Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай  

Улсын яллагч Т.Ганзориг   

Хохирогч Д.А  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Г

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 1825000000055 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч овгийн Б-ийн Г, Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Уулын цахилгаан механик мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамрагдсан,  

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 03 сарын 08-ны өдрөөс 11-ний хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж иргэн Д.Аийг залилан 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Аийн ...“2017 оны 03 сарын эхээр нөхөр Ням-Очир надад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгдөг хүн байна тэр хүнтэй уулзаад үзэх үү гэж хэлэхээр нь би судалж үзсэн нь дээр байх гэж хэлсэн. Нөхөр маань хэсэг хугацааны дараа найдвартай хүн шиг байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 сарын 18-ны өдрөөс хойш Г гэдэг хүнтэй уулзахад намайг боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг 3-9-р байрны гадаа аваад ир гэж хэлэхээр нь би нөхөр Н-ийн хамт очсон. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд 2 500 000 төгрөгөөр ордог урьдчилгаа болгоод 1 000 000 төгрөг бэлнээр өгөх хэрэгтэй, үлдэгдэл 1 500 000 төгрөгийг ажилд орсныхоо дараа өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр нөхөр бид хоёр Г гэж хүнд мөнгө өгсөн. Яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Тэрнээс хойш манай нөхөртэй Г гэж хүн холбоотой байсан. 2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна гээд 40 000 төгрөгийг нэмж авсан. 2017 оны 08 сарын 11-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн дарга Б гэдэг хүнийг хоолонд оруулах хэрэгтэй байна гээд 60 000 төгрөг бэлнээр авсан. Уг мөнгийг би аав Д ээж Б нарын хамт байхдаа Гтэй хамт уулзаад өгсөн. Гтэй хамт үйлдвэрийн хэсэг, цехийн дарга нартай уулзаж байгаагүй, нэг удаа үйлдвэрийн чанар хэлтсийн албаны дарга М-ын өрөөний гадна ирээд намайг коридорт байж байгаарай гэж хэлээд нарийн бичиг рүү яваад орсон. Хэсэг хугацааны дараа Г гарч ирээд маргааш нөгөөдөр хүрээд ир гэж байна гэж хэлдэг. Гийг яг дарга нартай уулздаг, нарийн бичгийн өрөөнд байж байгаад гарч ирдэг эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5-р хуудас/

 

2.Гэрч Б.Н-О ...“Г гэдэг хүнтэй утсаар ярихад 2 500 000 төгрөг хэрэг болох байх, урьдчилгаа 1 000 000 төгрөгийг бичиг баримтын хамт өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж байгаад Г гэдэг хүнд 1000 000 төгрөгийг 3-9 дүгээр байрны гадаа өгсөн. Намайг Гт мөнгө өгөхөөс хоёр хоногийн өмнө эхнэр маань Гтэй уулзаад бичиг баримтаа өгчихсөн байсан. Г гэдэг хүн манай эхнэрээс гадна 8 хүн ажилд оруулж өгч байсан гэж ярьж байсан. Манай эхнэрийг 9 дэх хүн нь байгаа юм гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

 

3.Гэрч Б.Гц ...“2017 оны 07 сарын 06-ны өдрөөс 10 сарын 26-ны өдөр хүртэл Ж даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дээрхи хугацаанд Ж даргын нарийн бичиг жирэмсний амралтаа авсан байсан. Намайг нарийн бичгээр ажиллаж байх хугацаанд тухайн цехэд 8 хүнийг цахилгаанчин, инженер, техник хангамжийн инженер зэрэг ажилд сонгон шалгаруулж авсан. Гэхдээ уг сонгон шалгаруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний захиргаа, хүний нөөцийн хэлтсээс зохион байгуулсан. Харин манай цех зөвхөн захиалга өгдөг юм. Би А гэж хүнийг танихгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

4.Гэрч Г.Жы ...”2017 оны 10 сарын үед шиг санаж байна. Намайг ажил дээрээ байхад гаднаас өндөр нуруутай, халзан толгойтой эрэгтэй хүн орж ирээд би тэтгэвэрт гарах гэж байгаа юм, хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн чинь хоног нь багасчихаад байна гэхээр нь манай үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарах гэж байгаа хүн юм байна гэж ойлгоод архив руу орж хандаад ажиллаж байсан хугацаагаа тодорхойлуул гэж явуулсан. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа өглөө ажил дээрээ байхад нөгөө өндөр нуруутай халзан толгойтой  эрэгтэй орж ирээд сонгон шалгаруултанд оруулж дүүгээ ажилд оруулах гэсэн юм гэхээр нь манайх бичиг баримт хүлээн авч бүртгэдэггүй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний захиргаа хүний нөөц бүртгүүлнэ гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш дахиад нэг удаа ажлын газрын шатан дээр таарахаар нь дүүгээ ажилд оруулмаар байна гэхээр нь би мэдэхгүй гээд яаж ажилд ордог талаар тайлбарлаж өгсөн. Явдаг зарчмаар нь яв гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд нэг эмэгтэй ганцаараа манай өрөөнд орж ирээд ажилд орох гээд өргөдөл таньд өгсөн юм уу? манай нэг ах халзан толгойтой өндөр нуруутай хүн таньтай уулзсан уу гэхээр нь би манай цех хүмүүсийг ажилд авдаггүй. Харин хүний нөөцийн захиргаанд захиалгаа явуулдаг юм гэж зарчмыг нь тайлбарлаж өгсөн. Сая цагдаа дээр ирээд надтай уулзаад байсан эрэгтэйг Г гэдэг нэртэй болохыг нь мэдсэн. Г гэдэг хүн надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Хүний нөөцөөс шүүвэл гарч ирэх байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

5.Гэрч Г.Б ...“Ажилд орно гэж маш их хүмүүс ирдэг. Над дээр ирсэн хүмүүсийг бичиг баримтаа бүрдүүлээд хүний нөөцийн хэлтэс дээр очоод сонгон шалгаруултанд ороход нээлттэй байдаг юм гэж хэлдэг. Гэхдээ Г гэдэг нэртэй хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

6.Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ...“Би Аээс авсан 1 000 000 төгрөгийг өөртөө зарцуулчихсан юм. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Уг нь ажилд оруулчих байх гэж бодсон боловч чадсангүй мөнгийг нь өөрөө зарцуулчихсан. Ямар ч байсан хохирлыг барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ болон ял шийтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.А мэдүүлэхдээ “Гт нийт 1 100 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Г нь худлаа ярьдаг, утасныхаа дугаарыг солиод алга болчихдог” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна. Шүүгдэгчээс 1 100 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Г санал дүгнэлтдээ “Хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Аийн мэдүүлэг, гэрч Б.Н-О, Б.Г, Г.Ж нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Г нь 2017 оны 03 сарын 08-ны өдрөөс 11-ний хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж иргэн Д.Аээс 1100000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлж байх боловч, мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх санаачлага гаргаагүй, хөрөнгө орлогын байдал тодорхойгүй,  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд энэ талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй байх тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдаж, торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Д.А нь шүүгдэгчээс нийт 1 100 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/  төгрөг гаргуулж хохирогч Д.А /Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багд оршин суух /-д олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурьдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС