| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0517/Э |
| Дугаар | 531 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1958 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группэд байдаг гэх, урьд Барилгийн цэргийн шүүхийн 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168.б, 109.б-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1984 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сүхбаатарын районы шүүхийн 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.б-д зааснаар 3 жил 9 сарын хорих ялаар шийтгэгдэж 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хугацаан өмнө тэнсэн суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 562 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэж шийдвэрлэгдсэн, Далай овогт М.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709024980540 дугаартай 185/2018/0517/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Радио Телевизийн Үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54 дүгээр гудамж Дамбадаржаа ДС-1 олон сувгийн телевизийн техникийн байрыг хамгаалах гэрээ байгуулж итгэмжлэн хариуцаж ажиллахдаа 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 65.246.02 кВт буюу 8.975.521,36 төгрөгийн цахилгааныг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Б 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Радио Телевизийн Үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54 дүгээр гудамж Дамбадаржаа ДС-1 олон сувгийн телевизийн техникийн байрыг хамгаалах гэрээ байгуулж итгэмжлэн хариуцаж ажиллахдаа 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 65.246.02 кВт буюу 8.975.521,36 төгрөгийн цахилгааныг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял оноохыг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Ариунзоригийн: ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаа ДС-1 байрлах олон сувгийн телевизийн техникийн байрыг Баярсуурь гэх хүнд сарын 60 төгрөг өгч мануулж байсан. “Скайтел” ХХК-аас 2017 оны 06 дугаар сард цахилгааны төлбөр гэж 12.455.649 төгрөг нэхэмжилсэн. Манай байгууллагаас цахилгаан хулгайгаар авч ашиглаж байж магадгүй гээд тоолуураа шинэчлэн сольж 5 сарын дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тоолуурыг шалгатал 1.193.595 төгрөг гарсан байсан. Тэгээд манай инженер Ж.Чулуунцэцэг, эрчим хүчний хяналтын байцаагч Алтанцэцэг, Сайнжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шалгахад ДС-1 станцын гадуур хашаа хатгаж буусан Оюунчимэг, Баярсуурь айлууд цахилгааны шугамнаас хулгайгаар авч ашиглаж байсан. Шөнийн цагаар цахилгааныг нь салгахад 3 айлын тог унтарсан. ...Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг дүгнэлтийг албан ёсны гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай байгууллагаас нэхэмжлэл гаргахдаа цахилгааны тарифыг 2017 оны оноор бодож гаргасан байна лээ. "Шинэ Бланс" ХХК-нь нийт хулгайлсан цахилгааны хэрэглээний квт-ийг 7 жилд тэнцүү хувааж тухайн онд мөрдөгдөж байсан тарифаар тооцож бодсон тул манай нэхэмжилсэн дүнгээс бага гарч байгаа юм. Уг аудитын дүгнэлт бол зөв аргачлалаар бодож гаргасан. Гомдолтой байна аудитын дүгнэлтийн дагуу байгууллагад учирсан хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-13, 16/,
Радио Телевизийн Үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар учирсан хохирлыг тогтоосон "Шинэ Бланс Аудит" ХХК-ны үнэлгээний: ...М.Баярсуурийн ашигласан цахилгаан нь 2011-2017 он дуустал 65.246.02 кВт буюу 8.975.521.36 төгрөгийн цахилгаан ашиглаж хохирол учруулсан байна… гэх тайлан /хх-70-71/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Чулуунцэцэгийн: ...манай байгууллагын инженер Дамдин нь Бэлх дэх сайтын цахилгааны тоолуурыг салгахад нэг хашаанд байрлах 3 айлын тог тасарсан. Ингээд уг 3 айлыг давхар холболт авч байна гэж үзэж цахилгааныг буцааж залгасан. Тэгээд маргааш нь Баярсуурь гэх айлд ороход манай цахилгааны кабелаас хулгайлан салаалуулж гэрийнхээ зүүн хатавчаар оруулж автомат тавьсан байсан. Мөн хашаанд байх 2 айл руу уртасгагчаар цахилгаан өгч байсан. Уг айлын хүмүүстэй уулзаж үзэхэд тогны мөнгө гэж сар болгон 20.000 төгрөг Баярсуурь өгдөг гэж хэлж байсан. Баярсуурь нь эхэндээ тог аваагүй гэж байснаа сүүлдээ хэргээ хүлээж холболтоо зааж өгсөн. Холболтыг шалгаж үзэхэд манай кабелийн утсыг шалбалж өөрийн тогоо холбочихоод, дээр нь модон амбаар халхавч маягаар барьсан байсан.... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Төмөрбаатарын: ...би Баярсуурьтай уулзаад сард 20.000 төгрөг өгөхөөр болж гэрийнх нь тогноос авч ашиглаж байгаа. Манайх 2016 оны 08 дугаар сараас эхлэн ашиглаж эхэлсэн. Манай газрын гэрчилгээ гараагүй тул албан ёсоор цахилгаан авч ашиглаж болдоггүй. Баярсуурь нь албан ёсоор Улаанбаатар цахилгаан түгээхээс цахилгаан ашигладаг байх... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Бадамгаравын: ...Би нөхөр Наранбаатарын хамт 2017 онд тусдаа гэр бариад амьдарсан. Тэгээд манай аав Төмөрбаатар Баярсуурь гэж хөршийн тогноос манай гэрт залгаж өгсөн. Би аавынд хамт амьдардаг байхдаа манайх хажуу айлаасаа цахилгаан авдаг байсан. Манайх газрын гэрчилгээ гараагүй болохоор цахилгаан ашиглах эрх байхгүй.Надад өөр мэдэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Б: ...2014 оноос Радио телевизийн хүмүүс ирж уулзаад манай хашаанд байгаа төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж хамгаалж, унтарч тасарсан тохиолдолд асааж техникийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаач гэж нэг ёсондоо манаачийн үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан. Тэгээд уг төхөөрөмжийг хамгаалсны хариуд сард 60.000 төгрөг өгдөг байсан. Би 2014 онд гэрийнхээ үүдэнд модон амбаар барих гээд гэрийнхээ урд газрыг тэгшилж байхад манай хашаанд байдаг станцын төхөөрөмжийн кабелийн утас гараад ирэхээр нь шалбалж байгаад гэр рүү тог татаад оруулчихсан. Тэрнээс хойш уг станцын тогноос авч ашигладаг болсон бөгөөд 2016 оны намраас хойш урд талд амьдардаг Төмөрбаатар, Наранбаатар гэж 2 айлд гэрийнхээ тогноос өгч сард 20.000 төгрөг авдаг болсон юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрчим хүчнээс явж байна гээд хүмүүс ирээд манай гэрийн тогийг тасалсан юм. Тэр хүмүүс холболтоо зааж өг гэхээр нь би амбаарынхаа доор 2 ширхэг дугуйгаар даруулаад нуучихсан байсан кабелын утасны холболтыг зааж өгсөн юм. ...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, прокурорын ял сонсгосон тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэргээ хүлээ, ойлгож гэмшиж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24, 36/,
Скайтел ХХК-с нөхөн төлөх хүсэлтээр ирсэн цахилгаан төлбөрт хяналт хийсэн тайлан /хх-7/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-41/, Радио телевизийн сүлжээ УТҮГ ажлын байрны тодорхойлолт /хх-47-48/, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт /хх-49/, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хх-51-53/, Скайтел ХХК-н албан тоотын хариу /хх-55, 67/, нэхэмжлэх /хх-56-57/, Скайтел ХХК-аас ирсэн Бэлхийн сайтын цахилгааны нэхэмжлэлд хийсэн хяналтын тайлан /хх-58-85/, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-н албан тоотын хариу /хх-70/, Шинэ баланк аудит ХХК-н тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан /хх-75-77/, шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн тухай хүсэлт /хх-78/, хохирогч Радио телевизийн сүлжээ УТҮГ-н ямар нэгэн гомдолгүй гэсэн тухай албан тоот /хх-79/, Бэлэн мөнгөний орлогын баримт, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тухай /хх-80/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-40/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-42/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/, нийгмийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-44/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-45/, 1979 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Таслан шийдвэрлэх тухай тогтоолын хуулбар /хх-81-83/, М.Бийн сахилга бат засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-84-85/, НАХН-ны харъяа ЗХБУГ-ын дэргэдэх эмнэлгийн магадлалаар шийдвэрлэх комиссын актын хуулбар /хх-86/, 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн магадлалын хуулбар /хх-87-89/, 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-90-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч М.Бийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 8.975.521,36 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ариунзоригт хохирол төлж барагдуулж эвлэрсэн тухай баримт /хх-79-80/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.