| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0158/э |
| Дугаар | 000166 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 000166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 1825002180167 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ын Д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, хувиараа барилын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 02 сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай нагийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2003 оны 07 сарын 21-ний өдөр суллагдсан.
Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 03 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Э ...“2018 оны 03 сарын 17-ны орой 19 цагийн үед хажуу талынхаа хөрш айл болох Д ахынд 2 шил 0.5 граммын Ерөөл архи аваад орох гээд явж байтал миний танил Б Д хоёртой тааралдсан юм. Тэгээд гурвуулаа хамт Д ахынд ороод авсан хоёр шил архиа хувааж ууж байгаагаа санаж байгаа юм. Тэгээд өглөө Д ахынд сэртэл миний баруун талын дээд уруул хавдчихсан мэдрэмж төрөөд уруулаа барьж үзтэл бага зэрэг хавдчихсан юм шиг байсан. Тэгээд Д ах руу хартал намайг харснаа хөөе “чиний наад дээд уруул чинь сэтэрчихсэн байна шүү дээ” гэхээр нь би худлаа яриад бай гээд толинд хартал баруун дээд уруул сэтэрчихсэн цус гараад хатчихсан байхаар нь өчигдөр орой юу болсон талаар Д ахаас асуухад би юу ч мэдэхгүй, тасарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод байж байтал Б манайд орж ирээд өчигдөр Д чамайг согтуу байхад хөлөөрөө нүүрэн тус газарт чинь өшиглөсөн юм гэж хэлж байсан. Манай эхнэр Э надад хэлэхдээ өчигдөр Дийнд ортол чиний уруул чинь сэтрээд цус гарчихсан байсан. Тэгээд хэн цохиж зодсон талаар асуухад Д гэдэг залуу хөлөөрөө өшиглөчихөөд гарч зугтаах гээд байхаар нь Б-г орж ирэхээр нь барьж аваад цагдаад өгч явуулсан гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр баруун талын дээд уруул сэтрээд хавдсан байсан. Нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-12-р хуудас/
2. Гэрч Э.Э ... “2018 оны 03 сарын 17-ны өдөр нөхөр Эн хамт гэртээ толгой шийр хуйхлаад сууж байхад нөхөр гэрээсээ гараад яваад өгсөн. Би тухайн үед хаашаа явсныг нь анзаараагүй. Орой 22 цагийн үед хашаанд байдаг Б гэдэг залуу манайд орж ирээд Э аваач гэж хэлэхээр нь хаана байгаа талаар асуухад хажуу талын Д ахынд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтай хамт ороод Э шууд аваад гарах гэтэл амнаас нь цус гарчихсан болохоор нь яачихсан юм бол гэж бодоод сайн хартал баруун талын дээд уруул нь сэтэрчихсэн байхаар нь тэнд байсан Бээс асуухад Д гутлаараа ам руу нь өшиглөчихсөн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
3. Гэрч Ж.Бийн ...“2018 оны 03 сарын 17-ны орой би найз Д дэлгүүрийн гадна таарангаа юм ярьж сууж байгаад дэлгүүрээс ганц ганц лаазтай пиво уугаад дуусаж байхад Эн хүрч ирсэн. Тэгээд бид гурав цэргийн баяр болж байгаа юм байна гэж бодоод дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Ерөөл архи аваад Э хөрш айл болох Д гэдэг айлынд очиж дөрөвүүлээ архи хувааж уусан. Тэгээд Д бид хоёр юм яриад сууж байхад Эн Д хоёр хэрүүл хийх гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл Эн Дг орон дээр сууж байхад нь нэг удаа цохиод авсан чинь Д босч ирээд Эн барьцалдаж аваад дээр доороо ороод бие биенийгээ цохиод газар унахаар нь би тэр хоёрыг салгасан юм. Тэгтэл гаднаас Э эхнэр орж ирээд нөхрийгөө аваад гарах гэтэл уруул ам нь сэтэрчихсэн байна гээд байсан. Би тэгээд гараад явсан. Маргааш өглөө нь би Э гэрт нь ортол эхнэр нь өчигдөрийн зодсон залуутай уулзмаар байна гэж хэлэхээр нь би Дг олж ирж уулзъя гээд гарсан. Үдээс хойш Дтай Эд очиж эхнэртэй нь уулзаад Д, Эн хоёр учраа оллоо, эмчилгээнийх нь мөнгийг олж өгнө гэж хэлээд гарсан. Юунаас болж маргалдсаныг нь сайн хэлж мэдэхгүй, Ямар ч байсан хоёулаа нилээн согтуу байсан учраас хэн хэнийхээ үгийг сайн ойлгоогүй учраас хэрүүл маргаан үүссэн байх гэж бодож байна. Эхлээд хэрүүл маргаан хийж байгаад Дг орон дээр сууж байхад Эн босч ирээд нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Д босч ирээд Эн зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад газар дээр доороо ороод зодолдоод байхаар нь би очиж салгасан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 21-ний 268 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “Б.Э биед дээд урууланд шарх үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р хуудас/
5. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 03 сарын 17-ны орой найз Бтэй хамт Шанд багт явж байгаад гудамжинд Эн тааралдсан юм. Тэгээд бид 3 цэргийн баяр болж байгаа юм чинь дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи авч хувааж ууж байгаад 21 цагийн үед байх би Эн юм ярьж байгаад муудалцаад ноцолдсон. Тэгээд би Э өшиглөх шиг болсон яг хаана нь өшиглөснийг сайн санахгүй байна. Тухайн үед нилээн согтолттой байсан учраас Эн барьцалдаж аваад нүүрэн тус газар нь өшиглөсөн байж магадгүй юм. Дийнд Б Эн бид нараас өөр хүн байгаагүй. Д Б хоёртой Эн маргалдаж зодоон хийсэн зүйл байхгүй. Эн бид хоёр нэг нэгнийхээ ярьсан зүйлийг ойлгохгүй маргасан маргаан нь сүүлдээ зодоон болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Б.Эн нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Э мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Э.Э, Ж.Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 03 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт Б.Э зодож эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Энт учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС