| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/11507/И |
| Дугаар | 191/ШШ2025/09405 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09405
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 191/ШШ2025/09405 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дүгээр хороо, **** байр, **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дүгээр хороо, ******* ******* барилга, **** давхарт, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* констракш ХХК-тай Б/13 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, хойд талд *** дугаар байрны **** тоот, 36,51 м.кв 1 өрөө орон сууцыг захиалж, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээний дагуу 45,000,000 төгрөгийн төлбөр тооцоог хийсэн. Гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсан боловч ковид, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан 12 сард ашиглалтад орсон. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус орон сууцанд амьдарч байгаа.
******* ******* констракш ХХК орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гээд байнгын худлаа ярьсаар өнөөдрийг хүрлээ. Захирал Б.Мөнхбат нь орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь компанийн нэр дээр үл хөдлөхийг гэрчилгээ гаргуулж, түүнийг барьцаалан иргэдээс ихээхэн хэмжээний буюу 200 гаран сая төгрөг зээлэн авсан байдаг. Ингээд тус орон сууц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэгдсэн байдалтай байна. Манай байрны зарим оршин суугчид хөөцөлдөж 2025 оны 9 сард ******* орон сууцны гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэй болгож, шүүхээр шийдвэр гаргуулсан тус байрны 11 айл Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөхийн гэрчилгээгээ авсан.
Орон сууц захиалгын гэрээний 5.1.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь Захиалагчийн захиалсан байрыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй байх үүрэгтэй бөгөөд барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасан өмчлөгдөх эрх зөрчигдөж байгаа юм.
******* ******* констракш ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас иргэн миний бие эд хөрөнгө, сэтгэл санаагаар өдий хүртэл маш их хохиролыг амсаж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж ******* ******* ХХК-д **** дугаар байрны **** давхарын **** тоот, 36.51 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ****** дүүрэг, **** дүгээр хороо /хуучнаар *** дугаар хороо/, *** хороолол, гудамж, **** тоот хаягт байршилтай, *******- үйлчилгээтэй орон сууцны барилгын *** давхарт, *** тоот хаягт байршилтай, 36,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нь Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дүгээр хороо /хуучнаар *** дугаар хороо/, **** хороолол, гудамж, **** тоот барилга, *******- үйлчилгээтэй орон сууцны барилгын *** давхарт, **** тоот хаягт байршилтай, 36,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч ******* ******* ХХК нь Улаанбаатар хот, ***** дүүрэг, **** дүгээр хороо /хуучнаар *** дугаар хороо/, **** хороолол, гудамж, *******- үйлчилгээтэй орон сууцны *** тоот барилгын *** давхарт, **** тоот хаягт байршилтай, 36,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 382,950 төгрөг, нийт 453,150 төгрөгийн 226,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 226,575 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ХХК-иас 226,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА