Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00028

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00028

 

 

А.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ю-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 7 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Биндэръяа, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Биндэръяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ю- нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М- намайг АНУ-д сургуульд явуулж өгнө гэж залилан мэхэлж 7 400 000 төгрөгийг авч хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2043 дугаартай тогтоолоор яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж өгч өршөөлийн хуульд багтсан хэрнээ одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Тиймээс О.Ю-ээс 7 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ю- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.М- гэх хүнээс 7 400 000 төгрөг авсан зүйл байхгүй. А.М- нь О.Ю-т эхлээд мөнгийг өгөөгүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд прокурорын тогтоол нь мөнгө өгөхийг үүрэг болгосон биш тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ю-т мөнгийг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байх ба  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Ю- нь тухайн мөнгийг А.М-гаас  авсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Намхайн Оюунчимэг /РД:ГИ63031500/-аас 7 400 000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Олон модот овогт Биндэръяагийн Амарбаясгалан /РД:ЕЮ91100515/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Ю-ээс 133 350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Ю-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Оюунчимэгт хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэгт сэжигтний өгсөн мэдүүлгийг иргэний хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлж хуулийг буруу тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах заалтуудыг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хариуцагчид 7 400 000 төгрөг өгөөгүй, Мөнхцэцэгт өгсөн гэж тайлбарласан, мөн хавтас хэрэгт хариуцагчийн 2016 онд бичиж өгсөн Мөнхцэцэгээс 7 400 000 төгрөг авсан гэсэн бичгэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч 7 400 000 төгрөг хариуцагчид өгөөгүй гэдэг нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг үнэлж, хариуцагч намайг хохироосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч О.Ю-т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 7 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2043 дугаар тогтоолоор М.Пүрэвням, Ц.Мөнгөнцэцэг, Л.Түвшинжаргал, О.Ю- нар нь бүлэглэн А.М-г залилан мэхэлж, түүнд 15 500 000 төгрөгийн хохирол учруулсан өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.М- нь О.Ю-ээс 7 400 000 төгрөг, Ц.Мөнгөнцэцэгээс 600 000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 3, 4, 38-40/

Хариуцагч О.Ю- нь Ц.Мөнгөнцэцэгээр дамжуулан А.М-гаас 7 400 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэлд гэм буруутай болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн, тэрээр Өршөөлийн хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолд ердийн журмаар гомдол гаргаагүй тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Ю-ээс гэм хорын хохиролд 7 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэгт өгсөн хэргийн оролцогчийн мэдүүлгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын хувьд үнэлэх боломжтой.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ЕШ2017/01867/ дугаар захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Д.Энхцэцэг, Ж.Сэмжид, Ж.Эрдэнэчимэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт болон тогтоох хэсэгт эдгээр шүүгч нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан, бүрэлдэхүүнд орсон шүүгч нараас хэргийн оролцогч нарт асуулт тавьж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүх хуралдааны тэмдэглэлийн эхэнд шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийн нэрийг бичээгүй орхигдуулсныг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Ю-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Ю- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ