| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00700/И |
| Дугаар | 303/ШШ2025/00665 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчийн ажилтай өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа боловч 1990 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд анх ажилд орсон. Архиваас 1990-1994 онд тушаал, цалин нотлох баримт шүүлгэхэд цалингаас өөр баримт гараагүй тул 1990-1994 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 650 дугаартай болон 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 817 дугаартай лавлагаанууд, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр тушаал, түүний хавсралт, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******гийн 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болох нь түүний 1991-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 650 дугаартай лавлагаа, нотлох баримт түүвэрлэсэн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 817 дугаартай лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *****овогт ********ийн 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА