Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 000053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Ч.У

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч М.О, Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1825000000001 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.1 Б овогт М-ын О, Монгол Улсын иргэн, Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, гоо сайханч, массажист мэргэжилтэй,гоо сайханы салонд массажист ажилтай. Ам бүл 5, 3 дүү 1 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

1.2. Б овогт Э-гийн Б, Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, гоо сайханд массажист ажилтай, ам бүл 4 хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

  1. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

2.1. Яллагдагч М.О, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “S” бааранд Ч.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Угийн ...“Хэрэг болох үед Б миний цамцнаас зуураад бүх товчийг нь тасалсан ба миний зүүн хөл рүү өшиглөсөн. Мөн миний баруун хөмсөг тус газар нь нэг удаа маажсан. Тэгээд унасны дараа миний баруун шанаа руу нэг нь өшиглөсөн. Би яг хэн өшиглөснийг нь сайн хараагүй. Намайг унахад О миний дээр гараад зодож эхэлсэн. Би эхлээд шанаа руугаа өшиглүүлээд манарчихсан байсан учраас миний дээр гараад хичнээн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Нэг сэргэхэд О миний хамар руу цохиж байсан ба тэрнээс хойш 2-3 удаа 2 гараараа атгаж байгаад цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гоожоод баарны 00 өрөөнд орж цусаа угаасан чинь тогтохгүй болохоор нь гадагшаа гарч цасаар дарж цусаа угаасан. Тэгээд буцаад орж ирээд Отай юм яриад зогсож байхад хажуунаас Б 2 гараараа заамдаж татаж байгаад миний хамар руу нэг удаа мөргөхөд хамарнаас дахиад цус гарч эхэлсэн. Тухайн үед яг ямар гэмтэл учирсан талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай ...“Угийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүр баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга шуу, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.1.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / хх-ийн 19 дүгээр хуудас/

 

3.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ч.Угийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүр, баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга, баруун шуу, зүүн гуянд зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Хамар ясны хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт. /хх-ийн 70 дугаар хуудас/

 

4.Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ...“Ч.Угийн биед хамрын ясны цөмөрсөн хугарал үүссэн байна Цөмөрсөн гэдэг нь хамрын ясны хугаралын хэлбэрийг харуулж байгаа юм. Хамрын ясны хугарал нь 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүр лүү тухайлбал хамарлуу урдаас хойш чиглэсэн мөргөх хүчний үйлчлэлээр хамрын ясны хугарал үүсч болно. Ч.Угийн биед үүссэн гэмтэл нь М.О, Э.Б нарын цохих, мөргөснөөс үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

5. Гэрч Н.Э ...“У-г хүнтэй зодолдож байгаа гэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод салгахаар очсон чинь өөр нэг эмэгтэй намайг чи битгий оролц эмэгтэй хоорондоо учраа олж байна гэхээр нь салгах гэж байснаа больсон. Тэгээд манай ажлын газрын эмэгтэйчүүд очиж салгасан байх. Тухайн үед нэлээн согтуу байсан ба болсон зүйлийг сайнсанахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

 

6. Гэрч Б.Э ...“У газар уначихсан О гэх эмэгтэй дээр нь гарчихсан нүүр рүү нь цохиод байсан. Тэгтэл Б гэх эмэгтэй цаанаас ирээд шанаа руу нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед Угийн баруун талын шанаа нь хавдчихсан. Хамраас нь цус гоожоод байсан. Тэгээд цусыг нь тогтоогоод 00-с гарч ирээд У О-ыг чи надаас уучлалт гуй гэсэн чинь хажуунаас талаас Б гэх эмэгтэй нүүр рүү нь мөргөсөн. Тэгсэн дахиад хамраас нь цус гоожсон ба би У-г гадагшаа авч гараад цасаар цусыг нь угааж мөсөөр хамар дээр нь жин тавьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

7.Гэрч С.Н ...“О гэх эмэгтэй хүрч ирээд У-г үгийн зөрүүгүй нүүр рүү нь нэг удаа цохисон. Тухайн үед би Угийн ард зогсож байсан ба У цохиулаад унахад нь би цуг газар унасан. Тэгээд буцаад босоход бүжгийн талбайн голд У газар уначихсан О гэх эмэгтэй дээр нь гарчихсан нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж байсан. Тэгэхээр нь би очиж О-ыг салгасан. Угийн хувцаснууд урагдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч нараас шинэ нотлох баримт гаргаагүй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ “Гэрчүүд худал мэдүүлэг өгч өгсөн байна. Камерийн бичлэг устсан учир эдгээр хүмүүс худлаа мэдүүлэг өгсөн байх. Хохирогчийг унагаж дээр нь гарч цохьсон зүйл байхгүй. Хохирогч өөрөө хүний хөлөнд тээглэж унасан. Уучлалт гуйсан. Эмнэлэгт хэвтснийг нь мэдээгүй залгахад утсаар яриагүй. Хэрвээ ярьсан бол очих байсан байх. Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Бид зээл авах гээд хөөцөлдөж байгаа. Хохиролоо барагдуулна” гэв.

 

            Шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Бид очиж уулзахад доод тал нь 5 сая төгрөг гэж хэлсэн. Ямар азаар би та 2-т гар хүрээгүй юм бэ гэж хэлсэн. Бид 2 аргаа бараад уйлаад гуйсан боловч уйчлалт гуйгаагүй гэж хэлсэн. Байцаагч нь шалтгаангүй яагаад 5 сая төгрөг нэхдэг юм бэ гэж хэлж байсан” гэв.

 

            Хохирогч Ч.У мэдүүлэхдээ “Ш” гэдэг газрыг баар гэж мэдээгүй караоке гэж боддож байсан. Менежертэйгээ юм яриад зогсож байсан чинь араас түлхээд гараад явсан. Ингээд цагаан цамцтай охин ирээд маргалдсан. Нэг мэдсэн чинь миний үснээс татаад энэ 2 охины хөл ээлжлээд орж ирж өшиглөөд байсан. Би салах гээд дийлээгүй. Манай ажлын хүн ирээд намайг гадаа гаргаж цасаар цус тогтоолгоод буцаж орж ирсэн. Миний хамар хугарсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тооцож үзээд 5 сая төгрөг орчим болох байх гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа залгаагүй энэ 2 хохирол барагдуулах боломж байхгүй гэж хэлсэн” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь Орхон аймаг Баян-Өндөр суманд байрлах “Ш” бааранд хохирогч У зодож хөнгөн хохирол учруулсан болох нь Угийн мэдүүлэг, гэрч Н.Э, С.Н, Б.Э нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Мөн гадаа гараад зогсож байхад хамар руу нь мөргөж цус гаргасан байдаг. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 нэгжээр торгох ял шийтгэх санал гаргаж байна. Иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардлыг хасах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг санал дүгнэлтээ “Хэрэгт авагдсан мэдүүлгээрээ тухайн үед болсон зүйлийг тусгасан тодорхой байгаа. Энэ хүүхэд тэр үед шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж яваад гэртээ зодуулсан очсон. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Хохирлоо төлнө гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэзээ төлөх нь тодорхойгүй байна. Хохирлоо төлөх сэтгэл байхгүй болох нь харагддаг. Прокурорын саналд 450 000 төгрөгөөр торгоно гэж байна. Яагаад нийтэд тустай ажил хийж болохгүй гэж. Эдгээр хүмүүс яагаад миний буруугаас болоод ийм хэрэг боллоо гэж дүгнэлт хийдэггүй юм бэ? Нийтэд тустай ажил хийгээсээ гэж хүсэж байна. Хэрвээ хохирлоо төлсөн бол торгуулын ялын хүлээн зөвшөөрнө. Шүүгдэгч нар хохирлыг бүгдийг нь төлнө гэж зөвшөөрч байхад заавал өмгөөлөгчийн зардлыг хасах үндэсгүй. Энэ хүмүүс төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хохирогч “Эм Жи” гэдэг эмнэлэгт 2 удаагийн хагалгаа хийлгэнэ гэсэн” гэв.

 

            Шүүх хохирогч Ч.У-гийн мэдүүлэг, гэрч Н.Э, С.Н, Б. нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.О, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “S” бааранд Ч.У-гийн толгой, хөл хэсэгт өшиглөх, цохих зэргээр зодож тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүр, баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. Хохирогч Ч.У-д учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэргийн зааврын 2.1.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт үндэстэй байна.

 

            Шүүгдэгч М.О нь “хохирогч Ч.У-г зодоогүй, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн” гэж мэтгэлцэж байх боловч гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.О, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, тэдний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

            Хохирогч Ч.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол 1 258 700 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд ирүүлсэн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад эм тариа эмчилгээ үйлчилгээний зардалд зарцуулсан 603 700 төгрөгийн нэхэмжлэл үндэстэй байх тул шүүгдэгч нараас гаргуулж, өмгөөлөлийн үйлчилгээний хөлс 600 000 төгрөг нь гэмт хэргийн шууд хохиролд хамаарахгүй, ноосон цамцны үнэ 30000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

            Шүүхээс тогтоосон 603 700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нар тогтоосон хохирлыг сайн дураар нэн даруй төлөх үүрэгтэй.

            Сайн дураар төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн хоёр дугаар хэсэгт заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирлыг албадан төлүүлэх ажиллагааг явуулна.

            Шүүгдэгч нарын цалин орлого, хувьд оногдох эд хөрөнгө, хохирол төлөх боломжийг нотлох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд,ямар хэмжээгээр хийхийг шүүх тогтоох боломжгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн М О, Б овгийн Э Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Э.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.О, Э.Б нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас 301 850 /гурван зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Э.Бгоос 301 850 /гурван зуун нэг мянга найман зуун тавь/төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Дэнжийн А-13 тоотод оршин суух Чинбатын У /РД:МТ88013101, Утас:95797139/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС