| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2026/0035/З |
| Дугаар | 111/ШШ2026/0063 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 111/ШШ2026/0063
| 2026 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 111/ШШ2026/0063 | Баянхонгор сум |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******,
Гуравдагч этгээд “Оточ мандал ӨЭМТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хяналтын прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Хариуцагч ******* Эрүүл мэндийн яамны Салбарын улсын Ерөнхий байцаагч Б.Янжмаагийн баталсан 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 10-00/09 дүгээр шалгалтын удирдамжийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлалтай “Оточ мандал” ӨЭМТ-д хяналт шалгалт хийжээ.
Тус өрхийн эрүүл мэндийн төвийг байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр дотоод хяналтын үнэлгээний хуудсаар үйл ажиллагааг үнэлдэг ч бодит бус, холбогдох арга хэмжээг авч ажиллаж хэвшээгүй, халдвартай болон энгийн хог хаягдлыг тасалгаатай нэг тагтай саванд хийдэг, бээлийн размерын дагуу өмсдөггүй /томдсон/, 1 дүгээр багийн эмчийн өрөө эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд гар угаалтуургүй болон ажилбарын цэгтэй хэт ойр, шаардлагатай тохиолдолд гар угаах нөхцөлөөр хангаагүй, хог хаягдал хариуцсан ажилтан хамгаалах хувцас хэрэгсэл өмсдөггүй гэх зөрчлийг илрүүлсэн байна.
Иймд “Оточ мандал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга *******г Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас ногдуулж, 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэлийн МЭ14/26-6 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.
3. Хяналтын прокурор нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан байна.
4. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
“Баянхонгор аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Нарантуяа би, тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* нь “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оточ мандал” өрхийн эрүүл мэндийн төв нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийн 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр илрүүлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж улмаар *******д ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бүртгэлийн ЭМ14/26-6 дугаартай зөрчлийн материалыг шалгалтын явцад хянав.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг цуглуулах, нотлох, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэн холбогдох арга хэмжээг авахаар хууль тогтоомжид тусгагдсан.
Материалд цугларсан баримтад, Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийг нотлох баримтаар тогтоогоогүй, холбогдогч болох “Оточ мандал” нөхөрлөлийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, мэдүүлэг аваагүй, ******* гэх хүн төлөөлөх талаар баримтыг хавсаргалгүй шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйл, 4.14, 4.15 дугаар зүйлийг зөрчиж шийтгэл оногдуулсан.
Шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”, 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журмын 1.3 дахь хэсэгт "Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг багтаасан байна”, 2.5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ.” гэж тус тус заасан.
Материалд авагдсан баримтад, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас эх хувиар хавсаргагдаагүй, хэзээ шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, холбогдогчоор тогтоогдоогүй хүний нэр бичсэн, хэзээ, хэрхэн гардуулж өгсөн нь тодорхойгүй байгаа нь оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж дүгнэлээ.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зөрчил үйлдсэн хуулийн этгээд шийтгэл завших, Зөрчлийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.”, 1.3-т заасан “Зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим болон зөрчлийн хуулийн зорилт алдагдах нөхцөл байдал бий болж байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******гийн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсан *******д холбогдох ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
5. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Нарантуяагийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтэд аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* миний бие тайлбар өгөх нь:
1.Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг "Оточ мандал" ӨЭМТ төвд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн
11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн бүртгэлийн ЭМ14/26-6 дугаартай зөрчлийн материалыг хяналтын прокурор М.Нарантуяад хянуулахаар өгсөн.Прокурорын дүгнэлтэд:
1.1.Нотлох баримтаар тогтоогоогүй гэх нь материалд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдвар сэргийлэлт хяналтын хөтөлбөр төлөвлөгөөтэй боловч, эрсдэлийн үнэлгээ хийж, ур дунг тооцож, хариу арга хэмжээ авч ажилладаггүй эмнэлгийн халдвартай хог хаягдлыг тусад нь ялган ангилдаг боловч дундаа тасалгаатай нэг саванд хийсэн, эмч ажилчид бээлийг өөрт тохирох размераар өмсдөггүй томдсон, багийн эмч болон эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд гар угаалтуур байхгүй болон ажилбарын цэгт хэт ойр үсэрч цацагдах эрсдэлтэй, шаардлагатай тохиолдолд гар угаах боломжоор хангаагүй, хог хаягдал хариуцсан ажилтан хамгаалах хувцас хэрэгслийг өмсдөггүй зэрэг зөрчил илэрсэн ба төлөвлөгөөт шалгалтыг хийхдээ салбар яамнаас хянаж баталгаажуулсан хяналтын хуудсаар эрсдэлд суурилсан үнэлгээг тогтоодог бөгөөд эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хэрэгжүүлэх дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлтэй, нотлох баримтаар баталгаажиж, хяналтын хуудас болон зөрчлийн зураг зэргийг холбогдогчид танилцуулсан гарын үсэг зуруулж, материалд хавсаргасан болно.
Тогтоогдсон нөхцөл байдал нь эмнэлгээс шалтгаалах халдвар гарах эрсдэлтийн хувь хяналтын хуудасны үнэлгээгээр 44 буюу дунд байсан тул торгож шийтгэвэр тавьсан.
1.2.Хууль ёсны төлөөлөгч тогтоогдоогүй шийтгэл оногдуулсан гэх нь Оточ мандал ӨЭМТ-ийн даргаар ******* ажилладаг бөгөөд тухайн байгууллагын дарга, захирал нь итгэмжлэлгүйгээр өөрийгөө төлөөлөх эрхтэй тул шууд шийтгэл оногдуулж болох гэж ойлгож байгаа бөгөөд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн 3.5 дугаар зүйлийн 1.1.2 дахь /хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг/ заалт нь тухайн аж ахуйн нэгжийн дарга, захирлыг орлох, тухайн байгууллага аж, ахуйн нэгжийг төлөөлж шийдвэр гаргах улсын бүртгэлд нэмэлтээр бүртгэгдсэн албан тушаалтан гүйцэтгэх захирал зэргийг дарга, захирал өөрийн биеэр байхгүй тохиолдолд хууль ёсны төлөөлөгчөөр томилно гэж хуулийн тус заалтыг ойлгож байна. Тус ерхийн эрүүл мэндийн төвийн Даргаар М.Долгормааг сонгосныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн гэрчилгээг материалд хавсаргасан бөгөөд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн 3.5 дугаар зүйлийн 6 дахь /Холбогдогчоос өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй/ заалтын хүрээнд М.Долгормаагаас өөр төлөөлөх хууль ёсны этгээд байхгүй тул шийтгэл оногдуулсан болно.
1.3. Хуулийн этгээдийн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор танилцуулна гэх заалтыг зөрчсөн гэх нь М.Долгормаа нь Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллахаар явах хугацаандаа авто тээврийн осолд орсон бөгөөд УБ хотод хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдэгдэж эмчлэгч эмч *******г явуулан шийтгэлийн хуудсыг авхуулж танилцсан болно. Шийтгэврийн хуудаст гарын үсэг зуруулаагүй талаар прокурорт тайлбар хуудас бичиж өгсөн.
1.4. Шийтгэлийн хуудасны хуудасны эх хувийг хавсаргаагүй гэх нь эх хувийг холбогдогч сольж авч явсан бөгөөд хавсралт хувийг материалд бүрдүүлсэн нь улсын байцаагчийн зүгээс хянаж ажиллаагүй байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* манай өрхийн эрүүл мэндийн төвд ирж төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийх талаар тухайн байгууллагад 14 хоногийн өмнө мэдэгдэж хяналт шалгалтын үнэлгээний хуудсыг явуулна гэж журамд заасан байдаг ба улсын байцаагч ******* мэдэгдэл явуулаагүй. ӨЭМТ-ийн дарга ******* 2026 оны 4 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод "ӨЭМТ-ийн удирдах ажилтнуудын улсын VII зөвлөгөөнд оролцоод хяналт шалгалтын өдөр байгаагүй. Хяналт шалгалтаар улсын байцаагч ******* ахлах сувилагч, XСХ-ийн багийн ахлагч эмч, бусад ажилчидтай хамт бух өрөөнүүдээр явж , үнэлгээ хийгээд, халдвар хамгааллын чиглэлээр илэрсэн зөрчил болон цаашид анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгөөд явсан.Хамт олонд хяналт үнэлгээг танилцуулж хурал хийгээгүй. Маргааш нь их эмч *******г дуудаж зөрчлийн хуулиар торгууль тавина, нийт 7 төрлийн бичиг баримтыг 4 дүгээр сарын 13-ны өдөр авчирч өг гэсэн. Ингээд төвийн дарга ******* 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шаардсан бичиг баримтыг бүрдүүлж Улсын байцаагч *******тай очиж уулзсан.Танай байгууллагад зөрчлийн тухай хуулиар 1 сая төгрөгийн торгууль тавина.Хүлээн зөвшөөрөхгүй бол прокурорт шилжиж 5 сая төгрөг болно гэхээр нь залуу дарга 5 сая төгрөгөөр торгуулж байхаар 1 сая төгрөгөөр торгуулъя гээд хүлээн зөвшөөрлөө гээд ирсэн.
Тухайн үед манай хамт олон ямар зөрчил илэрсэн талаар танилцуулж дүнгийн хурал хийгээгүй байж яагаад 1 сая төгрөг торгууль тавьж байгаа юм бэ, хурал хийгээд хамт олонд хяналт шалгалтын үнэлгээг нэг бүрчлэн танилцуулж хэлмээр байна гэсэн санал хэлсэн. ******* манай өрх дээр ирж, хурал хийж үнэлгээг танилцуулаагүй 4 сарын 29-ний өдөр улсын байцаагч ******* их эмч *******г дуудаж төвийн дарга *******гийн ******* дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг өгч, торгуулийн 1 сая төгрөг өнөөдрийн дотор Төрийн сангийн дансанд хийхгүй бол 1,5 сая болж торгууль нэмэгдэнэ гэсэн. Энэ хугацаанд төвийн дарга ******* ГССҮТ-д хэвтэн эмчилүүлж байсан. 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1 сая төгрөгийг Төрийн сангийн 10090000602 дансанд хийсэн. Манай байгууллага эрүүл мэндийн сайдын А/537, А/173 тоот тушаалуудын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ба халдвар хамгааллын зөрчилтэй холбоотой хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй, эмнэлгээс шалтгаалах халдвар гараагүй ажиллаж байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагийн эрх бүхий албан тушаалтны ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасантай санал нэг байна.
Тус ******* дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл нь “Оточ мандал” ӨЭМТ-ийн дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэсэн байсан. Улсын байцаагч хяналт шалгалтын багаас 1 асуулт асуугаагүй. Багийн журам ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлсэн үйл ажилтай огт танилцаагүй. Иймд төвийн дарга *******гийн ******* шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичсэн.
2.Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн, прокуророос гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
3.Хариуцагч хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны актад[1] он, сар, өдрийг бичээгүй тул шүүхийн шийдвэрт шийтгэлийн хуудасны дугаарыг бичсэн болно.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд:
4.1.Хариуцагч ******* Эрүүл мэндийн яамны Салбарын улсын Ерөнхий байцаагч Б.Янжмаагийн баталсан 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 10-00/09 дүгээр удирдамж[2], түүний хавсралтын хүрээнд Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “Оточ мандал” ӨЭМТ-д төлөвлөгөөт шалгалт хийсэн байна.
4.2.Төлөвлөгөөт шалгалтаар “Оточ мандал” ӨЭМТ-ийг байгууллагын үйл ажиллагааны үйл ажиллагааны онцлогт тохирсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр дотоод хяналтын үнэлгээний хуудсаар үйл ажиллагааг үнэлдэг ч бодит бус, холбогдох арга хэмжээг авч ажиллаж хэвшээгүй, халдвартай болон энгийн хог хаягдлыг тасалгаатай нэг тагтай саванд хийдэг, бээлийн размерын дагуу өмсдөггүй /томдсон/, 1 дүгээр багийн эмчийн өрөө эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд, гар угаалтуургүй болон ажилбарын цэгтэй хэт ойр, шаардлагатай тохиолдолд гар угаах нөхцөлөөр хангаагүй, хог хаягдал хариуцсан ажилтан хамгаалах хувцас хэрэгсэл өмсдөггүй гэж холбогдогч “Оточ мандал” ӨЭМТ-ийн дарга *******г Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй;” гэж зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
5.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр ...талаар тусгана.”, 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
6. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* “Оточ мандал” ӨЭМТ-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй...” гэж заасан зөрчлийг гаргасан эсэхийг баримтаар нотлоогүй гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна. Тодруулбал, холбогдогчийг буруутгаж буй байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр дотоод хяналтын үнэлгээний хуудсаар үйл ажиллагааг үнэлдэг ч бодит бус, холбогдох арга хэмжээг авч ажиллаж хэвшээгүй, халдвартай болон энгийн хог хаягдлыг тасалгаатай нэг тагтай саванд хийдэг, бээлийн размерын дагуу өмсдөггүй /томдсон/, 1 дүгээр багийн эмчийн өрөө эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд гар угаалтуургүй болон ажилбарын цэгтэй хэт ойр, шаардлагатай тохиолдолд гар угаах нөхцөлөөр хангаагүй, хог хаягдал хариуцсан ажилтан хамгаалах хувцас хэрэгсэл өмсдөггүй зэрэг дутагдлууд нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дотоод хяналт шалгалтын журмыг тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчилд хамаарч байгааг тайлбарлан нотлоогүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2-т заасан журмыг баримтлаагүй байх тул Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
7. Шүүх хариуцагч Б.Уранзаяагийн хийсэн төлөвлөгөөт шалтгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг үгүйсгээгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн өөр зүйл хэсгийг хэрэглэн шийтгэлийн хуудсыг ногдуулахаар байжээ.
Түүнчлэн “Оточ мандал” ӨЭМТ-ийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, мэдүүлэг аваагүй, *******гийн төлөөлөх талаарх баримтыг хавсаргаагүй гэх прокурорын дүгнэлтийг үгүйсгэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь хавтаст хэргийн 27 дугаар талд нотлох баримтаар авагдсан “Оточ мандал” БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлийн 320001006 дугаар гэрчилгээнд Доржравдангийн Долгормааг даргаар томилсон шийдвэр бүртгэгдсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу “Оточ мандал” ӨЭМТ-ийн дарга *******г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэдүүлэг авсан нь хуульд нийцсэн, хууль ёсны төлөөлөгч гэж үзнэ.
8. “Оточ мандал” ӨЭМТ-ийн дарга ******* авто ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан асуудлаар талууд маргаагүй, харин “Шийтгэлийг хуудас”-т үйлдсэн он, сар, өдрийг эрх бүхий албан тушаалтан тавиагүй, маргаан бүхий захиргааны актад холбогдогчоор гарын үсэг зуруулаагүйгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасан 3 хоногийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн хугацааг тоолох, ийнхүү хүргүүлээгүй нь холбогдогчийн хуульд заасан эрхийг хэрхэн зөрчсөн зэрэг үндэслэлүүдэд шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН