| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431003290239 |
| Дугаар | 2024/ДШМ/100 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/100
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0225/Э/208/2024/0090 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Шаамар сум Дэлгэрхаан 1 дүгээр баг 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: **********)
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******ыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдпээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №34 дугаартай эсэргүүцэлдээ:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Э.******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг тогтоох” заалт нэмж өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлын талаар тусгайлсан саналгүй байна гэв.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Өмнөговьд уурхайд том тэрэг барьж ажилладаг байсан. Жолоодох эрхээ хасуулсан болохоор машин барих боломжгүй тул гэр бүлээ тэжээхийн тулд сумын төвөөс өөр газар ажиллах хэрэгтэй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 43 минутын үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 03 дугаар баг Дулаанхан тосгоны нутаг дэвсгэрт олон улсын чанартай А0402 дугаартай авто замаар Тоёота приус 30 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхжаргалын “...тээврийн хэрэгсэлийг зогсоож шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул... согтуурлыг шалгах зорилгоор “Алкотест-6820” багажаар жолооч Э.*******ыг үлээлгэн шалгахад 2.04 хувийн согтолттой гэж заасан тул тэмдэглэл үйлдсэн...” гэсэн мэдүүлэг,
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/181 дугаартай шийтгэвэр,
-гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.Прокуророос анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь шүүхээс албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тохиолдолд түүнийг хэрхэн эдлүүлэх, эрх хасах ялыг хэрхэн тооцох талаар тодорхой зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжтой байх учиртай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрх хасах ялыг эдлэх хугацааг хэрхэн тоолох талаар заасан байхад шүүхийн шийдвэртээ энэ талаар дурьдаагүй нь шүүх хуулийн зохих заалтыг хэрэглээгүй гэх үндэслэл болох тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
5.Мөн шүүгдэгчээс өөрт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх тухай давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж болохоор заасны дагуу шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба дээрхи ялын төрлөөс торгох ялыг шүүгдэгчид сонгон хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг:
“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН