| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0527/З |
| Дугаар | 128/ШШ2026/0687 |
| Огноо | 2026-07-24 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т* И Э* и*******” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс,
Маргааны төрөл: “Ти И Эс и*******” ХХК-д 2024 оны ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 90 хувийн хөнгөлөлт 43,8**,5**.92 төгрөгийг эдлэх эрхийг зөвшөөрч, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Т* И Э* и*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Т* И Э* И*******” ХХК-д 2024 оны ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 90 хувийн хөнгөлөлт /43,8**,5**,92/ төгрөгийг эдлэх эрхийн зөвшөөрч, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 25/05-0701 тоот албан бичгээр “тус хуулийн этгээд 2024 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,4**,8**,724.845 төгрөгийн татвар ногдох орлоготой тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлөлт эдлэх” тухай хүсэлтийг гаргасан байна.
3.Хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1447 тоот албан бичгээр “харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1,5 төгрөгөөс их байх тул 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
4.Нэхэмжлэгчээс дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/1850 тоот албан бичгээр “тухайн жилд “Н** т******* ю*******” ХХК-тай ажил гүйлгээ хийсэн, албан татвар ногдох нийт борлуулалтын орлогын нийлбэр 1,* тэрбум төгрөгөөс давсан тул татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
5.Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6.Нэхэмжлэгч “Т* И Э* и*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Т* И Э* и*******” ХХК нь 2024 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,401,8**,7**,845 төгрөгийн татвар ногдох орлоготой тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлт эдлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст гаргахад "Т* И Э* и*******" ХХК болон түүний харилцан хамааралтай "Н** т******* ю*******" ХХК-ийн нийт татварт ногдох дүн орлогын дүн 1,* тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй гэх шийдвэр гаргасан болно.
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 51447 шийдвэрээр манай компанийг “Н** т******* ю*******” ХХК харилцан хамааралтай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эдгээр компаниудын хөрөнгө болон удирдлага тусдаа бие даасан хуулийн этгээд, “Т* И Э* и*******” ХХК нэг хувьцаа эзэмшигчийг өөр компанид хувьцаа эзэмшдэг гэх үндэслэлээр харилцан хамаатуулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.3 дах хэсгийг анх хуулийн зорилгоор нь тайлбарлах шаардлагатай байна.
Хариуцагчаас харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийг тогтоохдоо хуулиар тусгайлан заасан нөхцөлийг анхаарч үзээгүй. Монгол улсын их хурлын чуулганаас 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90% хөнгөлөхөөр хуулийг баталсан. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийт орлого нь 1,401,8**,7**.845 /нэг тэрбум дөрвөн зуун сая нэг мянга, найман зуун гучин мянга, долоон зуун хорин дөрвөн мянга, найман зуун дөчин таван мянга төгрөг/ байна. Маргаан бүхий хуулийн этгээдүүд хоорондоо хийсэн гүйлгээ нь 315,0**,671 \гурван зуун арван таван сая гучин мянга зургаан зуун далан нэгэн төгрөг нь хуульд заасан 1,5 тэрбум босгод нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Мөн харилцан хамааралтай эсэхийг тогтоохдоо Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан удирдлага, хяналт санхүүгийн хараат байдлыг тусгайлан нотлох үүрэгтэй. Зөвхөн эцсийн өмчлөгч давхацсан гэх үндэслэл хангалтгүй ба харилцан хамааралтай гэдгийг автоматаар тооцох ёсгүй. Энэ компанийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь илт хууль бус байна. Хоёр тусдаа өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тухайлбал:
Нэгдүгээрт: “Н** т******* ю*******” ХХК нь программ хангамж, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг удирдлага, ажилчид, тооцоо тайлан мэдээ тусдаа байдаг. Харин манай байгууллага нь Машины дугуй, багаж зарах, тээврийн үйлчилгээ эрхэлдэг тусдаа бүтэц зохион байгуулалттай, чиглэл, дүрэм журам нь өөр бие даасан компаниуд, нөгөө талаар компани гэдэг хүмүүсийн нэгдэл дээр бий болдог ба ажилчдын цалин, хүний нөөцийн бодлогод үндэслэж улсдаа татвар төлж, жил болгон ажилчдын тоо нэмэх зэргээр улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг байгууллагад хуулийн үндэслэлийн зорилгыг буруугаар ашиглаж байгаа нь хууль бус болно.
Хоёрдугаарт: Хариуцагч нь нэхэмжлэгчийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзэхдээ үнэ шилжилтийн тайлангийн агуулгыг бүрэн зөв үнэлээгүй. Тодруулбал, хариуцагч нь орлогыг нийлүүлэхдээ шалгууртай байх ёстой. Нийт орлогыг механикаар нийлүүлээд 1.* тэрбумаас давлаа гэж ерөнхий байдлаар дүгнэлт хийж татварын хөнгөлөлтөөс татгалзсан ба зөвхөн харилцан хамааралтай гээд орлогыг механикаар нийлүүлж болохгүй. Хуулийн зорилго нь 1.5 тэрбум хүртэлх Жижиг дунд үйлчилгээг дэмжих" гэж заасан нь хуулийн зорилго нь харагдаж байна. Манай бүхий захиргааны акт бодит байдал нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий бус байгаа нь дээрх 1.5 тэрбум хуулийн босгод нөлөөлөхгүй тул хөнгөлөлт эдлэх ёстой гэж үзнэ.
Гуравдугаарт: Хоёр компанийн хоорондын 2024 оны гүйлгээний дүн 315,0**,671 /гурван зуун арван таван сая гучин мянга зургаан зуун далан нэгэн/ төгрөг нь 1.5 тэрбум төгрөгийн босгод нөлөөлөхгүй. Гэтэл хариуцагч нь уг ажил гүйлгээний бодит шинж чанар, зориулалт, эдийн засгийн агуулгыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр зөвхөн харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн гэх үндэслэлээр орлогыг нэгтгэн тооцсон. Мөн уг ажил гүйлгээ нь татварын хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зохиомол шинжтэй биш байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Хариуцагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, Татварын ерөнхий хуулийн 27.1 дэх заалтыг буруу тайлбарласан тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг зөвшөөрч, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй. Манай компани 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийн хөнгөлөлт эдлэх асуудлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаарх зохих маргааныг захиргааны ажиллагаа явуулж даалгаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Энэхүү маргааны гол асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг хуулийн зорилгод нийцүүлэн тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс уг хуулийн заалтыг хэрхэн хэрэглэсэн асуудлыг шүүхээр хэлэлцүүлж, хууль зүйн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Эрх зүйн үндэслэлийн хувьд хариуцагч хоёр хуулийн этгээдийн татвар ногдох орлогыг нэмж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн харилцан хамааралтай хуулийн этгээдийг тогтоохдоо холбогдох хуульд тусгайлан заасан нөхцөл, шалгууруудыг анхаарч үзээгүй гэж миний хувьд үзэж байна. Тухайн хэрэгт маргаж буй гол асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаж байгаа эсэх асуудал байгаа. Уг хуулийг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош хэмжээтэй аж ахуйн нэгжид аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх зорилгоор баталсан. Нотлох баримтын үнэлгээний хувьд бодит байдал нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийт орлого 1,3**,4**,440 төгрөг байгаа. Харин маргаан бүхий хуулийн этгээдүүдийн хооронд хийсэн гүйлгээ 3**,000,000 төгрөг байна. Энэ нь хуульд заасан 1.5 тэрбум төгрөгийн босгыг давуулахад нөлөөлөхгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүхээс хариуцагч хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж, шаардлагатай гэж үзвэл 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийн хөнгөлөлт эдлэх асуудлыг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд Нэг этгээд нөгөө этгээдийн эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ гэж заасан. Хариуцагч байгууллагын зүгээс дундаа нэг хувьцаа эзэмшигчтэй гээд нэгдсэн нэг байгууллагаар тодорхойлж байгаа нь учир дутагдалтай. Тус 2 компанийн үйл ажиллагааны чиглэл буюу борлуулж байгаа бараа, үйлчилгээ, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч, орлогын эх үүсвэр, тэдгээрийн уялдаа холбоо нь өөр өөр. Мөн байгууллагын дотоод дүрэм, бүтэц зохион байгуулалт, ажилтан, хөрөнгө зэрэг бүх зүйл тус тусдаа бөгөөд эдгээрт суурилсан өөр өөр эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч Б.Э******* эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой гэж тайлбарласан. Гэвч эдийн засагт сөргөөр нөлөөлсөн эсэхийг хэн, ямар аргачлал, ямар тооцооллоор тогтоосон нь тодорхойгүй байна. Зөвхөн харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо ажил, гүйлгээ хийсэн гэсэн ерөнхий үндэслэлээр татварын хөнгөлөлтөөс татгалзсан нь эргэлзээтэй байна. Хэрэв ийм дүгнэлт гаргасан бол ямар шалгуур, ямар аргачлал хэрэглэж, ямар нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаснаа тайлбарлах шаардлагатай. “Т* И Э* и*******” ХХК нь татвар ногдох орлогоо ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан асуудал байхгүй. Харин бүх борлуулалтаа цахим төлбөрийн баримт болох e.barimt-аар бүртгэн, ил тод тайлагнаж ирсэн. Компанийн үйл ажиллагааны хувьд бараа бүтээгдэхүүний өртгийг худалдан авалт, тээвэр, гаалийн татвар зэрэг холбогдох зардлыг тооцон тогтоож, түүн дээрээ ашгаа нэмж борлуулдаг. Харин “Н** т******* ю*******” ХХК-д хийсэн борлуулалт нь худалдан авагч, нийлүүлэгчийн хооронд зах зээлийн зарчмын дагуу хийгдсэн энгийн худалдааны ажиллагаа байсан. Борлуулалт бүрийг төлбөрийн баримтаар баталгаажуулж, холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татварыг хуульд заасны дагуу тайлагнаж төлсөн. Ийм байхад эдгээр ажил, гүйлгээ нь эдийн засгийн ямар сөрөг үр дагаварт хүргэсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Манай компани бүх үйл ажиллагаагаа ил тод, хуульд нийцүүлэн тайлагнаж ирсэн. Түүнчлэн эдгээр компани нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд юм. Энэ талаар Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хараат болон охин компани, компанийн нэгдлийн талаар зохицуулсан байдаг. Тухайлбал, компанийн гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг толгой компани дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт эзэмшиж байгаа бол тухайн компанийг хараат компани гэж үздэг. Энэ зохицуулалтыг авч үзвэл аливаа асуудалд оролцогч этгээдүүдийн эрх зүйн байдлыг ялгаж ойлгох шаардлагатай. “Т* И Э* и*******” ХХК-ийн хувьцааг “Н** т******* ю*******” ХХК эзэмшдэггүй. Иймээс тэдгээрийг охин, хараат компанийн харилцаатай гэж үзэх боломжгүй бөгөөд тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд гэж хэлж болно. Хэрэв “Н** технологи ю*******” ХХК нь “Т* И Э* и*******” ХХК-ийн хувьцааг тодорхой хэмжээгээр эзэмшдэг, саналын эрхтэй байсан бол харилцан хамааралтай гэж үзэх боломжтой байж болох юм. Гэтэл зөвхөн нэг хувь хүн эцсийн өмчлөгч байна гэсэн үндэслэлээр хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэг компанийн үйл ажиллагааг нөгөө компаниас шууд хамааралтай мэтээр тодорхойлох үндэслэлгүй. Үүнийг тоон үзүүлэлтээр авч үзвэл “Т* И Э* и*******” ХХК-ийн нийт борлуулалтын орлого 1,3**,4**,440 төгрөг байна. Үүнээс 286,3**,000 төгрөг, өөрөөр хэлбэл нийт борлуулалтын 20 орчим хувь нь “Н** технологи ю*******” ХХК-тай хийсэн борлуулалт бөгөөд үлдсэн 80 орчим хувь нь бусад харилцагчид хийсэн борлуулалт байна. Эдгээр тооцооллыг шүүхэд нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Мөн байгууллагад хийсэн борлуулалтыг авч үзэхэд, хувь хүмүүст хийсэн борлуулалтыг оруулахгүйгээр тооцоход “Т* И Э* и*******” ХХК нь нийт 47 аж ахуйн нэгжид бараа, үйлчилгээгээ борлуулсан байдаг. Манай компани татвар төлөгчийн үндсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж өгсөн, үнэн зөв тайлагнасан. Бид үүргээ биелүүлж байгаа учраас хуульд заасан эрхээ мөн адил эдлэх ёстой. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эрхийг хуульчилсан бөгөөд татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй гэж заасан. Өнөөдөр зөвхөн Б.Е*******ыг эдгээр компанийн эцсийн өмчлөгч гэсэн үндэслэлээр бүх компанийг нэгтгэн үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлдээ: “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “Т* И Э* и*******” ХХК нь 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хуулийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын буцаан олголт авахаар тайлагнасан. Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж зааснаар татвар төлөгчид сэтгэгдэл үлдээсэн. 2024 оны Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тайлагнасан. ҮШТ-01 тайлангийн Харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээлэлд иргэн Б.Е******* (ХЖ8******), М*** сан (82*****), Н******* уул (58***), С**** в**** (58***) нартай харилцан хамааралтайг тайлагнасан.
Хуулийн этгээдийн бүртгэлээр “ Н******* уул” ХХК нь “Н** т******* ю*******” ХХК-ны 100 хувь үүсгэн байгуулагч байсан.
“Т* И Э* и*******” ХХК нь “Н** т******* ю*******” ХХК-тай 2024 онд 315,0**,6**.41 (гурван зуун арван таван сая гучин мянга зургаан зуун далан нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалт, 1,6**,000.0 төгрөгийн худалдан авалт хийсэн нь Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр тогтоогдсон.
Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ", 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд 27.3-т Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж зааснаар “Т* И Э* и*******” ХХК харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5 тэрбум төгрөгөөс их байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй байсан тул татварын тайланг засварлуулж, албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс “Т* И Э* и*******” ХХК-ийн жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг буцаасан. Тайланг буцаасан үндэслэл нь харилцан хамааралтай этгээд болон үнэ шилжилтийн тайланг ирүүлээгүй байсан. Үүнтэй холбогдуулан тайлангаа нөхөн ирүүлэх шаардлага тавьсан бөгөөд компани шаардлагын дагуу холбогдох тайланг ирүүлсэн. Ирүүлсэн тайлангаас үзэхэд Б.Е******* нь “Т* И Э* и*******” ХХК, “М**** Сан” ХХК, “Н*******” Уул ХХК, “С*** С** В***” ХХК, “Н** т******* ю*******” ХХК зэрэг компаниудын 100 хувийн үүсгэн байгуулагч байсан. Тийм учраас эдгээр хуулийн этгээдүүдийг шууд харилцан хамааралтай гэж үзэж тайлант оны борлуулалтын орлогын нийлбэрээр орлогыг нь тодорхойлсон. “Т* И Э* и*******” ХХК-ийн борлуулалтын орлого 1,3**,000,000 төгрөг боловч “Н** т****** ю*******” ХХК-ийн борлуулалтын орлого 11,8**,000,000 төгрөг, “Н******* уул” ХХК-ийн борлуулалтын орлого 53,8**,000 төгрөг байсан. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу тухайн этгээдүүдийг харилцан хамааралтай гэж үзсэн. Эдгээр харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогыг нэгтгэн тооцоход нийт борлуулалтын орлого 13 тэрбум төгрөгөөс давсан байсан. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэхэд тавигдах 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогын шалгуурыг хангуулах боломжгүй гэж үзэн тайлбар хүргүүлсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 25/05-0701 тоот албан бичгээр “тус хуулийн этгээд 2024 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,401,8**,7**.845 төгрөгийн татвар ногдох орлоготой тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлөлт эдлэх” тухай хүсэлтийг гаргажээ.
2.Хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1447 тоот албан бичгээр “харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1,5 төгрөгөөс их байх тул 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/1850 тоот албан бичгээр “тухайн жилд “Н** т******* ю*******” ХХК-тай ажил гүйлгээ хийсэн, албан татвар ногдох нийт борлуулалтын орлогын нийлбэр 1,5 тэрбум төгрөгөөс давсан тул татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй” гэжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, 22.3-д “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс ““Н** т******* ю*******” ХХК-тай харилцан хамааралтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хоорондоо хийсэн 315,0**,671 төгрөг хуульд заасан босгод нөлөөлөхгүй” гэж, хариуцагчаас “Харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно, нийлбэр нь 1.5 тэрбум төгрөгөөс давсан” гэж тус тус маргажээ.
5.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Е******* нь мөн “Н** т******* ю*******” ХХК-ийн эцсийн эзэмшигч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд талууд уг үйл баримттай маргадаггүй.
Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”, 27.1.3-д “хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” гэж тус тус заажээ.
6.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр нь 1.5 тэрбум төгрөгөөс давсан гэх үндэслэлээр хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан шийдвэр хуульд нийцжээ.
7.Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, “Нью т******* ю*******” ХХК-иуд нь харилцан хамааралтай, тухайн жилд 315,0**,671 төгрөгийн борлуулалт, 1,6**,000 төгрөгийн худалдан авалт хийсэн нь татварын улсын байцаагч Б.Э*******гийн хяналтаар илэрсэн, тэдгээрийн нийлбэр нь хуульд тухайлан заасан босгыг давсан байх тул хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
8.Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос хөнгөлөлт эдлэх босгыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар, ингэхдээ харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийн татвар ногдох орлогын нийлбэрийг тухайн дүнд багтаахаар нарийвчлан зохицуулсан, нэхэмжлэгчээс ТТ-02 дугаар маягтаар 2024 оны 04 дүгээр улирлын тайлангаар 1,404,4**,3**.57 төгрөгийг тайлагнасан хэдий ч “Н** т******* ю*******” ХХК-тай хийсэн 315,0**,671 төгрөгийн борлуулалтыг тухайн дүн дээр нэмж тооцохоор байх тул хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-д заасныг тус тус баримтлан “Т* И Э* и*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох “Т* И Э* и*******” ХХК-д 2024 оны ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 90 хувийн хөнгөлөлт 43,8**,5**.92 төгрөгийг эдлэх эрхийг зөвшөөрч, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ