| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/00442/И |
| Дугаар | 197/ШШ2025/08058 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/08058
2025 06 17 197/ШШ2025/08058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Ө-д холбогдох 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н,
Хариуцагч Б.Ө,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийг хангаж, 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.Ө-той 2024 оны 10 сарын 14-ний өдөр **** хороонд барилгын суурийн ажлыг 25,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсөнд 17,000,000 төгрөгийг төлсөн. Үүний 5,000,000 төгрөг нь **** дүүрэгт хийж гүйцэтгэсэн суурь цутгалтын ажлын хөлсөнд тооцож өгсөн тул хариуцагч Б.Ө-оос 2024 оны 10 сарын 14-ний өдөр амаар тохиролцсон ажлын хөлс 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Б.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. *** дүүрэгт студийн барилгын 26х18 хэмжээтэй суурь цутгах ажлыг уг компанитай 25,000,000 төгрөгөөр тохиролцож. Б.Н-ыг туслан гүйцэтгэгчээр суурь цутгуулах ажлыг 18,000,000 төгрөгөөр хийлгэхээр амаар тохиролцож, ажлын хөлсөнд 17,000,000 төгрөг төлсөн. Гэвч Б.Н ажлыг тохиролцсон хугацаа хэтрүүлж, доголдолтой хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Б.Н-ын **** дугаар **** банкны дансны хуулга, хариуцагч Б.Ө-ын **** банкны дансны хуулга зэрэг баримтаар ажлын хөлсөнд 17,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Амаар хийсэн хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ. Мөн хуулийн 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байна гэжээ.
Иймд зохигчийн хооронд 2024 оны 10 сард **** хороонд 26х18 хэмжээтэй барилгын суурь цутгах ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Талуудын маргаан нь нэхэмжлэгч Б.Н ажлыг хөлсийг 25,000,000 төгрөг тохиролцсон, хариуцагч Б.Ө 18,000,000 төгрөгөөр тохиролцон гэж маргасан.
4.1. Хариуцагч Б.Ө-ын барилгын суурийн ажлыг 25,000,000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцож Б.Н-ыг туслан гүйцэтгэгчээр оруулсан, гэрч Б.Д, С.Б нарын ажлын хөлсийг 25,000,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн мэдүүлгээр талууд ажлын хөлсийг 25,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.
4.2. Хариуцагч Б.Ө нэхэмжлэгч Б.Н тохиролцсон хугацаанд барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгээгүй, доголдолтой байсан, нэхэмжлэгч Б.Н ажлын хөлсөнд төлсөн 17,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг **** дүүрэгт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс байсан гэж тус тус тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэн аль нь хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч Б.Д, С.Б, хариуцагч талаас асуулгасан гэрч Б.А нарын мэдүүлгээс зохигч ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, мөн барилгын суурийн ажлын үр дүнг хүлээн авсан акт үйлдээгүй боловч бодитоор барилгын суурийн ажлыг хүлээн авсан гэж үзэхээр байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд, нэхэмжлэгч Б.Н нь *** дүүрэгт хийж гүйцэтгэсэн 26х18 хэмжээтэй барилгын суурийн ажлын хэлэлцэн тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 8,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
5.1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Ө-оос шилжүүлсэн 17,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөг нь **** дүүрэгт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс гэж тайлбарлаж байгаа хэдий ч дансны хуулганаас ***, **** дүүрэгт хийж гүйцэтгэсэн барилгын суурийн ажлын хөлс гэж гүйлгээний утгаас ялган зааглах боломжгүй байна.
6. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 222,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б.Ө-оос 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ө-оос 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 222,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б.Өоос 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА