| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431000000044 |
| Дугаар | 2024/ДШМ/106 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/106
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох эрүүгийн дугаартай, 175/2024/0123/Э/208/2024/0089 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл-2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг ****** байр ****** тоотод оршин суудаг, бие эрүүл, ухаан бүрэн гэх (РД: ***********) урьд
-2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгийн торгуулийн ял,
-2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
-2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сутай бааранд “намайг түлхлээ” гэх шалтгаанаар иргэн С.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;
мөн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг Шар 5-н давхар байрны 5 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн З.*******тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь “хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогч З.*******г онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцож, 40 хоног буюу 01 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил, 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 12 жил, 01 сар, 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 230 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хавсарган хадгалах, хар өнгийн хутганы хуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас хохирогчийн эмчилгээний зардал, цалингийн зөрүү 21.613.830 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 13.200.000 төгрөг, нийт 34.813.830 төгрөгөөс /21,613,830+13,200,000=34,813,830 төгрөг/ шүүгдэгчийн нөхөн төлсөн 4.000.000 төгрөг хасаж тооцож, 30.813.830 /гучин сая найман зуун арван гурван мянга найман зуун гучин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж, хохирогч З.*******гийн хууль ёсны төлөөлөгч З.т олгох, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 12.969.900 төгрөг, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 31.500 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас тус тус гаргуулж олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.*******гийн хууль ёсны төлөөлөгч З.ийн гаргасан хохирогчийн охины сургалтын зардал 12.444.490 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Хохирогч З.*******, хохирогч С.******* нараас энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.10.04-ний өдөр хянан хэлэлдээд 2024/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч хуулийн дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.Юуны өмнө манай үйлчлүүлэгчийн 2024.01.20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт нэг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ өөрийнхөө гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрдөг, түүнд учруулсан хохирол төлбөр, гэм хороо төлөхөө илэрхийлдэг, мөн хохирогч С.*******ын хувьд чухам яг хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхой бус учраас шүүх хохирогч С.*******д төлөх төлбөргүй гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тиймээс үүн дээр ямар нэгэн байдлаар гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх маргаан байхгүй юм.
2.Харин анхан шатны шүүхийн дээрх тогтоолд 2024.02.15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6-р баг, шар 5 давхрын 5-р байрны 1-р орцонд өөрийн урьдны дотно харилцаатай байсан З.*******г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутгаар түүний биед олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлүүд бий болсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх үндэслэл бүрджээ гэж үзэж байна. Учир нь хэргийг шалгасан мөрдөгч нь анхнаасаа хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож, хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагааг бүрэн гүйцэд хийхийг хичээсэн байх боловч хохирогч болон яллагдагч /шүүгдэгч/ нарын хэн аль нь болсон үйл явдлын талаар хэрхэн үнэн зөв ярьж байгааг бүрэн гүйцэд тогтоож чадсангүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг үнэн бодитоор тогтоож чадаагүй байна гэж үзлээ.
3.Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлжээ, ...шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно гэсэн байгаа нь шүүх хуралдааны камерын бичлэг бүхий дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй байна гэж үзлээ. Учир нь өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Д.*******тай хамт гэмт хэргийн зүйлчлэлийн талаар ижил байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бөгөөд ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэдгээ хэлсээр байтал огт өөрөөр шийтгэх тогтоол, тэмдэглэлд илтэд алдаатай буруу байдлаар дурдагдсан байгааг анхаарах хэрэгтэй байна. Манай үйлчлүүлэгчийг “Хүнийг онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан” гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлтийг гаргахаас өмнө манай үйлчлүүлэгчийг прокуророос анх зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгож, дахин зүйлчлэлийг хүндрүүлэх талаар чиглэл өгч ажилласан нь шүүх хэт нэг талыг барьсан, “улсын яллагчийн байр суурьнаас мэт” хандсан, яллах чиг үүргийг хэрэгжүүлсэн байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг нь шүүхийн тогтоол, шийдвэр, тэмдэглэлд дурдснаас өөрөөр байвал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрддэг билээ.
Иймд, манай үйлчлүүлэгчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс хамтран гаргаж буй энэхүү гомдлыг хүлээн авч давж заалдах журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэм буруу дээр маргаагүй гэх асуудал болоогүй. Ойлголцлын зөрүү байсан. Манай үйлчлүүлэгч алахыг завдсан үйлдэл гаргаагүй. Тийм учраас би гэм буруу дээр маргаж оролцоно гэж хэлсэн. Тийм учраас завсарлага авч байр сууриа нэгтгээд орж ирсэн. Шүүхээс 60 хоногоор хойшлуулж, хүндрүүлж орж ирж байгаа нь тогтоогдохгүй байна гэх байр суурийг илэрхийлж оролцсон. Дуу дүрсний бичлэг байсаар байтал алдаатай шийдвэр болсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Давж заалдах гомдлын гомдолд тайлбар хэлье. Шүүх хуралдаанд яригдсан зүйл зөрүүтэй гэсэн зүйлийг ярьж байна. Бид нар шүүх хуралдаанд бүгд суусан. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэсэн зүйлийг хэлсэн. Шүүгдэгчийн хувьд би санаатай алахыг завдаагүй гэдэг. Ингээд шүүгдэгч, өмгөөлөгч хоёрын байр суурь зөрөлдөөд шүүхээс хоёр өөр зүйл яриад байна гэсний дараа шүүх хуралдаанд завсарлага аваад уулзаж орж ирж байсан. Огт яригдаагүй зүйл байхгүй. Шүүх хуралдааны бичлэг дээр тодорхой бичигдсэн байгаа. Зүйлчлэл хүндрүүлсэн гэсэн дээр шүүх хуулинд зааснаар тодорхой нөхцөл байдал, нотлох баримт дээр тулгуурлаад зүйлчлэлийг хүндрүүлэх хуулиар заасан эрх нь байгаа. Үүний хүрээнд хүндрүүлж зүйлчлэхээр 60 хоногоор хойшлуулсан. Хуулийг хэрэглэсэн асуудал дээр прокурортой ижил байр суурь илэрхийллээ гэсэн зүйл байхгүй. ... Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгчийн зүгээс биеийн байдал нь сайжирсан гэж хэлж байна. Үнэндээ биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй. Миний эгч хэзээ суумгай болохыг хэлж мэдэхгүй. Байнгын шимэгдүүлэх эм тариа хийж байгаа. ... Баруун гар нь огт ажиллагаагүй. Өмгөөлөгчийг очиж эрүүл мэндийн байдалтай нь танилцаач ээ гэж хэлмээр байна. Эмнэлгээс орчноо солиод үз, өндөр хөгжилтэй газар очиж үз гэж хэлсэн. Нугас гэх зүйл хэзээ ч дахин төлжихгүй. 2,000,000 төгрөгөөр ялтас аваад хооронд нь холбочихсон байгаа. Зүгээр хүн шиг явж чадахгүй. Байнгын хоол цайг нь хийж өгнө. Биеийн байдал нь сайжраагүй. Би үнэхээр гайхаж байна. Ганц удаа хутгалчихаж болно. Эмнэлэгт ямар байдалтай байгааг нь та нар хараагүй.
Гэр бүлийн харилцаатай байсан гэж байна. Мессеж дотор нь байсан. Утсыг нь харахад хүнийг яаж ингэж дарамтлахаараа ингэж аймар мессеж бичдэг юм бэ?. Миний эгч болохгүй байна гээд харилцахаа больсон гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.*******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Анхан шатны шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын гэм бурууг хэлэлцэж, -шүүгдэгч Д.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сутай бааранд “намайг түлхлээ” гэх шалтгаанаар иргэн С.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;
-мөн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг Шар 5-н давхар байрны 5 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн З.*******тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь “хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчим ганцаараа Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" бааранд ганц пиво уугаад, жаахан вальс эргээд гарья санаатай ороод бүжиглэж байсан юм. Гэтэл ороод удалгүй бүжгийн талбай дээр бүжиглэж байтал миний ард нэг залуу газар унахаар нь эргээд харсан чинь тэр бааранд миний ширээний арын ширээнд сууж байсан залуу нэлээн согтуу байхаар нь ширээн дээр нь аваачих санаатай татаж босгоод эргээд хартал нэг залуу шууд намайг цохиод унагачихсан. Тухайн үед миний уруулаас цус гараад ариун цэврийн өрөө орж угаачхаад гараад иртэл намайг цохисон залуу гараад явчихсан байсан. Тэгээд би баарнаас гарч ирээд шууд эмнэлэг орж үзүүлээд эмнэлгийн бичиг аваад танай байгууллагад гомдол гаргаж байна. Миний дээд уруул 2 сэтэрч 8 оёдол тавиулсан, үүдэн нэг шүд хугарсан байна. Би тухайн залууг урд өмнө харж байгаагүй, тэр залуу миний уруул хэсэг руу гараараа нэг л удаа цохисон. Халимаг үстэй залуу байсан сайн дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Тухайн залууг би дараа харвал танина, бааранд байсан хүмүүс намайг цохисон гэх залууг таних юм яриад байсан” /2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “....өндөр нам 2 залуугийн өндөр залуу нь бүжгийн талбай дээр зүгээр бүжиглэж байсан хүнийг цохиод унагаасан тэгээд би наанаас нь очтол унагасан залууг босгож байсан залууг дахиад цохиод авсан тэгээд орилоод эмэгтэй хүн зодох гээд дайраад байхаар нь салгаж болиулсан байгаа, тэр өндөр залуу нийт зүгээр байсан 2 залууг цохиж аваад бааранд хэрүүл маргаан хийж байгаад нөгөө 2 залуу цуг ууж байсан энхэртэйгээ гараад яваад өгсөн, сүүлд цохиулсан залуу нь бие засах газар луу ороод цусаа угаагаад гараад ирсэн чинь уруул нь сэтэрсэн цус гарсан байсан тэр залуу миний шүд хаана байна гээд манай бааранд хайж байгаад шүдээ олоогүй гараад явсан тэр хэдийг гараад явсны дараа хүнгүй болоод манай баар хаасан байгаа, өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн үед Дархан сумын 5 дугаар багт байрлах "Сутай" нэртэй бааранд орох санаатай явж байсан чинь баарны хажууд таксинд явдаг ******* гэх залуу таарсан, тэгээд хамт бааранд орж архи ууж сууж байгаад тэнд байсан танихгүй хүүхнүүдтэй танилцаад сууж байсан тэгээд би согтсон, надтай хамт орсон ******* гэх залуу босоод явсан тэр үед би нэлээн согтуу байсан бид хоёр нийт цувуулж уусаар байгаад 3 шил архи уусан байсан тэгтэл ******* хэрүүл маргаан хийгээд түрүүлээд гараад явсан байсан, би *******ыг хэзээ явсныг би мэдээгүй, тэр өдөр өөрөө яваад өгсөн байсан өөр зүйл болоогүй. ******* гэх залуу таксинд явдаг залуу байгаа ******* ганцаараа над шиг амьдардаг тэгээд мэндийн зөрөөтэй байдаг юмаа тэрнээс тийм сайн найзууд бишээ” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146 тоот шинжээчийн “1. С.*******ын биед дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь 11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,
С.*******д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас №20240121 /2 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/,
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /2 дугаар хх-ийн 104-106 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-41 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-50 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.*******гийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...би алхаад гэртээ очоод 30-40 минут байж байхад манай ажлын газрын эмэгтэй Урангоо над руу залгаад хадмын дэлгүүрээс юм зээлээр аваад өгөөч гэж гуйхаар нь гэрээсээ гарахаар хувцас өмсөөд хаалгаа онгойлгоод гарахад үүдэнд Д.******* зогсож байсан. Д.******* “Чи миний өгсөн бэлгийг авсангүй чамтай уулзаж ярилцъя гээд гараас барихаар нь би “уулзах шаардлага байхгүй гэж хэлээд хаалгаа түгжээд буух гэхэд ******* орж, гараас зуураад гэрт чинь ороод ярилцмаар байна гэж хаалга онгойлгоод намайг гэр лүү оруулахаар чирэхэд нь би оролгүй 2 гараараа гараа алдлаад хаалгаар орохгүй зогсоход ******* манай гэрийн үүдний өрөөнд ороод намайг татаж байсан. Намайг гэнэт нүүр толгой руу хэд хэдэн удаа алгадаж цохиод үснээс зулгаахад нь би гарыг нь тавиулаад хөлөөрөө жийхэд гар нь тавигдахаар би доошоо шатаар зугтааж буухад ******* араас ирээд үснээс зулгаагаад дахиад хэд бие рүү болон толгой цохиж алгадахаар нь би эсэргүүцээд гарыг нь тавиулах гэхэд “чамайг хутгалчихъя” гэж ******* хэлээд гараа далайхад нь би эргээд харахад нуруу руу цохих шиг болсон. Би эргээд харахад миний хөл мэдээ алдаад нугалраад унасан. Цээж болон гарыг унасан хойно цохих шиг болсон. Бодвол хутгалсан биз. Хутгалагдаж байгааг халуу дүүгээд шингэн юм урсаж байгаагаар мэдсэн. Эхэндээ цохиж байна гэж ойлгож байсан. Унасан хойно хэд хэдэн удаа дээрээс цохисон, бодвол хутгалсан байх. Тэгээд шууд доошоо гүйгээд явсан. Би ******* явсан хойно туслаарай гэж орилсон, тэр үед 1 давхрын залуу надад тусалж байсан. Миний нуруу руу 2-3 удаа цохсоны дараа миний 2 хөл мэдээгүй болоод эргээд харахад миний урдаас цохих /хутгалах/ хоёрын нэгийг хийхэд би гараараа хааж тэмцэлдэх гэж оролдоход цохиод гараа саваад байсан. Би хөл дээрээ тогтож чадалгүй хэвтэхэд миний баруун гар луу хутгалаад баруун гар мэдээгүй гараа даахгүй болоход намайг дахиад цохиход би зүүн гараараа хаахад зүүн гарын алганаас цус гарч байгаа нь мэдэгдсэн мөн баруун гараа даахгүй учраас зүүн гараараа хааж байхад миний зүүн хэвлий цээж орчим хутгалсан. Би зүүн гараа урдаа бариад бас баруун гараа багахан өргөөд хааж байхад хэд хэдэн удаа хутгалсан. Миний мэдэж байгаа зүйл энэ байна. Би урьд өмнө *******тай уулздаг байсан. *******ын зан байдал ширүүн, намайг хүмүүстэй хардаад хэрүүл хийгээд байнгын дарамтад байлгаад байхаар нь би энэ хүнээс салахаар шийдээд уулзахгүй байхыг хичээж зайгаа барьдаг болсон. Надтай танилцаад удаагүй авир нь мэдэгдээд ирэхээр уулзахгүй гэхэд уурлаад араас хөөгөөд байдаг байсан. Тэгсэн нэг өдөр намайг орц дотор хоолойг минь боогоод хэрүүл хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан, түүнээс хойш уулзахгүй байгаа. Өнөөдрөөс 3 хоногийн өмнө 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ажил дээр улаан хайрцагтай зүйл жижүүрээр дамжуулж надад өгүүлсэн. Би ******* луу залгаж энийгээ ав гэхэд авахгүй гэсэн. Дараа өдөр нь буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би цайны цагаараа машиндаа суугаад гэртээ ирэхэд араас ******* машинтайгаа ирэхээр нь би нөгөө өгсөн зүйлийг нь аваад *******ын машины арын суудал руу шидээд “чи энийгээ ав, энэ хэрэггүй” гэж хэлсэн. ******* намайг өөртэй нь уулзахгүй, өгсөн юмыг нь авахгүй болохоор уурлаад намайг хутгалсан. Надад ямар нэгэн юм хэлээгүй, уулзана гэсэн би уулзахгүй гэсэн тэгсэн чамайг хутгална гээд л шууд хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ажилладаг Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг дэх ажилдаа яваад орой 17 uar өнгөрч байхад ажил тарсан юмаа. Би ажлаасаа 17 цаг 30 минутын орчим гарсан. Би ажлаасаа гарах үед манай ажлын арга зүйч 3.*******гийн хамтаар гарсан. Учир нь бид нэг зүгт явдаг юмаа. Ингээд бид хамт алхаж байгаад Сүхбаатар сумын 7 дугаар багт байх "Баян" нэртэй дэлгүүрийн орчим байдаг уулзвараар би гэр рүүгээ салаад явсан. Харин 3.******* цаашаа Сүхбаатар сумын 6 дугаар багт байх гэр рүүгээ ясан юм. Биднийг салах үед цаг 17 цаг 40 минут орчим л болж байсан байх. Би гэртээ 17 цаг 46 минутын орчим ороод байж байтал 19 цаг 06 минутад манай ажлын Х. залгаад "******* чинь хүнд хутгалуулчихсан байна гэж байна" гэж хэлсэн. Үүний дагуу би Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 70 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхсарангийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... ******* миний амьдардаг Сүхбаатар сум 6-р байг Шар таван давхрын 05 дугаар байрны 01 орц 03 давхарт ертөнцийн зүгээр зүүн талын хаалганд амьдардаг эмэгтэй байгаа юм. Түүнийг зүс таних бөгөөд дотно харилцаа байхгүй. Мөн түүнийг Баян авгайн дэлгүүрийн эмгэн *******ын бэр гэдгийг нь мэднэ. Би Сүхбаатар сум 6-р баг Шар таван давхрын 5 дугаар байрны 01 орцны 1 давхарт 1 тоотод амьдардаг бөгөөд өнөөдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ дэлгүүр орох гээд гарсан бөгөөд тэгсэн орцонд дээд давхраас эмэгтэй хүн туслаарай гэж орилохоор нь юу болсон юм бол гээд дээшээ шатаар гартал 2 болон 3 дугаар давхрын дунд хэсэг буюу шатгүй хэсэгт 3 давхрын ******* толгой хэсэг ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, зүүн гар нь цус болсон, толгойных нь харалдаа шалан дээр цус гоожиж тунасан байдалтай дээш хараад хэвтэж байсан. Тэгээд би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар тодруулж асуухад надад туслаарай хөл өвдөөд босож чадахгүй байна гэж хэлэхээр нь би шалан дээрх цусыг харсан байсан учир түүнд та түр хүлээж байгаарай, хүн дуудаадахъя гээд доошоо 2 дугаар давхрын айлын хаалгануудыг цохиод хүн байна уу? туслаарай гэхэд хүн байхгүй байх шиг байсан тэгэхээр 1 давхрын гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулдаг ******* эгчийн мөн нэг бэр нь болох эмэгтэй рүү ороход тэрээр байж байсан бөгөөд би түүнд хандан танай нэг бэр чинь 3 давхарт хүнд зодуулсан юм шиг хэвтэж байна та хурдан гараад ир гэж хэлээд орцноос гараад Баян авгайн дэлгүүр буюу ******* эгчийн дэлгүүр рүү ортол ******* эгч ганцаараа сууж байхаар нь түүнд хандан танай бэр чинь 3 давхарт хүнд зодуулсан байна хурдлаарай гэж хэлсэн. Тэгээд би буцаад орцныхоо 3 дугаар давхар руу гарах үед 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг ******* эгчийн бэр гараад ирсэн байсан бөгөөд тэрээр *******гаас сандарсан байдалтай юм асууж байсан бөгөөд тухайн үед ******* хариулаад байсан гэхдээ юу гэж хариулж байгааг нь сонсоогүй. Би *******г юу гэж хариулж байгааг сонсоогүй учир манай орцны 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг ******* эгчийн бэрээс юу болсон юм бэ? гэж асуухад "хэд хоногийн өмнөөс эгчийг хүн дагаад байсан юм аа" гэж хэлсэн өөр зүйл надад хэлээгүй би асуугаагүй. Тэгээд би 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг ******* эгчийн бэрээс “чи түргэн, цагдаа дуудсан юм уу” гэж асуухад дуудсан гэж хэлсэн. Би эмнэлэг ирэхээс өмнө гэрээрээ ороод хөвөн, бинт, ариутгалын спирт аваад буцаад ******* дээр очоод түүнийг хэрэглэх гээд яах учраа мэдэхгүй байж байтал түргэн тусламж ирсэн. Түргэн ирээд *******г нацилкан дээр хэвтүүлээд аваад явсан. Би нацилкнаас нь өргөлцсөн. Гадаа харанхуй, орц гэрэлгүй байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэхдээ *******гийн ерөнхий байдал нь харагдаж байсан. Мөн *******гийн гэрийн хаалга нь онгорхой байсан. Толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, зүүн гар нь цус болсон, толгойных нь харалдаа шалан дээр цус гоожиж тунасан байдалтай дээш хараад хэвтэж. Гадуураа куртиктэй, дотуураа гэрийн унтлагын хувцастай, хөлдөө юу өмссөн байсан талаар мэдэхгүй байна гэхдээ нацилкан дээр ачихад гутал, углааш байхгүй оймстойгоо байсан. Хувцас болон биеийн бусад хэсэг нь цус болсон байсан эсэх талаар би хараагүй орц харанхуй мөн би сандарч тэвдсэн сайтар тогтож хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сэнгээгийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн жижүүрийн үүргээ гүйцэтгээд байж байхад 175-180 см орчим өндөртэй 45-55 гаран насны залуу орж ирээд надад ууттай зүйл өгөөд “энийг *******д өгчхөөч” гэж хэлээд гараад явсан. Би авсан ууттай зүйлийг цэцэрлэгийн 2 давхарт *******гийн өрөөнд оруулж “энийг өөрт чинь хүн өгүүлж байна” гэж хэлээд гараад явсан. Удаагүй миний оруулж өгсөн ууттай зүйлийг авч гарч ирээд цэцэрлэгийн хашаанаас гараад хэсэг хугацааны дараа орж ирээд надад хандан "дахиад юм өгвөл битгий аваарай" гэж хэлсэн. Ууттай зүйлээ буцаад барьж орж ирсэн үү яалаа тэрийг сайн санахгүй байна. Тэнд ямар *******г хараад л суугаад байна гэж юу байх вэ. Тэр өдрөөс 2 хоногийн дараа ******* гэмтсэн гэж сонссон. Ууттай зүйл оруулж "энийг өөрт чинь хүн өгүүлж байна" гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Тухайн үед нүүр царайнд нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Би цэцэрлэгийн гадаа манай ажилчдын машин зогсож байдаг учраас би анзаарч харж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.*******ий 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би өнөөдөр 18 цаг 30 өнгөрч байхад өөрийн ажиллуулдаг “Титэм” нэртэй дэлгүүрт сууж байтал манай дэлгүүрт хар өнгийн саравчтай малгай, гүн ногоон өнгийн болеберон куртиктэй дотуураа цэнхэр өнгийн юүдэнтэй цамц өмсөж юүдэнгээ куртикнийхээ гадуур гаргачихсан, цэргийн ногоон өнгийн олон карматай өмд өмссөн, 40-50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийнхөө утсаар интернэт банк руу орох гэсэн юм чи ороод өгөөч гээд ахынх нь 1 нүд хардаггүй юм гээд утсаа надад өгөхөөр нь би утсанд нь нэвтрэх кодыг нь асуутал буруу зөв хэлээд байхаар нь би “болохгүй байна” гээд буцаагаад өгсөн. Тэгээд тэр ах ямар нэг зүйл авалгүй гараад явчихсан. Харин тэр ах манай дэлгүүрийн шилэн хаалгаар байн байн гадагшаа хараад байсан бөгөөд манай шилэн хаалга нь хойшоогоо шарын 5 дугаар байрны 1 дүгээр орц руу эгц харсан байдаг юм. Тэр ах ганцаараа орж ирсэн. Бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Манай дэлгүүрээр урьд өмнө орж ирж байгаагүй, харж байгаагүй хүн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Урангоогийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...би ажлаа тараад нөхөртэйгөө хамт ажлын газрын Урангуаг ажил дээрээс гэрт нь хүргэж өгчхөөд замаараа *******гийн дэлгүүрээс ээмэг авахаар дэлгүүр рүү очтол ээж нь дэлгүүртээ байсан. Нөхөр бид 2 хар өнгийн ******* ******* улсын дугаартай приус-20 маркийн машин дотроо орцных нь үүдэнд хүлээж зогсож байсан. Тэгээд би ******* эгчтэй 18:21, 18:25 цагуудад ярихад “дэлгүүр нь онгорхой байна уу” гэж асуухаар нь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал гарч ирэхгүй байсан ба тэдний гадаа түргэний машин ирээд ******* эгчийг ээж аав нь сандраад гүйгээд байхаар нь бид хоёр тэдний гэрт асуудал гарсан байна гэж бодоод яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхзулын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би *******тай Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгт 4 сараас хойш хамт ажиллаж байна. Урьд нь мөн 2 жил хамт ажиллаж байсан, бид хоёр шар таван давхрын 1 орцонд хамт амьдардаг манайх 5 давхарт амьдардаг. 2 хоногийн өмнө буюу шинийн 4-ний өдөр би гэрээсээ зээ охинтойгоо 08 цаг 10 минутын үед гараад байрны хажуу талын Буянт рашаан эмийн сангийн урдуур гарч 5 дугаар байрны булангаар ард талын зам руу гараад явж байтал хар өнгөтэй приус маркийн машин хажууд зогссоноо жолооч талын шил нь буугаад хаа явах гэж байгаа юм гэж асуухаар нь 3 дугаар цэцэрлэг явах гэж байна гэж хэлсэн. Жолооч залуу нь суучих гэхээр нь ард талын хаалгыг онгойлгоод охиноо түрүүлж суулгаад ард талаас нь би суусан юм. Улмаар хөдлөөд явж байтал жолооч залуу та хүүхдээ хүргэж өгөх гэж байсан юм уу? Та тэндээ ажилладаг уу гэхээр нь тийн гэсэн чинь юу хийдэг юм гэсэн. Би багш хийдэг гэж хэлэхэд ******* тэнд ажилладаг биз дээ гэж хэлсэн. Баргийн хүн *******г бүтэн нэрээр нь дууддаггүй Гээгий гэж дууддаг. Тэгснээ танайх хүүхэд авах уу гэсэн би авна шүү дээ гэсэн чинь Гээгий машинтай юу гэсэн. Машинтай машинтай гэж хариулсан чинь Гээгий машинтай юу гэсэн. Машинтай гэсэн чинь дахиж дугараагүй. Уг яриа Хаш дэлгүүрийн ойролцоо болсон. Тэгээд би цэцэрлэгийн гадаа хүргүүлээд баярлалаа гээд буусан. Уг хүн надаас таксины мөнгө аваагүй. Би уг хүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн. Тэгээд орой нь ажлын цаг тарахад ******* намайг хамт явах уу гэж асуусан. Тэгээд би түүний машинд суутал дахиад тэр хүнтэй тааралдвал юм яриад хэрэггүй машинд суугаад хэрэггүй гэж хэлсэн. Мөн намайг хэдэн жилийн өмнөөс хамт амьдаръя сууя гэж хэлээд байсан залуу юм байна лээ архи уудаг гэж хэлсэн. Тэгэхээр нь яанадаа гэж хэлээд байрны гадаа буусан. Дахин уг залуугийн талаар ярилцаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2984 тоот шинжээчийн “ 3.*******гийн биед хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, цус хуралт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалгын мэдрэл тасарсан шарх, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуу, хүзүүний зүүн урд хэсгийн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 107-112 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №17/24 дугаартай: “1.******* овогтой ******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл болно. 2. ******* овогтой ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй болно 3. ******* овогтой ******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэх чадвартай. 4. ******* овогтой ******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. 5. ******* овогтой ******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 120 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 855 тоот шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцны урд талд үүссэн 540мм, 680мм хэмжээтэй гэмтлүүд, майкны урд талд үүссэн 380мм, 20мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд, цагаан өнгийн хөхний даруулгад 70мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Хөх эрээн өнгийн цамцны ар талд үүссэн 23мм, 24мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд, майкны ар талд үүссэн 23мм, 28мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Бусад хувцас гэмтэлгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-133 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1339 тоот шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн "Д.*******" гэж хаягласан "С00536224" гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн "Д.*******" гэж хаягласан "С00536224" гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. 3. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1340 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь *******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 142-144 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1341 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь *******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,
Хохирогч З.*******гийн өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хх-ийн 245-250 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 1-50 дугаар хуудас/
Хохирогч З.*******гийн эмчилгээний холбоотой төлбөрийн баримтууд /2 дугаар хх-ийн 51-61, 151-164 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “Би дээрх хэргийн улмаас хохирогч З.*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн үйлчилгээгээр нийт 12.969.900 төгрөгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжилмээр байна. Хохирогч С.*******ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжид 1 удаагийн үйлчилгээгээр нийт 31.500 төгрөгийн эмчилгээний төлбөр гарсан байна. Би энэ мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 418 тоот шинжээчийн “1. Гэмт хэргийн улмаас 3.******* /РД: МЭ75072508/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж илэрч байна 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. 4. шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 136-137 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 195 дугаар хуудас/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 196 дугаар хуудас/,
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 197, 200 дугаар хуудас/,
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 198-199 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 201 дүгээр хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 202-205 дугаар хуудас/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 206-218 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 219-237 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
3.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй, харин З.*******гийн биед халдсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бус мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байж болох талаар давж заалдах шатны шүүхээр эрх зүйн дүгнэлт хийлгэхээр гомдол гаргасныг шүүх хүлээн авч зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******* баг Шар 5-н давхар байрны ********* байрны ********* орцонд иргэн З.*******тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд буюу хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул тус тус гэмтлийн хүнд, баруун бугалгын мэдрэл тасарсан шарх, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуу, хүзүүний зүүн урд хэсгийн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарахаар гэмтлүүдийг үүсгэсэн үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэн хутгалж, шууд санаатайгаар довтолж хохирогч З.*******гийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлууд учруулж буй үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэж дүгнэн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Прокурорын газраас зүйлчлэлийг буруу тогтоож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж зохих ажиллагааг хийлгэн зүйлчлэлийг зөвтгүүлэн шийдвэрлэснийг шүүх яллах байр суурь баримталсан гэж үзэхгүй бөгөөд хуульд заасан ажиллагааг явуулж, шүүгдэгчид хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан ялын хэмжээ хүрээнд ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2-д “Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр ........алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж,
2-д “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 12 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ буюу 20 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрээгүй байх тул хуульд заасан хэмжээ хязгаарт багтаасан байна.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...намайг гэм буруугийн талаар маргаангүй гэж шийтгэх тогтоолд бичсэн нь шүүх хуралдааны бичлэгээс зөрүүтэй байгаа нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...хохирогч З.*******гийн биед халдсан үйл баримтын талаар маргахгүй байгаа бөгөөд харин тухайн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай байх бөгөөд анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийг гэм буруугийн талаар маргаангүй гэж бичсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүнийг эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварт хүргээгүйн дээр шийтгэх тогтоолд ингэж бичсэнээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
6.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Б.ЭРДЭНЭХИШИГ