| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/10807/И |
| Дугаар | 197/ШШ2025/08057 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/08057
2025 06 17 197/ШШ2025/08057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох гэм хорын хохирол 1,640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлээс 820,000 төгрөгийг хангаж, 820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
**** дүүргийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 сарын 04-ний өдөр миний өмчлөлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хариуцагч Б.Б-ийн өмчлөлийн блокон хашаа нурж машины орой хонхойж цөмөрсөн, баруун дээд багана хонхойж тунарсан, баруун урд хаалганы будаг халцарч, зурагдсан, баруун хойд хаалга хонхойж, тунарсан, борооны хаалт хагарч, таазны салон нугаларч гэмтэл учирч 1,510,000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээ хийлгэхэд 130,000 төгрөгийн төлбөрийг төлсөн тул нийт учирсан хохирол 1,640,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. **** дүүргийн ** хороонд өмчлөлийн хашаа, байшин байдаг ба 2025 оны 05 сарын 04-ний өдөр хүчтэй салхи гарсан улмаас хашаа нурсан үнэн. Хашаа нурсан надаас шалтгаалаагүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Нэхэмжлэгч Б.Э зогсоолын бус газарт тээврийн хэрэгслийг байрлуулснаас эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн **** ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний баримт, гэрэл зургийн үзүүлэлт, зохигчийн тайлбар, нотлох баримтаар 2025 оны 05 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Э-ийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр блокон хашаа унаж, машины орой хонхойж цөмөрсөн, баруун дээд багана хонхойж тунарсан, баруун урд хаалганы будаг халцарч, зурагдсан, баруун хойд хаалга хонхойж, тунарсан, борооны хаалт хагарч, таазны салон нугаларч эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Б.Б-аас **** дүүргийн ** хороонд өмчлөлийн хашаа байшинтай болох, 2025 оны 05 сарын 04-ний өдөр хашаа нурсан, нэхэмжлэгч Б.Э **** тээврийн хэрэгслийг зогсоолын бус газарт байрлуулсан зэрэг үйл баримт дээр зохигч маргаагүй.
Хариуцагч Б.Б-аас хүчтэй салхи гарснаас хашаа нурсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч өөрийн эд хөрөнгийг зохих ёсоор арчилж хамгаалах үүрэгтэй.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөлийг байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.
Иймд, нэхэмжлэгч Б.Э нь тээврийн хэрэгслийг зогсоолын бус газарт байрлуулсан болгоомжгүй үйлдэл нь гэм хор учрахад нөлөөлсөн гэж үзэж гэм хорын хохирлыг багасгаж, хариуцагч Б.Б-аас 820,000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй шүүх гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 41,190 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б-аас 820,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хуваарилах шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас 820,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлээс 820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 41,190 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б-аас 24,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА