Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00005

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9ий өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ргийн хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбартаа: Б.Р нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэхээр танил Н.Б, Б.Н- нартай уулзан тус төвийн 0, 0гэсэн 2 лангууг түрээслэхээр болсон. Уг лангууг 2018 оны 11 сараас 2019 оны 5 сар хүртэл 5 сар түрээслэсэн. Н.Б, Б.Н- нар гэрээ шинэчлэх үед нэр шилжүүлж өгнө, ямар ч асуудал байхгүй, гэрээний нэр шилжүүлэхэд 2 000 000 төгрөг байдаг юм байна. Мөн бид лангууг 500 000 төгрөгөөр тохижуулсан. Эдгээр мөнгийг өгөөд лангууг түрээслэж болно гэсэн. Ингээд Б.Р 4 500 000 төгрөгийг Б.Н-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. 1 000 000 төгрөг нь барьцаа, 1 000 000 төгрөг нь түрээс, үлдсэн 2 500 000 төгрөг нь гэрээний нэр шилжүүлэх болон лангуу тохижилт гэж өгсөн мөнгө. Лангууг түрээслэсний дараагаар гэрээний нэрээ шилжүүлье гэхэд нэр шилжүүлэх хүн олдохгүй байна, утсаа авахгүй байна гэж элдэв шалтгаан хэлсээр өдийг хүрсэн.

Уг лангуу Д.Ө гэх хүний нэр дээр байсан ба Б.Н- сайн таньдаг хүн, асуудалгүй нэрийг чинь шилжүүлж өгнө гэсэн учраас мөнгөө өгсөн. Б.Р төрөх дөхөөд лангууг н.Дд 2 500 000 төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд н.Дгээс авсан 2 500 000 төгрөгийг түүнд 2020 оны 10 сард шүүхийн шийдвэрээр буцаан өгөхөөр болсон. Иймд Б.Н-ээс 2 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б бид хоёр Дүнжингарав худалдааны төв 0, 0 тоот лангуунуудыг 2018 оны 8 сараас 2018 оны 11 сар хүртэл түрээслэсэн. Б.Р бид Алтжин бөмбөгөрт лангуу түрээслэж байсан ба түүний лангуу 12 сард зарагдах болоод надаас Дүнжингарав худалдааны төв дэх лангуугаа болих гэж байгаа юм уу, танай лангууг түрээслэе гэсэн. Би түүнд болно, Д.Ө гэж хүнээс түрээслэсэн, чи мөнгийг нь өгөөд цааш нь түрээслээд явбал асуудалгүй гэж хэлсэн. Би лангууг түрээслэхийн тулд Д.Өд 2 500 000 төгрөг өгсөн ба тэрээр надад анх хэлэхдээ лангуу тохижилт болон барьцааны мөнгө гэсэн. Б.Р миний данс руу мөнгөө шилжүүлсэн. Миний дансанд орсон 4 500 000 төгрөгийн 2 500 000 төгрөг нь нэр шилжүүлэх болон лангуу тохижилтын мөнгө, барьцаа 1 000 000 төгрөг, түрээс 1 000 000 төгрөг. Би Д.Өгаас түрээслэхдээ эдгээр төлбөрийг төлсөн. Гэрээний нэр шилжүүлэх миний оролцоо биш. Орлого ихтэй газрын лангууг түрээслэхийн тулд нөгөө хүндээ өгч байгаа хөлс. Болно, бүтнэ гэж авчихаад болохгүй болоод ирэхээрээ хохирлоо надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би үндсэн түрээслэгч Д.Өтай харилцан тохиролцож, уг лангууг дамжуулан түрээслэх зөвшөөрлийг түүнээс авсны үндсэн дээр Б.Рд түрээслэсэн. Нэхэмжлэгч нь надад "... Та нар Дүнжингарав худалдааны төв дэх лангуугаа болих гэж байгаа юм бол танай лангууг би түрээслэе." гэж хэлж анх санал гаргасан. Энэ саналын үндсэн дээр би лангууг дамжуулан түрээслэх талаар түүнтэй харилцан тохиролцсон.

Дүнжингарав худалдааны төвийн лангуу нь орлого сайтай, ашигтай ажлын байр юм. Би уг лангууг нэхэмжлэгчид дамжуулан түрээслэхдээ маш тодорхой ярилцаж тохиролцсон ба дамжуулан түрээслэх хугацаа 5 сар, үйл ажиллагаанаас олох ашиг, үр шимийг нэхэмжлэгч авах, 5 сарын хугацаанд надад өгөх хөлс 2 500 000 төгрөг, лангуу ажиллуулснаас хойшхи хугацааны эрсдэлийг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцож, аль аль нь үүрэг хүлээж, харилцан тохиролцсоны дагуу Б.Р надад 2 500 000 төгрөгөө өгсөн. Нэхэмжлэгч тохирсон ёсоор 5 сарын хугацаанд лангуу ажиллуулаад надад мэдэлдэлгүй цааш өөр хүнд түрээслэсэн: байсныг мэдсэн. Б.Р эрсдэлээ хариуцна гэдгээ хэлсэн. Гэтэл дамжуулан түрээслэсэн хүн нь үндсэн түрээслүүлэгчид өгөх түрээсийн хөлсөө өгөх хугацаа хэтрүүлснээс энэхүү маргаан үүссэн. Би нэхэмжлэгчид гэрээний нэр, эрх 2 000 000 төгрөгөөр шилжүүлж өгнө гэж огт хэлээгүй. Тэрээр ор үндэсгүйгээр шүүхэд худал тайлбар гаргаж байсныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Б.Н-д холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд Дүнжингарав худалдааны төвийн 00, 00тоот 2 лангууны үндсэн түрээслэгч нь Ө гэдэгт маргахгүй байна.

 

Хариуцагч Б.Н- нь тус 2 лангууг 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл түрээсэлж байгаад улмаар Б.Рд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Б.Р дээрх 2 лангууг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 сар хүртэл 5 сарын хугацаанд түрээслэн ашигласанд талууд маргаагүй.

 

Хэрэгт Б.Р буюу Аагийгаас 4 500 000 төгрөгийг Хаан банк дахь 5753520255 тоот данснаасаа Б.Н-ийн мөн банк дахь 5063307240 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд уг 4 500 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг нь Дүнжингарав худалдааны төвд барьцаа хэлбэрээр байршиж байгаа гэдэгт талууд маргахгүй байна. Харин зохигч 2 500 000 төгрөгийн хувьд маргаантай байна.

 

Дээрх 2 500 000 төгрөгөөс лангууны зардал гэж 1 500 000 төгрөг авсан гэдгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй./хх 52,53/

 

Нэхэмжлэгч уг 2 500 000 төгрөгийг Б.Н-д түрээсийн гэрээний нэр шилжүүлэх болон лангуу тохижилт гэж өгсөн. Лангуунд байрших 3 модон хайрцаг 1 500 000 төгрөг болно гэхэд итгэхгүй байна гэж тайлбарласан бол хариуцагч Дамжуулан түрээсэлж буй тул 1 000 000 төгрөгийг түрээсийн хөлсөнд авсан. 1 500 000 төгрөгөөр тохижуулсан лангууг минь ашиглаж байгаа тул лангууны мөнгө авсан гэх агуулгатай тайлбар гаргажээ. /хх 53/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Талуудын шилжүүлж буй лангуу тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэх талаар маргаан гараагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх юм.

 

Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.

 

Хэрэгт хариуцагч нь үндсэн түрээслэгч Өгаас зөвшөөрөл авсан гэх баримтгүй боловч нэхэмжлэгч Б.Рг дээрх 2 лангууг 5 сар ашиглаж байх хугацаанд Ө хөөсөн эсэргүүцсэн гэх баримт мөн байхгүй байна. Нэхэмжлэгч дээр дурдсанаар 5 сар лангууг ашигласан байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь 2 500 000 төгрөгийг Б.Н-д түрээсийн гэрээний нэр шилжүүлэх зориулалтаар шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Дээрх 2 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг Б.Н- нь лангууны түрээст авсан гэж тайлбарласан бөгөөд нэгэнт Иргэний хуулиар дамжуулан түрээслэхийг хориглоогүй тул 5 сарын түрээст 1 000 000 төгрөгийг суутган тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин лангууны тохижилт, 3 модон хайрцаг зэрэг нь лангуундаа үлдсэн, тэгээд ч дамжуулан түрээслэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх буюу үйлчилгээ явуулах боломжтой лангууны зориулалт бүхий хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй тул 1 500 000 төгрөгийг хууль бус үндэслэлээр шилжүүлэн авсан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч дээрх 2 500 000 төгрөгийг бүгдийг нь дамжуулан түрээсэлсэн хөлсөнд авсан гэж тайлбарласан нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заасан агуулгатай болсныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Н-ээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дах заалтын ...54 950 төгрөг гэснийг ...38 950 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД