Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0139

 

2018 оны 02 сарын 27 өдөр   

  Дугаар 221/МА2018/0139

Улаанбаатар хот

“Ю х” ХХК-ийн

                       нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л, Ш.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэртэй, “Ю х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэрээр: “...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.3.1, 19.11, 19.12, 19.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю х” ХХК-ийн “Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж н ж”-т холбогдох хэсэг, Эрүүл мэнд, спортын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтад заасан “Ж н ж”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С давж заалдах гомдолдоо: “... “Ж н ж” гэдэг нь “Ю х” ХХК-ийг илэрхийлж байдаг боловч энэ нь төслийн хүрээнд хэрэглэж байсан нэр болно. Тусгай зөвшөөрлийг олгохдоо “Ю х” ХХК-д хүлээлгэн өгөх дуусаагүй барилгад шинжээч томилон ажиллаж, ажлын байрны дүгнэлт гарсан, Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоол, Засгийн газар “Ю х” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажлуулах” төслийн шинэчлэн сайжруулах, ашиглах, шилжүүлэх төрлийн концессын гэрээг үндэслэн концессын гэрээний дагуу шилжсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, хүний нөөцөд дүгнэлт гаргасан байдаг боловч ямар ч бие даасан хуулийн этгээдийг илэрхийлж чадахгүй, албан ёсны хуулийн этгээдийн нэр дээр бус “Ж н ж” гэдэг нэр дээр тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд болон улсын бүртгэлийн гэрчилгээг бүрдүүлэх баримт бичгийн хамт өгөх бөгөөд хуулийн этгээдийн нэр дээр эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл гарна. Гэтэл албан ёсны хуулийн этгээдийн нэр нь “Ю х” ХХК байхад “Ж н ж” гэх албан ёсны бус нэр дээр тусгай зөвшөөрлийг олгохоор тушаал гаргасан нь Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн байна.

Ийнхүү алдаатай тусгай зөвшөөрлийг олгохоор тушаал гаргаснаар Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Концессын гэрээний 2.6, 2.8-д заасныг тус тус зөрчсөн. Концессын гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 4 сарын хугацаанд концесс эзэмшигчийн зүгээс гэрээний 1.13-т гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдээс “Шаардлагатай тусгай зөвшөөрлийг авсан байх” гэсэн заалт зохицуулах байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас шалтгаалан хангагдаагүй. Үүнээс болж концессын гэрээ хэрэгжих боломжгүй болж концесс эзэмшигчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн юм. Мөн гэрээний 1.15-д заасны дагуу гэрээ цуцлагдах нөхцөл байдал үүсэж гэрээний 1.16-д заасны дагуу “Ю х” ХХК оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авч чадахгүй нөхцөл байдал үүсэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь мөн зөрчигдөж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын баг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч тодорсны дараа шууд шилжүүлэх нөхцөлтэйгөөр тус эмнэлгийн төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр “Ю х” ХХК-ийг байгуулжээ.

Концессын тухай хууль, Улсын Их Хурлын 2009 оны 64, Засгийн газрын 2013 оны 317, 2015 оны 260 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга, нөгөө талаас “Ю х” ХХК-ийн захирал нар 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “дуусаагүй барилга /хуучин нэрээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажлуулах төсөл”-ийн шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг байгуулсан байна.

“Ю х” ХХК нь Концессын гэрээнд тусгагдсан шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авахын тулд уг гэрээнд заасан зохицуулах байгууллага буюу Эрүүл мэндийн яаманд хандсан боловч эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанийн нэр дээр бус Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж н ж”-ийн нэр дээр гаргасан нь илт хууль бус захиргааны акт хэмээн маргажээ.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр хурлын шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж н ж”-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтаар гуравдагч этгээдэд нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ чиглэлээр 1 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч компани Эрүүл мэндийн яаманд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15/010/1004, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15/022/1204 дүгээр албан бичгүүдээр тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган хандсан гэх боловч уг албан бичгүүдийг хариуцагч байгууллага хүлээн авсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.11, 19.13-д заасан эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох эрхээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

Мөн анхан шатны шүүх “нэхэмжлэгчээс Концессын гэрээний дагуу тусгай зөвшөөрлөө авахаар хандахад өөр байгууллагад олгосон нь утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй” талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбар хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...ямар ч бие даасан хуулийн этгээдийг илэрхийлж чадахгүй, албан ёсны хуулийн этгээдийн нэр дээр бус “Ж н ж” гэдэг нэр дээр тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байна...” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгосон байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тусгай зөвшөөрлийг алдаатай олгохоор шийдвэр гарснаар Концессын гэрээний 2.6, 2.8, Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчих бөгөөд Зохицуулах байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас шалтгаалан концессын гэрээ хэрэгжих боломжгүй болж улмаар уг гэрээний 1.15-д заасан гэрээ цуцлагдах нөхцөл үүсч, уг гэрээний 1.16-д заасны дагуу “Ю х” ХХК оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах боломжгүй нөхцөл байдал үүсч байна...” хэмээн давж заалдах гомдолдоо дурдсан ба Концессын гэрээний долоодугаар бүлгийн 7.3-т “Талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд арбитрын шүүхэд асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д” Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч дээрх гэрээний холбогдох заалтыг зөрчсөн эсэхтэй холбоотой маргааныг харьяалуулсан шүүхэд нь хандаж шийдвэрлүүлэхээр байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн 2015 онд байгуулсан концессын гэрээний дагуу 260 ор бүхий  нэгдсэн эмнэлэг байгуулагдаагүй, зориулалт нь өөрчлөгдөж Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэж, тухайн эмнэлэг нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдож байх тул “...тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гарснаар концессын гэрээ хэрэгжих боломжгүй болсон” талаарх гомдол нь хариуцагчийг буруутгах үндэслэлд хамаарахгүй, үндэсгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

             ШҮҮГЧ                                              Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА