Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2025/00674

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, ******тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, ***** овогт *********,

Гуравдагч этгээд: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг,***** дугаар гудамж, *****тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ****** овогт *******,

Гуравдагч этгээд: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, *****дугаар гудамж, *****тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай, М***** овогт ********,

Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин *******г төрүүлсэн. Тухайн үед ажилгүй байснаас өөрийн эхийн төрсөн дүү *******т охин *******г үрчлүүлсэн. Одоо би эхийнхээ хамт хоёул амьдардаг, би өөрөө охин *******г өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Гуравдагч этгээд *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Наранцэцэгийн Маралмааг *******ээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авсан. Одоо охин ******* нь эх *******тэй хамт амьдарч байгаа. Бид *******г үрчилснийг хүчингүй тооцохыг хүлээн зөвшөөч байна гэжээ.

3. Хүсэлт гаргагч С.Наранцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гуравдагч этгээд *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, №0005000 Г-7 дугаар үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэм ЕБС-ийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, №0000968818 Г-464 дүгээр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 13/704 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ******* хүүхэд үрчилснийг хүчингүй тооцуулах үндэслэлээ ...өөрийн төрсөн охин М.Маралмааг өөрийн ээжийн төрсөн дүү *******, ******* нарт үрчлүүлсэн. Одоо охин ******* нь миний асрамжид байгаа байгаа, одоо ажил төрөл эрхэлж, цаашид тэжээн тэтгэж, асран хамгаалах боломжтой болсон тул өөрийн охин *******г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах... гэж тайлбарласан.

3. Хүүхдийг үрчлэн авагч *******, ******* нар нь охин *******г төрсөн эх *******т өгөхийг хүлээн зөвшөөрч, охин *******г үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийн шаардлагыг дэмжсэн тайлбарыг гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин ******* төрсөн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр *******, ******* нарт үрчлүүлсэн болох нь *******гийн төрсний болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй, үйл баримт тогтоогджээ.

5. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно., 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана. гэж, 145.7-д Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх ...-д нь шилжүүлэхээр шийдвэрлэнэ. гэж тус тус хуульчилсан.

6.Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэж үзэхэд 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******г төрсөн эх ******* нь цаашид өсгөх хүсэлтэй, гуравдагч этгээд *******, ******* нар нь охин *******г төрүүлсэн эх *******ийн асрамжид үлдээж, өсгөн хүмүүжүүлэх талаар маргаагүй, ийнхүү хүүхдийн асрамжийг өөрчилж, улмаар төрсөн эх нь өөрийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах зүйл байхгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар ...шаардлагатай бусад үндэслэлээр буюу хүүхэд төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх нь хүүхдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж үрчилсний бүртгэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэх заасны дагуу охин *******гийн асрамжийг төрүүлсэн эх *******ийн асрамжид тогтоож, төрсний бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ****** ******, ****** нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар охин ******* түүний төрсөн эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний бүртгэл сэргээхийг даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийн гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА