| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418001470521 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
Д.Жанцанноровт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Доржханд
Яллагдагч Д.Жанцанноров, түүний өмгөөлөгч Э.Одончимэг
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч Д.Жанцанноровт холбогдох 2418001470521 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
яллагдагч Д.Жанцанноров нь 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байх үедээ 47-43 ДАА улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэн Г.Заяаг “шаардлага эсэргүүцсэн" гэх шалтгаанаар зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн сарвууны 4-р хуруу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.Жанцанноровын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шангас овогт Даваамягмарын Жанцанноровт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 22418001470521 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Жанцанноровт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Түшиг хайрхан тулгат” ХХК-ийн камерын бичлэгт хэргийн үйл баримт бууж үлдсэнийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдол бүхий цахим баримт болгон эд мөрийн баримтаар тооцон тогтоол үйлдсэн, бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн зэргийг хууль бус аргаар бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой бөгөөд эд мөрийн баримтаар тооцсон хатуу диск дээрх бичлэг нь ердийн хурдаар биш бичигдсэн нь энгийн нүдээр харах боломжгүй, сарнисан, хэсэгчлэн арилсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул шинжлэн судлах боломжтой гэж үзэхээр байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1281 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.... гэжээ.
Яллагдагч Д.Жанцанноровын өмгөөлөгч Э.Одончимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт: Тухайн хэрэгт 2 төрлийн СД бичлэг байгаа. 1 нь Г.Заяа нь ТХ-ээр замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрсөн зөрчил гаргасан, зогсоож шалгасан ЦАХ-д эсэргүүцэл үзүүлсэн, улмаас өшиглөсөн үйл явдал бичигдсэн. Энэ бичлэг нь ердийн хурдаар бичигдсэн. 2 дахь нь ЦАХ нар Заяагийн хөдөлгөөний хязгаарлан авч явж буй үйл явдал бүтэн бичигдсэн. Гэтэл тухайн бичлэг нь хурдтай бичигдсэнээс болж хэн ямар үйлдэл гаргаж байгааг бичлэгийг үзээд тодорхойлох боломжгүй нөхцөл байгаа. Би хувьдаа 30 гаруй удаа үзсэн боловч Заяа, Жанцанноров нарын үйлдлийг ялгаж, салгаж харж чадахгүй байгаа.
Гэтэл улсын яллагч эсэргүүцэлдээ бичлэгийг үзэж болохгүй байгаа ч бусад баримтаар Д.Жанцанноровын үйлдлийг тогтоох боломжтой байгаа гэжээ.
Бичлэг нь болсон үйл явдлыг бүрэн дүрсжүүлсэн буюу шүүхийн шийдвэрт нөлөөлж болох гол чухал баримт юм. Гэтэл камерын бичлэгийг ердийн хурдаар биш хурдлуулж бичиж авснаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон. Хяналтын камер бичлэг хийхдээ хурдасгасан байдлаар бичихгүй. Гэтэл ердийн хурдаар бичигдсэн байсан бичлэг хэрэгт хавсаргагдахдаа хурдлуулсан байна гэдэг бол нотлох баримт шинж чанараа алдаж хуульд заасан журам зөрчигдсөнийг илтгэж байна.
Мөрдөгч Прокурор нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг, мөн эх сурвалжийг магадлах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад баримт ялангуяа бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Хоёрдугаарт: Хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ тухайн хэрэгт холбогдсон байхад энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Тодруулбал хэрэг учрал болох үед жолооч Заяа нь хууль сахиулагч Жанцанноровын эрх чөлөөнд халдсан болох нь СД бичлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Ганзоригийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа бөгөөд жолооч Заяагийн үйлдлийн улмаас хууль сахиулагч Жанцанноровын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хэмжээний хохирол учраагүй боловч нүүрэнд нь өшиглүүлсний ул мөр үлдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь холбогдогч этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ... хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Гэтэл Г.Заяагийн үйлдлийн талаарх баримт хэрэгт байдаггүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Г.Заяа нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй Нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдох баримт нь энэ хэрэгт зайлшгүй байх ёстой цагаатгах талын баримт юм. Энэ баримт хэрэгт хавсаргаж, харьцуулан дүгнэлт хийх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн. Иймээс Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.22-ны өдрийн 2024/ШЗ/1281 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Доржханд дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нотлох баримтыг хууль бус үндэслэлгүй гэж үзэхийг хуульчилсан байдаг. Иргэний амь нас эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах хуурч мэхлэх зэрэг аргуудыг хэрэглэхийг хориглосон байдаг. Мөрдөгчөөс тухайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтлөн хатуу диск дээр буулган тогтоол гаргаж түүнийгээ хэрэгт бэхжүүлж авсныг хууль бусаар зөрчиж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон зохицуулалт дээрх ажиллагаанд хамаарахгүй байна гэж үзсэн. Мөн хатуу диск дээр ердийн хурдаар биш бичигдсэн. Энгийн нүдээр харах боломжгүй сарнисан хэсэгчилсэн нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүх хуралдааны явцад шинжлэн судлах боломжтой. Түүнчлэн яллагдагч Д.Жанцанноровын үйлдэлд дүгнэлт хийж үйл баримтыг тогтоохдоо тухайн хяналтын бичлэгийг үндэслэл болгоогүй. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хооронд шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоож дүгнэлт гаргасан. Шүүхээс тухайн хяналтын камерт шинжээч томилж ердийн хурдаар бичигдэж авах ажиллагаанд заавал хийгдэх шаардлагатай гэж үзсэн юм. Хурдасгасан гээд байгаа хяналтын бичлэг ердийн хурдаар бичүүлэхээр прокурорт хэргийг буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Э.Одончимэг саналдаа:
Тухайн хэрэгт 2 төрлийн CD хавсаргагдсан. Эхний CD нь төв замын бичлэг буюу тухайн CD дээр Г.Заяа тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрсөн зөрчил гаргаж байгаа нь бичигдсэн. Улмаар цагдаагийн алба хаагч Д.Жанцанноров зогсоож шалгах явцад эсэргүүцэл үзүүлж өшиглөж байгаа нь бичигдсэн. Энэ бичлэг нь ердийн хурдаар бичигдсэн. Хоёр дахь CD нь “Түшигт хайрхан” гээд дэлгүүрийн бичлэг тухайн бичлэг дээр цагдаагийн алба хаагч нар Г.Заяагийн хөдөлгөөнийг хязгаарлаад авч явж байгаа байдал бүтнээрээ бичигдсэн. Гэтэл тухайн бичлэг нь хурдтай бичигдсэнээс болоод хэн ямар үйлдэл гаргаж байгааг шууд үзээд тодорхойлох боломжгүй. Хууль сахиулагч үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмт хэрэгт холбогдсон гэдгийн прокурор авч хэлэлцэхгүй байгаа. Тодруулбал хэрэг учрал болох үед жолооч Г.Заяа нь хууль сахиулагч Д.Жанцанноровын эрх чөлөөнд халдсан болох нь CD бичлэгт бичигдсэн. Замын эсрэг талд зогсож байсан гэрч Ганзориг мэдүүлдэг. Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр Д.Жанцанноровын биед зулгаралт үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Д.Жанцанноров: Саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Жанцанноровт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2418001470521 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд “камерын бичлэгийг хэрэгт хавсаргахдаа бичлэгийг ердийн хурдаар биш гүйлгэж хуулбарлаж авсан үйлдэл нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гээд уг бичлэгийн үргэлжилсэн нийт хугацааг тодорхойлон ердийн цаг хугацааны хэмжүүрээр бодит хурдад тохируулан бичиж хавсаргах нь зүйтэй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Анхан шатны шүүхээс камерын бичлэгийг хэрэгт хавсаргахдаа бичлэгийг ердийн хурдаар биш гүйлгэж хуулбарлаж авсан үйлдэл нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хуульзүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт” гэж, “ мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, шалгаж , бэхжүүлнэ” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэхээр хуульд зохицуулжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч Д.Жанцанноровт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ