Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2018/0225/э |
Дугаар | 230 |
Огноо | 2018-06-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1710 0034 40119 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 5 дугаар байрны гадна Б.Ц-тэй “өөрийн дүү М.Б-ийг зодсон байна” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч М.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. 2017 оны 07 дугаар сарын дунд үед би Зүүнхараад барилгын ажил хийж байхад манай дүү над руу залгаж “танай ангийн Б.Ц намайг зодчихлоо” гэхээр нь би “намайг утсаар яриул” гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд би маргааш өглөө нь 10:00 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед манай дүү Бийг хагалгаанд ороод удаагүй, бие нь муу байх үед Ц өшиглөж гэмтэл учруулсан байсан. Тэгээд би дүүгээ өмөөрч Б.Ц-г дуудаад “чи яагаад манай дүүг зодож байгаа юм бэ” гэхэд “танай янхан шиг дүү чинь өөрөө эхэлсэн” гэсэн. Тэгэхэд “чи амаа мэдэж яриарай” гэхэд шууд намайг алгадаж, “дүүгээ зөв хүмүүжүүл” гэсэн. Би зөрүүлээд Б.Ц-г алгадахад миний хүзүүнээс маажсан.
Тэгэхээр нь гарыг нь ард нь бариад тэвэрхэд хөлөөрөө хана луу жийхэд бид хоёр хамт унасан. Унахдаа би доор нь ороод, Б.Ц миний дээр газарт унасан. Би Б.Ц-гийн хацар луу нь 2 удаа алгадсан. Өөр байдлаар түүнийг цохиж зодоогүй ээ. Бид нийтийн байранд амьдардаг, хөрш айлууд. Олон жил нэг байранд амьдарсан, найзууд байсан болохоор хохирол төлбөр нэхэмжлээгүй байх.
Би гэртээ ээж, ах дүү нарын хамт амьдардаг. Манай ах сүрьеэ өвчтэй тул ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ээж архи уугаад удаан хугацаагаар гэрээсээ гараад алга болчихдог болохоор би хичээлийнхээ хажуугаар ажил хийж, хоол ундаа залгуулдаг юм. Би ерөнхий боловсролын сургуулийн 12 ангид сурдаг, хичээл тараагүй, одоо улсын шалгалтаа өгөөд дуусна. Цаашид элсэлтийн шалгалт өгч, үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа.
Хохирогч гэх Б.Ц бид хоёр урьд нь нэг ангид хамт сурдаг байсан ба Б.Ц надаас нэг оноор дүү юм. Манай дүү сүрьеэ өвчнөөр өвдөж, уушгаа авхуулсан, дараа нь бөөрний хагалгаанд орсон байсан юм. Гэтэл Б.Ц мэс засал хийлгэсэн газарт нь өшиглөөд, оёдол нь тойроод хөхөрсөн байсан. Цохиулсанаас хойш хэдэн хоног халуурч хэвтсэн, өөр зүйл илрээгүй.
Би Б.Ц-д манай “дүүг яагаад цохисон юм бэ” гэхэд “чи дүүгээ хүмүүжүүл, танай дүү чинь хүмүүжилгүй байна” гэснээс бид хоёр маргаж ийм асуудал болсон юм. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710003440119 дугаартай хэргээс:
“...Би 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Олимпийн 5-76 тоот гэртээ байхад хаалга тогшсон, хаалгаа тайлсан чинь хажуу айлын М.Б шууд миний цамцнаас татаж гаргаж ирээд “чи манай дүүг яаж байгаа юм бэ” гээд миний нүүр лүү цохисон. М.Б бид хоёр өмнө нь 15 дугаар сургуульд хамт, нэг ангид сурдаг байсан юм. Хэрүүл маргаан юунаас болсон гэвэл өмнөх өдөр нь М.Б төрсөн дүү М.Бтэй муудалцсанаас болж ийм асуудал үүссэн. Миний нүүрэн тус газар луу М.Б нь 5-6 удаа гараараа алгадаж, цохисон. Мөн миний хүзүү хэсэгт боож цээж, зүүн гарыг маажсан. Тэгээд М.Б гэрт очиж ах М.М нь танай дүү намайг зодсон гэж хэлсэн чинь юу яриад байна, чи яагаад манай дүүг цохисон юм бэ гэж муудалцсан. Бид хоёр нэгдүгээр ангиас хойш хамт суралцсан найзууд байсан, бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9569 тоот дүгнэлтэд:
1. Б.Ц-гийн биед тархи доргилт, дух, хүзүү, баруун, зуун шуу, цээжний зулгаралтууд, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 12х/,
3. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Олимпийн 5 дугаар байрны 76 тоотод 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай том охин буюу Б.Ц нь 12 дугаар ангийн сурагч, дундах хүү Б.Г нь дунд ангийн сурагч, бага охин Б.Б- нарын хамт амьдардаг. 2017 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон асуудал дээр би байгаагүй. Манай хүүхдүүд л байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай охиныг М.Б нь хэл амаар доромжилж, хувинтай шээсээ цонхны доор асгаснаас болж маргалдсан гэсэн. Тэгээд маргааш нь би ороод “битгий муудалцаж маргалд” гэж хэлээд ажилдаа явахад манай охиныг Б-ийн ах М.Б нь намайг явсан хойгуур алгадаж зодсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.
Миний охины зүрх муу болохоор шавар эмчилгээнд явуулж болохгүй. Сувилалд 10 хоног, өдрийн 45.000 төгрөгөөр явсан. Тэгээд мөн Яармагийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Б-ийн хувьд тухайн үедээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Бид хөрш айлууд болохоор яаж, ийж байна эргэж тойрч байсан. Форм хувцасаа аваарай гэж 100 гаруй мянган төгрөг М.Б-д өгсөн. Б нь гэр орноо тэжээгээд амьдралаа авч явдаг хүү байгаа юм. Бидний хувьд ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,
4. Гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...М.Б гэх хүүхдийг 2012 оноос хойш танина. 7в ангид орж байхад нь ангийг нь дааж авч байсан. Их бие султай, өвчлөмтгий, ар гэрийн анхаарал халамж сул, эдийн засгийн чадамж маш муу, нэн ядуу амьдралтай. Ам бүл 6-уулаа гэж байсан. Тухайн үедээ эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр л амьдардаг байсан. Эмээ нь хэвтрийн хөгшин байж байгаад 3 жилийн өмнө нас барсан. Ээж, нэг ах, дүү нарын хамт амьдардаг. Хичээл номондоо жоохон хоцрогдолтой.
Гэхдээ төлөв даруу, багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, сурахын төлөө эрмэлздэг. Ямар нэгэн өвчин хүрээгүй тохиолдолд хичээл тасалдаггүй хүүхэд. Одоо бол доороо 4 дүүтэй болчихсон. Ах нь өвчний учир ажил хийдэггүй, ээж нь мөн ажил хийдэггүй, архи уучихдаг, хүүхдүүдээ хэдэн сараар хаяад явчихдаг хүн.
Тэр хооронд ганц амьдарлаа авч яваа нь энэ Б юм. Б нь хичээл сургуульдаа яваад, сүүлийн 1-2 цагийн чөлөө авч дүү нараа харж асардаг. Мөн давхар ундааны цех, ачааны вагонд ачаа буулгадаг, цагийн ажил олдвол голохгүй хийдэг хүүхэд. Заримдаа “ээж алга болчихсон” гээд хичээлээс чөлөө авч, хайдаг. 12 дугаар ангийн хүүхдийн нуруун дээр баймгүй их ачаа яваа хүүхэд дээ.
Хувийн зан байдлын хувьд М.Б нь зан ааш сайтай, анги хамт олон дундаа нэр хүнд сайтай, найз нөхдийнхөө дэмжлэгийг байнга авдаг. Тэр хэрээрээ хичээл номондоо шамдаж сурахын төлөө эрмэлздэг хүүхэд, чанга дуугарч үзээгүй, зөөлөн аядуу зантай ангийн сайн хүүхдийн нэг юм. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Б хүнтэй өндөр дуугаар ярих битгий хэл хараалын үг хэлдэггүй. Хэдий тийм хүнд хэцүү амьдралтай ч өөртөө маш арчаатай, хэзээ ч урагдаж сэмэрсэн, хиртэй хувцастай сургуульдаа ирдэггүй.
Болсон асуудлын талаар Б надад ярихдаа “Ц манай дүү Бийг зодоод, түүнээс болоод алгадахаар нь би зөрүүлээд алгадчихсан” гэж ярьсан. Учир нь дүү Б нь хүнд өвчний улмаас олон сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд, хүнд хагалгаанд ороод эмнэлэгээс гарч ирээд удаагүй байсан юм. Манай ангийхан сургуульдаа хандивын аян өрнүүлж байж дүүгийнх нь эмчилгээний зардлыг нь гаргаж байсан.
Тухайн үедээ найдваргүй гэж яригдаж байсан. Миний шавь тухайн өдөр нь дүүгээ сахиж, хичээлдээ явж, хоол ундыг нь зөөж, оройн цагаар ажил хийдэг. Энэ хүүхдийг ямар нэгэн асуудалд орвол ард үлдэх амьдрал, ар гэр нь хэцүүхэн байдалд орно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,
5. Шүүгдэгч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Зуны амралтаараа энд тэндгүй ажил хийж ар гэрээ авч явдаг. Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зүүн хараад барилга дээр засал чимэглэлийн ажил хийж байгаад 25-ны өдөр гэртээ ирсэн. Өглөө нь 10:20 цагийн орчим гэртээ ирэхэд миний 14 настай төрсөн дүү Б хүнд зодуулчихсан, ...биеийнхээ дух, нүүрэн хэсэгтээ маажуулсан, хагалгаа хийлгэсэн оёдлынх нь ойр хавьд нь хөхөрч хавдсан байдалтай байсан.
Манай дүү 4-5 сар гаруй хугацаанд халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан, биеийн байдал нь хүнд гэдгийг нь мэдсээр байж дүүг маань Ц гэх хажуугийн хөрш айлын охин зодсон байсан. Тэгээд дүүгээ авч гараад Цтэй уулзаад “чи яагаад манай дүүг зодож байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс хэрэлдээд, намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд хоёр удаа алгадсан.
Тэгээд Ц намайг маажих гээд дайрахаар нь хоёр гарыг нь барьж аваад нуруу хэсэгт нь гаргаж байгаад тэвэрсэн. Тэгтэл Ц хөлөөрөө хананд жийгээд өөдөөс харсан хаалгаар нь би доор нь ороод унасан. Тэгээд босоод “яаж байгаа юм” гэтэл учир зүггүй уйлаад “Бачка намайг зодоод байна” гээд цагдаа дуудаж өгсөн. Тэгээд манай дүүг зодсон асуудал дээр нь бид нар зөрүүлээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй нь танилцсан.
Намайг алгадахад түүний толгой нь доргисон байх. Би дух, хүзүү, баруун, зүүн шуу, цээжний зулгаралт, зүүн бугалга, шуу, зүүн, гуяны цус хуралт гэмтлийг нь учруулаагүй. Би хоёр удаа алгадаад, Ц маажих гэж дайраад байхаар нь хоёр гарыг нь биетэй нь хамт тэвэрч авсан чинь хана руу жийгээд хоёулаа унасан .
Ц бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх асуудал юу ч байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-103х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 37х/, хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 36/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шалгаж тодруулсан, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпийн 5 дугаар байрны гадна дүү “М.Б-ийг зодсон байна” гэснээс Б.Ц-тэй маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг цохиж биед нь “тархи доргилт, дух, хүзүү, баруун, зуун шуу, цээжний зулгаралтууд, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн
- насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Олимпийн 5-76 тоот гэртээ байхад хаалга тогшсон, хаалгаа тайлсан чинь хажуу айлын М.Б шууд миний цамцнаас татаж гаргаад, “чи манай дүүг яаж байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газар луу цохисон. М.Б бид хоёр өмнө нь 15 дугаар сургуульд хамт нэг ангид сурдаг байсан. Хэрүүл маргаан юунаас болсон гэвэл өмнөх өдөр нь М.Бы төрсөн дүү М.Бтэй муудалцсанаас болж ийм асуудал үүссэн. Миний нүүрэн тус газар луу М.Б нь 5-6 удаа гараараа алгадаж цохисон, мөн миний хүзүү рүү боож цээж, зүүн гарыг минь маажсан.” гэсэн мэдүүлэг,
- иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Н-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Олимпийн 5 дугаар байрны 76 тоотод өөрийн төрсөн 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай том охин буюу Б.Ц нь 12 дугаар ангийн сурагч, дундах хүү Б.Г нь дунд ангийн сурагч Б.Б гээд охин байгаа.
2017 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд бослсон асуудлын тухайд тухайн үед нь би гэртээ байгаагүй юм. Гэрт хүүхдүүд л байсан. 07 дугаар сарын 24-ний өдөр манай охиныг М.Б нь хэл амаар доромжилж, хувинтай шээсээ цонхны доор асгаснаас болж маргалдсан байсан. Тэгээд маргааш нь би “битгий муудалцаж маргалд” гэж хэлээд ажилдаа явсан хойгуур манай охиныг Бийн ах М.Б нь алгадаж зодсон байсан. Тэгээд энэ асуудлыг мэдээд, Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.Ч-ийн: “...М.Б гэх хүүхдийг 2012 оноос хойш танина. 7в ангид орж байхад нь ангийг нь дааж авч байсан багш нь юм. Их бие султай, өвчлөмтгий, ар гэрийн анхаарал халамж сул, эдийн засгийн чадамж маш муу, нэн ядуу амьдралтай. Ам бүл 6-уулаа гэж байсан. Тухайн үедээ эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр л амьдардаг байсан. Эмээ нь хэвтрийн хөгшин байж байгаад 3 жилийн өмнө нас барсан. Ээж, нэг ах, дүү нарын хамт амьдардаг. Хичээл номондоо жоохон хоцрогдолтой.
Гэхдээ төлөв даруу, багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, сурахын төлөө эрмэлздэг. Ямар нэгэн өвчин хүрээгүй тохиолдолд хичээл тасалдаггүй хүүхэд. Одоо бол доороо 4 дүүтэй болчихсон. Ах нь өвчний учир ажил хийдэггүй, ээж нь мөн ажил хийдэггүй, архи уучихдаг, хүүхдүүдээ хэдэн сараар хаяад явчихдаг хүн. Тэр хооронд ганц амьдарлаа авч яваа нь энэ Б юм. Б нь хичээл сургуульдаа яваад, сүүлийн 1-2 цагийн чөлөө авч дүү нараа харж асардаг. Мөн давхар ундааны цех, ачааны вагонд ачаа буулгадаг, цагийн ажил олдвол голохгүй хийдэг хүүхэд. Заримдаа “ээж алга болчихсон” гээд хичээлээс чөлөө авч, хайдаг. 12 дугаар ангийн хүүхдийн нуруун дээр баймгүй их ачаа яваа хүүхэд дээ.
Хувийн зан байдлын хувьд М.Б нь зан ааш сайтай, анги хамт олон дундаа нэр хүнд сайтай, найз нөхдийнхөө дэмжлэгийг байнга авдаг. Тэр хэрээрээ хичээл номондоо шамдаж сурахын төлөө эрмэлздэг хүүхэд, чанга дуугарч үзээгүй, зөөлөн аядуу зантай ангийн сайн хүүхдийн нэг юм. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Б хүнтэй өндөр дуугаар ярих битгий хэл хараалын үг хэлдэггүй. Хэдий тийм хүнд хэцүү амьдралтай ч өөртөө маш арчаатай, хэзээ ч урагдаж сэмэрсэн, хиртэй хувцастай сургуульдаа ирдэггүй.
Болсон асуудлын талаар Б надад ярихдаа “Ц манай дүү Б-ийг зодоод, түүнээс болоод алгадахаар нь би зөрүүлээд алгадчихсан” гэж ярьсан. Учир нь дүү Б нь хүнд өвчний улмаас олон сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд, хүнд хагалгаанд ороод эмнэлэгээс гарч ирээд удаагүй байсан юм. Манай ангийхан сургуульдаа хандивын аян өрнүүлж байж дүүгийнх нь эмчилгээний зардлыг нь гаргаж байсан. Энэ хүүхдийг ямар нэгэн асуудалд орвол ард үлдэх амьдрал, ар гэр нь хэцүүхэн байдалд орно.” гэсэн мэдүүлэг,
- “Б.Ц-гийн биед тархи доргилт, дух, хүзүү, баруун, зуун шуу, цээжний зулгаралтууд, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9569 дугаартай дүгнэлт /хэргийн 12х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ы үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б нь 2000 оны 05 сарын 11-ны өдөр, хохирогч Б.Ц нь 2001 оны 11 сарын 16-ны өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт авагдсан тэдний төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 15х/, төрсний бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 28х/, нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн хэргийн 27х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг гарсан 2017 оны 07 сарын 25-ны өдрийн байдлаар шүүгдэгч М.Б нь 17 нас 02 сартай, хохирогч Б.Ц нь 15 нас 08 сар 09 хоногтой байсан нь тогтоогдсон.
Прокуророос хэрэг шүүхэд шилжиж ирсэн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн байдлаар шүүгдэгч М.Б нь 18 насанд хүрсэн байна. /2018 оны 05 сарын 11-нд нас хүрч 18 нас 06 хоногтой./
Шүүгдэгч М.Б нь 18 насанд хүрээгүй байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Цгийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч насанд хүрээгүй Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлж, гомдол саналгүй гэдгээ тус тус илэрхийлсэн баримттай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч М.Б-аас гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/ баримтаар тогтоогдсон нь түүнийг анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Түүнчлэн өсвөр насны хохирогч Б.Ц нь гэмт хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр ыцюц /2017 оны 07 сарын 24-нд шүүгдэгч М.Б-ы төрсөн дүү 13 настай М.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зүй бус буруутай үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь хэргийн 100 дугаар талд авагдсан “Б.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй шалтгаанаар түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Прокурорын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 659 дугаартай тогтоол баримтаар нотлогдсон байна.
Хэргийн шүүгдэгч М.Б нь арван найман насанд хүрээгүй байхдаа “өөрийн дүү Бийг бие муутай, өвчтэй байдлыг нь мэдсээр байж зодлоо” гэсэн хувийн таарамжгүй харилцаанаас улмаас насанд хүрээгүй Б.Ц-тэй маргаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.Бы өмгөөлөгч Д.Оюунбаатарын “...Миний үйлчлүүлэгч М.Б нь хохирогч Б.Цэцэгланг алгадаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн биед учирсан гэх шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хэд хэдэн гэмтлүүд нь шүүгдэгч түүнийг 2 удаа алгадаснаас үүссэн эсэх, аль эсхүл хохирогч шүүгдэгч нар нь барьцалдсан байдалтай давхаралдан газарт унаснаас хохирогчийн биед учирсан зарим гэмтэл үүссэн эсэх, Б хохирогчийг алгадсанаас шинжээчийн дүгнэлтэд заасан аль гэмтэл нь хохирогчид учирсан зэрэг нь тодорхой бус байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал бүрэн тогтоож чадаагүй гэж үзэхээр байх тул “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлдох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүгдэгчид ажигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогчийн зүй бус буруутай үйлдэл тухайн гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон зэргийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч М.Б нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 18 нас 26 хоногтой насанд хүрсэн хэдий ч, тэрээр Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 12В ангид суралцдаг, сургуулиа бүрэн төгсөөгүй хувийн байдал зэргийг харгалзан “арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх боломжтой гэж /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дэх хэсэг/ шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас нөхөн төлөх төлбөргүй, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Н нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.Б-д хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Н нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД