай адилтган үзсэн нь шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

5.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн болон прокурорын гаргасан үндэслэлгүйгээр цагаатгасан гэх эсэргүүцлийн агуулгад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын ******* шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                              

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ