Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2025/00675

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянцагаан сум, 2 дугаар багт оршин суух, ******** регистрийн дугаартай, ****** овогт ********ийн *******,

Хүсэлтийн шаардлага: *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь *****овогтой ******той 1997 онд танилцаж, үерхэж байгаад 2018 оны 9 сард хурим хийж ёсолсон. Гэр бүлийн баталгаа хийлгэж амжаагүй байсан. Хүү ******* 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Ж.Намнандорж 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус төрсөн. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны нөхөр ******* нь Улаанбаатар хотод хүнд машин механизм жолоодно гэж яваад эргэж холбогдохгүй, уулзахгүй 2 жил болж байна. Хадам ээж *******тай уулзахад хүүхдээ хаана байгааг мэдэхгүй бидэнтэй холбогдохгүй байна гэсэн хариуг өгсөн. Хүмүүсээс сураглахад Өмнөговь аймгийн зам ангид ажиллаж байна, гэсэн харин сүүлд саяхан Улаанбаатар хотод Толгойд гэх газар нэг охинтой хамт амьдарч байгаа гэдгийг хамаатан садуудаас олж мэдсэн. 2025 оны 02 сард Баянцагаан суманд ирээд хөдөө өөрийнхөө аавындаа очоод, манай хоёр хүүхэдтэй уулзаад явсан байдаг. Одоо миний хувьд хоёр хүүхдүүдэд эцгийг дэмжлэг тусламж хэрэг байна, мөн энэ хүн хүүхдүүдээ ийм байдлаар орхиж байгаа бол хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах шаардлага үүсэж байна. Иймд *******ийг эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь *******той 1997 онд танилцаж, үерхэж байгаад 2018 оны 9 дүгээр сард хурим хийж ёсолсон. Гэр бүлийн баталгаа хийлгэж амжаагүй байсан. *******той хамтран амьдрах хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Ж.Наранбаатар, 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн өдөр хүү Ж.Намнандорж нарыг төрүүлсэн. Нөхөр 2023 оны 4 дүгээр сарын 25-ны нөхөр ******* нь Улаанбаатар хотод хүнд машин механизм жолоодно гэж яваад эргэж холбогдохгүй, уулзахгүй 2 жил болж байгаа тул 2 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа тул *******ийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******гийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй ****** регистрийн дугаартай, ******** овогт *******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******регистрийн дугаартай, ***** овогт ******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******** регистрийн дугаартай, ******* овогт *********ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ********* регистрийн дугаартай, ***** овогт *******ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ********д мэдэгдэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА