Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

                                                  

 

 

                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Х, Г.Э нарт холбогдох эрүүгийн 1710 0115 00206 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, шүүгдэгч, хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

  1. Шүүгдэгч О.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М бааранд иргэн Г.Э-гийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж хамрын нуруу, зулай хуйхны цус хуралт, зөөлөн эдийн бяцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  2. Шүүгдэгч Г.Э нь иргэн Х.С-ийн нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж тархи доргилт, духны зүүн хэсэг хацрын төвгөрийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч О.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би цаана тусдаа зогсож байгаад, найз С-ийг Эд цохиулсаных нь дараа очсон юм. С-ийн нүүр нь нил цус болчихсон байхаар нь тухайн үеийнхээ нөхцөл байдлаас болоод найзыгаа өмөөрч очоод Г.Эг өшиглөсөн. Би найзыгаа хамгаалж цохисон. Болсон явдлын дараа бид нар өөрсдөө Гэмтлийн эмнэлэг явж, оёдол тавиулж, боолт хийлгэсэн. Хохирогч Э нь надаас эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй. Бид нар харилцан уучлалт гуйгаад, хэн хэн нь өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч, буруу ойлголцсон байна гээд хоорондоо эвлэрсэн. Миний хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Г.Э-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:   

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед архидан согтуурсан үедээ С-тэй юм ярих гэсэн боловч, харилцан буруу ойлголцсоноос болж маргаан гарсан. Хүн хүчтэй савж унатал цохихоор нь зодох гэж байна гэж бодоод биеэ хамгаалах зорилгоор босож ирэхдээ пивоны аягаар цохисон. Хойшоо унахад стакан /бокал/ гарт баригдсан. Нимгэн, бариулгүй, вискины бокал гарт тааралдсаныг аваад гараараа савсан чинь С-ийн нүүр лүү оноод цохьчихсон юм. Тухайн үед архи уусан байсан хэдий ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан.

Хэрэг гарснаас хойш хохирогч С-тэй олон удаа уулзаж, уучлалт гуйсан. Одоо түүний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоо хохирогч С гомдол саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Би үүнээс хойш үйлдсэн хэрэгтээ маш их дүгнэлт хийж, гэмшиж байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй.” Гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Г.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би эмчилгээ хийлгээгүй, тухайн үед тархи жаахан хөдөлсөн байсан болохоор  бариулаад л зүгээр болсон. Одоо өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй. О.Х-гээс эмчилгээний зардал энэ тэр гээд нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 17100 1150 0206 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.С, Г.Э нарын Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 5х, 6х/,

 

2. Хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  

“...Би 2017 оны 12 сарын 08-ны өдөр 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “M” шөнийн цэнгээний газарт найз С, Ц, Н С, Х, А нарын намт орсон. Тэгээд бид нар Хаппи овер сетнээс 2-ыг захиалаад сууж байтал араас найз Т, Б, Х, А нар ирсэн юм. Тэгээд захиалсан зүйлээ уугаад 01:00 цагийн үед бүжгийн талбай луу орж бүжиглэж байхад найз Быг үл таних эрэгтэй хүн гараас нь татаад зулгаагаад байхаар нь би тэр залуу дээр очоод “боль” гэж хэлсэн.

Тэгсэн өнөөх эрэгтэй миний урдаас “Чи хэн юм, наадах чинь угаасаа хямдхан гичий ш дээ” гэхээр нь би түүнийг “юу гэнээ” гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Тэгтэл  тэр эрэгтэй цааш болохдоо хөлөнд нь ширээ тээглээд, бөгсөөрөө ширээн дээр унасан. Тэгээд эргэж босож ирээд миний толгой руу гартаа аяга барьж байгаад цохисон. Ингээд цаанаас хамгаалагч нар ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээгүй, бараг эрүүл байсан. Намайг цохисон гэх эрэгтэй нилээн их архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний толгой өвдөж зүүн хацар орчимоос цус гарсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

Мөн хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би Г.Э-г зодож цохисон зүйл байхгүй, хоорондоо бага зэрэг маргаан болсон. Одоо бид нар эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний биед ямар нэгэн бэртэл байхгүй. Эгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 132х/,

3. Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй бааранд орсон. Би уг бааранд ороод “Хайникен” нэртэй 0.33 литрийн 2 шил пиво уусан. Тэгээд бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байхад хажууд бүжиглэж байсан үл таних эрэгтэйтэй мэнд мэдэх гээд түүнд “юу байна хөгшөөн, хажууд чинь бүжиглэвэл зүгээр биз дээ” гэж хэлтэл өнөөх эрэгтэй намайг гараараа миний цээж рүү хүчтэй түлхсэн. Тэгээд би газарт унасан юм. Газраас босож ирээд түүнтэй зодолдох гэсэн чинь ойр орчмын хүмүүс нь бид хоёрын дундуур орж салгах гэсэн. Тэгтэл өнөөх эрэгтэй намайг цохих гээд байхаар нь би түүний толгой орчим газар нь гартаа байсан шилэн аягаар нэг удаа цохисон. Тэгсэн бүжгийн талбай дээр байсан хэсэг хүмүүс намайг нийлж цохиж зодсон. Энэ хооронд хамгаалагч нар ирж бид хэдийг салгасан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан.

Намайг түлхсэн гэх эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг түлхэн унагаасан гэх эрэгтэй намайг газраас босоход миний толгой орчим газар удаа дараа цохиж эхэлсэн. Тэгээд би нүүрээ дараад доош тонгойсон. Хэсэг цохиулж байгаад дээш босон хартал мөн намайг хэдэн хүмүүс цохиж зодож байсан. Хэдэн хүн намайг цохиж зодсоныг анзаарч хараагүй. Миний толгой маш их өвдөж,  дагз болон дух орчим газруудад улайлт үүссэн байсан. Баруун, зүүн нүдний голд бага зэрэг хөхөрч, мөн зүүн нүд улайсан байсан. Би тухайн үед гар утсаа алга болгосон. Утсаа нэхэмжилж байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Намайг түлхсэн гэх хүнийг би танихгүй. Урьд өмнө харж байгаагүй. Мөн бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Зодоон болсон гэх газар хяналтын камер байгаа. Ойр орчимд харж байсан хүн байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

4. М диско баарны 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 52 минут 43 секундээс 02 цаг 54 минут 47 секунд дэх үеийн хяналтын камерын бичлэгийг CD-д буулгаж, үзлэг хийсэн тэмдэглэл. Үзлэгээр:

-  “...бүжгийн талбай дээр дүүрэн хүмүүс бүжиглэж байх ба бүжгийн талбайн баруун урд талд Х.С /бараан өнгийн цамцтай, нүдний шилтэй/ нь найзуудын хамт бүжиглэж байхад Г.Э /цагаан өнгийн срочка цамцтай, бүсэлхийгээрээ цамцаа ороосон/ гараа Х.С-ийн мөрөн дээгүүр давуулаад чихэнд нь юм хэлж байгаа бололтой зогсож байтал Х.С эргэж хараад ...Г.Э-гийн гарыг холдуулан ...баруун гараараа эрүү хэсэгт нь тулаад хойш нь түлхэхэд ....Г.Э нь хойноо байрлах ширээнд тээглээд ширээ даваад буйдан руу унаад босож ирэхдээ Х.С рүү дайрч, гартаа байсан шилэн аяга мэт зүйлээр нүүр хэсэг рүү нь цохиход Х.С нь Г.Э-тэй зууралдаж гараараа нүүр лүү цохиод хамтдаа буйдан руу унав.

....Зодооныг баарны хамгаалагч нар нь салгаж байх хооронд Х.С-ийн найз О.Х /нүдний шил зүүсэн, бараан өнгийн пиджак, саарал өнгийн өмд өмссөн/ нь дундуур нь орж ирээд Г.Эгийн нүүр лүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөж байв. Ингээд Сийг баарны хамгаалагч нар авч явсаны дараа Э нь болож ирээд ширээн дээр суугаад нүүрээ барьж байв. Удалгүй хамгаалагч залуу Эг дагуулаад бүжгийн талбайгаас гарч бичлэг 02 цаг 54 минут 47 секундэд дуусав” гэсэн тэмдэглэл   /хэргийн 10-11х/,

 

5. Гэрч Б.Х-гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Санхүүчдийн баярын өдөр болж байсан юм. Тухайн өдөр би АПБ ХХК-ийн ажилчдын хамт хорооллын Модны хоёрын тэнд байрлах нэг ресторанд баяраа тэмдэглэж байтал манай найзууд “М” диско бааран байна гэхээр нь би тэндээсээ гарч шөнийн 02 цагийн үед найзууд дээрээ очсон. Намайг очиход тус бааранд Х.С, Г.С, С, Т, Х, Н, Б гээд нэг охин байсан. Тэгээд би найзуудын хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад залхуу хүрээд тайзны баруун талд байрлах нэг сандал дээр сууж байтал бүжгийн талбай дээр бүжиглэж байсан нэг хүн хойшоогоо түлхэгдээд ард нь байсан буйдан руу унаж байсан.

Тэгээд нөгөө хүн босож ирэхдээ ширээн дээр нь байсан нэг шилэн хундага бариад босч ирэхээр нь би айсандаа тэндээс холдоод, цаад талд нь очоод эргээд хартал манай найз Х.С-ийг хажуунаас 2-3 хүн бариад үүд рүү гарч байхаар нь хойноос нь очиход нүүр болон хувцас нь цус болсон, ...хацар дух хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд хамтдаа 00-ийн өрөө рүү ороод,  шархыг угааж өгсөн. Бүжгийн талбай дээр зодуулсан хүн нь манай найз Х.С байсан байна лээ.  С хэнтэй юунаас болж зодолдсоныг мэдээгүй. Тухайн үед бааранд харанхуй байсан учир уг хэрүүл зодоонд манай найзуудаас хэн хэн оролцсоныг би анзаарч хараагүй. Хэзээ хойно С-ийг бүжгийн талбайгаас гаргаж байхыг л харсан. ...Х.С цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн учир удалгүй цагдаа нар ирээд Сийг зодсон гэх хүнийг аваад явахаар нь бид нар хойноос нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ийм л асуудал болсон. ...бүжгийн талбай дээр зөндөө хүмүүс бөөгнөрөөд бүжиглэж байсан учир миний суусан хэсгээс зодоон харагдаагүй. ...Өөр хүмүүс л зодолдож байна даа гэж бодсон Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

 

6. Гэрч М.С-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ажил дээрээ байж байгаад найз С-тэй утсаар яриад орой найзуудаараа уулзахаар болоод 22:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” диско бааранд орсон. Тухайн бааранд манай найзуудаас эрэгтэй, эмэгтэй С, Ц, Х, Н, Х-гийн найз П бид нар эхэлж орж суусан. Тэгээд бид нарын хойноос Т, Т, Б, Х нар нэмэгдэн ирж хамт сууцгаасан. Ингээд хэсэг сууж байгаад С, Х, Б, Н, бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг согтуу залуу бид нарын хажууд ирээд, Б гээд манай найз охиныг өдөж, хоргоогоод байхаар нь С тэр залуу дээр очоод юм ярьж байх шиг байсан.

Тэгтэл нөгөө согтуу залуу С-ийг хэл амаар доромжилж байснаа, Содоогийн хүзүүгээр нь гараа оруулаад татахаар нь С өөрөөсөө холдуулах гээд нөгөө залууг цааш нь түлхтэл, тэр залуу хойшоо унахдаа ширээн дээр тэгнээд унасан.

Тэгснээ нөгөө залуу буцаж босч ирээд ширээн дээр байсан шилэн стаканыг аваад С-ийн нүүр хэсэг рүү нь цохиод хагалтал шилний хагархай нь миний нүүр лүү үсрэхээр нь би нүдээ аньж, нүүрэн дээр наалдсан шилний үүрмэгийг гараараа цэвэрлээд эргээд хартал С-ийг баарны хамгаалагч нар аваад цаашаа явж байсан ба С-ийн нүүрнээс нь цус гарч байсан. Харин нөгөө согтуу залууг баарны хамгаалагч нар нь хяналтын камерын өрөөрүү аваад орсон. Тэгээд манай найз С цагдаагийн байгууллагад дуудлага өгч нөгөө залууг бариулсан. Ийм л асуудал болсон.

...Тухайн зодоон болох үед С тэр залуу хоёр хоорондоо зодолдож байсан. Тэрнээс манай найз нараас хэн, хэн ямар байдлаар оролцсон гэдгийг нь сайн харж чадаагүй. Тухайн үед шил хагарахдаа миний нүүр лүү хэлтэрхийнүүд нь наалдаад, би нүүрэн дээрх шилийг цэвэрлээд эргээд харахад зодоон болоод дууссан байсан. Манай найз нар ч мөн адил биеэ аваад явчих чадвартай байсан. Харин Сийг цохисон залуу нилээн согтуу, өөрийгөө хянах чадваргүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,

 

7. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал манай найзуудын групп чатаар харилцаж байгаад, найзуудаараа уулзахаар болсон. Орой нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд шөнийн 22:00 цагийн орчимд уулзацгаасан юм. Тус бааранд манай найзуудаас эрэгтэй, эмэгтэй С, Х, Х, Т, Т, Б нар хамт байсан. Тэгээд бид нар дундаа архи, ундааны сет захиалж ууцгаасан. Хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр С, Х, С, бид нар бүжиглэж байтал нэг согтуу залуу бид нарын хажууд ирээд, таньж мэдэхгүй хүмүүсийг өдөж хоргоогоод яваад байсан. Нэг харахад С-тэй муудалцаж эхэлсэн. Тэгтэл С нөгөө залууг хойш нь түлхээд унагачихаар нь би очоод нөгөө залууд нь “та болио, согтчихсон байна” гэж хэлтэл, нөгөө залуу босч ирээд ширээн дээр байсан шилэн аягыг аваад С-ийн нүүр лүү нь цохисон.

Энэ үед би сандраад найз Сийг хамгаалж татаж авсан. Тэгтэл хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад аваад явсан. Зодооны дараа С-ийн нүүрнээс нь цус гараад, миний хажууд С нүүрээ дарчихсан зогсож байсан. Тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй, шоконд орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан санаа арай гайгүй болоод 00-ийн өрөө рүү очиход С-ийн нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон цусаа арчаад зогсож байсан. ...С гар утсаараа цагдаад дуудлага өгөөд, удалгүй цагдаа нар ирж нөгөө согтуу залууг аваад явсан. Миний хувьд уг зодоонд оролцоогүй. Тэр согтуу залуу С-ийн нүүр лүү нь шилэн аягаар цохичихоор нь, согтуу залуу С-тэй зууралдаад байхаар нь найзыгаа хамгаалж, дундуур нь орж салгасан. Өөр хүн зодоонд оролцсон талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өвлийн шар өнгийн үдээстэй, хагас түрийтэй гутал, дээгүүрээ срочкон цамц өмссөн байсан байх. Одоо сайн санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

8. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот дүгнэлтэд:

1. Х.С-ийн биед тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

6. Нүүрний гоо сайханд нөлөөлөх эсэх нь шархны эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

 

9. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25 тоот дүгнэлтэд:

1. Г.Э-н биед хамрын нуруу, зулай, дагзны хуйх, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруу, алганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд:

“...Үзүүлэгч Г.Э-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд хурц ирмэгтэйгээс бусад зүйлийн хатуу биет орно. Үзүүлэгч Г.Э-гийн биед учирсан хамрын нуруу, зулай урд хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

 

11. Шүүгдэгч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн:

“...Миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ амарч байгаад орой нь найзуудтайгаа уулзахаар болоод тохирсон байсан юм. Тэгээд би шөнө 22 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” диско бааранд найзууд болох С, эрэгтэй, эмэгтэй С, Н, Х, Т болон найз охин нь болох Б нарын хамт орж суусан. Тэгээд бид нар тус баарнаас архи, ундааны сет авч захиалж ууцгаан ярьж хөөрч сууцгааж байгаад хэсэг хугацааны дараа бүгдээрээ бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал нэг согтуу залуу С-тэй маргалдаад байсан.

Тухайн үед би С-ийн цаад талд нь бүжиглэж байгаад эргээд хальт хартал тэр согтуу залуу манай найз С-ийн нүүр лүү нь шилэн стаканаар цохитол С-ийн нүүрнээс цус гарахаар нь “юу болж байгаа юм болдоо” гэж бодоод С дээр очиход баарны хамгаалагч нар ирчихсэн Сийг салгаад цааш нь аваад явж байсан.

Тэгэхээр нь би нөгөө согтуу залуугийн гарлуу нь өшиглөтөл миний хажуунаас хамгаалагч залуу ирээд намайг салгасан. Тэгээд би бүжгийн талбайгаас буугаад С-ийн хойноос 00-ийн өрөө рүү очиход С-ийн нүүр тэр чигтээ цус болоод дух хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд С гар утсаараа цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирэхэд нөгөө согтуу залууг бариулсан. Ийм л асуудал болсон.

...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн санал байхгүй байна. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Э гэх залуугийн биед гэмтэл учруулсан, тухайн үед би нэг удаа өшиглөсөн, тэрнээс болж Эгийн биед гэмтэл учирсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоорондоо эвлэрсэн,  ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х, 136х/

 

12. Шүүгдэгч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

 “...Тухайн өдөр М бааранд болсон маргаанаас болж би Х.С-ийн биед гэмтэл учруулсан бөгөөд миний биед нүүр хэсэгт учирсан хамрын нуруу, зулай хэсэгт учирсан гэмтлийг хяналтын камерын бичлэгээс харахад О.Х нь намайг сууж байхад өшиглөөд, миний нүүр хэсэгт гэмтэл учирсан байна. Харин хяналтын камерт бичигдсэн миний дагзны хуйх хэсэгт учирсан гэмтэлийг хэн учруулсаныг мэдэхгүй. Тухайн хүнийг олох шаардлагагүй, тэр хүний цохилтоос болж миний биед гэмтэл үүсээгүй. Миний дагз, хуйх хэсэгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүйг ойлголоо. Бид өөр хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй болсон тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 134х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54х, 73х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Х.С, Г.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо тус тус илэрхийлж /хэргийн 138-141х/ холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос О.Х, Г.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 147х/, тэдгээрт холбогдох эрүүгийн 1710 01150 0206 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Х, Г.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М бааранд “найз Х.С-ийн нүүрийг цус гартал нь зодлоо” гэх шалтгаанаар Г.Эгийн нүүрэн тус газарт өшиглөж биед нь “хамрын нуруу, зулай, дагзны хуйх, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруу, алганд шарх” бүхий хөнгөн гэмтэл,

- шүүгдэгч Г.Э нь мөн өдрийн мөн хугацаанд, тухайн газарт согтуурхан, бусдыг өдөж хоргоон, бүжгийн талбайд бүжиглэж байсан Х.С-ийн хүзүүгээр тэврэх зэрэг үйлдэж хийж зүй бус харьцсанаас Х.С нь түүнийг өөрөөсөө холдуулан түлхэхэд тэрээр барны ширээнд тэгнэн унаж босохдоо “өөрийгөө зодох гэж байна” гэсэн  шалтгаанаар гартаа барьсан шилэн аягаар Х.С-ийн нүүрэн тус газарт цохиж, биед “тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Х.С, Г.Э нарын Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 5х, 6х/,

- хохирогч Х.С-ийн: “...Би 2017 оны 12 сарын 08-ны өдөр 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “M” шөнийн цэнгээний газарт найз С, Ц, Н С, Х, А нарын намт орсон. Тэгээд бид нар Хаппи овер сетнээс 2-ыг захиалаад сууж байтал араас найз Т, Б, Х, А нар ирсэн юм. Тэгээд захиалсан зүйлээ уугаад 01:00 цагийн үед бүжгийн талбай луу орж бүжиглэж байхад найз Быг үл таних эрэгтэй хүн гараас нь татаад зулгаагаад байхаар нь би тэр залуу дээр очоод “боль” гэж хэлсэн. Тэгтэл өнөөх эрэгтэй миний урдаас “Чи хэн юм, наадах чинь угаасаа хямдхан гичий ш дээ” гэхээр нь би түүнийг “юу гэнээ” гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхтэл тэр эрэгтэй цааш болохдоо хөлөнд нь ширээ тээглээд бөгсөөрөө ширээн дээр унасан. Тэгээд босож ирээд миний толгой руу гартаа аяга барьж байгаад цохисон. ...Намайг цохисон гэх эрэгтэй нилээн их архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний толгой өвдөж зүүн хацар орчимоос цус гарсан. Би гомдолтой байна.” гэсэн,

Мөн хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би Г.Э-г зодож цохисон зүйл байхгүй, хоорондоо бага зэрэг маргаан болсон. Одоо бид нар эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний биед ямар нэгэн бэртэл байхгүй. Э-гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 132х/,

- хохирогч Г.Э-гийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй бааранд орсон. Би уг бааранд ороод “Хайнекен” нэртэй 0.33 литрийн 2 шил пиво уусан. Тэгээд бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байхад хажууд бүжиглэж байсан үл таних эрэгтэйтэй мэнд мэдэх гээд түүнд “юу байна хөгшөөн, хажууд чинь бүжиглэвэл зүгээр биз дээ” гэж хэлтэл өнөөх эрэгтэй намайг гараараа миний цээж рүү хүчтэй түлхэхэд нь ...би газарт унасан юм. Газраас босож ирээд түүнтэй зодолдох гэсэн чинь ойр орчмын хүмүүс нь бид хоёрын дундуур орж салгах гээд, өнөөх эрэгтэй намайг цохих гээд байхаар нь би түүний толгой орчим газар нь гартаа байсан шилэн аягаар нэг удаа цохисон. ...Хэдэн хүн намайг цохиж зодсоныг анзаарч хараагүй. Миний толгой маш их өвдөж,  дагз болон дух орчим газруудад улайлт үүссэн байсан. Баруун, зүүн нүдний голд бага зэрэг хөхөрч, мөн зүүн нүд улайсан байсан. ...Намайг түлхсэн гэх хүнийг би танихгүй. Урьд өмнө харж байгаагүй. Мөн бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзон байхгүй. Зодоон болсон гэх газар хяналтын камер байгаа. Ойр орчимд харж байсан хүн байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

- М диско баарны 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 52 минут 43 секундээс 02 цаг 54 минут 47 секунд дэх үеийн хяналтын камерын бичлэгийг CD-д буулгаж, үзлэг хийсэн тэмдэглэлд: “...бүжгийн талбай дээр дүүрэн хүмүүс бүжиглэж байх ба бүжгийн талбайн баруун урд талд Х.С /бараан өнгийн цамцтай, нүдний шилтэй/ нь найзуудын хамт бүжиглэж байхад Г.Э /цагаан өнгийн срочка цамцтай, бүсэлхийгээрээ цамцаа ороосон/ гараа Х.С-ийн мөрөн дээгүүр давуулаад чихэнд нь юм хэлж байгаа бололтой зогсож байтал Х.С эргэж хараад ...Г.Эгийн гарыг холдуулан ...баруун гараараа эрүү хэсэгт нь тулаад хойш нь түлхэхэд ....Г.Э нь хойноо байрлах ширээнд тээглээд ширээ даваад буйдан руу унаад босож ирэхдээ Х.С рүү дайрч, гартаа байсан шилэн аяга мэт зүйлээр нүүр хэсэг рүү нь цохиход Х.С нь Г.Этэй зууралдаж гараараа нүүр лүү цохиод хамтдаа буйдан руу унав. ....Зодооныг баарны хамгаалагч нар нь салгаж байх хооронд Х.С-ийн найз О.Х /нүдний шил зүүсэн, бараан өнгийн пиджак, саарал өнгийн өмд өмссөн/ нь дундуур нь орж ирээд Г.Эгийн нүүр лүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөж байв. Ингээд Сийг баарны хамгаалагч нар авч явсаны дараа Э нь болож ирээд ширээн дээр суугаад нүүрээ барьж байв. Удалгүй хамгаалагч залуу Эг дагуулаад бүжгийн талбайгаас гарч бичлэг 02 цаг 54 минут 47 секундэд дуусав” гэсэн тэмдэглэл   /хэргийн 10-11х/,

- гэрч Б.Хгийн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Санхүүчдийн баярын өдөр болж байсан юм. Тухайн өдөр би АПБ ХХК-ийн ажилчдын хамт хорооллын Модны хоёрын тэнд байрлах нэг ресторанд баяраа тэмдэглэж байтал манай найзууд “М” диско бааран байна гэхээр нь би тэндээсээ гарч шөнийн 02 цагийн үед найзууд дээрээ очсон. Намайг очиход тус бааранд Х.С, Г.С, С, Т, Х, Н, Баясгал гээд нэг охин байсан. Тэгээд би найзуудын хамт бүжгийн талбай дээр бүжиглаж байгаад залхуу хүрээд тайзны баруун талд байрлах нэг сандал дээр сууж байтал бүжгийн талбай дээр бүжиглэж байсан нэг хүн хойшоогоо түлхэгдээд ард нь байсан буйдан руу унаж байсан. Тэгээд нөгөө хүн босож ирэхдээ ширээн дээр нь байсан нэг шилэн хундага бариад босч ирэхээр нь би айсандаа тэндээс холдоод, цаад талд нь очоод эргээд хартал манай найз Х.Сийг хажуунаас 2-3 хүн бариад үүд рүү гарч байхаар нь хойноос нь очиход нүүр болон хувцас нь цус болсон, ...хацар дух хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд хамтдаа 00-ийн өрөө рүү ороод,  шархыг угааж өгсөн. Бүжгийн талбай дээр зодуулсан хүн нь манай найз Х.С байсан байна лээ. С хэнтэй юунаас болж зодолдсоныг мэдээгүй. Тухайн үед бааранд харанхуй байсан учир уг хэрүүл зодоонд манай найзуудаас хэн, хэн оролсоныг би анзаарч хараагүй. Хэзээ хойно Сийг бүжгийн талбайгаас гаргаж байхыг л харсан...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

- гэрч М.Сын: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ажил дээрээ байж байгаад найз Стэй утсаар яриад орой найзуудаараа уулзахаар болоод 22:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” диско бааранд орсон. Тухайн бааранд манай найзуудаас эрэгтэй, эмэгтэй С, Ц, Х, Н, Хгийн найз П бид нар эхэлж орж суусан. Тэгээд бид нарын хойноос Т, Т, Б, Х нар нэмэгдэн ирж хамт сууцгаасан. Ингээд хэсэг сууж байгаад С, Х, Б, Н, бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг согтуу залуу бид нарын хажууд ирээд, Б гээд манай найз охиныг өдөж, хоргоогоод байхаар нь С тэр залуу дээр очоод юм ярьж байх шиг байсан. Тэгтэл нөгөө согтуу залуу Сийг хэл амаар доромжилж байснаа, С-гийн хүзүүгээр нь гараа оруулаад татахаар нь С өөрөөсөө холдуулах гээд нөгөө залууг цааш нь түлхтэл, тэр залуу хойшоо унахдаа ширээн дээр тэгнээд унасан. Тэгснээ нөгөө залуу буцаж босч ирээд ширээн дээр байсан шилэн стаканыг аваад С-ийн нүүр хэсэг рүү нь цохиод хагалтал шилний хагархай нь миний нүүр лүү үсрэхээр нь би нүдээ аньж, нүүрэн дээр наалдсан шилний үүрмэгийг гараараа цэвэрлээд эргээд хартал Сийг баарны хамгаалагч нар аваад цаашаа явж байсан ба С-ийн нүүрнээс нь цус гарч байсан. Харин нөгөө согтуу залууг баарны хамгаалагч нар нь хяналтын камерын өрөөрүү аваад орсон. ...Манай найз нар ч мөн адил биеэ аваад явчих чадвартай байсан. Харин Сийг цохисон залуу нилээн согтуу, өөрийгөө хянах чадваргүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,

- гэрч Б.Н-ын: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр... орой нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд шөнийн 22:00 цагийн орчимд уулзацгаасан юм. Тус бааранд манай найзуудаас эрэгтэй, эмэгтэй С, Х, Х, Т, Төгс-Амгалан, Б нар хамт байсан. Тэгээд бид нар дундаа архи, ундааны сет захиалж ууцгаасан. Хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр С, Х, С, бид нар бүжиглэж байтал нэг согтуу залуу бид нарын хажууд ирээд, таньж мэдэхгүй хүмүүсийг өдөж хоргоогоод яваад байсан. Нэг харахад Стэй муудалцаж эхэлсэн. Тэгтэл С нөгөө залууг хойш нь түлхээд унагачихаар нь би очоод нөгөө залууд нь “та болио, согтчихсон байна” гэж хэлтэл, нөгөө залуу босч ирээд ширээн дээр байсан шилэн аягыг аваад С-ийн нүүр лүү нь цохисон. ...С-ийн нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон цусаа арчаад зогсож байсан. ...С гар утсаараа цагдаад дуудлага өгөөд, удалгүй цагдаа нар ирж нөгөө согтуу залууг аваад явсан. Миний хувьд уг зодоонд оролцоогүй. Тэр согтуу залуу С-ийн нүүр лүү нь шилэн аягаар цохичихоор нь, согтуу залуу Стэй зууралдаад байхаар нь найзыгаа хамгаалж, дундуур нь орж салгасан. Өөр хүн зодоонд оролцсон талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өвлийн шар өнгийн үдээстэй, хагас түрийтэй гутал, дээгүүрээ срочкон цамц өмссөн байсан байх. Одоо сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот:

1. Х.С-ийн биед тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

6. Нүүрний гоо сайханд нөлөөлөх эсэх нь шархны эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25 тоот:

1. Г.Э-н биед хамрын нуруу, зулай, дагзны хуйх, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруу, алганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/,

- шинжээч эмч Б.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Үзүүлэгч Г.Э-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд хурц ирмэгтэйгээс бусад зүйлийн хатуу биет орно. Үзүүлэгч Г.Эгийн биед учирсан хамрын нуруу, зулай урд хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/ болон шүүгдэгч О.Х, Г.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 38х, 136х, 134х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.Э-гийн биед учирсан “хамрын нуруу, зулай, дагзны хуйх, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруу, алганд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Х түүнийг нүүрэн тус газарт өшиглөсөн үйлдэлтэй, хохирогч Х.С-ийн биед учирсан “тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Э түүний нүүрэн тус газарт шилэн аягаар цохисон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Хан-Уул дүүргийн Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон бөгөөд шүүгдэгч О.Х,  Г.Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Иймд шүүгдэгч О.Х, Г.Э нарыг тус тус “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Х.С, Г.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлэл, шаардлага гаргаагүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрэн хэлэлцэж, харилцан гомдол саналгүй тухайгаа прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн баримттай /хэргийн 137-141х/ тул шүүгдэгч О.Х,  Г.Э нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч О.Х,  Г.Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 54, 73 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

Шүүх, нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.     

Шүүгдэгч О.Х, Г.Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч Г.Э, Х.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон  улсын яллагчаас нэр бүхий шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Э, О.Х нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Э, О.Х нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Э, Х.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М баарны хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                             

                                                                ТОГТООХ нь:

 

1. О.Х, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х, Г.Э нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Х, Г.Э нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М баарны хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон төлбөргүй, хохирогч Г.Э, Х.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Х, Г.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Х, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД