| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0210/э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч Ш.А,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 18100 0239 0274 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
-
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 2-67 тоотод гэртээ эхнэр Б.Б-тай согтуугаар маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан ажиллагаагаар хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлтээ дэмжиж байна. Прокуророос хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг танилцуулсан хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд эхнэр Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл уруулсандаа эхнэрээс уучлалт гуйж, эвлэрсэн. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Би эхнэр Б-тай гэр бүл болоод 12 жил амьдарч байна. 4 наснаас 10 насны 3 хүүхэдтэй. Миний хувьд тухайн хэрэг гарах өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед манай эхнэр Б-тай гэр бүлийн доторхи маргаанаас болоод түүнийг нэг удаа цохисон нь үнэн. Би анх удаа эхнэртээ гар хүрсэн. Одоо манай эхнэрийн бие, эрүүл мэндийн байдал хэвийн, ажлаа хийж байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлтэд заасан гэмтэл нь би эхнэрээ цохиж зодсоны улмаас үүсгэсэн гэмтэл юм. Улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Уг ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх боломж олгож өгнө үү. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай эхнэр “Г” ХХК-д менежер ажилтай. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0023 90274 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-гийн хохирогчоор өгсөн:
“...Би д нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Ш.А 1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Хувиараа мах зөөдөг ажилтай. Бид хоёр 4-10 насны 3 хүүхэдтэй. Бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөр маань архи байнга хэрэглэдэг. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Шувуун фабрикт айлд очоод, тэндээ 1 шил архи уугаад, бид хоёр гэртээ буцаж ирээд байтал өнгөрсөн жилийн наадмаар манай дүү Н-тэй маргалдсан талаараа сөхөж яриад, хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би том охиныхоо өрөөнд ороод унтчихсан юм.
Гэтэл араас орж ирээд “би урилгагүйдээ танайд ирээгүй” гээд намайг гараараа ханатай хавсраад цохичихсон. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь угаалгын өрөө орж цусаа угаагаад байж байтал араас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь “цаашаа орж бай” гээд том өрөө лүү оруулчихаад, өөрийн том охин Х-аар хувцасаа авахуулаад гадаа гараад байж байтал нөхөр “чи дүү нар лүүгээ явна биз” гэж мессеж бичсэн. Тэгснээ удалгүй манай нөхөр гараад манай дүү Батбаатарынх руу яваад өгсөн.
Ш.А намайг байнга зодож байгаагүй, хааяа хэрэлдсэн үедээ өшиглөж, цохиж байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, эмнэлгийн тусламж авч байгаагүй.” гэсэн /хэргийн 14х/,
Мөн хохирогчийн 2018 оны 03 сарын 10-нд, 2018 оны 05 сарын 02-ны өдөр тус тус өгсөн:
“...2016 оны 12 дугаар сард нэг удаа нуруунд цохиж байсан боловч ямар нэгэн гэмтэл шарх сорви учраагүй. 2017 оны өвөл гэр орны ажлаас болоод муудалцахад нуруу луу нэг удаа цохиж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө А нь “манай дүү Н хөдөө явахдаа А-ийг архи уух гээд байсан” асуудлаас болж “урилгагүй ирчихээд” гэж хэлсэнд их гомдоод байдаг юм шиг байна лээ, үүнийг яриад гомдсоноо хэлж байгаад, намайг цохисон. Би тэр үед нь давхар орны 2 давхарт нь сууж байсан. А өндөр болохоор яг миний нүүрэн дээр таараад гараараа цохичихсон юм. ... А нь гэртээ төлөв түвшин, хүүхдүүдэд надаас илүү халамжтай, олон хоногоор архи дарс уугаад, тэнээд яваад байдаггүй, гэр орны ажилдаа мундаг хүн байгаа юм.
2017 оны 03 сарын 11-ний өдөр А бид хоёр хотод ажилгүй болчихоор нь хөдөө самарт явж лизингийнхээ мөнгийг хийж ирж байсан. Манай хажуу талд байдаг М-х гэдэг айл манай гэр бүлийн байдлыг сайн мэднэ. Манай хоёрынх бие биенийхээрээ орж гарч, бие биенийгээ байхгүй үед нь хүүхдүүдийг нь харж асарч сургуулиас нь авч байдаг. Миний биеийн байдал хэвийн зүгээр болсон. Тухайн үед зүүн нүд хөхөрч, толгой жаахан өвдөж байсан боловч зүгээр болсон. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Иймээс надад нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт байхгүй. Надад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Ад ямар нэгэн гомдол санал байхгүй.
...А нь ажлын төлөө хүн байгаа юм. Намайг ямар нэгэн зүйлээр дарамталдаг, бэлгийн харьцаанд орохыг, мөн хүсээгүй зүйлийг хийлгэх болон найз нөхөд, ах дүүтэйгээ уулзахыг хязгаарладаг зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болсон явдал бол манай дүү А-ийг “урилгагүй зочин” гэж хэлсэн асуудлаас болж надтай маргалдаж, намайг нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Түүнээс намайг байнгын дарамтлаад цохиж, зодоод байдаг зүйл байхгүй. А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж, ахиж ийм асуудал гаргахгүй байгаа. Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Бид хоёр өр зээлтэй. Энэ бүгдийг А зохицуулж хувиараа барилга дээр ажиллаж зээлээ төлдөг. Би шүүх хуралд оролцох шаардлага байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1495 тоот дүгнэлтэд:
1. Б.Б-н биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,
3. Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 7-12х/,
4. Шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолын агуулгаас асуух зүйл байхгүй байна. Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэр хүүхдүүдтэйгээ Шувуун фабрикт айлд очоод, би архи уугаад, эхнэр пиво уусан. Тэгээд орой нь 21:00 цаг өнгөрч байхад унтах гэж байтал эхнэр хэрүүл өдөөд “чи Эмээлт рүү очоод яагаад хоносон бэ” гээд байсан. Би 2-3 хоногийн өмнө таньдаг хүний машин хүргэж өгөөд тэндээ хоночихоод ирсэн юм. Тэрийг яриа болгоод хэрүүл маргаан хийж байгаад, урьд нь Б-гийн ах дүү нартай хөдөө явахад, намайг орой нь унтах гэж байхад архи уух гэлээ, урилгагүй ирсэн гэж Бгийн дүү Наранцэцэг хэлж байсан зэрэг энэ мэтчилэн аар саар зүйлээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд Б-г хүүхдийн давхар орны 2 давхарт нь хэвтэх гэж байхад нь нүүрэн тус газарт нь гараараа цохитол зүүн нүд нь хавдаж хөхөрсөн. Тэгээд Б цагдаа дуудсан. Айл гэр бүлд байдаг жижиг сажиг маргаан бол байдаг л байсан. Гэхдээ би цохиж зодож байгаагүй. Нэг удаа маргалдаж байхдаа өшиглөж байсан, хэзээ гэдгээ мэдэхгүй байна. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/ баримт зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн уг хэргийн шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө болон түүнд хэргийн материалыг танилцуулахад тус тус илэрхийлсэн /хэргийн 15х, 16х, 63х/ бөгөөд шүүгдэгч Ш.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 68х/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 2-67 тоот дахь өөрийн гэртээ гэр бүлийн хамраал бүхий өөрийн эхнэр Б.Б-г өдөж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож биед нь “...тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- “Б.Б-н биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1494 тоот дүгнэлт,
- хохирогч Б.Б-гийн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 2-67 тоотод нөхөр Ширмэнтогоогийн А, 4-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Шувуун фабрикт айлд очоод, тэндээ 1 шил архи уугаад, бид хоёр гэртээ буцаж ирээд байтал өнгөрсөн жилийн наадмаар манай дүү Н-тэй маргалдсан талаараа сөхөж яриад, хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би том охиныхоо өрөөнд ороод унтчихсан юм. Гэтэл араас орж ирээд “би урилгагүйдээ танайд ирээгүй” гээд намайг гараараа ханатай хавсраад цохичихсон...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Б.Б-гийн биед учирсан “тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ш.А түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн хохирогч Б.Б, шүүгдэгч Ш.А нар нь 2006 оны 03 сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 03 сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 601-рт бүртгэсэн /хэргийн 46х/, тэдгээр нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч буй эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /2016 оны 12 сарын 22-ны өдөр батлагдаж 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 3 дугаар зүйлд зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-г 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэртээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж буй шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтаагаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Ш.А-ийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул Ш.А-ийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй байгаа, ...Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй.” хэмээн мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй тул шүүгдэгч Ш.Аийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нөхөн төлөх баримт бүхий төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч Ш.А нь урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
- Хархорин дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хархорин дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан талаар хэрэгт тодорхой баримтууд авагдсан /хэргийн 47х, 50-54х/ бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Түүнчлэн шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан Ш.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш.А-ийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.А-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ш.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД