Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2026/0064

 

 

2026 оны 07 сарын 07 өдөр             Дугаар 111/ШШ2026/0064             Баянхонгор сум

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-р багийн иргэн Ц.Наранжаргал нь 2026 оны 05 сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн утга нь өөрийн хүү ******* хурдан даага унуулж үсэргээнд хүчээр оролцуулах үед мориноос унаж эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд Аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийг шалгуулсан ч Прокурорын газрын 2026 оны 05 сарын 04-ний өдрийн 166 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолтой 05 сарын 07-ны өдөр танилцаад эс зөвшөөрч хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг шалган шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан.

Энэ нь Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн эсэн мэнд амьдрах эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3, 27.5.4, 27.5.7, Зөрчлийн тухай хуулийн 6.20.3.3, 28.4, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7.8, 14.7.11, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2026 оны 01 сарын 08-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 12 тоот захирамж зэрэг хууль, дүрэм, журмыг зөрчсөн байсан.

Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн хувьд удирдах албан тушаалтантай санал солилцон аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог яаралтай хуралдуулах шийдвэрийг гаргаж 2026 оны 05 сарын 20-ны өдөр шуурхай хуралдсан.

 

Хурлаас Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн эрхийн зөрчлийг яаралтай шалган шийдвэрлэх, тухайн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийхээр шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу ГБХ14/26-12 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар 05 сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20.3.3 дахь заалтын дагуу 500 нэгжээр торгох хариуцлага тооцож гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдсэн.

2026 оны 06 сарын 03-ны өдрийн Прокурорын "Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хүлээн авч танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр дахин шалгагдаж байгаа тул Зөрчлийн тухай хуульд зааснаар давхардуулан шалгалтын ажиллагаа явуулах, шийтгэл оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн байна.

Тиймээс Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тайлбар бичлээ.” гэжээ.

 

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч Содончимэг зөрчлийн тухай торгууль оногдуулсныг хүчингүй болгохыг зөвшөөрч байна.” гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ. 

Хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                Ц.СУВДМАА