Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/101

 

                              А.*******т холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэрийг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0221/Э/208/2024/0091 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, яс үндэс халх, ****** боловсролтой, *******мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******баг *********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:**********),

Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2027/ЗШ/395 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар сумын 6 дугаар баг хуучин тагнуулын байрны урд талын хатуу хучилттай зам дээр ******* ******* улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 1.10 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар А.*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар А.*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ....шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №33 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атал Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг тогтоох” заалт нэмж өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч А.*******ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

3.Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2027/ЗШ/395 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар сумын 6 дугаар баг хуучин тагнуулын байрны урд талын хатуу хучилттай зам дээр ******* ******* улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 1.10 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.*******ын гэрчээр өгсөн: “Би өмнө нь жолоодох эрхээ хасуулсан, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Отгонбаярын өгсөн: “....Тэгээд шууд тус айл руу очиход ******* ******* улсын дугаартай тоёота приус маркийн машиныг А.******* гэх иргэн жолоодож явсан нь тогтоогдсон. А.*******оос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир Цагдаагийн газрын байрлалд авч ирээд согтуурал шалгах багажаар шалгахад 1.10 хувийн согтолттой байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 001 дугаар тал/, 

Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 002 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 40 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэлдээ: ”...шүүхээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн нэмэгдэл ялыг тоолж эхлэх хугацааг заахгүйгээр орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж...“ гэсэн зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү.”  гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх нэмэгдэл ялыг хэзээ үеэс эхлэн тооцох талаар заахгүйгээр орхигдуулан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолын

5 дахь заалтыг:

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 02 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчлөлт оруулсугай. 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                               

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                             Б.ЭРДЭНЭХИШИГ