| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00556/И |
| Дугаар | 303/ШШ2025/00673 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 303/ШШ2025/00673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Одоо 56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/121 дүгээр лавлагааны хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13/658 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч *******ийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаар архивын лавлагаа, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Мөн *******т 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын ХААТР-1 маягтын 005 дугаар бүртгэлд: овог, нэр-Нацагийн Баттөр, ажилладаг байгууллага- Социализмын зам нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум, район-Баянбулаг сум гэж тэмдэглэжээ.
5.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******** овогт *******ийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА