Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/104

 

      

                                  Х.*******т холбогдох
                                   эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,  


Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Х.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0196/Э/208/2024/0085 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Идэр суманд төрсөн, ******* настай, *******, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, хоёр охины хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, ******** хариуцах чадвартай, (РД:**********),

 
Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.


Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.*******ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зайснаар шүүгдэгч Х.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 
Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . шүүгдэгч Х.*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун  мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, 
Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ....шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.


Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №27 дугаартай эсэргүүцэлдээ: 
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргалаа.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:
Болсон үйл явдлыг сэргээн дүрсэлбэл: Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч И.*******гийн “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчихаад гэртээ ороод амарсан. Тэр шөнөдөө 02 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь хүн ирсэн юм болов уу? гээд гарахад гэрийн гадаа ямар нэгэн хүн, амьтан байгаагүй тэгэхээр нь буцаж гэртээ ороод амарсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны үүрээр 04 цаг 30 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байхаар нь 05 цаг өнгөрөөд гэрийнхээ ойр орчим хайгаад явсан боловч олдоогүй. Олдохгүй байхаар нь уулан дээр гараад дурандаад үзсэн чинь усан сангийн урагш айлын хашаанд үхэр мөөрөөд байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод яваад очтол ******* гэх манай сумын иргэний хашаанд миний 2 үхэр байсан бөгөөд мөн манай сумын иргэд болох Эрдэм түүний эхнэр нар манай хүрэн халзан эр бүдүүн үхрийг эвэрнээс нь уяа уячихсан уяанаас нь татаад Эрдэм сүх бариад тухайн сүхээрээ манай үхрийн толгой хэсэг руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь “хөөе хаалга онгойлго үхрээ авъя” гээд орилсон чинь тухайн айлын эзэн ******* гэрээсээ гарч ирээд “чи үхрээ хараад шууд таньдаг юм уу? би энэ үхрийг Боргиогоос авсан” гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх 118-119 хуудас/
гэрч Д.******* “...******* эгч ганцаараа гэрт орж ирээд надад хандан манай гэрт очоод үхэр алаад өгөөч манай охины хурим болох гээд байгаа юм аа гээд гуйгаад байсан. хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад эхнэр гээр бариулж байгаад тухайн модон иштэй сүхээр 1 удаа хүрэн халзан үхрийг цохисон чинь хальт цохисон тэгсэн чинь *******ийн хашааны гадна Цагааннуур сумын иргэн а ирчихсэн үхрээ авъя гээд орилоод... та одоо хүний үхэр авчихсан юм уу гээд хэлсэн чинь ******* эгч би хүний үхэр аваагүй наад а чинь үхрээ танихгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг,
гэрч М.гийн “...хашааных нь хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан тэгээд ******* эгч энэ 2 үхрийг гаргаж янзална гэсзн. *******ийн хашааны гадна талаас тэр хүн хашхирах шиг болтол манай нөхөр одоо наад үхрээ тавь гэхээр нь би тавьчихсан тэгсэн чинь хашааны гадна талд ******* гэх манай сумын иргэн ирчихсэн үхрээ авъя гээд орилж байгаа харагдсан. ...******* дээр очоод чи өөрийнхөө үхрийг танихгүй байна шүү дээ гэж хэлээд улмаар хоорондоо хэрэлдээд унасан..." гэсэн мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт мөн болно.
Гэтэл анхан шатны шүүх “...шүүгдэгч Х.******* нь бусдын үхрийг олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн 2 үхэр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрөөр хэлбэл шүүгдэгчийн малтай хамт түүний малын хашаанд орж ирсэний дараа завших сэдэл төрж, улмаар үхрийг муулахаар шийдэж, хүн дуудсан байдаг” гэх хэрэгт нотлогдоогүй үйл баримтад хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанд дээрх байдлаар мэдүүлэг өгсөн ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эс сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн.
Мөн шүүх хохирогчийн хувьд тухайн өдрийн 21 цагийн үед малаа хотлуулсан гэж мэдүүлдэг бөгөөд хотлуулах гэдэг нь өөрийн хашаа руугаа зүглүүлэхийг хэлдэг байна” гэж тайлбар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан ба энэ нь хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тодруулбал хохирогчийн мэдүүлэгт 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчихаад гэртээ ороод амарсан. ...Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06- ны үүрээр 04 цаг 30 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байсан” гэх мэдүүлгийг удаа дараа өгсөн байна.
2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг шаарддаг.
Алдуул мал гэж ямар нэг хариулгагүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байна. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой (УДШ 2022.11.23 №171).
Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, 117.2-д “Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нутгийн захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэж, мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан болно.
Мөн Алдуул малыг бүртгэх, мэдээлэхэд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалын хавсралт “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журам”, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журмаар зохицуулсан байна.
Иймд дээр дурьдсан хуулийн нийтлэг шаардлага хангагдаагүй хэрэгт анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй, цахим гарын үсэг нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй болохыг дурьдав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... прокурор болон мөрдөгчийн зүгээс Х.*******ийн хулгайн хэрэгт хоёр том үхрийг хашааны гаднаас аваад явчихсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлчилсэн. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж үздэг вэ гэхээр яг хулгайлж явчихсан, эсхүл яаж тууж авч явсан талаар тогтоогоод өгчих. Тэгвэл хамаагүй хулгайн зүйл ангийг нь хүлээн зөвшөөрье гэдэг. Гэтэл шүүгдэгч юу гэж хэлж байна гэхээр үүрээр босоод бие засах гээд явж байхад манай хашааны хаалга онгорхой, манай үхэрнүүд орж ирсэн байсан. Тэр дотор хоёр том үхэр ороод ирчихсэн байсан. Алдагдсан үхэр байна даа, үүнийг махлаад хэдэн төгрөг болгочихъё гэж бодоод Бат-Эрдэнэ гэх хүнийг дуудаж, нядлуулах гээд толгойг нь цохиж байхад хохирогч хашааны хаалгаар орж ирээд манай үхэр байна гэж хэлээд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг өгдөг. Үнэхээр хулгай хийх санаа зорилгыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй.  Шүүхэд ч хэлсэн. Алдуул малыг завших гэсэн үйлдэл хийсэн байна гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж авсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шийдээд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдсэн. ... Энэ хүнд хулгай хийх сэдэл, зорилго байгаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар нотолбол зохих асуудлуудыг тогтоогоод ирэхээр зорилго, сэдэлт нь байхгүй байгаа юм. Хотлуулна гэдэг дээр нилээн маргаан үүсэж байсан. Энэ байдлаар хэргийг хөнгөрүүлж шийдсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Цахим гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн гэж эсэргүүцэлдээ дурдсан. Монгол улсад цахим гарын үсэг гэдэг маань баталгаажаад явчихсан. Энэ миний гарын үсэг шүү гэж баталж, аливаа бичиг баримт дээр баталгаат цахим гарын үсэг зурж байгаа. Хууль зөрсөн гэж үзэж байгаа нь өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Монгол улсын Дээд шүүхээс хэрэглэхийг зөвшөөрч байгаа юм байна лээ. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахад цахим гарын үсэгтэй байна гэж хэлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цахим гарын үсэг хэрэгжиж байгаа гэсэн тайлбарыг ярьсан. Тэгэхээр хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав. 


2.Прокуророос шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 


Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 буюу “Алдуул мал завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн байна.


3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан боловч тухайн шийтгэх тогтоолд шүүгч гарын үсэг зурахгүйгээр, цахим гарын үсгээр баталгаажуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн тамгыг дарахгүйгээр шийтгэх тогтоолыг  хэргийн оролцогч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байдал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, бусад  хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болж байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын  нутаг дэвсгэрт эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг  хаана гарсныг үл харгалзан  энэ хуулийн дагуу явагдана.” гэж,   2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоожээ. 
Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.” 22.4.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж, 22.7-д “Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус  хуульчилсан байхад шүүхээс гарч буй эрх зүйн актад цахим гарын үсэг зурсан нь дээрхи хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ. 


4.Цахим гарын үсгийн тухай хууль нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ” гэж цахим гарын үсэг хэрэглэх талаар  тодорхой заажээ. 
Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх  шийдвэрээ Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж  гаргасан шийдвэрээ   биет байдлаар буюу цаасан хэлбэрээр гардуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж  хуульчилсан  байхад  хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийтгэх тогтоолд цахим гарын үсэг  хэрэглэж, шүүхийн тамга  дарж баталгаажуулаагүй байгаа нь  шүүхийн шийдвэрийг цахим баримттай адилтган үзсэн нь шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. 


5.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 


6.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн болон прокурорын эсэргүүцлийн үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлсэн гэх агуулгад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай. 

3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             
         ДАРГАЛАГЧ,
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН 

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ 
                                   
                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ