| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/11007/И |
| Дугаар | 191/ШШ2025/09572 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/09572
2025 11 07 191/ШШ2025/09572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Боржигин овогт *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Иргэн Э.******* нь манай компанитай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр № ДА-БЗГ/2023-97542 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,150,000 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Toshiba 65M550LP 65" 4К загварын ухаалаг зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Э.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагууy Toshiba 65M550LP 65" 4K загварын ухаалаг зурагт барааг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Э.******* нь 2025 оны 10-р сарын 20-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,371,629.85 төгрөг төлөхөөр байна. Э.******* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 922 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн тоот хаягаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Э.******* нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Э.*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, боловч Э.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Э.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн захирлын 2025 оны 10 сарын 22-ны өдрийн ******* овогтой /РД:/, овогтой /РД:/, овогтой /РД:/, овогтой /РД:/, овогтой ******* /РД:/ нарт олгосон 10122 дугаартай итгэмжлэл, талуудын байгуулсан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн №Т-БЗГ/2023-97542 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, тус гэрээний хавсралтаар баталсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, талуудын гарын үсэг зурсан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн Мэдэгдэл-ийн хуулбар, Э.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1-16/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 21/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 3/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, талуудын байгуулсан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн №Т-БЗГ/2023-97542 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, тус гэрээний хавсралтаар баталсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, талуудын гарын үсэг зурсан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн Мэдэгдэл-ийн хуулбар, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 7-14/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан тоот хаягт оршин суудаггүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 15, 21/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ