Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ20176/000110

 

Б.Ган-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дүгээр шийдвэр,         

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалтай,

Б.Ган-Очирын нэхэмжлэлтэй,

Б.Борхүүд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Ган-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ган-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Борхүүтэй 1998 онд гэр бүл болж 2000 онд охин Б.Цолмонтуяа, 2002 онд охин Б.Баярцэцэг, 2009 онд хүү Б.Жанцанноров нарыг төрүүлсэн. Б.Борхүү 2000 оноос эхлэн архи ууж, улмаар зоддог болсон. 2003 онд 3 сар тусдаа амьдарсан боловч Б.Борхүү уучлалт гуйхаар нь хүүхдээ бодоод уучилсан. 2005 оноос бие дааж наймаа хийгээд хүний контейнер түрээсэлсэн, 2006 онд контейнар худалдан авч гэр бүлийн амьжиргаагаа авч явдаг байсан. Би олон шөнө гэрээсээ хөөгдөж гадаа жорлонд уйлж хонодог байсан. 2010 онд Магсаржав багт 2 өрөө орон сууц худалдаж авсан.  2009, 2010 онд намайг жирэмсэн байх үед Б.Борхүү нь Эрээн явж наймаа хийж эхэлсэн. Гэвч архи уух нь нэмэгдсэн тул би 1 ой 2 сартай хүүхдээ орхиод зах дээр зогсож наймаа хийсэн. Архинаас гаргах гэж 2.300.000 төгрөгний зардал гарсан боловч гараагүй. 2014 онд ОХУ-д 1.800.000 төгрөгөөр архины эмчилгээ хийлгэж гарсан. Б.Борхүү архи уухгүй болсон боловч ааш зан нь бүр эвдэрч, бид байнгын айдастай байх болсон. 2016 онд Хас банкнаас 35.000.000 төгрөгний зээл авсан, мөн хүүхдүүдийн хадгаламжаа барьцаалж мал авч Улаанбаатар хотод зарах бизнес хийх болсоноос хэрүүл маргаан гарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг тогтоолгоно. Дундын өмчийн хөрөнгөө хувааж авахаар эвлэрч гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа: би 2013 он хүртэл архийг баяр ёслолоор бага хэмжээгээр хэрэглэж байсан, одоо бол хэрэглэхээ больсон. Анх гэр бүл болоход миний эцэг, эхийн өгсөн малыг зарж, ХОА 77-14 улсын дугаар бүхий Зил 130 маркийн чиргүүлтэй автомашин худалдаж авч, нүүрс, төмөр болон холын бусад тээвэрт явж анх бизнесийн гараагаа эхлүүлсэн. Машинаа зарж бизнесээ өргөжүүлж зах дээр контейнер авч наймаа хийж эхэлсэн. Өнөөгийн амьдралыг  бий болгох гэж хэн хэн нь зүтгэж хөдөлмөрлөж ирсэн. Б.Ган-Очирын нэхэмжлэлдээ  дурдсан шиг эхнэр, хүүхдүүдээ хэл амаар доромжилж, зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаагүй.  Б.Ган-Очир байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Түүний найз болох Хишгээ, Гүльнар нар нь миний тухай худал мэдээллийг Б.Ган-Очирт байнга ярьж, гэр бүлийн дунд хэрүүл маргаан үүсгэдэг. 2016 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Б.Ган-Очир нь Хишгээ, Гульнар нарын хэлсэн үгээр шалтаглаж намайг гэрээс хөөсөн. Түүнээс хойш гэртээ очиход хаалга тайлж өгөөгүй. Надад байсан гэрийн түлхүүрийг авсан учир гэртээ орж чадалгүй өдийг хүрсэн. Гэрээс хөөгдөхдөө өмсөж байсан хувцастайгаа гарсан одоо хүртэл хувцсаа авч сольж чадахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 17-нд гэртээ очиход хүүхэд хаалга тайлж өгсөн. Б.Ган-Очир намайг гэрээс хөөж, миний 3,4 хувцас үүд рүү шидээд байхаар түүнийг аваад гарсан. Нэхэмжлэл гарсны дараа харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олохун овогт Баянбатын Борхүү, Халх овогт Баасандоржийн Ган-Очир нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б.Цолмонтуяа, 2002 оны 11 сарын 26-нд охин Б.Баярцэцэг, 2009 оны 03 сарын 24-нд хүү Б.Жанцанноров нарыг эх Б.Ган-Очирын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б.Цолмонтуяа, 2002 оны 11 сарын 26-нд охин Б.Баярцэцэг, 2009 оны 03 сарын 24-нд хүү Б.Жанцанноров нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Борхүүгээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг, Б.Жанцанноров нарыг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б.Борхүү, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ган-Очир нарт тус тус даалгаж, зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, Баруун Бүсийн Төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот 1 ширхэг контейнерийг Б.Ган-Очирын өмчлөлд үлдээх, хариуцагч Б.Борхүү нь Хас банкны Ховд салбарын Ирээдүйн саятан хадгаламжид охин Б.Баярцэцэгт 11.000.000 төгрөг, охин Б.Цолмонтуяад 10.460.000 төгрөг нийт 21.460.000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулах, хариуцагч Б.Борхүүд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, Баруун Бүсийн Төв зах дээр байрлах 238 тоот 1 ширхэг контейнер, Navara маркийн 56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жийп 1 ширхэг, өөрийн цай уудаг их гарын мөнгөн аяга 1 ширхгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд үлдээх, Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 15.531.481 төгрөг, бизнесийн зээл 34.932.481 төгрөг, нийт 50.463.962 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ган-Очир, хариуцагч Б.Борхүү нар нь хоёр хувааж, тус бүр 25.231.981 төгрөгийн зээлийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт үл маргах журмаар төлөх, хариуцагч Б.Борхүү нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,  нэхэмжлэгч Б.Ган-Очир нь охин Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг нарын Хас банкны хадгаламжид 21.460.000 төгрөг шилжиж орсны дараа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар эвлэрснийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Борхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т заасныг баримтлан Б.Ган-Очир, Б.Борхүү нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хуваасан “... 3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот контейнерыг нэхэмжлэгч Б.Ган-Очирт үлдээж, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 238 тоот контейнер, Navara маркийн 56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жийп машин зэрэг эд хөрөнгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд шилжүүлэх”-ээр эвлэрсэн хэсгийг баталж, хэргээс нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваарилах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрт “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1.-т заасныг баримтлан хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ган-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 10 сарын 27-ны Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 104 дугаартай Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Магадлал нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д дугаар зүйлд зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байхад Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна гэж дээрхи хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.2.1 шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах бүрдүүлэх ажиллагаанууд хийгдсэн. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Хэргийн нотлох баримт нь зохигчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилжээ. Зохигчид хоорондоо Эвлэрэлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний агуулгыг талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байхад Давж заалдах шатны шүүх нь зарим хэсгийг баталж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.Ган-Очир цаашилбал түүний асрамжинд үлдсэн бага өсвөр насны 3 хүүхдийн эрх ашгийг хохироосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ган-Очир банкны зээлийн эргэн төлөлтийг өнөөдрийг хүртэл дангаараа хийж байгаа, зээлтэй 2 өрөө байртай 1 ширхэг контейнертой үлдэж байна. Охин Цолмонтуяа, охин Баярцэцэгийн хадгаламжид байсан төгрөг 2 охины суралцах сургалтын төлбөрийг тэдний эцэг Б.Борхүү өөртөө захиран зарцуулах боломжийг олгосон нь Хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөн хүүхдийн эрх ашгийг хохироосон Магадлал гаргасанд гомдолтой байна.

2016 оны 07 сарын 26-ны Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Борхүү, нэхэмжлэгч Б.Ган-Очир нар хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч Ж.Энхжаргал, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрэлийн гэрээнд цаашид хамтран амьдрах боломжгүй гэр бүлээ цуцлуулах, хүүхдүүдийнхээ асран хамгаалалт, тэтгэлгийг тохирч, зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нотлох баримтын хүрээнд болон зохигчид биечлэн байлцаж, тэдний тайлбар харилцан эвлэрлийн дагуу

- Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-р 60 айлын 2 өрөө орон сууц, Баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот 1 ширхэг контейнерыг Б.Ган-Очирын өмчлөлд үлдээх,

-Хариуцагч Б.Борхүү нь Хас банкны Ховд салбарын Ирээдүйн саятан хадгаламжид охин Б.Баярцэцэгт 11.000.000 төгрөг, охин Б.Цолмонтуяад 10.460.000 төгрөг нийт 21.460.000 төгрөг шүүгчийн Захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулна.

- Хариуцагч Б.Борхүүд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-н 10 Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа торхон байшин, Баруун бүсийн төв зах дээр байрлах 238 тоот 1 ширхэг контейнар, Navara маркийн 56-61 ХОУ улсын дугаартай бага оврын жип 1 ширхэг, өөрийн цай их гарын мөнгөн аяга 1 ширхгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд үлдээх

-Хас банкинд барьцаалсан 15.531.481 төгрөгийг, бизнесийн зээл 34.932.481 төгрөг нийт 50.463.962 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ган-Очир хариуцагч Б.Борхүү нар 2 хувааж тус бүр 25.231.981 төгрөгийн зээлийг үндсэн зээл хүүгийн хамт төлөх болно.

-Хариуцагч Б.Борхүү нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно. Нэхэмжлэгч Б.Ган-Очир нь охин Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг нарын Хас банкны хадгаламжид 21.460.000 төгрөг шилжиж орсны дараа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэж байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэх хуулийн заалт болон бусад хуулийг зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан захирамж гаргаагүй нь зохигчдын нэгэнт илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд талууд "Эвлэрлийн гэрээ”-г байгуулснаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүссэн гэж үзэж байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д бичгээр байгуулсан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 27-ны Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 104 дугаар магадлалыг хүчингүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2016/00349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Ган-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “..гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмч болох Магсаржав багийн 3 дугаар 30 айлын орон сууцны 45 тоотын 2 өрөө байр, 2 ширхэг контейнер, Navara маркийн машин, Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоотын хашаа байшингаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Шүүх, гэрлэгчдийн харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлгийг хуульд зааснаар тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байхаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан.

Зохигчид дундын эд хөрөнгө болох 30 айлын орон сууцны 45 тоотын 2 өрөө байр, 1 ширхэг контейнерийг нэхэмжлэгчид, Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоотын хашаа байшин, Navara маркийн машин, 1 ширхэг контейнер, их гарын мөнгөн аягыг хариуцагчид үлдээх, Б.Борхүү нь охин Б.Баярцэцэг, Б.Цолмонтуяагийн хадгаламжид нийт 21.460.000 төгрөгийг байршуулах, 50.463.962 төгрөгийн зээлийг 2 хувааж, тус бүр 25.231.981 төгрөгийг зээл хүүгийн хамт үл маргах журмаар төлөхөөр тохиролцож эвлэрсэн, шүүх уг эвлэрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т нийцээгүй байна.

Б.Борхүү, Б.Ган-Очир нар нь “Хас” банкнаас 2010 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр 19.600.000 төгрөгийг жилийн 17.34 хувийн хүүтэй 180 сарын хугацаагаар, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 35.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаагаар, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 22.750.000 төгрөгийг жилийн 20.7 хувийн хүүтэй 5 сарын хугацаагаар тус тус зээлсэн ба дээр дурдсан дундын өмч болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө мөн тус банк дах хадгаламжийг барьцаалжээ /хавтаст хэргийн 85-105 дугаар тал/.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн орон сууц, хашаа байшин болон хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцааны зүйл байх бөгөөд гэрлэлт цуцлах үед зээлийн гэрээний дагуу зохигчдын хүлээх үүрэг тодорхой бус байна.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн дүнг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд зохигчдын тохиролцсон хэмжээг зээлийн гэрээний гүйцэтгэх үүрэг гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй ба зээлдүүлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувааж буй тохиолдолд барьцаагаар хангагдах үүргийг зохигчид хэрхэн хариуцах нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөрийг хувааж хариуцах зохигчдын эвлэрэл нь зээлдүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь охин Б.Баярцэцэг, Б.Цолмонтуяа нарын хадгаламжид 21.460.000 төгрөг байршуулах талаар нэхэмжлэл гаргаагүй, харин энэхүү шаардлагатай холбоотой хэрэг тусдаа хянагдаж байгаа талаар тайлбар гаргажээ /хавтаст хэргийн 210 дугаар тал/. 

Шүүх, нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан дээрх хоёр хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлээгүй атлаа энэ талаарх эвлэрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т нийцээгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Б.Ган-Очир, өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ