| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0572/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 572
2018 7 06 572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,
шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.овогт Г.Эөд холбогдох эрүүгийн 1705 017900 0076 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялтай дүйцүүлэн 12 жил 10 сар, 28 хоног хорих ял болгон хасаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 48 дугаар захирамжаар 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т.овогт Г.Э.
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудлын ресепшинд барьцаанд үлдээсэн байсан Э.Мын “Samsung S5” загварын гар утсыг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Э мэдүүлэхдээ:
Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр залуутай танилцсан тул барьцааны мөнгийг нь төлж, гар утсыг нь аваад, түүнээс мөнгөө буцааж авна гэж ярьсан байсан. Гэтэл тэр над руу яриагүй. Тэгээд цагдаагийн байгууллагаас над руу ярихаар би утсыг нь Э.Мд буцаан өгсөн. Надад тэр хүнийг залилах санаа бодол байгаагүй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Э.М мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Хонгорзулын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд орсон юм. Тухайн үед сул ширээ байгаагүй учир бид хоёрыг 2 хүнтэй ширээн дээр шахаад суулгасан юм. Хэсэг хугацааны дараа дахиад нэг цагаан кэпкэн малгайтай, шар царайтай залууг манай ширээ рүү шахаж суулгасан юм. Тэр залуу надтай яриа өдөж хэсэг суусны дараа Хонгорзул бид хоёр гарч, “+25” баарны хажуу талд байх “Ланд” зочид буудал руу ороход бааранд надтай юм яриад байсан залуу араас ороод ирсэн байсан. Тухайн буудлын тооцоог хийх гээд ресепшинд картаа өгтөл карт уншихгүй гэхэд нь би өөрийн “Самсунг галакси Си-5” маркийн гар утсаа түр үлдээгээд өглөө авахаар болсон юм. Маргааш өглөө нь 10 цагийн орчим доошоо бууж, утсаа авах гэтэл тухайн буудлын ресепшин “өчигдөр тантай цуг орж ирсэн залуу таны утсыг аваад тооцоог хийгээд явсан” гэхэд би “тэр залууг танихгүй, юун залуу вэ” гээд цагдаад дуудлага өгсөн. Алдсан гар утсаа хүлээн авлаа. Надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч- Д.О мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг 15 минутын орчим 2 ах 1 эгч орж ирсэн. Тэгээд нэг ах нь ирээд өрөө асуугаад 40 000 төгрөгийн өрөөнд орох болоод тооцоог нь авах гэтэл карт уншдаг машин сүлжээгүй болчихсон байхаар нь би “картны машин болохгүй байгаа юм чинь та барьцааны зүйл үлдээгээд өрөөндөө орчих” гэхэд тэр ах өөрийнхөө “Самсунг маркийн С5” гар утсыг өгөхөөр нь аваад өрөө рүү нь явуулахад цуг орж ирсэн ах нь үлдээд надтай юм ярьж байгаад гоймон ус 2 аваад найз дээрээ ороод ирье гээд араас нь явсан. Ойролцоогоор 20 минутын дараа нөгөө цуг явж байсан 178 см өндөртэй, цагаан кепкен малгай өмссөн, шардуу царайтай, туранхай, шөвгөрдүү царайтай ах бууж ирээд манай найз намайг хөөгөөд гаргачихлаа. Мөнгө олж ирээд утсыг маань аваад байж бай гэж байна гэхээр нь би тэг тэг гээд явуулсан юм. Тэгээд тэр ах ойролцоогоор 1 цагийн дараа ирээд, буудлын өрөөний тооцоо 40 000 төгрөг өгөөд утсыг нь аваад явсан. Тэгээд өглөө нь би 9 гэж буугаад гэртээ хариад байж байхад буудлын ресепшин дуудаад буцаад ажил руу очиход шөнө орсон ах, эгч хоёр “танихгүй хүнд утас өгч явуулсан байна. Би тэр хүнийг танихгүй, бааранд нэг хачин юм наалдаад байсан гээд цагдаа дуудсан” гэжээ. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч- Э.Г мэдүүлэхдээ:
Тухайн өдөр манай үндсэн ресепшин Мягмарсүрэн хөдөө ажлаар явах хэрэгтэй байна гээд чөлөө авахаар нь би нэг өдөр юм чинь би өөрөө гарчихъя гээд би гарч байсан юм. Тухайн өдөр буудал, билльярд, снүүкэр, ресторан хариуцаж байсан болохоор ресепшин дээр хамгаалагчаа түр суулгасан юм. 04 цаг гээд манай буудлаас бусад үйл ажиллагаа хаадаг учир би төлбөр тооцооны асуудлыг бодох гээд түр хугацаагаар босоод явах хойгуур манай хамгаалагч залуу буудлын хоногийн төлбөрийн оронд “Самсунг” маркийн гар утас авч үлдсэн байсан. Би хамгаалагчаасаа бичиг баримтыг нь авч үлдсэн үү гэхэд “байхгүй ээ, бичиг баримтгүй гээд утсаа үлдээсэн, удахгүй авна” гэж надад хэлсэн. 5 цаг өнгөрч байхад манай хамгаалагч О намайг 00 руу орж байхад дуудаад 40 000 төгрөгний барьцаа авъя гээд дуудсан. Намайг ирэхэд цагаан малгайтай хар өнгийн куртиктэй залуу байж байхаар нь энэ хүн мөн үү гэж хамгаалагчаасаа лавлаж асуухад мөн гэхээр нь би биллэн дээр нь гарын үсэг зуруулаад, өрөөнд чинь ямар хүн байгаа вэ гэж асуухад “нэг эмэгтэй хүн унтаж байгаа, санаа зовох зүйлгүй” гэхээр нь би хамгаалагч О ын барьцаанд авсан “Самсунг” маркийн гар утсыг өгч явуулсан. Өглөө 10 цаг болж байхад нэг залуу бууж ирээд картаа авъя гэхээр нь ямар карт гэж би лавлаж асуухад утастайгаа үлдээсэн гэхээр нь хүн нь шөнө аваад явчихсан шүү дээ гэсэн чинь “яагаад миний эд зүйлийг өөр хүнд өгч явуулж байгаа юм бэ” гээд асуудал үүссэн. Тухайн үед манай хамгаалагч О буугаад явчихсан байсан тул буцааж ажил дээр дуудан цагдаад мэдэгдэн камерын бичлэг шалгаж үзээд болсон асуудлын талаар харсан. Тэр хүний авсан өрөө нь люкс зэрэглэлийн өрөө учир хоёроос илүү хүн ордоггүй болохоор миний утас өгч явуулсан хүн нэг эмэгтэйтэй хоёулаа ороод буцаж гарч байгаа юм байна гэж ойлгосон юм гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялтай дүйцүүлэн 12 жил 10 сар, 28 хоног хорих ял болгон хасаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 48 дугаар захирамжаар 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудлын ресепшинд 40 000 төгрөгийн барьцаанд үлдээсэн байсан хохирогч Э.Мын “Samsung S5” загварын 450 000 төгрөгийн үнэтэй гар утсыг “манай найз намайг мөнгө олж ирээд утсыг маань аваад байж бай гэнэ” гэж худал хэлж, барьцааны 40 000 төгрөг төлж аван бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.М, гэрч Д.О, Э.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялтай дүйцүүлэн Г.Эийн эдлэх ялыг 12 жил 10 сар, 28 хоног болгон тогтоосон ба улмаар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар захирамжаар түүнийг 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоосон байна.
Гэтэл Г.Э нь дээрх хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны тэнсэн суллагдсанаас хойш 1 сарын дараа 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудлын ресепшинд барьцаанд үлдээсэн байсан хохирогч Э.Мын “Samsung S5” загварын гар утсыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлд заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.
Иймд шүүгдэгчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 48 дугаар захирамжийн заалтаар 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар Г.Эийн үйлдсэн энэ хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Хохирогч нь “би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.овогт Г.Эийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эийг 06 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар Г.Эийг 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Эөд энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 07 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Г.Эийн эдлэх 2 жил 07 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Эийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН