| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2406000002587 |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
2025 01 02 2025/ДШМ/28
Ц.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Манилцэцэг,
яллагдагч Ц.Тын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2950 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Манилцэцэгийн бичсэн эсэргүүцлээр Ц.Тд холбогдох эрүүгийн 2406 00000 2587 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;
Яллагдагч Ц.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... тоот хашаан дотор байх байшин дотор зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулах зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар нийт 930.3 килограммыг хадгалж байгаль орчинд 92.006.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр яллагдагч Ц.Т нь “би тухайн байшин дотор самарнуудыг 2024 оны 09 дүгээр сарын 08-наас 13-ны хоорондох хугацаанд 6 орчим хүнээс худалдаж авсан” гэж мэдүүлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, ... тээвэрлэсэн, боловсруулсан гэх 6 хүн байх бөгөөд эдгээр хүмүүсийг олж тогтоож гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэх юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Ц.Тд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг буцаасантай холбоотойгоор яллагдагч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Манилцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн буюу хэргийн зүйлчлэлийг тохиороогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг...хориглоно” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг тус тус зөрчиж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэв шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэлэлцсэн хэдий боловч хуралдаанаар ямар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны талаар огт хэлэлцээгүй, шүүгчийн захирамжид ямар ажиллагаа гүйцэтгэх, уг мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр хэргийн ямар үйл баримт нотлогдох, үгүйсгэгдэх талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2950 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч Ц.Тын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Эсэргүүцэл бичих эсэх нь прокурорын эрх хэмжээний асуудал мөн боловч шүүгчийн захирамжид зааснаар хуульд заасан арга хэрэгслийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дараа нь биелэгдсэнгүй гэж яривал өөр хууль зүйн үр дагавар үүсэх болов уу. Тиймээс прокурорын зүгээс эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй гэж урьдчилан дүгнэхгүй, хуульд зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэдийгээр, прокурор өөр байдлаар зарлага гарсан гэж тайлбарлах боловч мөнгөний замыг шалгасан, холбогдох этгээдүүдээс тайлбар, мэдүүлэг авсан, банкнуудаас лавлагаа авсан зэрэг баримтууд хавтаст хэрэгт байдаггүй. Хадгалсан бол ямар нэгэн байдлаар олж авсан байх ёстой. Ямар хүмүүсээс яаж худалдаж авсан талаар гэрчийн мэдүүлэг буюу сүүлд яллагдагчийн мэдүүлэг болгосон хууль зөрчсөн нотлох баримтаар биш, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, хийсэн тухай нотлох баримт авагдаагүй тул анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байгаа. Гуравдугаарт, прокурорын зүгээс 60 хоногийн хугацаагаар хойшлуулах боломжтой байсан гэж тайлбарласан. Яллагдагчийн өмгөөлөгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн, зам шалгасан, тэнд камер байгаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж харагдахгүй байгаа. Гэрчээр мэдүүлэг аваад яллагдагчийн өөрийнх нь эсрэг ашиглана гэдэг нь нэгдүгээрт, хууль зөрчсөн. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн тайлбарыг биелүүлээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн байгаль орчны үнэлгээгээр 400.000.000 гаруй төгрөгийн хохирлын тооцоо гарсан. Гэтэл байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтийн удирдлага болгосон хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 17 жилийн өмнөх байгаль орчны үнэлгээ хийх захиргааны актыг удирдлага болгон шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ захиргааны акт хүчинтэй байгаа эсэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй эсэх зэрэг хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй. Тэгэхээр байгаль орчны үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл эргэлзээ бүхий болсон. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны акт болох үнэлгээ, шинжилгээ, дүгнэлт гаргах журам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан гэх журмыг хэрэгт хавсаргаагүй. Анхан шатны шүүхээс тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, гэмт хэрэг гарсан байдал, нотлогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, ... тээвэрлэсэн, боловсруулсан гэх 6 хүн байх бөгөөд эдгээр хүмүүсийг олж тогтоож гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Ц.Т гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...самрыг 2024 оны 09 дүгээр сарын 08-наас 13-ны хооронд 6 орчим хүнээс худалдаж авсан, ...1 кг-ыг 5.500 төгрөгөөр бодож бэлэн мөнгөнд худалдаж авч байсан. ...” /хх 11-13/ гэсэн бөгөөд түүний Хаан банкны дансны хуулга хэрэгт авагджээ. /хх 40-58/
Яллагдагч Ц.Тын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийж, түүний мэдүүлэгт дурдагдсан самар худалдсан этгээдүүдийг олж тогтоох ажиллагааг хийх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болно.
Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Манилцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2950 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Манилцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР