| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431002830229 |
| Дугаар | 2024/ДШМ/103 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/103
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардоржийг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0202/Э/208/2024/0082 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт ын *******, Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, ***** настай, ******** боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ******* *******” ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сум, ****** дугаар баг ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД:***********),
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ****** баг, ******* тосгоны ****** гудамж, ****** тоот хашаанд “тог тасаллаа” гэх шалтгаанаар Б.*******ыг зодож, баруун дал ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ж.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол төлбөрт 600,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барагдуулахаа илэрхийлснийг дурьдан,
Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Р.Мягмардорж 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №28 дугаартай эсэргүүцэлдээ:
... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зааснаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх ба цахим гарын үсэг баталгаажлаа гэсэн тэмдэглэлээр шийтгэх тогтоолыг баталж тус прокурорын газарт ирүүлсэн байх ба Цахим гарын үсгийн тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл шүүхийн шийдвэрт цахим гарын үсэг хэрэглэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь цаасан хэлбэрээр хэргийн оролцогч нарт гардуулдаг ба нөгөөтэйгүүр уг баталгаажлаа гэх цахим гарын үсэг нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар “тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх” гэх шаардлагыг хангахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж зааснаас үзэхэд бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт мөн бичгээр гарын үсэг зурагдаж баталгаажихаар байх ба дээрх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан шаардлагыг мөн хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокуророос шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр баг, ******* тосгоны 5 дугаар гудамж, 510 тоот хашаанд “тог тасаллаа” гэх шалтгаанаар Б.*******ыг зодож, баруун дал ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн байна.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан боловч тухайн шийтгэх тогтоолд шүүгч гарын үсэг зурахгүйгээр, цахим гарын үсгээр баталгаажуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн тамгыг дарахгүйгээр шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоожээ.
Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.” гэж, 22.4.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж, 22.7-д “Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус хуульчилсан байхад шүүхээс гарч буй эрх зүйн актад цахим гарын үсэг зурсан нь дээрхи хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ.
4.Цахим гарын үсгийн тухай хууль нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ” гэж цахим гарын үсэг хэрэглэх талаар тодорхой заажээ.
Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэрээ Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж гаргасан шийдвэрээ биет байдлаар буюу цаасан хэлбэрээр гардуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж хуульчилсан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийтгэх тогтоолд цахим гарын үсэг хэрэглэж, шүүхийн тамга дарж баталгаажуулаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг цахим баримттай адилтган үзсэн нь шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
5.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
6.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугасууай.
3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ