| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000000227 |
| Дугаар | 2024/ДШМ/102 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/102
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэрийг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ц.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0203/Э/208/2024/0083 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******баг, ********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, Ерөнхийлөгчийн нэрэмжит энхийн төлөө одон медалиар шагнагдаж байсан, (РД:*************),
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь 2,276,943 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 5,786,000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 1,487,043 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан, ...шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зааснаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх ба цахим гарын үсэг баталгаажлаа гэсэн тэмдэглэлээр шийтгэх тогтоолыг баталж тус прокурорын газарт ирүүлсэн байх ба Цахим гарын үсгийн тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл шүүхийн шийдвэрт цахим гарын үсэг хэрэглэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь цаасан хэлбэрээр хэргийн оролцогч нарт гардуулдаг ба нөгөөтэйгүүр уг баталгаажлаа гэх цахим гарын үсэг нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар “тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх” гэх шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж зааснаас үзэхэд бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт мөн бичгээр гарын үсэг зурагдаж баталгаажихаар байх ба дээрх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан шаардлагыг мөн хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ц.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 3 дугаар баг, “Гүннуур” гэх амралтын газарт иргэн Д.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн ба прокуророос анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан боловч тухайн шийтгэх тогтоолд шүүгч гарын үсэг зурахгүйгээр, шийтгэх тогтоолыг цахим гарын үсгээр баталгаажуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн тамгыг дарж баталгаажуулахгүйгээр шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоожээ.
Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.” гэж, 22.4.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж, 22.7-д “Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус хуульчилсан байхад шүүхээс гарч буй эрх зүйн актад цахим гарын үсэг зурсан нь дээрхи хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ.
4.Цахим гарын үсгийн тухай хууль нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ” гэж цахим гарын үсэг хэрэглэх талаар тодорхой заажээ.
Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэрээ Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж гаргасан шийдвэрээ биет байдлаар буюу цаасан хэлбэрээр гардуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж хуульчилсан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийтгэх тогтоолд цахим гарын үсэг хэрэглэж, шүүхийн тамга дарж баталгаажуулаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг цахим баримттай адилтган үзсэн нь шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
5.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
6.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН