Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02235

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02235

 

 

 

Н.Буянбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01783 дугаар шийдвэртэй Н.Буянбилэгийн нэхэмжлэлтэй, Б.Энхтөрд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Буянбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Энхтөртэй 2007 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Хүслэн, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Хулан, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Мишээл, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бага хүү Э.Энхбилэг нар төрсөн. Нөхөр Б.Энхтөр нь хамт амьдрах хугацаанд байнга өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдож, согтуу үедээ байнга хөөж, зодож доромжилдог байсан. Гадуур хоногоор явж ирчихээд маргааш нь аавтайгаа маргалдсан уураа надад гарган, намайг хөл нүцгэн гудамжинд хөөж гаргаад, эцэст нь аавынхаа машиныг асаан намайг хот руу явдаг автобусны буудалд хүргэж өгөөд ингээд яв, дахиад битгий ирээрэй тэр шүүхээрээ хүүхдийн тэтгэлгээ гаргуулаад арилж үз гэх мэтээр дайрч давшлан байж суухын аргагүй байдалд хүргэсэн. Хүүхдээдээ дагуулан ээжийндээ амьдарсан. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгснөөс хойш 2 сарын хугацаанд бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэд хэдэн удаа ирж оролцсон бөгөөд үүний үр дүнд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.Энхтөр шүүхээс гараад зан нь өөрчлөгдөж, хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ гэсэн боловч тэтгэмж, тусламж үзүүлээгүй, мөнгө өгөхгүй байна. Бидний эвлэрэл зөвхөн цаасан дээр л буусан, бодит байдлаар бид эвлэрч хамт амьдраагүй. Тэгээд ч Б.Энхтөр нь н.Анхзаяа гэдэг эмэгтэйтэйгээ хамт амьдарч байсан, тийм болохоор бид дахин нийлж амьдрах боломжгүй. Одоо гэрлэлт цуцлуулах талаар хэн аль нь маргахгүй болсон. Гагцхүү хүүхдийн асрамжийн талаар маргаантай. Бид 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс тусдаа амьдарсан. Тусдаа амьдарснаас хойш 4 хүүхэд маань над дээр өсөж торнисон. Сүүлийн нэг жилд нь хүү Э.Хүслэн аавтайгаа амьдарч байгаа бөгөөд хүүг маань дүү нар болон ээжтэй нь уулзуулахгүй байна. Хүү маань хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сард залгаж, би ээжтэйгээ хамт баймаар байна гэж хэлсэн, мөн уйлж байсан. Б.Энхтөр хүүхдийг харж хандах сэтгэлгүй, шинжээчийн дүгнэлтэн дээр түүнийг хайр халамжгүй гэж дүгнэсэн. Өмнө нь 4 хүүхдээ хоёр хоёроор нь авч хүүхдийн тэтгэлэг гэхгүй амьдаръя гэж надад хэлж байсан. Хүү Э.Хүслэн маань дүү нартаа болон ээждээ илүү ээнэгшин дассан учир хүүхдүүдээ өөртөө авна. Мөн охин Э.Мишээлийг өгөхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Буянбилэгийн ярьсан зүйл бүгд үнэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, 2017 оны 7 дугаар сараас бид эвлэрүүлэн зуучлалаар удаа дараа орж эвлэрсэн боловч хамт амьдрах боломжгүй гэдгээ ойлгосон. Эвлэрүүлэн зуучлалаас гарч яваад л муудалцдаг, Н.Буянбилэг Орхон аймаг явахгүй гэдэг. Миний ээжийг өвчтэй хэвтэрт байхад н.Анхзаяа гэгч эмэгтэй харж хандаж, асарч байсан болохоор би тэр хүнийг цаашаа гэж хэлж чаддаггүй, одоогоор тэр хүнтэй хамтран амьдарсан зүйл байхгүй ч хааяа уулздаг. Харин би хүү Э.Хүслэн, охин Э.Мишээл нарыг өөрийн асрамжид авч үлдэхийг хүсэж байна. Учир нь том хүү Э.Хүслэн нь одоогоор Орхон аймагт сурч, надтай хамт амьдарч байна. Э.Хулан, Э.Энхбилэг нарыг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Н.Буянбилэг, Б.Энхтөр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2008 оын 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Хүслэн, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Хулан, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Мишээл, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Энхбилэг нарыг эх Н.Буянбилэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүү Э.Хүслэн, Э.Энхбилэг, охин Э.Хулан, Э.Мишээл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Энхтөрөөр хүүхэд тус бүрийг, сар бүр тэжээн тэтгүүлж, Зохигч хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1т зааснаар нэхэмжлэгч Н.Буянбилэгийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 195 132 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 54 732 төгрөгийг буцааж нэхэмжлэгч Н.Буянбилэгт, хариуцагч Б.Энхтөрөөс нийт 231 612 төгрөгийг гаргуулж, үүнээс 140 400 төгрөгийг нэхэмжлэгч Н.Буянбилэгт олгож, 91 212 төгрөгийг улсын төсөвт оруулж, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг Н.Буянбилэг, Б.Энхтөр нарт мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр Н..Буянбилэг, Б.Энхтөр нарын гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй боловч хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүү Э.Хүслэн, охин Э.Хулан нарыг эх Н.Буянбилэгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх зэргийг нь харгалзан үздэг. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэж, зөвхөн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Н.Буянбилэгийг хүүхдийн асран халамжлах бололцоотой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн хүү Э.Хүслэн, охин Э.Хулан нараас эцэг эхийнхээ хэнтэй амьдрах талаар саналыг асуух ажиллагаанд өмгөөлөгч Д.Золзаяаг оролцуулсан ч хэний өмгөөлөгч болох нь тодорхойгүй, асуултууд хөтөлсөн шинжтэй байхаас гадна хүүхдийн өгсөн хариултаас өөр эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо.ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхтэй холбоотой хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх нь тэдний эрх ашигт илүү нийцэх талаар дүгнэхэд ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилж, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсзэс нэхэмжлэгч, хариуцагч нартай уулзаж, сэтгэл зүйн болон гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргасныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ үнэлэн үзэх нь зүйн хэрэг боловч энэхүү баримтуудыг бусад баримтуудтай зайлшгүй харьцуулан үзэх шаардлагатай атал зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасантай нийцэхгүй байна. Эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулж байгаа тохиолдолд эцэг, эхийнхээ хэний асрамжид үлдэх талаарх хүүхдийн өгсөн санал харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд хүү Э.Хүслэнгийн саналыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр асуухад аавтайгаа, охин Э.Хулангийн саналыг асуухад ээжтэйгээ хамт амьдарна гэж тус тус саналаа илэрхийлсэн. Гэвч нэхэмжлэгч Н.Буянбилэгээс надтай хамт байгаарай гэж хэлээрэй гэж тулгаж хэлүүлсэн байх тул нотлох чадвараа алдсан байна. Энэ талаар давж заалдах шатны магадлалд заасан тул хүү Э.Хүслэн, охин Э.Хулан нарын саналыг дахин асуух шаардлагатай байсан, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан атал хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийсэн байсан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч Н.Буянбилэг нь "Club karaoke", "Вайт рөүз"ХХК, "Итгэлт билэг трейд"ХХК-д тус тус ямар цалин хөлстэй ажилладаг болохыг тодорхойлсон албан бичгүүдийг гаргаж өгсөн ч зарим баримтууд нь тамга тэмдэг дарагдаагүй, нийгмийн даатгалын дэвтрийг гаргаж өгөөгүй зэргээс үзэхэд үнэхээр ажиллаж, цалин хөлс авдаг болох нь эргэлзээтэй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Буянбилэгийг 3 байгууллагад нэгэн зэрэг ажилладаг гэх байдал үндэслэлгүй бөгөөд хэрэв ажилладаг байлаа гэхэд тэрээр хүүхдээ асран халамжлах ямар ч бололцоогүй ажил, үүрэг гүйцэтгэдэг байхаар байна. Шинжээчээс нэхэмжлэгч Н.Буянбилэгийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломж муу гэж дүгнэсээр атал шүүх дээрх баримтуудыг үнэлэн хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хамт амьдарч байгаа хүмүүсийн олж буй орлогыг гэрлэгчдийн ахуйн нөхцөл бололцоонд оруулан тооцох учиргүй. Хүү Э.Хүслэн нь одоо аавынхаа асрамжид Орхон аймаг, Эрдэнэт хотын дунд 5 дугаар сургуульд суралцаж байгаа бөгөөд хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан тогтоогдоогүй байхад бага насны хүүхдийн өсч дассан орчныг нь солих нь хүүхдийн оюун ухаан, сурлага, хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй. Иймд хүү Э.Хүслэнгийн асрамжийг өөрчлөх шаардлагагүй байхад Н.Буянбилэгийг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоовол хүүхдүүд эх дээрээ илүү айдасгүй, элэг бүтэн хамтдаа өсөх" боломжтой гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон ээжийнх нь асрамжид үлдээснийг зөвшөөрөхгүй. Хүү Э.Хүслэн ээжтэйгээ байх талаар түүнд утсаар хэлж мэдэгдсэн гэх ч энэ нь үнэн эсэх нь эргэлзээтэй, шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ярианы бичлэгт үзлэг хийгээгүй тул нэхэмжлэгчийн утсаар ярьсан ярианы тэмдэглэлийг үнэлэх боломжгүй бөгөөд Э.Хүслэн шинжээчид эцэг, эхийнхээ хэнтэй байх талаар саналаа хэлж чадахгүй байсан гэснээс бус ээжтэйгээ байна гэж хэлээгүй, хэрэв үнэхээр тэгж хэлсэн бол яагаад гэнэт ээж дээрээ очмоор байна гэснийг өөрөөс нь асууж, тодруулах шаардлагатай байжээ. Мөн шүүх хариуцагчийн Б.Энхтөрийг өмгөөлөгч О.Алтанчулуугийн хамт оролцох эрхийг хангаагүйгээс тэрээр хууль зүйн туслалцаа авч чадаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан хэрэгт ач холбогдол бүхий хүүхдийн санал дахин асуулгах, хүүхдийн ярианы бичлэгт үзлэгт хийлгүүлэх гэсэн хүсэлтүүдийн талаар мэтгэлцэж чадаагүй, хүүхдийн асран халамжлах бололцоотой болохыг нотолсон цалингийн тодорхойлолт, цалингийн дансны хуулга гэх зэрэг баримтуудыг шинжлэн судлуулж чадаагүй, тэдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэрэг байдлын талаар бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Буянбилэг нь хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч хүүхдийн асрамжийн талаар эс зөвшөөрч маргажээ.

 

Гэрлэгсэд 2007 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Хүслэн, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Хулан, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Мишээл, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бага хүү Э.Энхбилэг нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11, 33-34, 56 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. гэж зааснаар гэрлэлт цуцлах ажиллагаатай холбоотой хүүхдийн асрамжийн тухай асуудлыг шүүх шийдвэрлэх тохиолдолд 7 нас хүрсэн хүүхдүүдээс саналыг асуух ажиллагааг заавал хийх ёстой. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Гэр бүлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүүхдүүдийг зохих журмын дагуу асуугаагүй байгааг заасан боловч уг зөрчил арилаагүй байна. /хх-ийн 85-87 дугаар тал/ Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Хүслэн, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Хулан нарын саналыг асуух ажиллагааг дахин хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг дахин асуулгах хэргийн оролцогчийн хүсэлтийг хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийсэн байсан гэж үзэхээр байна гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй бөгөөд хүлээн авах боломжтой болно. /хх-ийн 155-156 дугаар тал/

Насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэгчдийн гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлахад баримтлах дээрх хуульд заасан онцлог зохицуулалтыг шүүх хэрэгжүүлэх учиртай.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт .Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.

Гэтэл шүүх хуульд заасан дээрх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байна. Анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 182/ШЗ2018/02259 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгийн газар /Хүүхэд гэр бүл, Залуучуудын хөгжлийн хэлтэс/-ыг томилсон. Шинжээчээр томилогдсон Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл, Залуучуудын хөгжлийн хэлтэс нь өөрийн ажилтан Ж.Бадамцэцэг, М.Энхбаяр, Д.Дашцэрэн нарыг шинжээчээр ажиллуулан дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 105, 113-117 дугаар тал/

Шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа томилогдсон шинжээч нарын тухайн асуудлаар шинжилгээ хийх мэдлэг, боловсролтой эсэх, шаардлага хангах эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Хэргийн 109-111 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл тухайн баримтад шүүгч гарын үсэг зураагүй, гурав дах буюу нэг шинжээчийн хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан эсэх нь тодорхойгүй, шинжээч эрх, үүрэгтэй танилцсан, тэдэнд хууль сануулсан болох нь эргэлзээтэй, хэзээ, хэн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан болох нь тодорхойгүйгээс шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан атал шүүхэд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дүгнэлт тамга, тэмдэггүй байна. /хх-ийн 113-117 дугаар тал/

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчжээ. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт тухайн хэрэгт чухал ач холбогдолтой, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд зохигчид маргасан байхад хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Түүнчлэн, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар хүүхдийн дуу хоолой бүхий ээж рүү гээ утсаар ярьсан гэх бичлэгт шүүх үзлэг хийсэн байх боловч энэ үзлэгээр юу илэрсэн талаар хэрэгт баримт байхгүй. Цахим мэдээлэл болох Си Ди-д үзлэг хийж байгаа тохиолдолд үзлэгээр юу, юу илэрч байгааг нь шүүх үзлэгийн тэмдэглэлд буулгаж бэхжүүлэх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар үзлэг хийхдээ талуудыг байлцуулан, хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулах журмыг зөрчсөн. /хх-ийн 164 дүгээр тал/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өмнө нь хэрэг шийдвэрлэгдээд давж заалдах шатны шүүхээс буцаахдаа зохих хүүхдийг асуух насанд хүрсэн хүүхдүүдийг зохих журмын дагуу асуугаагүй байна. Энэ бол гэрлэлт цуцлах ажиллагаатай заавал холбоотой хийх ёстой ажиллагаа. Хүүхдийн саналыг харгалзах гэдэг дээр гэрлэлт цуцалж байгаа тохиолдолд, хүүхдийн асрамжийн тухай асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд 7 нас хүрсэн байгаа хүүхдүүдээс асуух ажиллагааг хийх ёстой гэтэл асуух ажиллагааг дахиж хийгээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн нь буруу байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч нарын тухайн асуудлаар шинжилгээ хийх мэдлэг, боловсрол байгаа эсэх шаардлага хангах эсэх гэдэг нөхцөл байдлыг тодруулах ёстой. Хэрэгт 3 шинжээч гэх хүн зурагдсан нэг нь сэтгэлзүйч нөгөө хоёр нь хийдэг ажлыг нь бичсэн байна. Тэгэхээр ямар мэргэжилтэй хүн юуны үүднээс шинжилгээ хийж байгаа гэдэг нь тодорхой бус. Гурван шинжээчийн хоёрынх мэргэжил, ур чадварын талаарх нэг нь багш эрх зүйч, нөгөөх нь социологи нийгмийн ажилтан гэсэн ийм байдалтайгаар авсан. Гуравдах хүн нь дүгнэлт дээрээ сэтгэлзүйч гэсэн байна. Эдгээр хүмүүсийн шинжээч томилж байгаа бол тухайн мэргэжлээр шүүх болон бусад хүмүүсээс илүү нарийн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Тэгэхээр энэ шинжилгээнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлаагүй байна.

 

Хүүхдийн дуу хоолой бүхий ээж рүү гээ утсаар ярьсан гэх бичлэгт шүүх үзлэг хийсэн гэж байна. Энэ үзлэгээр юу илэрсэн талаар хэрэгт баримт байхгүй. ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлд зааснаар үзлэг хийхдээ Си Ди -цахим мэдээлэл-т үзлэг хийж байгаа бол талуудыг байлцуулан, хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэгээр юу, юу илэрч байгааг нь цаасан дээр буулгаж бэхжүүлэх ёстой. Тэгээгүй байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс одоо дүгнэлт өгөх боломжгүй байна.