| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0756/З |
| Дугаар | 128/ШШ2026/0773 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0773
2026 09 03 128/ШШ2026/0773
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лгээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Бэд холбогдуулан гаргасан 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лгийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Л 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Бийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад “250.000 төгрөгийг” гэснийг “500.000” төгрөгийг” гэж өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лгийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Бэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б хүлээн зөвшөөрснөөр буюу шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь гуравдагч этгээд “ЮБ” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хэмжээ өөрчлөгдөхгүй талаар хариуцагч болон прокурор нар илэрхийлсэн тул өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.“Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лгээс гаргасан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг Нийтийн тээврийн бодлогын газрын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН