| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0783/Э |
| Дугаар | 859 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч З.М, Э.П нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.М, Э.П нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806014290764 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, тоот регистрийн дугаартай, Төөлүүл овогт З.М,
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 19 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өгөгдөлийн сангийн оператор мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, тоот регистрийн дугаартай, Тайж овогт Э.П,
Үйлдсэн хэргийн талаар:
З.М, Э.П нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна Н.Мөнх-Очирыг зодож биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч З.М, Э.П нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Мөнх-Очирийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна ачаа буулгаж байсан. Тэгтэл 30 орчим насны намхан ногоон өнгийн дээлтэй залуу би хүргэлтийн мөнгө болох 20.000 төгрөгийг дансаараа авчихлаа, та хүргээд өгчих үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа үнэгүй хүргэж өгдөг юм чадахгүй гэж хэлсэн. Тэгээд ногоон дээлтэй намхан залуу миний хөлнөөс татаж биеийн хажуу талаар унагаасан. Мөнхтөр миний хөлнөөс татаж унагаасан. Машиных нь дугуй орчим толгой, мөрөөрөө шүргэж унасан. Босож ирсэний дараа заамдаж байгаад нүүрэн тус газар хамарын зүүн талд 2 удаа гараараа цохисон. Пүрэвжаргал миний зүүн хацар, нүд, хамар орчимд 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 11-18/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 3429 дугаартай:
Н.Мөнх-Очирийн биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/
Шүүгдэгч Э.Пын мөрдөн байцаалтанд өгсөн:
Мөнх-Очирын зүүн шанаа орчим нь гараараа 2 удаа цохисон. Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 64/
Шүүгдэгч З.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Бие биенээ заамдалцаж байгаад Мөнх-Очирыг тонгорч унагаасан. Тэгээд зүүн талын хацар орчим нь 2-3 удаа гараараа цохисон. Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 70/
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/,
- хохиролын талаарх баримтууд /хх-ийн 51-59/,
- эм би жи гэмтэл согогийн эмнэлгийн 136 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 79-92/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс З.М, Э.П нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-38, 40-42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч З.М, Э.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.М, Э.П нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна Н.Мөнх-Очирыг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч З.М, Э.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байна.
Хохирогч Н.Мөнх-Очир нь өөрийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтлийг эмчилж нийт 2.619.250 төгрөгийн мөнгөн хохирол учирсан тул буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэж нотлох баримтаар нэхэмжилсэн.
Хохиролын талаарх эм тариа худалдаж авч хэргэлсэн гэх, эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд хэрэгт байх боловч үүнээс хавтаст хэргийн 52, 53, 56-р талд байх Эм Би Жи мед ХХК-ийн кассын орлогын ордер гэх баримтууд нь НӨАТ тооцогдоогүй байх ба энэ нь тухайн баримтыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хавтаст хэргийн 53-р талд байх баримтын бичвэр нь мэдэгдэхгүй, 54-р талд байх мөнхийн тун мед ХХК-ийн баримт нь эмчилгээний зааварт бичсэнтэй тохирохгүй, хавтаст хэргийн 51, 56-р талд байх Эм Би Жи мед ХХК-ийн Татварын ерөнхий газарт НӨАТ тооцож бүртгэгдсэн баримт нь хэн тухайн үйлчилгээг хэн авсан болох нь тодорхойгүй байна.
Хавтаст хэргийн 79-93 дугаар талд байх Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлгийн 136 дугаартай өвчний түүхийн хуулбарт “ 2018 оны 1 сарын 24-нд ажлаа хийж байхдаа хүнд зодуулсан. Нүүрэндээ цохиулсан. Тухайн үед хавдаж хөхөрсөн” гэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх баримтууд нь тухайн үндэслэл шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11, 13 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирол тооцох боломжгүй учир эдгээр баримтын талаарх хохиролын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Харин хэрэгт авагдсан бусад баримтыг үнэлэж, баримтаар 429.250 төгрөгийг гаргуулж хохирогчид олгон, нэхэмжлэлээс 2.190.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Иймд хохирогч Н.Мөнх-Очир нь хэлэлцэхгүй орхисон хохиролын талаархи нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Төөлүүл овогт З.М, Тайж овогт Э.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М, Э.П нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М, Э.П нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М, Э.П нараас 429.250 төгргийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Н.Мөнх-Очирт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч З.М, Э.П нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М, Э.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ