Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00185

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00185

 

 

Сод-Эгшиг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03665 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Баярсайханд холбогдох

 

Ус, дулаан ашигласны төлбөрт 690 778,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Азжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Нармандах

Хариуцагч: М.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Харуул-Алтай хотхоны 108 дугаар байрны 121 тоотод оршин суугч М.Баярсайхан нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэлх ус, дулаан ашигласны төлбөр 690 778,14 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг хариуццагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч М.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Харуул-Алтай хотхоныг 2012 оноос 2015 он хүртэл "Хилийн цэргийн ерөнхий газрын" захиалгаар Хилийн 0119 дүгээр анги барьж ашиглалтад оруулсан. 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Харуул-Алтай хотхоны хэрэглээний халуун, хүйтэн ус, халаалт, дулааныг дамжуулах инженерийн шугам сүлжээг улсад тусгай зөвшөөрөл нь гараагүй, мэргэжпийн байнгын инженергүй, орон тооны бус ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлсэн "Сод-Эгшиг" ХХК-д шилжүүлсэн. Сод-Эгшиг ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 11 сарын хугацаанд оршин суугчдын хэрэглээний халуун усыг байнга доголдуулж, шөнийн цагаар хааж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цэвэр усны хэрэглээнд хязгаарлалт хийх нөхцөл бүрдээгүй байхад хязгаарлалт хийсэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах..." үүргээ зөрчиж оршин суугчдын эрх, ашгийг хохироож байна. Сод-Эгшиг ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр 2016 онь 6 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа хууль зөрчиж явуулсан учир энэ хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Хэрэг авагдсан тусгай зөвшөөрөл олгосон өдөр нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байна. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаануудыг хуульчилсан байдаг ба 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт "Дулаан түгээх" гэсэн байна. Гэтэл Сод-Эгшиг ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл тусгай зөвшөөрөлгүйгээр Харуул-Алтай хотхонд дулаан түгээх үйл ажиллагаа эрхэлж хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ийнхүү тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулахаас гадна дулаанаар хангадаггүй байнга тасалдаг, үйлчилгээ чанарын шаардлага хангадаггүй тул миний бие уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч
М.Баярсайханаас 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэлх
хугацааны цэвэр усаар хангасны, бохир усыгтатан зайлуулсны, дулаанаар хангасны
төлбөрт 690
778,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК-ийн
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болго
ж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 130 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Азжаргал давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч "Харуул Алтай" хотхоны 108 дугаар байрны 121 тоотын оршин суугч М.Баярсайханаас орон сууцны ашиглалтын төлбөр болох 690 778 14 төгрөг нэхэмжилсэн болно. 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийн нэхэмжилсэн мөнгөн дүн нь нотлох баримт болох ашиглалтын төлбөрийн задаргаа, төлбөр тооцооны дэлгэрэнгүй баримтуудын мөнгөн дүн зөрүүтэй нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй байна гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хурлаар төлбөрийн нийт үлдэгдлийг 2 443 111 төгрөг гэж тооцооллыг алдаатай хийсэн, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангаас 573 443 төгрөг гэсэн дүн нь тодорхойгүй мөн манай байгууллага нь СӨХ-ний ажил үйлчилгээ болон төлбөр тооцоог авах, нэмэх зэрэг үйл ажиллагаанд оролцдоггүй тул анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчаас М.Баярсайханаас нэхэмжилсэн 690 778,14 төгрөг нь 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын орон сууцны ашиглалтын үндсэн төлбөр болох 486 857,8 төгрөгийн тухайн үеийн алданги 203 920,34 төгрөгийн дүнг оруулан нэхэмжилсэн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК нь хариуцагч М.Баярсайханд холбогдуулан ус, дулаан ашигласны төлбөрт 690 778,14 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн, оршин суугчдын хэрэглээний ус, халаалт хэвийн байгаагүй гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Зохигчдын тайлбар болон бичгийн баримтаас үзэхэд хариуцагч М.Баярсайхан нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 121 тоотод оршин суудаг, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд халаалт, цэвэр бохир ус ашиглаж байсан болох нь тогтоогдсон байна.

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Сод-Эгшиг ХХК-д олгосон нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон хариуцагч М.Баярсайхан 2016 оны 11 сараас 2017 оны 8 сар хүртэлх хугацааны ус, дулааны ашиглалтын зардалд 486 857 8 төгрөгийн төлбөр төлөх тухай тооцооны баримт тус тус хэрэгт авагджээ. /хх-ийн 4, 7-16 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагад хамрагдаж байгаа дээрх хугацаанд оршин суугчдын хэрэглээний ус, халаалт хэвийн байгаагүй гэсэн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хариуцагч М.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нэг үндэслэлээ Сод-Эгшиг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа хугацаанд нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэл нь хариуцагчийг ус, дулаан ашигласан төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд маргаанд хамааралтай зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.13-д хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Азжаргал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги нэхэмжлэхгүй гэж тайлбарлаж байх тул нээмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр буюу ус дулаан ашигласны төлбөрт хариуцагчаас 486 857,8 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баярсайханаас 486 857,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203 920,34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баярсайханаас 15 256 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Сод-Эгшиг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 130 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО