| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00710/И |
| Дугаар | 303/ШШ2025/00677 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 303/ШШ2025/00677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1201 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, түүний хавсралт, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын ирц, ирцийн бүртгэл, 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3164 дугаартай МХЗЭ-ийн илгээлтийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/611 дүгээр лавлагааны хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч *******ын 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний илгээлтээр ХАА-д гарсан хүүхдүүдэд тэтгэмж олгох тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, түүний хавсралт, нэгдлийн зөвлөлийн хуралд оролцсон тухай 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын ирц, ирцийн бүртгэл, илгээлтээр малчин болсон талаарх 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3164 дугаартай МХЗЭ-ийн илгээлтийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Харин Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1201 дүгээр архивын лавлагаагаар ирүүлсэн *******ын 1991-1994 онуудын Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажиллаж байсан талаарх цалингийн түүвэр нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул энэ хэсгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****** овогт *****ын 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА