Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2026/0062

 

2026 оны 06 сарын 22 өдөр         Дугаар 111/ШШ2026/0062             Баянхонгор сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* /РД:.........../,

            Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Уртнасан нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн *******т холбогдуулан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар *******г ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах”-аар маргаж байна. 

Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

  1. *******г Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 12 дугаар 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар төсөв, бүтэц, орон тоонд өөрчлөлт орж цомхотгогдсон шалтгаанаар төрийн албанаас чөлөөлсөн.
  2. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл гаргасныг тус газрын 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 22 дугаар албан бичгээр шийдвэрлэн, хариуг хүргүүлжээ. Улмаар 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана: “Миний бие ******* нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчны газрын даргын Б/55 тушаалаар Шинэжинст сумын Байгаль хамгаалагч албан тушаалд томилогдсон. 6 сарын туршилтын хугацаагаар ажиллаад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон.

           Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж, албан тушаалын тодорхойлолтоор батлагдсан үүрэг чиглэлийг мөрдлөг болгон ажиллаж байсан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажилласан болно. Гэтэл Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын дарга ******* нь төсөв цомхотгож, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон гэх үндэслэлээр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал гарган төрийн жинхэнэ албан хаагч болох намайг ажлаас чөлөөлсөн.

          Дээрх тушаалтай холбоотойгоор 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар хариу мэдэгдэх албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариунд Байгаль орчны газрын даргын “*******г байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул дээрх асуудлаар дараагийн шатны шүүх хяналтын байгууллагад хандан уу гэсэн хариуг ирүүлсэн.

           Дээрх шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бүтэц орон тоо, цөөрсөн тохиолдолд уг шийдвэрийг гаргахаас 30 хоногийн өмнө бичгээр эсвэл цахимаар дамжуулан мэдэгдэх хуулийн зохицуулалттай байдаг. Дээрх шийдвэрийг ямар нэгэн бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Зөвхөн утсаар ярьсан зүйл байгаа. Үүнийг хуульд зааснаар мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

           Мөн Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 8/45 дугаартай тогтоолыг үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр нь ямар шийдвэр байсан талаар тодорхой мэдэхгүй байгаа болно.

           Миний бие ******* нь сарын 1,780,000 /нэг сая долоон зуун наян/ төгрөгийн цалинг авч байсан. Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ажилгүй байсан. Энэ хугацааны цалин хөлс 2,670,000 /хоёр сая зургаан далан мянга/ төгрөг болохоор байна.

           Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү .” гэжээ.

     5. Хариуцагч Байгаль орчны газрын дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: “Тус газрын бүтэц 2025 онд 53 орон тоотойгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Баянхонгор аймгийн 2025 оны төсөв батлах тухай" 4/28 дугаар тогтоолоор батлагдсан. Төрийн албаны 9 хувийн цомхотголтой холбоотой Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" 8/45 дугаар тогтоолоор тус газрын төсөв, бүтэц, орон тоо 41 болон хасагдаж батлагдсан.

 Төсөв хасагдсантай холбоотой 2 байгаль хамгаалагч ажиллаж байсан сумдын нэг байгаль хамгаалагчийг чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг Шинэжинст сумын байгаль хамгаалагч *******д 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 48 минутад 88085717 дугаарын утсаар ярьж албан ёсоор мэдэгдсэн. 

Мөн Байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр устаар ярьж тайлбар авсан.

Жич: Байгаль хамгаалагч нь холын суманд ажиллаж байсан тул утсаар сонсох ажиллагааны мэдэгдэл, сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" 8/45 дугаар тогтоолоор байгууллагын төсөв хасагдаж нэг суманд 2 байгаль хамгаалагч ажиллах боломжгүй, төсөв хүрэлцэхгүй байгаа тул Сонсох ажиллагаа явуулсны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу төсөв хасагдаж, орон тоо цомхотгосонтой холбоотой хоёр байгаль хамгаалагч ажиллаж байсан Өлзийт, Баянговь, Шинэжинст сумдын /Төрийн захиргааны/ 3 байгаль хамгаалагч чөлөөлөгдсөн тул тус бүр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор аймгийн Засаг даргад тэтгэлэгт шаардагдах 11,547,000 төгрөгийг төсөвт суулган шийдвэрлэж өгөх хүсэлтийг хүргүүлсэн болно.” гэжээ.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би төрийн захиргааны тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч. Цомхотгол нэрийдлээр намайг ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны салбар зөвлөлд хандахад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие ******* нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын  даргаар 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож ирсэн. Ирээд ерөнхий байгууллагын бүтэц, төсөв нөхцөл байдлыг харсан. 2025 оны эхэнд 53 орон тоотой ажиллаж байсан. Харин 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсвийн тодотгол хийгээд 41 орон тоо болсон байсан. Энэ бүтэц орон тоо өөрчлөлтгүй явж байсан. Намайг ирэхээс өмнө 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 орон тоо баталсан байсан. Төсөв хасагдаж, орон тоо батлагдсантай холбоотой байгууллага дээр ирсэн 31 төрийн захиргааны албан тушаалын орон тоонд байгууллага дээр 10 ажилтан, хөдөө орон нутагт 21 таарч байна. 20 сум болон Шаргалжуутад 1 орон тоо батлагдаж 21 орон тоо бүрдсэн. Энэ цомхотголтой холбоотой байгууллагын хөдөө ажилдаг ажилчидтай цахим хурал хийж танилцуулсан. Нэг суманд 2 байгаль хамгаалагч байгаа албан тушаалтай холбоотой *******гийн сонсох ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 17 минутад мэдэгдсэн. Энэ цомхотголтой холбоотой 3 албан хаагч ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилгүйдлийн нэг удаагийн тэтгэмж олгохоор уламжлагдсан. Одоогийн байдлаар нэг суманд хоёр албан хаагч ажиллах болон бусад албан хаагчийн давуу байдлыг эдлэх боломжгүй учраас энэ шийдвэрийг гаргасан.” гэв.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн *******т холбогдуулан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *******г ажлаас чөлөөлсөн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  3. ******* дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
    1. Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “*******г байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр. Өөрөөр хэлбэл, бүтэц, орон тоо цөөрсөн тохиолдолд уг шийдвэрийг гаргахаас 30 хоногийн өмнө бичгээр эсвэл цахимаар мэдэгдэх зохицуулалттай. Дээрх шийдвэрийг бичгээр мэдэгдээгүй, утсаар ярьсныг хуульд зааснаар мэдэгдсэн гэж үзэхгүй.
    2. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолыг үндэслэн маргаан бүхий шийдвэрийг гаргасан бөгөөд ямар шийдвэр байсан талаар тодорхой мэдэхгүй.
  4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргана. Үүнд:
    1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Баяхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 8/45 дугаар тогтоолоор тус газрын төсөв, бүтэц, орон тоо хасагдаж батлагдсан.
    2. Төсөв хасагдсантай холбоотой хоёр байгаль хамгаалагч ажиллаж байсан сумдын нэг байгаль хамгаалагчийг чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг Шинэжинст сумын байгаль хамгаалагч *******д 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 48 минутад 88085717 дугаарын утсаар ярьж албан ёсоор мэдэгдсэн. 
    3. Байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу 2026 оны 01 дүгээр сарны 06-ны өдөр утсаар ярьж авсан.
    4. Төсөв хасагдаж нэг суманд 2 байгаль хамгаалагч ажиллах боломжгүй тул *******г 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг төсөвт суулгах асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн.
  5. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
    1. Нэхэмжлэгч *******г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “*******г байгаль хамгаалагчийн ажилд томилох тухай” Б/55 дугаар[1] /түр/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “*******г Байгаль хамгаалагчийн албан тушаалд томилох тухай” Б/103 дугаар[2] тушаалуудаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулж байжээ.
    2. Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[3] тус газрын бүтэц, орон тоо, цалингийн санг баталж, байгаль хамгаалагчийн /ТЗ-9/ орон тоог 21 болгон бууруулсан байна.
    3. Улмаар Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар[4] төсөв, бүтэц орон тоонд өөрчлөлт орж цомхотгогдсон шалтгаанаар *******г албан тушаалаас нь чөлөөлсөн.
  6. Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;”, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.”, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/45 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.
  7. Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 8/45 дугаар тогтоолын холбогдох хэсгээр Байгаль орчны газрын төсөв хасагдаж, түүнтэй холбоотойгоор тус газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар бүтэц, орон тоо, цалингийн санг баталж, байгаль хамгаалагчийн орон тоог бууруулахаар шийдвэрлэсэн байна.
  8. Хариуцагч төсөв танагдсан шалтгаанаар *******г Баянхонгор аймгийн Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалаас /ажиллаж байсан 2 иргэний нэгийг шалгаруулалт зохион байгуулалгүйгээр/ чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.”, 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
  9. Тодруулбал, ажлын байрны тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан байгаль хамгаалагчийн албан тушаалын нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий этгээд шалгаруулах хуулийн зохицуулалттай атал нэхэмжлэгчийг төсөв танагдсан шалтгаанаар төрийн албанаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гарах дөхсөн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулсан нь хууль бус байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас ойртсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шаардлагад нийцэхгүй тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.
  10. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн болох нь хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өргөдөлд утсаар ярьсан гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч *******гийн бүтэц, орон тооны шийдвэрийг гаргахаас өмнө бичгээр мэдэгдээгүй, утсаар ярьсныг мэдэгдсэн гэж үзэхгүй гэж маргасныг үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
  11. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч *******гийн “төрийн албанд ажиллах”, “хөдөлмөрлөх” эрхүүд зөрчигдсөн байх тул Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулахаар шийдвэрлэлээ.
  12.  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч *******гийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд ажиллах эрх сэргэх бөгөөд ажилгүй байсан буюу 2026 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх шийдвэр гаргах хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгож, тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:”, 24.1.4-т “хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол;” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч хариуцна.
  13. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт албадан гүйцэтгэх хуудас бичигдэхгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн эрх сэргэх үр дагавартай, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “*******г байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг хариуцагчид даалгасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 135 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 136 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 68-69 дүгээр талууд

[4] Хавтаст хэргийн 137-138 дугаар талууд