2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09476

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09476

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, **** хороо, ****** талбай ****** хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

О.******* нь банктай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дижитал зээлийн гэрээ-г байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин төлбөрөө төлөхгүй байсан тул түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэн О.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тэрээр нас барсан байх тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасааа татгалзаж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Зээлийн бүтээгдэхүний мэдээллийн хүснэгт, ******* банк ХК, О.*******ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан R001397741 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, ЗГ- R001397741 дугаартай Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, О.*******ийн иргэний үнэмлэх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/44596 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Иргэний нас барсны бүртгэлийн лавлагаа баримт хэрэгт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн төлөөлөгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.******* нь нас барсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/44596 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа баримтад О.*******ийг 2025 оны *** дүгээр сарын ***-ны өдөр нас барсан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА