Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2026/0706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. Анхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б овогт Мгийн Г*******а (РД:ХП),

            Хариуцагч:    Монгол Улсын Ерөнхий прокурор,

                                    Прокурорын ёс зүйн зөвлөл  

            нарын хоорондын төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Монгол Улсын Ерөнхий Прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Э, Б. Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. Равжаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл:

            1.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...М.Г*******а би Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар "Ажлаас халах" тушаалыг шуудангаар 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад тушаалын 1 дэх заалтыг, ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн хамт эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Прокурорын ёс зүйн зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлт гаргаж надад мэдэгдсэн ба миний бие ерөнхий прокурорт 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасанийг хүлээн авахаас татгалзаж, Б/96 дугаар тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ. Гэтэл өмнө нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0498 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрээр "...намайг согтууруулах ундаа хэрэглсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй..", "...нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэж үзсэн, тухайн зөрчил нь хэрхэн тогтоогдсон, гаргасан гэх зөрчилд авсан арга хэмжээ нь Прокурорын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамтай хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй байна..." гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Уг шийдвэрээр хариуцагч ямар нэгэн сахилгын арга хэмжээ авах эсхүл ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль бус байна гэж дүгнэн, энэ зөрчлөө арилгуулах 3 сарын хугацааг хариуцагч захиргааны байгууллагад олгосон гэж миний бие ойлгож байгаа. Улсын ерөнхий прокурорын гаргасан Б/96 дугаар ажлаас халах тушаал хууль зөрчиж гарсан, тушаалын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн болох нь тодорхой бус ойлгомжгүй байна. Маргаан бүхий тушаалаар намайг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Прокурорын тухай хуулийн 67-р зүйлийн 67.1.5-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа прокурорын ёс зүйн дүрмийн 2-р зүйлийн 2.4.18-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэн ажлаас халах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлаас халах, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл өөр өөр байдаг ба эрх зүйн тусдаа үр дагавар үүсгэдэг онцлогтой. Прокурорын тухай хуулийн 68-р дугаар зүйлд прокурорыг албан тушаалаас чөлөөлөх, халах үндэслэлийг нарийвчлан заасан ба хуулийн 68.1-т чөлөөлөх үндэслэлийг, 68.2-т төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь халахаар хуульчилжээ. Төрийн албаны тухай хуулийн 48-р дугаар зүйлийн 48.1-д "...хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна..." гэж заасан ба миний бие төрийн албаны тухай хууль, прокурорын тухай хууль, прокурорын ёс зүйн дүрэмд заасан аливаа нэгэн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа бөгөөд төрийн албанаас халагдах сахилгын шийтгэл хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 49-р дүгээр зүйлийн 49.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан ба Улсын ерөнхий прокурор намайг ажлаас халах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад зориуд, илтэд үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргаж миний хөдөлмөрлөх эрхэнд шууд халдлаа. Миний бие прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №07 дугаар "Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гардан авч танилцсан. Улмаар 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13/454 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж, уг өдрөөр огноолсон ажлаас халах Б/96 дугаар тушаал гаргаж надад шуудангаар мэдэгдсэнээр мэдсэн болно. М.Г*******а би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн прокурорын ажил, албан тушаалыг хашилгүй 5 жил гаруй хугацаа өнгөрч байна. Намайг гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх өдрөөс хойш 4 сарын дараа миний прокурорын ажлыг хүлээн авсан. Гэвч 2026 оны 01 дүгээр сард 6 жилийн өмнө шалгаж шийдвэрлэсэн асуудлаар дахин шалгах болсон талаар надад мэдэгдэж ирж тайлбар өг гэж прокурор биш намайг дуудсан нь Монгол Үндсэн хуулийн Улсын 14-р зүйлийн 1, 2 дах заалт, 16-р зүйлийн 4, 16-р зүйлийн 12, 19-р зүйлийн 1-т заасныг, Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 48 дугаар зүйл, 62-р зүйлийн 62.1.1-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэн цагаатган эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн цагаатгах тогтоолоор намайг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохыг тогтоосон болно. Ингэснээр энэ хэргийн талаар болон тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн баримт сэлтэнд үндэслэж намайг буруутгах хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр цагаатгах тогтоол шүүх гаргахдаа тухайн үед хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэж байгаа гэдэг нь хэнд ч илэрхий үйл баримт юм. Прокурорын сахилгын дүрмийн 6-р зүйлийн 6.1-т "...сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргасанаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.5-д "...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй..." гэж, Прокурорын сахилгын дүрмийн 5-р зүйлийн 5.1, 6-р зүйлийн 6.1-д энэ талаар нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэв намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл 6 жилийн өмнө ёс зүйн зөрчлийг шалгаж, уг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан мөртлөө дахин уг зөрчлийг шалгаж, шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг мэдсээ атлаа дахин шалгаж дүгнэлт гарган, уг дүгнэлтийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан прокурорын ёс зүйн дүрэм, сахилгын дүрэм, тэдгээрийн ажиллах журмын заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа боллоо гэж үзэж болохоор байна. Прокурорын тухай хуулийн 67-р зүйлийн 67.4-т зааснаар прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргана гэж зааснаар миний бие шүүхэд хандаж байна. Маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосоноор миний хөдөлмөрлөх, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, түүнд тохирсон цалин хөлс авах эрх сэргэнэ. Учир нь, Улсын ерөнхий прокурорын намайг ажлаас халсан тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсан, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан сөрөг үйлчлэл бүхий захирагааны акт гэж үзэж байна. Хариуцагч ажлаас халсан тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6 болон 24, 25, 26, 27 дугаар заалтуудыг захиргааны үйл ажиллагааны хүрээнд шийдвэр гаргахдаа хэрэгжүүлээгүй учраас намайг ажлаас халсан тушаалын 1 дэх заалт хууль бус юм. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар "Ажлаас халах" тухай тушаалын 1 дэх заалтыг болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1, 48-р зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, миний зөрчигдсэн эрхийг сэргээж өгнө үү…” гэжээ.

            1.2 Нэхэмжэгч М.Г*******а шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: “...Гурван шатны шүүхээр эрүүгийн хэрэг маань цагаатгагдсаны дараа Улсын ерөнхий прокурорын газраас над руу холбогдож, ажилдаа эргэн орохыг санал болгосон. Тухайн үеийн хэрэг эрхлэлтийн дарга над руу ярьж, Улсын ерөнхий прокурор надтай холбогдохыг хүсэж, ажилдаа эргэн орохыг санал болгож байгааг мэдэгдсэн тул би холбогдох хүсэлтээ бичиж өгсөн. Хүсэлтэд хариу өгөхдөө Улсын прокурорын хяналтын прокуророор ажиллах боломжтой гэсэн хариу өгсөн боловч холбогдох шийдвэр гараагүй байсан тул би дахин, дахин хүсэлт гаргасан. Эцэст нь Б дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын ахлах прокуророор ажиллуулах, долоо хоногийн дараа Улсын ерөнхий прокурорын газарт сургалтын прокуророор томилно гэсэн хариу өгсөн. Энэ үед тухайн үеийн хэрэг эрхлэлтийн дарга, *******хүүгийн албаны даргатай уулзаж, ажилгүй байсан хугацааны цалингаа авах, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх нь миний хувьд онц ач холбогдолтой. Учир нь би Улсын ерөнхий прокурорын газрын нэрийн өмнөөс гадаадад суралцах зорилгоор Боловсролын төрийн сангаас 32,000 америк долларын зээл авч, өөрийн орон сууцыг барьцаанд тавьж байсан. Тухайн зээлийг таван жил тасралтгүй ажилласан тохиолдолд хүчингүй болгодог журамтай бөгөөд миний хувьд дөрвөн жил таван сар ажилласан байхад ажил тасалдсанаас шалтгаалж, зээл хүчингүй болох боломжгүй болж, одоо 32,000 америк доллар нэхэмжлэгдэж, орон сууц минь барьцаанд байсаар байна. Зээлээ төлөхгүй тохиолдолд орон сууцаа алдах эрсдэлд орсон нь миний нийгмийн даатгал тасарсантай холбоотой. *******хүүгийн албаны дарга надад тайлбарлахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газартай уулзсан бөгөөд гурван шатны эрүүгийн хэргийн цагаатгах шийдвэрээр нийгмийн даатгалыг нөхөн төлж өгөхгүй, харин Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байх ёстой гэсэн хариу авсан гэдгийг мэдэгдсэн. Тухайн үеийн хэрэг эрхлэлтийн дарга надтай уулзаж, маргааш миний тушаалыг гаргана гэж хэлсэн боловч би энэ тухай мэдээд Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдэж, ажил, албан тушаал, нийгмийн даатгал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэгэн зэрэг шийдвэрлүүлэх зорилгоор шүүхэд хандсан. Нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Урьд нь ажилдаа эргэн орохыг санал болгож байсан хариуцагч тал нэхэмжлэл гаргасны дараагаас шүүхэд өгөх хариу тайлбартаа намайг сөрөг байдлаар тодорхойлж, эрүүгийн хэрэгтэй холбоотой бүх материалыг хувилан Захиргааны хэргийн шүүхэд ирүүлж, тухайн эрүүгийн хэрэгт үзлэг хийхийг хүртэл хүссэн хүсэлт гаргаж байв. ...Эцэст нь тайлбарлахад, надад холбогдох асуудал бүхэлдээ миний хүсэлтээр биш, зохион байгуулалттайгаар үүссэн эрүүгийн хэрэгтэй холбоотой юм. Тухайн үеийн хяналт тавьж байсан прокурор, Улсын ерөнхий прокурор, орлогч, хэлтсийн прокурор нар бүгд энэ талаар мэдэж байсан. Улсын ерөнхий прокурор надад цаг хугацаа заасан асуудалтай холбоотойгоор дарамт учирч байгааг мэдэгдэж, тухайн асуудал шийдэгдмэгц ажлаа эргүүлж авах болно гэдгийг хэлж байсан. Дүгнэж хэлэхэд, Улсын ерөнхий прокурор Б/292 дугаартай тушаалаа хүчингүй болгож, намайг дахин ажлаас халсан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаал гартал ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, цалин хөлсийг гаргуулж өгөхийг Улсын ерөнхий прокурор өөрөө хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Учир нь өмнөх тушаал хууль бус, үндэслэлгүй болохыг тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж харж байгаа бөгөөд үүнээс хойших, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр шинээр хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргаж, миний эрхийг дахин зөрчсөн гэж үзэж байгаа тул уг хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулахыг хүсэж байна. Прокурорын тухай хуульд зааснаар прокурорын бүрэлдэхүүнд шүүх, прокурор, түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын болон туслах алба хаагч хамаардаг тул миний урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц бол аль ч нэгжийн ахлах прокурорын албан тушаалд томилогдох боломжтой гэж үзэж байна. Тухайн сургалтын байгууллагад миний өмнө эрхэлж байсан ахлах прокурорын албан тушаалд одоо өөр хүн ажиллаж байгаа бөгөөд урьд эрхэлж байсан хүн дэвшин ажилласан байна. Тиймээс би тухайн тодорхой нэгжид заавал томилогдохыг шаардахгүй, харин Улсын ерөнхий прокурорын газрын аль ч нэгжийн ахлах прокурорын албан тушаалд, албан тушаалын ангилал, зэрэглэлээрээ дүйцэхүйц байдлаар томилогдохыг хүсэж байна. Иймд эцэст нь Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаалын нэг дэх заалтыг хүчингүй болгож, хоёр дахь заалтыг хэвээр үлдээн, ажилгүй байсан хугацааны цалин орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн шилжүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалд хуульд нийцүүлэн томилж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү...” гэв.

            1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дотоод хяналт, шалгалтын газраас нэхэмжлэгчийн прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар шалгалт хийж, Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд танилцуулсны үндсэн дээр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд энэ дүгнэлтээр нэхэмжлэгч Прокурорын сахилгын дүрмийн 2.4.1.18-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, нэгдүгээрт тэрээр 2020 оны 10 дугаар сараас хойш прокурорын ажлыг огт хийгээгүй бөгөөд тодорхой хорооны иргэн статустай байна. Хоёрдугаарт, 2020 оны 09 дүгээр сард түүнийг эрүүгийн хэрэгт холбогдох үед энэ асуудлыг Улсын ерөнхий прокурор мэдэж байсан атал зургаан жилийн дараа, тухайн үед прокурор биш, иргэн байсан хугацаанд гэсэн үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн уг дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэн, шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах бус, зөвхөн уг тушаалын нэг дэх заалт буюу ажлаас халах тухай хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа болохыг тодорхойлж байна. Тушаалын 292 дугаартай тушаалтай холбоотой, ажлаас чөлөөлсөн хэсэгт маргаан үүсгэхгүй бөгөөд зөвхөн ажлаас халах тухай заалтыг эс зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлье. Уг халах тушаалын үндэслэл болсон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасан. Төрийн албан хаагч, тэр тусмаа төрийн тусгай албан хаагчийн хувьд ажлаас халах, чөлөөлөх, түр чөлөөлөх гэсэн ойлголтууд эрх зүйн хувьд өөр өөр үр дагавар үүсгэдэг. Өмнөх Б/292 дугаартай тушаал нь чөлөөлөх шинжтэй байсан бөгөөд шүүх уг тушаалын үндэслэл тодорхойгүй байна гэж дүгнэсэн байхад, харин ажлаас халах тушаал нь төрийн албанд эргэн орох боломжгүйгээр халдаг бөгөөд ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг. Иймд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн дүгнэлтийг үндэслэн төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Түүнчлэн Прокурорын тухай хууль болон Прокурорын сахилгын дүрэмд зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчид холбогдох асуудлыг Улсын ерөнхий прокурор 2020 оны 09 дүгээр сард мэдэж байсан атал зургаан жилийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль, түүнчлэн Прокурорын сахилгын дүрэмд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч, дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн бас нэг үндэслэл нь дараах явдалтай холбоотой. Хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт ирүүлсэн баримтууд нь эрүүгийн хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудаас бүрдсэн байна. Тухайн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавигдсан мэдээллийг хариуцагч мэдэж байсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүсэж тавиулаагүй. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргах ажиллагаа, хурлын тэмдэглэлтэй танилцахад, нэхэмжлэгч прокурорын дүрэмт хувцастай байхдаа сошиал орчинд зураг тавьсан, тэгснээр хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн санаачилгаар мэдээлэл авч тарааж, прокурорын байгууллагын нэр хүндэд халдсан гэсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг дүгнэхдээ тухайн прокурор ямар үйлдлээр, санаатай эсхүл болгоомжгүй байдлаар зөрчил гаргасан болохыг үндэслэлтэй тогтоох ёстой. Мөн эрүүгийн хэргийн хувьд эцэслэн шийдвэрлэгдэж, гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосны дараа тухайн этгээдийн зөрчигдсөн эрх сэргэх ёстой бөгөөд прокурорын байгууллага энэ нөхцөлд эрхийг сэргээх арга хэмжээ авах учиртай. Дээрх агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.4, 16.12 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 48 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1-д тус тус зааснаар Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаал нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэн, түүнийг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ...Уг тушаалын нэг дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ахлах прокурорын албан тушаалд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардаж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын цалинг үндэслэн, 2020 оны 07, 08, 09 дүгээр саруудад нийт 9,689,427 төгрөгийн цалин хөлс авсан байдгаас сарын дундаж цалинг 3,229,809 төгрөг гэж тодорхойлж, сарын ажлын дундаж 22 өдрөөр тооцвол өдрийн дундаж цалин хөлс 146,809 төгрөг болж байна. Энэ дүнг үндэслэн 2020 оны 10 дугаар сараас 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Хоёр. Хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурорын хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            2.1 Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус шүүхээс ирүүлсэн нэхэмжлэгч М.Г*******ын Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай "Ажлаас халах" тушаалын 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад, хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй тухайд, 1.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0498 дугаартай шийдвэрээр ("Шийдвэр") Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/292 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/MA2025/0655 дугаар магадлалаар ("Магадлал") анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. 1.2. Анхан шатны шүүхээс "...прокурорын ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна" гэж, мөн "...нэхэмжлэгч М.Г*******ын гаргасан "... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан мөн үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан" гэх асуудал нь зөрчил мөн эсэх, зөрчил мөн бол тухайн зөрчлийн шинж байдалд нь тохирсон ямар сахилгын шийтгэл оногдуулах эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байна..." гэж тус тус дүгнэсэн. 1.3. Харин давж заалдах шатны шүүхээс "...нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхдээ түүний гаргасан яг ямар зөрчлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн болох, тухайн зөрчлийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул уг зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу явуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн. 1.4. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхээс нэхэмжлэгч М.Г*******ын гаргасан ёс зүйн зөрчлийг шалган тогтоосны дараа тухайн зөрчлийн шинж байдалд нь тохирсон арга хэмжээ авч, 3 сарын дотор дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. 1.5. Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна" гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт "Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. 1.6. Үүний дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албанаас нэхэмжлэгч М.Г*******ын гаргасан үйлдэл буюу түүний Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "*******” зочид буудлын ******* тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зочид буудлын ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан гэх үйлдлийг зохих журмын дагуу шалгаж, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр түүнийг олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулах сөрөг үр дагавартай үйлдлийг гаргаж, прокурорын байгууллагын нэр хүндийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй буюу Прокурорын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн 2.4.18 дахь заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан. 1.7. Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, прокурор, прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталж ажиллах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт "төрийн албан хаагч нь ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй" гэж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигаар баталсан Прокурорын сахилгын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "Прокурор хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ... прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй" гэж тус тус заасан. Тиймээс нэхэмжлэгч М.Г*******ын прокурорт итгэх олон нийтийн итгэлийг бууруулсан, прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдоно. 1.8. Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт "Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөн бол дараах сахилгын шийтгэл оногдуулна", 67.1.5 дахь хэсэгт “Ажлаас халах” гэж, Прокурорын сахилгын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3.2 дахь хэсэгт "Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн" бол сахилгын шийтгэл оногдуулна, 4.7 дахь хэсэгт "Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан, нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдал зэргийг харгалзана", 4.8 дахь хэсэгт "Прокурорт сахилгын шийтгэлийг Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар оногдуулна" гэж тус тус заасныг баримтлан, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 07 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч М.Г*******ад ажлаас халах сахилгын шийтгэлийг тушаалаар оногдуулсан. 1.9. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар "Ажлаас халах тухай" тушаал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ёс зүйн зөрчил шалгах ажиллагааг явуулсны үндсэн дээр шүүхээс тогтоосон хугацаанд хуульд нийцүүлэн гаргасан үндэслэл бүхий шийдвэр юм. 2. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тухайд, 2.1. Нэхэмжлэгч М.Г*******а нь нэхэмжлэлдээ "... Улсын ерөнхий прокурорын гаргасан Б/96 дугаар ажлаас халах тушаал хууль зөрчиж гарсан, тушаалын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн болох нь тодорхой бус ойлгомжгүй байна…" гэв. 2.2. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигаар батлагдсан "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын 6.13 дахь хэсэгт Улсын Ерөнхий прокурор нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана гэж заасан. 2.3. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурор нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд М.Г*******ад сахилгын шийтгэл оногдуулсан тул хууль зөрчиж шийдвэр гаргасан гэх үндэслэлгүй. 2.4. Түүнчлэн Прокурорын сахилгын дүрмийн 4.10 дахь хэсэгт "Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тушаалд Прокурорын тухай хууль, Прокурорын сахилгын дүрмийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгоно" гэж заасны дагуу маргаан бүхий Б/96 дугаар тушаал нь хуулиар тогтоосон холбогдох зүйл заалтыг үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэл ойлгомжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 2.5. Мөн нэхэмжлэгч нь 6 жилийн өмнөх ёс зүйн зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад дахин шалгаж дүгнэлт гарган, уг дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан гэж маргажээ. 2.6. Гэвч нэхэмжлэгч М.Г*******ын 2020 оны 09 сард гаргасан үйлдэлд Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/292 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, улмаар шүүхээс тус актыг түдгэлзүүлж дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсний дагуу Улсын ерөнхий прокуророос Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/96 дугаар тушаалыг гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт засан "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэсэн зохицуулалтын хүрээнд явуулсан үйл ажиллагаа юм.

Иймд, дээрх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

            2.2 Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг танилцуулж байгаа боловч Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлд прокурор ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд энэ нь сахилгын шийтгэл, түүний дотор ажлаас халах шийтгэл ногдуулах үндэслэл болохыг тодорхой хуульчилсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг дүгнэлтийг үндэслэн ажлаас халах шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа боловч уг хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халах шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан бөгөөд Прокурорын тухай хууль, Прокурорын сахилгын дүрэм, Прокурорын ёс зүйн дүрэмд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд прокурорт ажлаас халах шийтгэл ногдуулж болохоор тусгайлан зохицуулсан байна. Иймд нэхэмжлэгчид Ёс зүйн зөвлөлийн дүгнэт болон бусад хууль тогтоомжийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулий 49 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэлтэй шийдвэр болсон гэж дүгнэж байна…” гэв.

Гурав. Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            3.1 Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч М.Г*******аас тус шүүхэд хандан гаргасан “Прокурорын ёс зүйн зөвлөл"-ийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах" гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад, хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. "Прокурорын ёс зүйн зөвлөл"-ийн ажлын алба шалгалтын ажиллагаа явуулсан тухайд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0498 дугаартай шийдвэрээр "...прокурорын ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна" гэж дүгнээд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/292 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0655 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхээс нэхэмжлэгч М.Г*******ын гаргасан ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, "Прокурорын ёс зүйн зөвлөл”-өөр хэлэлцүүлэн, дүгнэлтийг үндэслэн, 3 сарын дотор дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад зааснаар М.Г*******ын гаргасан зөрчлийг шалгах, нотлох шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт шалгалтын материал танилцах, баримт гаргаж өгөх, хариу тайлбар өгөх боломжоор хангасан. Тодруулбал, шалгалтын явцад, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г*******ын бичгээр гаргасан тайлбар, хэрэг бүртгэлтийн 200200492 дугаартай хэргээс хуулбарласан нотлох баримт, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/692 дугаар магадлал, Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолд дурдсан гэрч Б.Б*******, С.У*******, Н.М*******, Ж.О******* нарын мэдүүлгүүд, цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн талаарх баримтууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримтууд цугларсан. Шалгалт хийж буй прокурор 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр М.Г*******ын 88******* дугаарын утсаар холбогдож, шалгалтын ажиллагааны талаар танилцуулж, тайлбар гаргах эсэх, материалтай танилцах эсэх талаар тодруулан тэмдэглэл үйлдсэн байна. "Прокурорын ёс зүйн зөвлөл"-ийн ажиллах журмын 5 дахь хэсгийн 5.6 дахь заалтад "Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулж ....шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна." гэсэн зохицуулалтын хүрээнд, ажлын албанаас цугларсан нотлох баримтад үндэслэн, М.Г*******ыг Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан, олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний холбогдсон хэргийн талаар мэдээллүүд нийтлэгдсэн, уг нийтлэлүүдэд иргэд, олон нийтийн зүгээс прокурорын байгууллага, прокурорт үл итгэсэн, ажил хэргийн нэр хүндэд халдсан сэтгэгдэл бичиж илэрхийлсэн нь прокурорын байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг бууруулах, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд М.Г*******ыг прокуророор ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.18 дахь хэсэгт заасан "Прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна" гэсэн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнүүлэх саналыг гаргаж, танилцуулга бичсэн болно. 2. "Прокурорын ёс зүйн зөвлөл"-ийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийн тухайд: 2.1 Прокурорын ёс зүйн зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлын албанаас ирүүлсэн танилцуулга, М.Г*******ад холбогдох материалыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. 2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.1-д "Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ", 2.3. мөн дүрмийн 2.4 дэх хэсэгт прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална, 2.4.18 дахь заалтад прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна гэж заасан. Тодруулбал, прокурор хяналтын ажлаас гадуур өөрийн бүхий л үйл ажиллагаандаа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байхаар прокурор ёс зүйн зөрчил гаргах үр дагавар, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж, хориглон журамласан. 2.4. Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар шалгалтын материалд авагдсан, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г*******ын бичгээр гаргасан тайлбар, хэрэг бүртгэлтийн 200200492 дугаартай хэргээс хуулбарласан нотлох баримт, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/692 дугаар магадлал, Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолд дурдсан гэрч Б.Б*******, С.У*******, Н. М*******, Ж.О******* нарын мэдүүлгүүд, цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн талаарх баримтууд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудыг хэлэлцсэн байна. 2.5. Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г*******а 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "*******" зочид буудлын ******* тоот өрөөнд Ц.У*******тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ц.У******* нь цонхоор биеэ унжуулчихсан "амь авраарай" хэмээн орилж, нийтийн болон "*******" зочид буудлын ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг үгүйсгэсэн баримт авагдаагүй байна. 2.6. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-т "прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна" гэж тодорхойлсон бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г*******а нь прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах гэсэн прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөл нь тус асуудлыг Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж, хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

            3.2 Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шалгалт хийж буй прокурор 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид холбогдох утасны дугаараар холбогдож, шалгалтын ажиллагааны талаар танилцуулан тайлбар гаргах эсэх, материалтай танилцах эсэх талаар тодруулж, холбогдох материалыг хавсаргасан байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалгаж тогтоож, баримтжуулж, шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаарх танилцуулгыг зөвлөлийн даргад танилцуулна гэж заасан байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд ажлын албанаас цугларсан нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний холбогдсон хэргийн талаарх мэдээлэл нийтлэгдэж, уг нийтлэлүүдэд иргэд, олон нийтийн зүгээс прокурорын байгууллага, прокурорт үл итгэх, ажил хэргийн нэр хүндэд халдсан сэтгэгдэл илэрхийлэгдсэн болохыг тогтоожээ. Энэ нь прокурорын байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг бууруулж, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үр дагавар үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгч прокуророор ажиллаж байхдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар сарын зарлигаар баталсан хоёр дугаар хавсралт болох Прокурорын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-д заасан, прокурор нь өөрийн бүх үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байх ёстой гэсэн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулахаар танилцуулгыг бичиж хүргүүлсэн болно...” гэв.  

            3.3 Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Юуны өмнө прокурор биш хүнийг яагаад Прокурорын ёс зүйн зөвлөл хэлэлцсэн бэ гэдэг асуудал дээр тайлбар өгье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны зарлигаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрэмд зааснаар, прокурорын ёс зүйн зөрчил үйлдэл, эс үйлдэхүйгээр гарах нь иргэд, олон нийтийн зүгээс тухайн прокурорын байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах, нэр хүндийг бууруулах нөхцөл байдлыг үүсгэдэг тул уг дүрмээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл прокурор хүн хяналтын ажлаа хэрэгжүүлэх явцдаа, түүнчлэн гэр бүлийн болон бусад нийгмийн харилцаанд оролцохдоо Прокурорын ёс зүйн дүрмийг чанд сахиж мөрдөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг зөрчсөн, дүрмээр тодорхойлогдсон хэм хэмжээг зөрчсөн нь прокурорын ёс зүйн зөрчилд тооцогдоно гэж уг дүрмээр зохицуулсан байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд, 2020 оны 09 дүгээр сард прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгчийн асуудлыг Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх зүйтэй гэж Ёс зүйн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд тодорхой дурдсан байгаа. Тухайлбал, гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэдэг агуулга бол үнэн боловч, нөгөө талаас прокурорын гаргасан ёс зүйн зөрчлийг өөрөө шалгаж шийдвэрлээгүй байгаа тул энэ асуудал дээр хууль зүйн дүгнэлтийг захиргааны байгууллага өөрөө өгөх ёстой гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гаргасан зөрчилтэй холбоотой шалгалтын ажиллагааг явуулсны эцэст захиргааны актаа дахин шинээр гаргахыг үүрэг болгож шүүх шийдвэрлэсэн байна. ...Дээрх нөхцөл байдлын улмаас Ёс зүйн зөвлөл нэхэмжлэгчид холбогдох асуудлыг хэлэлцэх нь зүй ёсны бөгөөд хуульд нийцнэ гэж үзсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой зарчмын дагуу энэ шаардлага үүссэн гэдгийг гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. Ёс зүйн зөвлөл ажлын албанаас шалгаж ирүүлсэн нотлох баримт, бусад асуудлыг тал бүрээс нь дүгнэсэн бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд зааснаар Ёс зүйн зөвлөл асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, гүйцэт үнэлэх зохицуулалтын хүрээнд дүгнэсэн болно. Захиргааны хэргийн хавтаст хэрэгт байгаа эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн дурдсан бөгөөд бид ч мөн адил эдгээр нотлох баримтаас эш татах эрхтэй болно. 2020 оны 09 дүгээр сард ямар үйл баримт тогтоогдсон бэ гэдэг талаар дүгнэлтээ хэлье. Нэн түрүүнд тодруулбал, хавтаст хэрэг дотор нэхэмжлэгчийн эсрэг ямар нэгэн зохион байгуулалттай гүйцэтгэх ажил, тусгайлан төлөвлөсөн арга хэмжээ явагдсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. ...Гурван шатны эрүүгийн хэргийн шүүх уг үйл баримтыг үгүйсгээгүй, зөвхөн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн бөгөөд уг үйл баримт болон нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт захиргааны хэргийн хавтаст хэрэгт авагдаагүй байна. ...Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Уг дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, дэг дараалал зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын сахилгын дүрэм, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн 37 дугаар зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээ шалгаж шийдвэрлэхтэй холбоотой процессын хууль, дүрмийг зөрчсөн эсэх талаар өмнөх тайлбарт дурдсанчлан, хоёр шатны шүүх уг үйл баримтын асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгасан бөгөөд ёс зүйн зөрчлийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа тул Прокурорын ёс зүйн зөвлөл хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна…” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нарын хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/292 дугаар тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокурор М.Г*******ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.
    2. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0498 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.5, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 48.1.13-т заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/292 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0655 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 525 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

    1. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд “Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор ажиллаж байсан М.Г*******а нь ... Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дахь хэсгийн 2.4.18-д заасан хэм хэмжээг зөрчсөн байна” гэсэн 07 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
    2. Монгол Улсын ерөнхий прокурор 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар “Ажлаас халах” тушаалаараа дээрх дүгнэлт болон Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын сахилгын дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийн 1.3.2 дахь заалт, 2018 оны 08 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам"-ын 2.11 дүгээр зүйлийг үндэслэн

1 дэх заалтаар М.Г*******ыг “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулж,

2 дахь заалтад “Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

            Уг шийдвэрийг эс зөвшөөрч М.Г*******аас Монгол Улсын ерөнхий прокурор болон Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан

2.1 “Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар “Ажлаас халах” тушаалын 1 дэх заалтыг болон

2.2 Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулж,

2.3 Урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Шүүх хуралдаанд “урьд эрхэлж байсан ажил гэдэгт Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын албан тушаал, ажилгүй байсан хугацааг 2020 оны 10 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл” гэж тодруулсан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

            3.1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаар тогтоолоор М.Г*******ад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/692 дугаар магадлалаар М.Г*******ын үйлдлийн тухайд бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж  шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийтгэх тогтоолын нэхэмжлэгч М.Г*******ад холбогдох хэсэг хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.2 Эрүүгийн хэргийн шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосны дараа нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргаан үүссэн байна.

3.3 Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна” гэснийг зөрчсөн” гэж,

Монгол Улсын ерөнхий прокурор 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар тушаалын үндэслэлээ “М.Г*******ыг Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор  ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “*******” зочид буудлын ******* тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зочид буудлын ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан нь олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулах сөрөг үр дагавартай үйлдлийг гаргаж, прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй” гэжээ.

3.4 Нэхэмжлэгчээс “хүчин төгөлдөр цагаатгах тогтоолоор гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохыг тогтоосон тул зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус” гэж маргажээ.

3.5 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тусдаа харилцаа бөгөөд аль нэг хариуцлагаас чөлөөлөгдсөн нь нөгөө шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

3.6 Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4-т “Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална: 2.4.18. прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна”, Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: 67.1.5.ажлаас халах”, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь хална” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн тухайд,

3.7 М.Г*******а 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “*******” буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.У*******тэй маргаан үүсгэж, улмаар орчин буудлын ажилчид болон бусад иргэд ирснээр маргааныг зогсоосон болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолд авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3.8 Прокурорын ёс зүйн дүрмийн 1.2-т “Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; прокурорын ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; прокурорын хараат бус байдлыг хамгаалахад оршино”, 2.2.6-д “прокурор, прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах”, 2.4.18-д “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна” гэж зааснаас үзэхэд прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, тодруулбал, албаны үйл ажиллагаа төдийгүй хувийн амьдралдаа ч биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, аливаа ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байна.

3.9 Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд дээр дурдсанчлан, прокурор нь ёс зүйн зөрчил гаргах, ийм нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул зөрчил гаргасан гэж үзнэ.

3.10 Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ахлах прокурор, ахлах албан тушаалтны хувьд гадуур нийгмийн бусад үйл ажиллагаандаа прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

3.11 Харин “нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлтэй холбоотой мэдээлэл цацагдсанаас прокурорын байгууллагын нэр хүнд унасан нь прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг зөрчсөн” гэж үзсэн нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзлээ.

Учир нь, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.3. “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш сурталчилгаа хийхийг хориглоно.”
2.4.12. “прокурор олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа прокурорын нэр хүндэд харшилсан, эсхүл прокурорын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулах, уг төрлийн мэдээллийг дэмжсэн хандлага илэрхийлэхийг хориглоно.” гэж цахим сүлжээ, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой хэсгүүдийг зохицуулжээ.

3.12 Хэрэгт прокурор хүчирхийлэл үйлдсэн тухай агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон нэр бүхий цахим хуудсуудад нийтлэгдсэн, тэдгээрт олон нийтээс үлдээсэн сэтгэгдлүүдийг баримтжуулан авчээ.

3.13 Эдгээр мэдээлэл болон үлдээсэн сэтгэгдлүүдэд прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан, үүссэн нөхцөлд хамааруулан доромжилсон агуулга ихээр байгаа боловч түүнд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй. Тодруулбал, дурдсан мэдээлэл, сэтгэгдлүүдийг нэхэмжлэгч нийтлээгүй, зураг, дуу, дүрсний бичлэг мэдээллийг байршуулаагүй бөгөөд түүний оролцоогүй байхад бусдын гаргасан мэдээлэл, сэтгэгдэлд нэхэмжлэгчийг хамааруулан шууд буруутгах үндэслэлгүй тул дээр дурдсан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх боломжгүй.

3.14 Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан.

3.15 Дээрхээс дүгнэхэд, маргаан бүхий захиргааны актуудад заасан ёс зүйн зөрчлүүдээс тогтоогдсон зөрчил нэг ба нөгөө зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байх тул мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчилд хүндэдсэн, шинж байдалд тохироогүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна.

3.16 Энэ тохиолдолд шүүхээс өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй тул захиргааны байгууллагад бүрэн эрхийнхээ хүрээнд дахин шийдвэр гаргах боломжийг олгох үүднээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэнэ.[1]

3.17 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрх тул шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар “Ажлаас халах” тушаалын 1 дэх заалтыг болон  Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сар хүртэл хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.18 Эдгээрээс гадна, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0498 дугаар шийдвэрийг гүйцэтгэж, хариуцагч нараас нэмж гүйцэтгэх  ажиллагааг явуулж, улмаар шинэ захиргааны актуудыг гаргасан болох нь хэрэгт авагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн шийдвэр гаргах ажиллагааны баримтууд, хурлын тэмдэглэл болон Б/96 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Ингэхдээ шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацааг хэтрүүлээгүй байх тул “6 жил өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

3.19 Түүнчлэн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн тухай буюу прокуророор ажиллах тухай асуудлыг шийдвэрлэхдээ оролцоог нь хангаж,  тайлбар, санал гаргах боломж олгон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан хариуцагчийг “прокурорын албан үүрэг гүйцэтгээгүй иргэнээс тайлбар авсан” хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар “Ажлаас халах” тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АНХБАЯР

 

[1] Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 54-р тогтоол