Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С-т холбогдох эрүүгийн 1806037430951 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.С

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Алтан Өлгий 9-194 тоотод иргэн А.Алтансүхийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Алтансүхийн: “...2018 оны 04 сарын 21-ний өглөө Баянзүрх дүүргийн 22-р хороо Зүүн алтан өлгийн 9-194 тоот гэртээ эхнэр болох Цогзолмаагийн хамт байж байтал 09 цагийн үед манай эхнэрийн дүү Ганболд эхнэрийн дүүгийн нөхөр С нар согтуу 1 шил Улаанбаатар 0,5 граммын архитай орж ирсэн. Тэгээд тэр 2 надаар аягалуулаад архиа уусан, тэр архинаас би огт уугаагүй. Тэгтэл тэр 2 тасартлаа согтсон. С манай гэрийн шалан дээр унтаад өгсөн. Гаднаас Ганболдын эхнэр Отгонсүрэн ирээд Ганболдыг аваад явсан. Тэгээд манай эхнэр Цогзолмаа ажилдаа явсан. Тэгээд гэрт С бид 2 үлдсэн. Тэгтэл С босч ирээд надаас архи нэхэж хэрүүл хийсэн. Хэрүүл хийхдээ юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Гинж алга болсон гээд байсан. Тэгээд би орон дээр сууж байхад над руу дайраад байхаар нь би орон дээрээ хэвтэж байтал бүсээ гартаа ороож байгаад миний баруун нүд хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би баруун гараараа хамгаалахад миний баруун гарын ар хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид 2 заамдалцсан. Би салгаад гараад цагдаа дуудсан. Тэгтэл Бямбадорж гэрт орж ирээд би эхнэр рүүгээ залгаж дуудсан. Тэгээд манай эхнэр ирээд байж байтал цагдаа ирсэн. С манай гэрээс гараад гэр рүүгээ явсан. Тэгээд цагдаа нартай очиж гэрээс нь барьж ирсэн...

...Одоо ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл байхгүй. Тухайн үедээ бол баруун нүд хавдаад баруун шанаа хавдсан. Мөн баруун гарын сарвууны ар хэсэгтээ хавдсан, хоолой улайсан байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн байцаалтанд Д.Сын яллагдагчаар /гэрчээр/: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...баз болох Алтансүхийнд орсон. Бид нар архи ууцгаагаад, би тэдний буйдан дээр унтсан байсан. Босч ирэхэд миний хүзүүнд байсан мөнгөн гинж алга болсон байсан. Би Алтансүхээс “миний гинжийг хараагүй биз” гэхэд “би хулгайч биш шүү пизда минь” гэхээр нь “би чамаас зүгээр асууж байна” гэхэд “чи намайг хулгайч гэж бодоо юу” гээд бид хоёр 2 заамдалцсан. Тэгэхэд Алтансүх намайг зүүн хөл рүү хавсарч унагаасан. Тэр үед би нуруугаараа газарт унасан. Тэгтэл Алтансүх миний дээр гарч сууж байгаад миний хоолойг боосон. Гаднаас Бямбадорж орж ирээд бид хоёрыг салгасан. Би байж байгаад Алтансүхийг орон дээр сууж байхад нь баруун гараараа баруун шанаа руу нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Алтансүх босч ирээд миний дагз руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би гарч яваад гэртээ ороод унтаж байхад цагдаа орж ирээд намайг аваад явсан. ...Би өмдний тэлээгээ тайлаад гараа ороож барьж байгаад цохисон.

...Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би тус үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж хохирогч ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15, 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №5265 тоот:

1. А.Алтансүхэд хүзүүний урд хэсэг, баруун хацар шанаанд цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Д.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 975 дугаар шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-42-49/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Алтан Өлгий 9-194 тоотод иргэн А.Алтансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Алтансүхийн: “...Би орон дээр сууж байхад над руу дайраад байхаар нь би орон дээрээ хэвтэж байтал бүсээ гартаа ороож байгаад миний баруун нүд хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би баруун гараараа хамгаалахад миний баруун гарын ар хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид 2 заамдалцсан. Би салгаад гараад цагдаа дуудсан...Одоо ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл байхгүй. Тухайн үедээ бол баруун нүд хавдаад баруун шанаа хавдсан. Мөн баруун гарын сарвуу ар хэсэгтээ хавдсан, хоолой улайсан байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн байцаалтанд Д.Сын яллагдагчаар /гэрчээр/: “...Тэгэхэд Алтансүх намайг зүүн хөл рүү хавсарч унагаасан. Тэр үед би нуруугаараа газарт унасан. Тэгтэл Алтансүх миний дээр гарч сууж байгаад миний хоолойг боосон. Гаднаас Бямбадорж орж ирээд бид хоёрыг салгасан. Би байж байгаад Алтансүхийг орон дээр сууж байхад нь баруун гараараа баруун шанаа руу нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Алтансүх босч ирээд миний дагз руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би гарч яваад гэртээ ороод унтаж байхад цагдаа орж ирээд намайг аваад явсан. ...Би өмдний тэлээгээ тайлаад гараа ороож барьж байгаад цохисон...Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би тус үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж хохирогч ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15, 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №5265 тоот: А.Алтансүхэд хүзүүний урд хэсэг, баруун хацар шанаанд цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-22/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Д.С нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч А.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806037430951 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД